| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0809/З |
| Дугаар | 221/МА2025/0170 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0170
Д.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: ШЕЗ-, НДЗХАШШ-н Тамгын газрын дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0087
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч НДЗХАШШТГД-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал, А.Соёлоо, хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхдөлгөөн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0809/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Эээс ШЕЗ-, НДЗХАШШТГД-д тус тус холбогдуулан “Д.Э-н шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгохоос, мөн ээлжийн амралтын нэмэгдэл олгохоос хариуцагч нар татгалзсан нь хууль бус, 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгох, ээлжийн амралтын нэмэгдэл олгохыг ШЕЗ-, НДЗХАШШТГД-д тус тус даалгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0087 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Шүүхийн тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ШЕЗ-ийн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 01/1486 дугаартай Д.Э-н шүүгчээр ажиллаагүй 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг төрийн албан хаасан хугацаанд оруулан тооцох, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Э-н шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг түүний төрийн албан хаасан хугацаанд оруулан тооцож, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоохыг ШЕЗ-д даалгаж, 2 дахь заалтаар Шүүхийн тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4, 47 дугаар зүйлийн 47.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НДЗХАШШТГД-н Д.Э-н шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцох, нэмэгдэл амралт олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Д.Э-н шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг түүний төрийн алба хаасан хугацаанд болон шүүгчээр ажилласан хугацаанд тус тус оруулан тооцож, нэмэгдэл амралт олгохыг НДЗХАШШТГД-д тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “НДЗХАШШ-н 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр ШЕЗ- шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Э-ийг НДЗХАШШ-н шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгаж шийдвэрлэсэн.
Харин шүүгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл НДЗХАШШ-н шийдвэрээр Д.Э-ийг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэх ёстой, нэхэмжлэгчийн хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн, огцруулсан тухай нотлох баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байх тул шүүгчээр ажилласан жилд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №203176 дугаартай өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг авсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/144 дугаартай тушаалаар нэр бүхий өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, бүртгэлээс хассан нь “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №203176 дугаартай гэрчилгээ”, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/144 дугаартай “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, бүртгэлээс хасах тухай” тушаалаар тус тус нотлогддог. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос нэхэмжлэгч Д.Э нь 2014.02 сараас 2014.04 дүгээр саруудад сайн дурын даатгал төлсөн, 2014 оны 06 сараас 2019 оны 04 дүгээр саруудад “СЛП” ХХН нөхөрлөлд, 2019 оны 7 сард Эрчим хүчний зохицуулах хороонд, 2021 оны 12 дугаар сард “БЭ” ХХК- д тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.16-д “багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;” гэж, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д “хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх;” гэж тус тус заасныг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн, ШЕЗ- нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.Э нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байх бөгөөд түүний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн явдал нь Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан үндэслэлийг бий болгосон гэж үзнэ гэж дүгнэсэн байна гэсэн нь ШЕЗ- Д.Э-н шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Э-ээс ШЕЗ-, НДЗХАШШТГД-д тус тус холбогдуулан гаргаж “Д.Э-н шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгохоос, мөн ээлжийн амралтын нэмэгдэл олгохоос хариуцагч нар татгалзсан нь хууль бус, 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгох, ээлжийн амралтын нэмэгдэл олгохыг ШЕЗ-, НДЗХАШШТГД-д тус тус даалгах” нэхэмжлэл гаргасан байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тус тус заасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар зарлигаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж эхэлсэн байна.
Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан ШЕЗ- нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн, Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, эдгээр шүүгчийг буцаан томилсон 199 дүгээр зарлигийг гаргахдаа нэхэмжлэгч Д.Э-г шүүгчээр томилоогүй орхисон байна.
3.2. ШЕЗ-ийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” 198 дугаар тушаалаар[1] давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан хавсралтад нэр дурдсан хүмүүст 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралтын 1-т Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгч асан Д.Э-т 12.000.000 төгрөгийн тэтгэлэг олгосон байна.
3.3. НДЗХАШШ-н 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр "Д.Э-г шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй ШЕЗ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Э-г НДЗХАШШ-н шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгаж, “нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.4. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа ШЕЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 74 дүгээр тогтоолын[2] хавсралтад Д.Э-г НДЗХАШШ-н шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар зарлигаар[3] Д.Э-г НДЗХАШШ-н шүүгчээр томилсон үйл баримтууд тогтоогдож байна.
3.5. ШЕЗ-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Зарим шүүхийн шүүгчийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай” 227 дугаар тогтоолоор[4] НДЗХАШШ-н шүүгч Д.Э-н төрийн алба хаасан хугацааг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 9 жил 7 сар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувь хэмжээг 5 хувиар тогтоосон, уг тогтоол хүчин төгөлдөр гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.
3.6. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.Э, Ч.М нараас ШЕЗ-, Сангийн яаманд тус тус холбогдуулан “ Д.Э-н ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох 8 жил 5 сар 29 хоногийн цалин хөлс болох 316.299.661 төгрөг гаргуулах, ... нийгмийн даатгалын шимтгэлийг ШЕЗ-өөр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг даалгах” шаардлага гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрээр[5] “Д.Э-т цалин хөлс 304.299.661 төгрөг, Ч.М-т цалин хөлс 304.299.661 төгрөгийг хариуцагч ШЕЗ-өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас тус бүр 12.000.000 төгрөг болон Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Д.Э, Ч.М нар болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШЕЗ-д даалгаж” шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/00984 дүгээр магадлалаар[6] анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн үйл баримт мөн тогтоогдож байна.
3.7. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Э болон Ч.М нараас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж “ШЕЗ-, НДЗХАШШТГД-д холбогдуулан “Д.Э, Ч.М нарыг шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд хамаарах 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг тус тус шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцож, 2023 онд эдлээгүй үлдсэн холбогдох нийгэм, эдийн засгийн баталгаагаар нөхөн хангахыг ШЕЗ-, НДЗХАШШ-н Тамгын газрын дарга, Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын даргад тус тус даалгах” нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02022 дугаар шийдвэрээр[7] “... Д.Э, Ч.М нарыг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг тус тус шүүгчээр ажилласан хугацаанд тооцож” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01476 дугаар магадлалаар[8] “... нэхэмжлэгч нар энэ үндэслэлээр 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцуулахаар НДЗХАШШ-н болон Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хандахад татгалзаж, эс үйлдэхүй гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. НДЗХАШШ-н Тамгын газрын дарга Н.Батхүүгийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2/368 дугаар албан бичигт “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ”... ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох 8 жил 5 сар 29 хоногийн хугацааг шүүгчээр ажилласан жилээр тогтоолгосны дараа хуульд заасан амралтын хоногийн нэмэгдлийг нэмж тооцох боломжтой “ гэж нэхэмжлэгч Д.Э-т хариу өгчээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4-т заасны дагуу шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах нь шүүхийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байна. Нэхэмжлэгч нарын нийгэм, эдийн засгийн баталгаагаар хангуулахаар гаргасан өргөдлийг нь шүүхийн захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзсан эсхүл тухайн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
3.8. Улмаар НДЗХАШШТГД-н 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцуулах тухай” 02/586 дугаар албан бичгээр[9] “... шүүгч Д.Э-н ажилгүй байсан хугацааны 8 жил 4 сар 28 хоногийг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж ШЕЗ-д хандсан, ШЕЗ-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1486 дугаар албан бичгээр[10] “... ШЕЗ-ийн 2022 оны 227 дугаар тогтоолоор шүүгч Д.Э-н төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоосон. Тус тогтоол хамаараагүй хугацааг төрийн албанд ажилласанд тооцох эсэх асуудлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай байх тул төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье” гэх хариуг НДЗХАШШТГД-д хүргүүлж, хувийг нэхэмжлэгч Д.Э-т хүргүүлсэн байна.
3.9. Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаа ШЕЗ-, НДЗХАШШТГДд холбогдуулан “НДЗХАШШ-н шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгохоос, мөн ээлжийн амралтын нэмэгдэл олгохоос татгалзсан хариуцагч нарын татгалзал хууль бус, 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгох, ээлжийн амралтын нэмэгдэл олгохыг ШЕЗ-, НДЗХАШШТГД-д тус тус даалгах” гэж тодорхойлсон байх боловч хариуцагч нар нь түүний нэхэмжлэлд дурдсан хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох /ажилласан байдлыг тогтоох/ үүрэгтэй болохыг зааж тодорхойлсон хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлд дурдаагүй, энэ талаарх хууль зүйн үндэслэл тайлбарлагдаагүй байна.
