Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1719

 

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/01719

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Г

Гуравдагч этгээд: МУХЗДХЯ

Гуравдагч этгээд: НБДПГ

Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохиролд 218.848.147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Г.З, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 13-42 тоотод урьд өмнө гэр бүлийн харилцаатай байсан Н.Э бусдад зодуулж гадны нөлөөтэйгээр амь хохирсон гэмт хэрэгт Г.Г нь сэрдэгдэн, ШШБЕГ-ын 0461 дүгээр анги цагдан хорих төвд 570 хоног хоригдон, мөрдөгдөн шалгагдаж улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар Цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 589 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 432 тоот тогтоолоор тус тус хилс хэрэгт яллагдагчаар татагдан 570 хоног цагдан хоригдож нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, бие, сэтгэл санаа, эд материалын хохирол, гэм хор учирсан болохыг тогтоон эцэслэн шийдвэрлэгдсэн. Г.Г нь хэрэгт 570 хоног цагдан хоригдсоныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5.849.301 төгрөг, Улаанбаатар хотод төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн бараа материалыг ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги нь 44 гурвалжин хэмжээх газар төмөр зам дээр тухайн жилийн бүх хоногуудад захиалагч болон бараа ачуулсан байгууллага иргэдэд хүлээлгэн өгдөг онцлоготой байгууллага. Тухайн ажлын онцлогт уялдан хувиар хөдөлмөр эрхлэгч нар өдөр бүр ажиллан, өдөрт дундажаар 50.000-60.000 төгрөгний орлоготой ажилладаг. Түүнийг багаар тооцож олох амьжиргааны үндсэн эх үүсвэр орлого мөнгөн илэрхийлэл 50.000 төгрөгийг цагдан хоригдсон хоногт үржүүлэн хохиролыг 28.500.000 төгрөгт тооцсон. Хууль зүйн туслалцаа авахад зориулж өмгөөлөгч Н.Н4.500.000 төгрөг, Г.Год 27.500.000 төгрөг нийт 32.000.000 төгрөг. 570 хоног цагдан хоригдсоны улмаас эрүүл мэндэд асар их хэмжээний хохирол үүсч байнга өвдөж эмчилгээ хийлгэдэг тул эмчилгээ шинжилгээ, эмийн болон эмчлүүлэхэд зарцуулагдсан унаа машинд хэрэглэсэн шатахууны зардал 2.463.446 төгрөг, хууль бус ажиллагааны улмаас нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны асар их хүнд хохирол, тохуурхал доромжлол, сэтгэлийн шарх амссан учир сэтгэл санааны хохирол 150.000.000 төгрөг, бичиг баримт гэрчлүүлсэн зардал 35.400 төгрөг нийт 218.848.147 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 тоот цагаатгах тогтоолоор хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Г.Г үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг цагаатгаж, хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Цагаатгах тогтоол дээр Г.Г-ыг 570 хоног хоригдсон гэдгийг дурьдсан. Г.Г-ыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хэрэгт сэрдэгдсэн хангалттай баримт байгаа гэсэн үндэслэлээр баривчилж, цагдан хорьсон. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс мөн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээ 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн биеийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан гэмт хэргийн яллагдагч Г.Г-ыг эрүүгийн хэрэгт 570 хоног буюу 18 сараас хэтрэхгүй хугацаагаар цагдан хорьсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Дээд шүүхийн тогтоолд шүүгдэгч Г.Г-ыг хууль бусаар цагдан хорьсон гэсэн нотлох баримт авагдаагүй. Сэжигтэн яллагдагчийг цагдан хорьсон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарч, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн хугацааг үндэслэлийн дагуу сунгаж байсан. Хэдийгээр хуульд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохиролыг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэсэн заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хамаарч байгаа боловч энэ нь хууль зөрчсөн байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлнэ гэж заасан байгаа боловч хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон гэж заасан байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Г-ыг хууль бусаар цагдан хорьсон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагаа, түүнд учирсан эд хөрөнгийн хохирол, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол, нөгөө талаас мөрдөгч прокурор, шүүгчийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаа байсан эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой гэж байгаа бол үүнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Баримт байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд МУХЗДХЯ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурорын хэлсэнтэй санал нэг байна. Энэ хүнийг хууль бусаар хорьсон гэдэг нь тогтоогдсон баримт хэрэгт байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хууль бусаар цагдан хоригдсоны хохирол 5.849.301 төгрөг, өмгөөллийн хөлс 32.000.000 төгрөг, эмчилгээний зардал 2.463.446 төгрөг, сэтгэл санааны хохирол 150.000.000 төгрөг, олох байсан хөдөлмөрийн орлого 28.500.000 төгрөг, нотариатын зардал 35.400 төгрөг нийт 218.848.147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Ахлах мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Сэжигтнийг баривчлах тогтоолоор Г.Г-ыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13-42 тоотод Н.Э нь гадны нөлөөтэй нас барсан гэх хэрэгт сэжигтнээр татаж, онц хүнд гэмт хэрэгт сэрдэх үндэслэл бүхий баримттай гэх үндэслэлээр баривчилж, 05 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2016 оны 07 дугаар сарын 08-наас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хорьж мөрдөх хугацааг сунгаж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22/к шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг сунгахаас татгалзаж, сулласан байна. /хх-69-88/

Энэ хугацаанд гэрч, хохирогчоос мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, 2017 оны 03 дугаар сарын 27, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус яллах дүгнэлт үйлдэгдэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж байсан ба 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 322 дугаартай Цагаатгах тогтоолоор Г.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 432 дугаартай Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан байна. /хх-526/

Нэхэмжлэгч Г.Г-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохиролыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, энэ хугацаанд 570 хоног цагдан хоригдсон тул 5.849.301            төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч Н.Н эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 4.500.000 төгрөг төлсөн /хх-37-39/, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч Г.Г, Г.Г нартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгч Г.Г 5027500097 харилцах дансанд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо тасалбар №3 гэсэн баримтаар 2.500.000 төгрөг хүлээлцсэн /хх-33-34/ тул нийт 9.500.000 төгрөг, Сөүл сэниорс монголиа эмнэлэгт үзүүлж шинжилгээ, эмчилгээнд төлсөн 292.400 төгрөг, нотариатын зардал 35.400 төгрөг, мөн хэрэгт шалгагдан 570 хоног цагдан хоригдох хугацаанд зүрхээр хатуулж өвдөж биеийн ерөнхий байдал дунд байснаас хорих ангийн нэгдсэн эмнэлэгт 3 удаа хэвтэн эмчлүүлсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн тодорхойлолтоор тогтоогдсон ба эрүүгийн хэргийн ангилал, хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацааг харгалзан сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г.Г-ыг 44 гурвалжин хэмээх газар төмөр зам дээр хувиар хөдөлмөр эрхэлдэг байсан гэж тайлбарлан Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны албан бичгийг нотлох баримтаар ирүүлж, гэрч асуулгасан боловч 28.500.000 төгрөгийг нэхэмжилсэн тайлбар нь баримтаар хөтөлбөргүй тогтоогдоогүй, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татварын тайланг гаргаж, татварын албанд тухайн үедээ гаргаж өгч байсан талаар хэрэгт авагдсан баримтгүй, хэрэгт шалгагдаж байхдаа тодорхой эрхэлсэн ажилгүй талаар биеийн байцаалт өгч байсан зэргийг үндэслэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгний үнийн дүнд ишигтэй эм ямаа 100 ширхэг, эм хонь 50 ширхэг, тугалтай 4 ширхэг гунж буюу бог бод нийлсэн 308 толгой мал хүлээлцсэн тэмдэглэлийг ирүүлсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 12.500.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй, худалдан авсан эм, шинжилгээний төлбөрийн баримт, шатахууны зардал гэсэн баримтуудыг ирүүлсэн боловч эмчилгээ шинжилгээ хийлгэх, үзүүлсэн гэх эмчийн үзлэгийн картгүй, ямар өвчний улмаас үзүүлэх шаардлагатай болсон, хэрхэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон талаар нотолсон баримтгүй тул эдгээр шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 570 хоног цагдан хоригдсон хоногийн мөнгөн төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчийн шаардсан 5.849.301 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 9.500.000 төгрөг, Сөүл сэниорс монголиа эмнэлэгт үзүүлж шинжилгээ, эмчилгээнд төлсөн 292.400 төгрөг, нотариатын зардал 35.400 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг нийт 16.177.101 төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 202.671.046 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 16.177.101 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-од олгож, үлдэх 202.671.046 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА

 

          ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНТУУЛ

 

         Н.ХАНГАЛ