Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

 

    2023         03          02                                 2023/ШЦТ/218

             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: Н.Булганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Төгс-Оюун,

Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2309 00000 0302 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г танхимд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жи Жи” цэцэрлэгт багшаар ажилладаг, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л.Б,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаагүй, төгсөөгүй байж 2006 онд төгссөн гэх D20060………дугаартай хуурамч “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР" зэргийн дипломыг худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2016 оны 03 дугаар сард “Ж Ж” цэцэрлэгийн багшаар ажилд орж ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б-ыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хуурамч диплом ашигласандаа гэмшиж байна. Цаашид энэ мэргэжлээр сурч, үргэлжлүүлэн ажиллана, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

-Хохирогч Г.О-ын “...Манай яамнаас одоогоор дээрх үйлдэлтэй холбоотойгоор тооцож тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,  

-Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 15-39 дүгээр хуудас/,

-Гэрч Ч.Э-ийн “...Шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажиллагааг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах. Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж, тушаалд өөрчлөлт оруулж, уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 хэсэг болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж, тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж, шалгалтын үндсэн ажльг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мздээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

-Гэрч Я.Н-ийн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж, олгосон, дугаарыг ашигласан гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн буртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

-Гэрч А.Т-ийн “...БШУ яамны сайд Л.Э-ийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS прорграммд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаар ашигласан, 1.2. Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамч үйлдсэн, 1.3. Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4. Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулж олгосон/, 1.5. Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм...Дээрх зөрчлүүдээс 1.2, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/,

-Гэрч Б.Д-ийн “...Тухайн хяналт шалгалтын ажлыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь хэсэг, Боловсрол шинжлэх ухааны яамны бүтэц чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын Ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм...Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/,

-Гэрч Н.Б-ийн “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг... Еsis систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Hemis буюу их дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь их дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн диплом үнэн зөвийг нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн ситемийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс систем бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь ситемын алдаа биш юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/,  

-Гэрч Д.А-ийн “...Боловсрол, соёл шинжпэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3. 3.4. 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, Статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас/,

-Гэрч М.О-ийн “...манай багш Б нь миний өрөөнд орж ирээд цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа газрын тодорхойлолт авах гэж байна та гаргаад өгч болох уу гэхээр нь би юу болсон талаар асуухад хэрхэн яаж диплом гаргуулсан талаараа үнэнээ хэлсэн. Тэгэхээр нь би тодорхойлолт гаргаж өгсөн...Б нь ажил хөдөлмөр хийснийхээ хариуд цалин хөлс авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,

-Яллагдагч Л.Б-ын “...Миний бие сургуульд суралцаагүй байх үедээ буюу ажил хийж байхдаа 2007 онд зар дээрээс ‘Бичиг баримт диплом гаргаж өгнө” гэх утгатай зар байхаар нь зарын дагуу холбогдоод өөрийн нэр дээр цэцэрлэгийн багшилж болохоор диплом гаргуулж авахаар болсон... дипломын төлбөрт 500.000 төгрөгийг бэлнээр хоёр хувааж өгсөн...зараар тэр хунтэй холбогдоод дипломоо гаргуулж аваад одоог хүртэл хүссэн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож үнэлэв.

 

Шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаагүй, төгсөөгүй байж 2006 онд төгссөн гэх D2006,,,,,,,,,,,, дугаартай хуурамч “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР" зэргийн дипломыг худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2016 оны 03 дугаар сард “Ж Ж” цэцэрлэгийн багшаар ажилд орж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Л.Б нь боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:

Хохирогч Г.О-ын мэдүүлэг,

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт,

Гэрч Ч.Э, Я.Н, А.Т, Б.Д, Н.Б,  Д.А, М.О нарын мэдүүлэг, яллагдагч Л.Б-ын мэдүүлэг,

Яллагдагч Л.Б-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Яллагдагч Л.Б-ын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Хуурамч баримт ашиглах гэмт хэрэг нь ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн, нэг удаагийн үйлдэлтэй, эсвэл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

 

Шүүгдэгч нь уг үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Л.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаагүй, төгсөөгүй байж 2006 онд төгссөн гэх D2006............ дугаартай хуурамч “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР" зэргийн дипломыг худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2016 оны 03 дугаар сард “Ж Ж” цэцэрлэгийн багшаар ажилд орж ашигласан үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирч буй хохиролтой шууд шалтгаант холбоотой байх тул хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.Б нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч Н.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаагүй, төгсөөгүй байж 2006 онд төгссөн гэх D2006.......... дугаартай хуурамч “БОЛОВСРОЛЫН БАКАПАВР" зэргийн дипломыг худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2016 оны 03 дугаар сард “Ж Ж” цэцэрлэгийн багшаар ажилд орж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Л.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, хохирогч М.О нар нь “...Ямар нэг гомдол саналгүй...хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлгийг /хавтаст хэргийн 138 дугаар хуудас, 149 дүгээр хуудас/ гаргасан байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй гэж дүгнэж, шүүгдэгчийг тус хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Харин хохирогч байгууллагаас гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргавал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөв, шударга ажиллах зан төлөвшил хэвшээгүй, нөгөө талаас шүүгдэгчийг ажилд томилон ажиллуулж буй байгууллагаас баримт бичгийг сайтар нягтлаагүй   нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан төлөх хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Л.Б-ыг 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Л.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160

дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллага нь гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргавал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

          6. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР