| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/00624/И |
| Дугаар | 1632 |
| Огноо | 2019-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1632
| 2019 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2019/01632 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.О
Хариуцагч: Ц.Д.
Гэм хорын хохиролд 6.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Дээшин, хариуцагч Ц.Д, өмгөөлөгч Ш.Аманкелд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дүү Ц.Д нь Улаанбаатар хотоос нөхөр хүүхдийн хамт Увс аймагт ирсэн. Энэ үеэр би өвчний учир хагалгаанд орох болж Улаанбаатар хот явсан. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.Д Улаанбаатар хот гарлаа гэж утсаар ярихад нь пускателаа буулгаарай гэж хэлсэн. Тэгсэн тэр орой манайд гал гарч эд зүйл маань шатсан. Иймд Ц.Д-аас гэм хорын хохиролд 6.780.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч. Ц.Д шүүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Галын дүгнэлтийг үндэслэн 6.780.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд бид эвлэрч Ц.Д 14 хоногийн дотор 1.000.000 төгрөгийг Ц.О-т өгөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийг баталж өгнө үү. Энэ асуудлаар дахин шүүхэд хандах, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэв.
Хариуцагч Ц.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний буруугаас болж гал гараагүй. Гэхдээ бид ах дүү улс тул бие биендээ туслах үүднээс 1.000.000 төгрөгийг Ц.О-т 14 хоногийн дотор өгөхөөр тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй. Хэн аль нь энэ асуудлаар дахин шүүхэд хандах, гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: тус гэрээгээр нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэгч талын гэм хорын хохиролд нэхэмжилсэн нийт 6.780.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч тал нь тус 1.000.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 03-наас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл буюу 14 хоногийн дотор нэхэмжлэгч болох Ц.О-ийн өөрийн нэр дээрх харилцах данс руу нь шилжүүлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Хариуцагч нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгахаар тохиров гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Ц.Д-т холбогдох гэм хорын хохиролд 6.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж талууд 1.000.000 төгрөгийн үнийн дүнд эвлэрч, хариуцагч Ц.Д нь 1.000.000 төгрөгийг 14 хоногийн дотор нэхэмжлэгч Ц.О-ийн нэр дээрх харилцах данс руу шилжүүлэн төлж барагдулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Ц.Д нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдав.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрч, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул гэрчээр улсын хяналтын байцаагч Д.Ц асуух шаардлагагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц.О-ийн нэхэмжлэлтэй Ц.Д-т холбогдох хэрэгт талууд эвлэрч, хариуцагч Ц.Д нь 1.000.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 03-наас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэгч Ц.О-ийн нэр дээрх харилцах данс руу шилжүүлэн төлж барагдуулахаар зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагч Ц.Д-аас 28.550 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
3. Улсын хяналтын байцаагч Д.Ц гэрчээр асуух шаардлагагүй тул хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
З.ДОРЖНАМЖИН