Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/355

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

улсын яллагч: Р.Мягмардорж,

шүүгдэгч: Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/, нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн *********** тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Г-ын Б /РД:**********/,

Монгол Улсын иргэн, ***********-ны өдөр ********** аймгийн*********суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****** үйлдвэрт ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Монлаагийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Монлаагийн 6-11 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Ж-той “хүүхэдтэйгээ буруу харьцсан” гэх шалтгаанаас болж маргалдан улмаар харилцан цохилцож, зодолдон түүний эрүүл мэндэд нь “дух, хамар, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чихний дэлбэнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун дал, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Монлаагийн 6-11 тоотод үеэл дүү Б.Ж-той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Улмаар “хүүхэдтэйгээ буруу харьцсан” гэх шалтгаанаас болж хохирогч Б.Ж-той маргалдан харилцан цохилцож, зодолдон түүний эрүүл мэндэд нь “дух, хамар, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чихний дэлбэнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун дал, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

          -Хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 01 цагийн үед манай хүү С Б-ын  гэрт байхдаа бүдрээд уначихсан чинь манай хүү У чи дээд доодхоо харалдаа гээд загнаад байхаар нь би хүү У-ыг загнасан чинь Б  над руу уурлаад чи хүүхэдтэйгээ ямар сонин харьцдаг юм бэ гээд Б  бид 2 хоорондоо маргалдаад байж байтал Б  миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Б-ын  нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон ба Б  бид 2 бие биенийгээ 5-6 удаа гараараа цохилцсон мөн Б  миний цээж хэсэг рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

               -Гэрч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж, Б  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан ба би До-тэй юм яриад манай хүүхдүүд тоглоод байж байтал манай нөхөр гэнэт хүү У загнасан чинь Б  Ж 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд Б  Ж 2 хоорондоо барьцалдаж аваад бие биенийгээ цохиод байсан ба манай 2 хүүхэд уйлаад байхаар нь би гэртээ 2 хүүхдээ унтуулчхаад буцаад ирэхэд Б , Ж 2 хоорондоо зодолдсон байдалтай буюу Ж-ийн нүүр амнаас нь цус гарсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

               -Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Ж, Б  2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан ба тэр үед 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байсан тэгсэн Ж, У гэдэг хүүхдээ загнаад байсан чинь Б  чи хүүхдээ битгий загнаад бай гэсэн чинь Ж, Б  нар хоорондоо маргалдаад зодолдоод бие биенийгээ гараараа цохиод байсан ба Д хүүхдүүдээ аваад гараад явсан ба би Ж, Б  нарыг салгах гэсэн чинь хоорондоо зодолдоод дийлдэхгүй бие биенийгээ цохиод байсан ба дээр доороо орчихоод салахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

        -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Э.Э-ын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ***** дугаартай:   

               1. “...Б.Ж-ийн биед дух, хамар, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чихний дэлбэнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун дал, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

               3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.

               4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

               Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо **********0-0 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Ж-той “хүүхэдтэйгээ буруу харьцсан” гэх шалтгаанаас болж маргалдан улмаар харилцан зохилцож, зодолдон түүний эрүүл мэндэд нь “дух, хамар, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун чихний дэлбэнд шарх, хүзүү, цээж, зүүн  бугалга, баруун дал, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Ж нь 2023 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 610.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Б ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************ дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Б-ын  яллагдагчаар өгсөн: “...Ж-ийн 2 хүүхэд хоорондоо тоглож байгаад том хүүхэд нь дүүгээ загнаад байсан чинь Ж том хүүхдээ загнаад байхаар нь би Ж-ид хандаж наад хүүхэд чинь жоохон хүүхэд одоо боль гэсэн чинь Ж над руу уурлаад чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд бас Ж-ийн нүүр рүү гараараа 1 удаа цохиод авахад Ж миний нүүр рүү 5-6 удаа цохисон ба би бас Ж-ийн нүүр рүү 4-5 удаа цохиод, цээж хэсэг рүү нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөөд цамцных нь захаас барьж байгаад хүзүүг нь боосон, тэгээд бид хоёр газар унаад ноцолдсон ...” гэж /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

- шүүгдэгчийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 34 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, эд хөрөнгө хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, 2012.06.29-ний өдөр төрсөн охин Б.Х, 2016.01.27-ны өдөр төрсөн хүү Б.М, 2014.07.12-ны өдөр төрсөн охин Б.Б, 20147.09.09-ний өдөр төрсөн хүү Б.Е  нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 38-41 дэх тал/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-45 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Э.Э-ын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Ж-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Ж-ийн нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б-гыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ж нь гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Бнь хохирогч Б.Ж-ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний 610,000 төгрөгийн зардалыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин шүүгдэгч Б.Б  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний 610,000 төгрөгийн зардлыг төлсөн баримтаа хэрэгт хавсаргасан  байх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” рүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний 610,000 төгрөгийн зардал төлсөн баримт хавтаст хэргийн 89 дэх тал/, 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” /харилцан маргалдан, улмаар шүүгдэгчийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан нөхцөл байдал тогтоогдсон/ гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Г.Б-ын  хувийн байдлын хувьд ам бүл /6 эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг/-ийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Н овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА