Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/190

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч *******

хохирогч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ******* овогт *******ын *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205031950065 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ******* ХК-д технологийн инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн **************од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:УЮ*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ моторс” ХХК-ийн сэлбэг хэрэгслийн нярваар ажиллаж байх явцдаа 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ланд-200 авто машины 9 ширхэг накладыг өөрийн хариуцаж буй агуулахаас өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч 3.812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед манай таньдаг ах Ланд 200 маркийн автомашины наклад 9 ширхэг хэрэгтэй байна, чи зохицуулаад өгөөч гэж хэлэхэд нь би зарж борлуулж хувьдаа завшсан. Энэ нь миний алдаа. Харин намайг өөр сэлбэг авсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үедээ миний аваагүй зүйлийг авсан гээд байна, энийг шүүгээд өгөөч гээд аагаар шүүлгэсэн. Тэр нь “” гэдэг компани биш юм байна, “” гэдэг компани дээр 5 дугаар сард гарсан байна гэж хэлсэн. Би 9 ширхэг наклад авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр компанийн данс руу 1.800.000 төгрөг, 1.200.000 төгрөгийн гүйлгээг тус тус хийж шилжүүлсэн. Нийт 3.000.000 төгрөг нөхөн төлсөн. Би ажлаасаа гарахад цалин аваагүй. Нийт учруулсан 3.812.000 төгрөгийн хохирлоос үлдэх 812.000 төгрөгийг миний авах ёстой цалингаас суутгуулаад компанид төлөх төлбөргүй болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай байгууллагаас хохирлын хэмжээг 11.506.800 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа. Шүүгдэгч 3.000.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн. Яллах дүгнэлтэд 7.390.000 төгрөгийн сэлбэг завшсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байсан. Үүнтэй санал нийлэхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тооллого хийхэд 3.828.000 төгрөгийн сэлбэг дутсан, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 7.678.800 төгрөгийн сэлбэг дутсан. Яагаад сарын дараа дутсан бэ гэж үзсэн шалтгаан нь гэрчийн мэдүүлэгт сэлбэг болгоныг савнаас гаргаж тоолдоггүй, барааны кодоор тулгадаг гэж мэдүүлсэн. Манай компани нийт 81 төрлийн 45 ширхэг сэлбэг байдаг. Тэр болгоныг савнаас нь гаргаж тоолдоггүй. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэлбэгийг яаж угсруулдаг талаар асууж, боогоод гарсан гэж байсан. Сэлбэгийн мэргэжилтэн аас 4 ширхэг порсункийг зарж болох талаар асуусан талаар мэдүүлсэн байдаг. Ийм үндэслэлээр 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тоологдоогүй байж болох нөхцөл байдал үүссэн гэдэг үндэслэлээр 7.678.800 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийлээд 11.506.800 төгрөг болж байна. Ажлаасаа гарч байгаа хүнд ажил хүлээлцэх акт үйлддэг. Би тооллогод нь оролцдог эрх бүхий хүн биш. Сэлбэгийн нярав, нягтлангаас яагаад 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дутсан эд хөрөнгө илрээгүй, гараагүй вэ гэж тодруулахаар 9.000 гаруй сэлбэгийг нэг мөсөн савнаас нь гаргаж тоолох боломжгүй учраас барааны кодыг нь харж байгаад байгаа мэтээр хараад тоолсон гэж хэлсэн. Ажил хүлээлцсэнээс хойш нэг сарын дараа тооллого явуулахад бараа дутсан учраас *******ээс нэхэмжилж байгаа. *******ийг цалин болон ээлжийн амралтын мөнгө нийлээд 1.622.824 төгрөг болж байгаа. Үүнээс хохиролд тооцож болно гэж бодож байна. ” гэв.

