Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00014/И |
Дугаар | 14 |
Огноо | 2019-01-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 14
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, Ц овогт Г-н Г /*******/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г миний 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Гыг Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн архивт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Г.Г 1987 оны 1 сарын 1-ний өдрөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.
-Гэрч Ж.Э-н “...намайг 1985 онд Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд жолоочоор ажиллахаар очиход Г.Г нь Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд эх, эцгийн хамт тэмээ малладаг байсан. Г.Г нь 1985 оноос одоог хүртэл мал маллаж байгаа. Нэгдэл тараад хувийнхаа малыг малладаг болсон байх...” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/
-Гэрч Ш.Ту-н “...Би 1985 оны 7 сард Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд эдийн засагчаар ажиллаж эхлээд, 1992 он хүртэл ажилласан. Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэл нь дотроо Цог бригад, Талын нар бригад гэж хуваагддаг байсан. Г.Г нь 1985 оноос Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад эх эцгийн хамт тэмээ малладаг байсан. Г.Г нь нэгдэл тартал буюу 1992 оныг дуустал тасралтгүй тэмээ малласан. Нэгдэл тараад хувийн мал малласан. Одоо ч ******* сумын 2-р багт мал маллаж байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
-Гэрч А.Ту-н “...Би 1984 оноос 1986 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд туслах ажилтнаар, 1986-1995 он хүртэл тус сумынхаа хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Г.Г 1986-1988 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад тэмээчнээр ажиллаж байсан. 1988 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа хүн...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
- Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдлээс 1986 оны 12 сарын 30-ны өдөр Г.Гд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-7 хуудас/
-Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3 сарын 31-ний өдрийн 08 дугаартай тэтгэмж олгох тухай тогтоол, хавсралтын хуулбар /хэргийн 9-10-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Г-н Г-г Дундговь аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х