3.10. Нэхэмжлэгчээс “... шүүгчийн албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нөхөн авах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, уг хугацааг шүүгчээр ажиллаж байсанд тооцуулах хууль ёсны эрх үүссэн ..., Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй”, 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 61.1.3-д “ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан” гэж заасан нь шүүгчийн үндэслэлгүйгээр албан тушаалдаа томилогдоогүй орхигдсон нь хууль бус байсныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосноор шүүгчийн хөдөлмөрийн харилцаа бүрэн сэргэж, түүний шүүгчид эдлүүлэх нийгэм, эдийн засгийн бүх баталгаануудыг сэргээн эдлүүлэх эрх олгосон заалт юм ...” гэх зэрэг маргасан үндэслэлээр захиргааны хэргийн шүүх түүний энэхүү нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
Хариуцагч ШЕЗ-ийн “... Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, НДЗХАШШ-н 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э-г шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгаж шийдвэрлэсэн. Харин Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э-г хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна, ... нэхэмжлэгчийн хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн, огцруулсан тухай нотлох баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байгаа тул шүүгчээр ажилласан жилд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй, ... Нийгмийн даатгалын лавлагааны нотлох баримтаас харахад сайн дурын даатгал төлсөн, мөн “СЛП” ХХН нөхөрлөлд ажиллаж байсан. Эрчим хүчний зохицуулах хороо, “БЭ” ХХК зэрэг газруудаас нийгмийн даатгал төлөгдсөн болох нь нотлох баримтаас харагддаг. Ажилласан жил тогтоолгох гэж байгаа хугацаанд өмгөөллийн эрх авчихсан буюу өмгөөлөгч хийж, нөхөрлөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас бүтэн жилээр тооцох боломжгүй ...” гэж, хариуцагч НДЗХАШШТГД-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шүүхийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-д "Шүүхийн захиргаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна" гэж заасан бөгөөд шүүгч Д.Э-н ажилгүй байсан 8 жил 4 сар, 28 хоногийн хугацааг шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцох нэхэмжлэлийн шаардлага нь Тамгын газрын даргын хуулиар олгосон эрх хэмжээний асуудал биш, ... Шүүхийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтын нэмэгдэл дээр шүүгчийн 8 жил 4 сар 28 хоног тооцоологдохгүй явж байгаа. Шүүхийн тамгын газар шүүгчтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрхтэй эрх бүхий албан тушаалтан биш учир шүүгчээр ажилласан жилийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь манайд хамааралгүй...” гэх зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлан маргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
3.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ШЕЗ-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/1486 дугаар “... төрийн албанд ажилласанд тооцох эсэх асуудлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай” гэсэн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байжээ.
3.12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй “2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацаанд улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох, улмаар нэмэгдэл болон амралтын нэмэгдэл олгох тухай асуудал” хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны эрхлэн хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгт хамаарахгүй буюу нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг аль нэгэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцан хэрэгжүүлж, улсад болон шүүгчээр ажилласан байдлыг тогтоосон шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ:”, 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж тус тус заасны дагуу иргэний хэргийн шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хангах нь зүйтэй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нэхэмжлэгч Д.Э-ээс ШЕЗ-, НДЗХАШШТГД-д тус тус холбогдуулан гаргасан “Д.Э-н шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгохоос, мөн ээлжийн амралтын нэмэгдэл олгохоос хариуцагч нар татгалзсан нь хууль бус, 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгох, ээлжийн амралтын нэмэгдэл олгохыг ШЕЗ-, НДЗХАШШТГД-д тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 1 дэх хавтас, 32 дахь тал
[2] Хэргийн 1 дэх хавтас, 153 дахь тал
[3] Хэргийн 1 дэх хавтас, 143 дахь тал
[4] Хэргийн 1 дэх хавтас, 39 дэх тал
[5] Хэргийн 1 дэх хавтас, 99 дэх тал
[6] Хэргийн 1 дэх хавтас, 112 дахь тал
[7] Хэргийн 1 дэх хавтас, 119 дэх тал
[8] Хэргийн 1 дэх хавтас, 9 дэх тал
[9] Хэргийн 1 дэх хавтас, 41 дэх тал
[10] Хэргийн 1 дэх хавтас, 44 дэх тал