Гурав: Эрүүгийн 2205031950065 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.-ийн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “ моторс” компанийн сэлбэгийн агуулахаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тооллогоор 3.828.200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг дутсан. Тухайн үед сэлбэгийн нярваар ажиллаж байсан ******* тухайн тооллогоор дутагдсан сэлбэгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 14 хоногийн дараа тухайн дутаасан сэлбэгийн хохирол төлбөрийг нөхөн төлөхөөр манай байгууллагын сэлбэг хангамжийн менежер Р.тай амаар ярьж тохиролцсон. *******ийн дээрх үйлдэл нь тухайн байгууллагын хяналтын камерын 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн бичлэгээр тогтоогдсон. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.  Манай байгууллагад ******* нь 2021 оны 10 дугаар сард сэлбэгийн нярав албан тушаалд томилогдож 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дээрх асуудлаас болж ажлаас чөлөөлөгдсөн...*******ийг ажиллаж байх хугацаанд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тооллогоор 3.828.200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг дутагдаж тоологдсон ба дээрх үнэ бүхий сэлбэгийг ******* нь дутааснаа хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар тохиролцсон. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин тооллого хийхэд 7.678.800 төгрөгийн сэлбэг дутагдаж тоологдсон. Дээрх сэлбэгийг ******* нь хэрхэн ажилчдаас хэрхэн угсардаг ямар авто машин таардаг болон зарим сэлбэгийг ком болгож угсруулсан байсан, ажиллаж байх хугацаандаа асууж тодруулж байсан. ******* ажлаас гарахад хариуцсан бараа материал сэлбэгийг бүрэн гүйцэт тоолж хүлээн авсан. Мөн тэмдэглэл үйлдсэн мөртлөө 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тооллоготой таарсан буюу 3.828.200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг дутагдаж тоолсон дээрх материалыг тэмдэглэл болгон үйлдсэн. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тооллогоор дутагдсан гэх сэлбэгүүдийг манай ажилчид *******ийг ажиллаж байх хугацаандаа асууж ком болгож засварын инженерүүдээр угсруулсан байдаг. Манай байгууллага гомдолтой байна. Дээрх *******ийг ажиллаж байх хугацаандаа дутаасан 3.828.200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг дутагдсанд, мөн ажлаас гарсны дараах тооллогод дутагдсан 7.678.800 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг *******ийг авсан байж болзошгүй гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.-ийн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр дахин өгсөн: “Манай байгууллага дахин программаа нэг бүрчлэн шүүхэд “Энержи Ресус” ХХК-руу 4 ширхэг сэлбэг гаргасан талаар баримт байгаагүй. Худалдан борлуулсан талаарх нэг ч баримт программ дээр байхгүй. Уг 5-р арааны ком болон форсунк бүгд *******ийн нэр дээр байгууллагын дотоод программ дээр харагдаж байгаа. *******ийн цалин болон амралтын мөнгө 1.622.826 төгрөг байгаа гэж манай санхүүгээс гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.ын гэрчээр өгсөн: “Манай *******” ХХК нь тоёота албан ёсны эрхтэй диллер байгууллага. Тоёота автомашины борлуулалт сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чиглэлээр, үйл ажиллагааг явуулдаг. 2021 оны 10 дугаар сард манайд анкет бөглөөд ******* гэдэг хүн ярилцлага болон шалгалт өгөөд тэнцээд миний доор ажилд орсон. Ажилд ороход нярвын албан тушаалд 3 сарын хугацаанд туршилтын хугацаанд ажиллаад 2022  оны 01 дүгээр сард байгууллагын захирлын тушаал гарч жинхэлсэн. 2022 оны 7 дугаар сарын эхээр Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн өөрийн наклад цаанаас орж ирэх тээврийн асуудалтай байсан болохоор цөөхөн үлдсэн байсан болохоор би ажилладаг хүмүүстээ уг төрлийн сэлбэгийн борлуулахыг хориглоод манайхаар засвар үйлчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэлд тавьж өгөхөөр 2 няравтаа давхар хэлж хадгалсан байсан. 2022 оны 7 дугаар сарын сүүлээр уг наклад хэрэг болоод асуутал байхгүй болчихсон байсан. Би гайхаад бүх ажилчдаас асуутал бүгд мэдэхгүй гэхээр нь би өөрөө хамгаалалтын албадаа хэлээд 2 хоног шүүтэл нярваар ажиллаж байсан ******* хайрцагт хийгээд тээврийн хэрэгсэлдээ ачаад явж байгаад хяналтын камерын бичлэгийг олсон. Ингээд *******ийг дуудаж уулзтал манай ахад хэрэг болоод байхаар нь би танд хэлж чадахгүй авчихсан юм одоо удахгүй мөнгийг нь өгнө гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхээр нь би байгууллагыг эхний ээлжид хохиролгүй болгочих гэж сайн тайлбарлаж учирлаж хэлсэн. Би тэгээд давхар өөр сэлбэг эд зүйл авсан байж магадгүй гэж бодоод санхүүгийн албанд хэлээд агуулахдаа тооллого оруулсан. Тооллого оруулахад ******* өөрөө байсан болохоор авсан накладнаас нь өөр сэлбэг материал эхний тооллогоор дутаагүй. Энэ хугацаанд *******ээс ахын мөнгө удахгүй орно мөнгөө төлнө гээд ажлаа хийж байсан. 7-14 хоног болоод би ажил хийлгэхгүй байгууллагын мөнгийг төлж барагдуул дараа нь ажиллах ажиллахгүйгээ шийднэ гээд явуулсан. Мөн энэ хугацаанд ар гэрийнхэн нь тогтмол холбогдож энэ талаар хэлж мэдэгдэж хохирлыг барагдуулах талаар сануулж байсан. Манай байгууллага сар болгоны эцэст тооллого хийдэг болгохоор 8 дугаар сарын сүүлийн тооллого явуулахад 5-р арааны ком болон 4-р ширхэг порсунк дутсан. Ингээд мөн уг сэлбэгүүдийг яагаад алга болсон талаар нөгөө нярав ээс асуухад мэдэхгүй өмнөх тооллогоор тоолоход байсан гэсэн. Ажилчдаасаа асуухад инженерт 5-р арааны комыг ******* угсруулаад авсан гэх яриа өгүүлэл гарсан 4-р порсункийг мөн сэлбэгийн мэргэжилтэн аас ******* зарж болох талаар удаа дараа асуусан байсан. Мөн ингээд ******* авсан байна гэж бид нар дүгнэсэн. 7 дугаар сараас хойш *******ийг мөнгөө олоод ир гээд явуулсан боловч одоо хүртэл ор сураггүй, ар гэрийнхэн нь бас мэдэхгүй гээд байгаа учир цагдаад хандсан. Ланд-200 маркийн наклад урд хойд нийлээд 9 ширхэг, 1 ширхэг наклад 530.300 төгрөгөөр 4 ширхэг, 341.400 төгрөгөөр 5 ширхэг нийтдээ 3.828.200 төгрөг, сүүлийн тооллогоор Ланд-200 маркийн 4 ширхэг порсунк 1ширхэг 1.819.100 төгрөг-7.276.400 төгрөг, Ланд-76 маркийн автомашины 5-р арааны ком 4 төрлийн 7 ширхэг эд анги 402.400 төгрөгийн хохирол байгууллагад учирсан. Уг сэлбэгүүдийг би өөрөө Японоос захиалж нярвууд тоо ширхгээр нь хүлээн авдаг. Нярав нь агуулахад сэлбэг хүлээж авах, дотоод хүсэлтийг агуулахаас гаргах үндсэн үүрэгтэй. Агуулахын оролт, аюулгүй байдал бүдгийг нь хариуцдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ы гэрчээр өгсөн: “2022 оны 07 дугаар сард бид нарт хэлж тооллого оруулахад тухайн үед хамт ******* хамт тоолсон болохоор зөвхөн накладнууд дутсан. Дараа нь сар болгоны сүүлээр хийдэг тооллогоор дахин сэлбэг дутахад өмнөх тооллогоор яагаад байсан талаар судлахад ******* өөрөө байсан болохоор дутсан сэлбэгийн оронд байгаа мэтээр тавьсан гэж бодож байна. Бид нар тооллогоо хийхдээ зөвхөн хайрцаг дээрх байгаа бар кодоор тулгаад тооллого хийдэг. Тэрнээс биш бүх сэлбэгээ хайрцгийг нь задалж үздэггүй бар кодоо таарч байна уу гээд тулгаад явдаг. Тооллогоор дутсан бараа материалыг цаасан суурьтайгаар гаргаж өгсөн. Тооллогоор дутсан барааг материалыг тайлбарлаж өгөхөд манай программ тооллогын баримт татахад борлуулалтын үнэ байхгүй үед өртгөө татдаг тэгэхээр албан ёсны нэхэмжлэх дээр зөрүү үүсэх магадлалтай. Эхлээд үйлчлүүлэгчээс автомашиныг засварын зөвлөх хүлээж аваад холбогдох сэлбэг үйлчилгээг системд оруулж өгөөд сэлбэгийн зөвлөх байгаа эсэх талаар хүсэлтийг нярав руу явуулж нярав батлаад сэлбэгээ гаргаж өгч засварын механикт өгдөг. Миний хувьд хянах байдлаар оролцдог боловч яг үндсэн үйл ажиллагаанд би оролцдоггүй. Миний хувьд гаднаас орж ирсэн худалдан борлуулалт, тэр талаа хариуцдаг манай нөгөө нябо байгууллагын үйл ажиллагаа ажилчдын цалингаа хангамж үндсэн хөрөнгөө хариуцдаг. *******ийн ажлын үүрэг нь агуулахад сэлбэг хүлээж авах, дотоод хүсэлтийг агуулахаас гаргах үндсэн үүрэгтэй. Агуулахын оролт, аюулгүй байдал бүгдийг нь хариуцдаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.ийн гэрчээр өгсөн: “2022 оны 5 дугаар сарын сүүлээр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манайд нярваар ажилладаг байсан ******* өрөөнд орж ирээд манай ах урьд -Цэцийд 5-р араа нь болохгүй болсон гэнээ манайхаас худалдаж авч байгаа юм та угсраад өгөөч гэхээр нь би за гээд угсарч өгөөд яг энэ чигээр нь ингэж тавина гэдгийг зааж өгөөд хэлээд явуултал за гээд нэг комонд боогоод аваад гарсан. 7 дугаар сард ******* асуудалд орсон гэдгийг сонсоод 5-р араа угсруулсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.ийн гэрчээр өгсөн: “******* нь надаас хойш 2 сарын дараа надтай адилхан албан тушаалд ажилд орсон. Үүнээс хойш ажлын холбоотой танилууд болсон...Эхний тооллогоор ******* өөрөө манай санхүүтэй эхэлж тоолж байгаад би дундаас нь орж хамт тоолсон. Тэгэхэд ганцхан наклад дутсан гэж тооллогын дүгнэлт гарсан. Гэтэл сарын сүүлээр дахин тоолоход порсунк, 5-р араа зэрэг дутсан эхэлж тоолоход порсунк, 5-р араа зэргийг байгаа мэтээр тоолуулсан юм шиг байсан. Манайх нийт үндсэн 3 агуулахтай. Эхний алга болдог наклад 2-р агуулахаас, сүүлийн порсунк 5-р араа нь 1-р агуулахаас тус тус алга болсон. Яг байгууллагад хэдэн хувь түлхүүр байдгийг мэдэхгүй байна. ******* бид хоёрын дунд агуулахын түлхүүрүүд 1 хувь явдаг байсан. Бид хоёр гарахдаа түлхүүрээ өгч авалцдаг байсан. Яг албан ёсны бүртгэл бол байхгүй агуулахын дээр талд камер байдаг нээх хүн ороод байдаггүй зөвхөн манай сэлбэгт хамааралтай хүмүүс орж гардаг. Тийм болохоор өөр хүн ороод боломж бол байхгүй. Тооллогоор бол жижиг сажиг юмнууд дутдаг, гэвч яг ийм өндөр үнэтэй бараа материалууд бол дутаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал)

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ны гаднах хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг СД-г Dell маркийн суурин компьютерт уншуулахад 1 бичиглэлтэй 50 секундийн бичлэг байх бөгөөд нээж үзэхэд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ны гаднах хяналтын камерын бичлэг байх ба байгууллагын гаднах гарааш авто зогсоолын хэсгийг харуулсан байгууллагын нярав ******* 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 15 минутад алхаж байгааг харуулав. Бичлэгийн 00:07 секундэд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* баруун гартаа наклад бариад явж авто зогсоол руу чиглэлтэй алхаж байгааг харуулав. Бичлэгийн 00:34 секундэд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* баруун гартаа наклад бариад цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл руу алхаад жолооч талын хаалгаар суух гэж байгааг харуулав. Бичлэгийн 00:49 секундэд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж уг тээврийн хэрэгслийг ухраагаад хөдлөөд явж байгааг харуулав.  Уг бичлэг нь нийт 00:50 секундийн бичлэг байх бөгөөд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж уг тээврийн хэрэгслийг ухраагаад хөдлөөд явж байгаагаар бичлэг дуусаж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал)

8. “Ашид Билгүүн” ХХК-ийн “Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн наклад урд ком 4 ширхэг 2.112.000 төгрөг, Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн наклад хойд ком 5 ширхэг 1.700.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45-47 дахь тал)

9. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд (хавтаст хэргийн 76, 78, 79  дэх тал)

10. Эд хөрөнгө бүрэн хариуцлагын тухай гэрээ (хавтаст хэргийн 80-83 дахь тал)

11. Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 80-83 дахь тал)

12. Сэлбэгийн нярвын ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 86-87 дахь тал)

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн сэжигтнээр өгсөн: “2021 оны 10 дугаар сард Зангиа.мн буюу зарын сайтаас зар харж байгаад “*******” ХХК-д анкет бөглөсөн. Үүний дараагаар ярилцлагад орж уг байгууллагад няравын ажилд орсон. Эхлээд дагалдан ажилтнаар 3 сар ажиллаад 2022 оны 01 дүгээр сард жинхлээд үндсэн ажилд орсон. Миний үндсэн ажил бол сэлбэгийн нярав захиалгат сэлбэгийг бэлдэх, агуулахад байгаа бараа материал сэлбэгийн бүрэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй ажиллаж байсан. Наадмын өмнө дарга бид нарт Ланд 570, Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн наклад ховордсон байгаа тул нөөцөд бэлдээрэй, зарахгүй шүү зөвхөн манайхаас үйлчилгээ авч байгаа тээврийн хэрэгсэлд угсарч өгнө гэж хэлж байсан. Тухайн үед манай ах Бямбадорж *******т сервис хийдэг болохоор надаас Ланд 570, Ланд-200 тээврийн хэрэгслийн наклад байгаа эсэх талаар асуугаад Монголоос олдохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би нөөцөд байгаа наадмын дараагаар зарах 8 наклад байгаа талаар хэлсэн. Наадхаа надад зарж болох уу гэхээр нь дараагийн захиалгат бараа хэзээ ирэх талаар харахад наадмын дараа ирэхээр байсан. Тэгэхээр тус болох санаатай Бямбадорж ахад аваад өгчихсөн. Мөнгийг нь тухайн үед яг байгууллага дээр зарагддаг үнээр зарсан. Наадмын дараагаар дарга накладуудаа асуухад нь би мэдэхгүй гэж хэлээд бараа материалд тооллого оруулсан. Тооллого оруулахад миний авч өгсөн 9 ширхэг наклад дутуу гэж гарсан. Үүнийг тоолоход нягтлан болон манай нөгөө нярав э хоёр тоолсон. Би наклад авснаа хүлээн зөвшөөрөөд төлөх талаар хэлтэл дарга ажил хийлгэхгүй эхний ээлжид байгууллага хохиролгүй болго дараа нь ажиллах эсэх талаар тусдаа ярилцана гэж хэлсэн. Би ажлаа хийхгүй авсан накладынхаа төлбөрийг барагдуулах гээд явж байхад 7 дугаар сарын сүүл болоод байгууллагад сарын сүүлээр тооллого явуулдаг учир тоолоод дахин порсунк, 5-р арааны ком дутсан намайг авсан гээд надаас нэхээд байхаар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа. Бямбадорж ахад туслах гээд зарчихсан, уг мөнгө болох 3.900.000 төгрөгийг 1xbet буюу бооцоо тавиад алдчихсан. 2022 оны 5 дугаар сард манай хамаатны ах Өмнөговь аймгийн -Цэций суманд Ланд 76 маркийн тээврийн хэрэгслийн 5-р арааны ком хэрэгтэй байна гэхээр нь би үнээр нь авна гээд М. ахаар угсруулсан. Яг өгөх гэж байтал манай ах хуучин 5-р арааны ком олчихсон манай байгууллага дээр байсан 5-р арааны ком бол он залуу Ланд-76 маркийн тээврийн хэрэгслийн сэлбэг байсан. Тэгээд ажлаас авч гарах гэж байгаад болиод угсруулсан чигээр агуулахдаа үлдээсэн. 2022 оны 6 дугаар сарын сүүлээр “Энержи Ресус” ХК-ны Ланд-76 маркийн тээврийн хэрэгслийн хроп боогдоход 5-р арааны комны 4 ширхэг сэлбэг гарсныг би мэдэж байна. Учир нь би агуулахаас захиалга орж ирээд гаргаж өгч байсан. Тэр баримт нь байгууллага дээр байх ёстой. Уг алга болсон гээд байгаа форсункны талаар бол би огт мэдэхгүй байна. Тооллого хийхэд 6 дугаар сард 3 байж байгаад 7 дугаар сард 1 нэмэгдэж ирээд 4 болсныг мэдэж байна. Түүнээс биш би авсан зүйл бол байхгүй. Намайг хамгийн сүүлд наадмын дараагаар тооллого хийхэд байж байсан. Бид нар тооллого хийхдээ нэг бүрчлэн хайрцаг савны лац баглааг авч үздэггүй хайрцгийн бар кодыг нь уншуулаад үзээд явчихдаг. Учир нь лацтай учраас бид нарт нээж үздэггүй. 9 ширхэг наклад авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 5-р арааны ком болон форсункыг би аваагүй намайг хамт тооллого хийхэд уг хоёр сэлбэг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал)

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн: “...Уг алга болсон гээд байгаа форсункны талаар бол би огт мэдэхгүй байна. Тооллого хийхэд 6 дугаар сард 3 байж байгаад 7 дугаар сард 1 нэмэгдэж ирээд 4 болсныг мэдэж байна. Түүнээс биш би авсан зүйл бол байхгүй. Намайг хамгийн сүүлд наадмын дараагаар тооллого хийхэд байж байсан. Бид нар тооллого хийхдээ нэг бүрчлэн хайрцаг савны лац баглааг авч үздэггүй хайрцгийн бар кодыг нь уншуулаад үзээд явчихдаг. Учир нь лацтай учраас бид нар нээж үздэггүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дэх тал)

15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч *******эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь сэлбэгийн нярав *******тэй хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, хариуцлагын гэрээ байгуулсан. Ажил үүргийн тодорхойлолтын хувьд сэлбэгийн нярав, агуулах хариуцах гэж тусгайлан зааж өгсөн. Сэлбэгийн нярав тухайн агуулахад сэлбэг гаргах эрх бүхий этгээд учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Тухайн хэргийн үйл баримт нь камерын бичлэгт“...нярав ******* 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 15 минутад алхаж байгааг харуулав. Бичлэгийн 00:07 секундэд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* баруун гартаа наклад бариад явж авто зогсоол руу чиглэлтэй алхаж байгааг харуулав. Бичлэгийн 00:34 секундэд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* баруун гартаа наклад бариад цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл руу алхаад жолооч талын хаалгаар суух гэж байгааг харуулав. Бичлэгийн 00:49 секундэд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж уг тээврийн хэрэгслийг ухраагаад хөдлөөд явж байгааг харуулав.  Уг бичлэг нь нийт 00:50 секундийн бичлэг байх бөгөөд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж уг тээврийн хэрэгслийг ухраагаад хөдлөөд явж байгаагаар бичлэг дуусаж байна.” гэсэн тэмдэглэлээр авагдсан байна. (хавтаст хэргийн 9-11 дэх тал)

Үүнээс үзэхэд шүүгдэгч ******* нь “ моторс” ХХК-ийн сэлбэгийн нярваар ажиллаж байхдаа  тухайн байгууллагын итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүн буюу нийт 3.812.000 төгрөгийн  үнэ бүхий 9 ширхэг накладыг  2022 оны 7 дугаар сарын 17-ны 00:34 секундийн орчимд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад зарж борлуулж, мөнгийг нь хувьдаа завшсан болох нь:

 Г.-ийн хохирогчоор өгсөн: “ моторс” компанийн сэлбэгийн агуулахаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тооллогоор 3.828.200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг дутагдсан...*******ийн дээрх үйлдэл нь тухайн байгууллагын хяналтын камерын 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн бичлэгээр тогтоогдсон. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан...*******ийг ажиллаж байх хугацаанд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тооллогоор 3.828.200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг дутагдаж тоологдсон ба дээрх үнэ бүхий сэлбэгийг ******* нь дутааснаа хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Р.ын гэрчээр өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын сүүлээр уг наклад хэрэг болоод асуутал байхгүй болчихсон байсан. Би гайхаад бүх ажилчдаас асуутал бүгд мэдэхгүй гэхээр нь би өөрөө хамгаалалтын албадаа хэлээд 2 хоног шүүтэл нярваар ажиллаж байсан ******* хайрцагт хийгээд тээврийн хэрэгсэлдээ ачаад явж байгаад хяналтын камерын бичлэгийг олсон...Тооллого оруулахад ******* өөрөө байсан болохоор авсан накладнаас нь өөр сэлбэг материал эхний тооллогоор дутаагүй...Ланд-200 маркийн наклад урд хойд нийлээд 9 ширхэг, 1 ширхэг наклад 530.300 төгрөгөөр 4 ширхэг, 341.400 төгрөгөөр 5 ширхэг нийтдээ 3.828.200 төгрөг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн “...байгууллагын нярав ******* 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 15 минутад алхаж байгааг харуулав. Бичлэгийн 00:07 секундэд ******* ХХК-ны гаднах гараашны бичлэгт байгууллагын нярав ******* баруун гартаа наклад бариад явж авто зогсоол руу чиглэлтэй алхаж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал), Ашид Билгүүн ХХК-ийн “Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн наклад урд ком 4 ширхэг 2.112.000 төгрөг, Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн наклад хойд ком 5 ширхэг 1.700.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45-47 дахь тал), ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд (хавтаст хэргийн 76, 78, 79  дэх тал), Эд хөрөнгө бүрэн хариуцлагын тухай гэрээ (хавтаст хэргийн 80-83 дахь тал), Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 80-83 дахь тал), Сэлбэгийн нярвын ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 86-87 дахь тал), Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн сэжигтнээр өгсөн: “...манай ах Бямбадорж *******т сервис хийдэг болохоор надаас Ланд 570, Ланд-200 тээврийн хэрэгслийн наклад байгаа эсэх талаар асуугаад Монголоос олдохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би нөөцөд байгаа наадмын дараагаар зарах 8 наклад байгаа талаар хэлсэн. Наадхаа надаа зарж болох уу гэхээр нь дараагийн захиалгат бараа хэзээ ирэх талаар харахад наадмын дараа ирэхээр байсан. Тэгэхээр тус болох санаатай Бямбадорж ахад аваад өгчихсөн. Мөнгийг нь тухайн үед яг байгууллага дээр зарагддаг үнээр зарсан...Бямбадорж ахад туслах гээд зарчихсан, уг мөнгө болох 3.900.000 төгрөгийг 1xbet буюу бооцоо тавиад алдчихсан...9 ширхэг наклад авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 5-р арааны ком болон форсункыг би аваагүй намайг хамт тооллого хийхэд уг хоёр сэлбэг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд компанийн агуулахад байгаа сэлбэг, гар багаж, будаг, тос бусад туслах материал эд хэрэгслийн тоо ширхэг, бүрэн бүтэн байдал, хадгалалтын чанар, хугацаа, байршлыг нягтлан бодох бүртгэлийн хөтөлж, хадгалан хариуцах чиг үүргийг хэрэгжүүлдэг сэлбэгийн зөвлөх буюу /Багажны нярав/-ын албан тушаал нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаарч байна.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч ******* нь “ моторс” ХХК-тай  2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22/031 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар  сэлбэгийн зөвлөх буюу /Багажны нярав/-аар томилогдон уг компанийн эд хөрөнгө түүний эзэмшилд шилжсэн байна.

Тодруулбал, “ моторс” ХХК-ийн сэлбэгийн зөвлөх буюу /Багажны нярав/-ын албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд ******* нь  2022 оны 7 дугаар сарын 17-ны 00:34 секундын орчимд наклад 9 ширхгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байгууллагын агуулахаас авч, өөрийн танил ах гэгдэх н.Бямбадоржид 3.812.000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг зарж борлуулж хувьдаа завшсан нь объектив болон субьектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд  эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан ажилтанд тооцогдоно.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь сэлбэгийн зөвлөх буюу /Багажны нярав/-ын ажил үүргийн хүрээнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн хэдий ч түүний ажил, албан үүрэг нь дээр дурдсан уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарч буй тул “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “...албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргийг үйлдсэн...” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Харин хяналтын прокурор яллагдагчаар татах тогтоолдоо гэмт хэрэг гарсан өдрийг “2022 оны 7 дугаар сарын 17-ны” гэж зөв бичсэн боловч яллах дүгнэлтдээ “2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр” гэж техникийн шинжтэй зөрүүтэй бичсэнийг камерын бичлэгийг үндэслэн шүүх зөвтгөн залруулсан болохыг тэмдэглэж байна.

Хохирол хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс “Манай байгууллагаас хохирлын хэмжээг 11.506.800 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа. Шүүгдэгч 3.000.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн. Яллах дүгнэлтэд 7.390.000 төгрөгийн сэлбэг завшсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байсан. Үүнтэй санал нийлэхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тооллого хийхэд 3.828.000 төгрөгийн сэлбэг дутсан, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 7.678.800 төгрөгийн сэлбэг дутсан...” гэж мэдүүллээ.

 “*******” ХХК-ийн Төв сэлбэгийн агуулахын 2022 оны 7 дугаар сарын тооллогод зөрүү дүн “0” гэж гарсан байх ба эд хариуцагч Х.э, нягтлан бодогч Б., Р. нар баталгаажуулан гарын үсэг зуржээ.  (хавтаст хэргийн 115-124 дэх талуудад) 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/66 дугаартай ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар *******ийг ажлаас чөлөөлсөн байна. (хавтаст хэргийн 79 дэх тал)

Эдгээрийн дараагаар буюу тооллого хийгдэж, ажлаас чөлөөлөгдсөн цаг хугацаанаас хойш (хавтаст хэргийн 102 дахь талд) 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дахин тооллого явуулж дутсан сэлбэгийн үлдэгдэл гэж гаргасан байна.

Энэ талаар хяналтын прокурор яллах дүгнэлтдээ “...Ланд-200 автомашины порсунк 4 ширхэг, Ланд-76 авто машины 5-р арааны ком зэрэг 7.390.000 төгрөгийн өртөг бүхий сэлбэг хэрэгслийг завшсан гэх үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдлоо. Учир нь яллагдагч *******ийн хариуцаж байсан агуулахад 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн өдөр сэлбэгийн тооллого явуулсан байх бөгөөд тухайн тооллогоор алдагдсан гэх сэлбэг байсан болохыг гэрчүүд нэгэн зэрэг мэдүүлсэн, мөн яллагдагчийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 сарын дараа дахин тооллого хийж дутагдсан сэлбэг хэрэгслийг мөн завшсан гэж үзэх үндэслэлгүй тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.” гэжээ.

Нэгэнт хяналтын прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн дүгнэлтээ хийсэн байгааг шүүх буруутгах боломжгүй бөгөөд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохирол төлбөрийн талаарх “11.506.800 төгрөгөөр тооцон нэхэмжилнэ” гэсэн хүсэлтийг шүүх давхардуулан дүгнэх шаардлагагүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *******ийн хууль бус үйлдлийн улмаас “ моторс” ХХК-д 3.812.000 төгрөгийн хохирол учруулсан нь тооллогоор тулган баталгаажуулсан баримт болон хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.000.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн гэдгийг хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс “Ж.*******ийг цалин болон ээлжийн амралтын мөнгө нийлээд 1.622.824 төгрөг байгаа, энэ дүнгээс хохиролд тооцон авч болно” гэж мэдүүлснийг нөгөө талаас шүүгдэгч *******ийн “компаниас надад олгох цалин хөлснөөс миний төлөөгүй хохирлын үлдэгдлийг хасаж тооцуулмаар байна” гэх тус тусын хүсэлтийг шүүх хүлээн авч нийт учирсан 3.812.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 812.000 төгрөгийг түүнд олгох ёстой байсан цалин болон амралтын 1.622.824 төгрөгөөс хасаж хохиролд тооцон *******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин шүүгдэгч ******* нь цалин хөлсний зөрүүгээ хохирогч байгууллагаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 заалтад заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын тайлбар санал дүгнэлт гаргалаа.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх,...зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 4 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч *******эд гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхээс *******эд оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулав.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ДАЙРИЙЖАВ