Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 134

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

                                               

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч Б.Энхцэцэг

Шүүгдэгч Б.Баатархүү нарыг оролцуулан 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарцогтын Баатархүүд холбогдох эрүүгийн 201611000438 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн Ялалтын 19-07 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Баатарцогтын Баатархүү. /РД: ЖН87021773/

               Шүүгдэгч Б.Баатархүү нь согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 12-0А тоотод оршин суух иргэн Б.Энхцэцэгийн гэрийн тооноор 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 12 цагийн орчим нэвтрэн орж “Монел” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 330000 төгрөгийн буюу бага бус хэмжээний учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

2016.12.07 №134

Хөтлөх хэрэгт 5-128 Д.Цэдэнпэлжээ                                                                                                               D.disk   Shiitgeh togtool-2016

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Боржигон овогт Баатарцогтын Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2016 оны 10 сарын 07-ны өдөр эгчийнхээ гэрээс телевизор хулгайлаад түүнийгээ зараад архи авч уусан. Хулгайлсан эд зүйлээ буцаан өгч, иргэний нэхэмжлэгчийн мөнгийг төлж хохиролгүй болгосон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

Хохирогч  Баатарцогтын Энхэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баатархүү миний төрсөн дүү юм. Дүү маань урьд нь хулгай хийж байгаагүй. Манайд амьдардаг байсан юм. Эхнэрээсээ салаад сэтгэл санаа нь тогтворгүй байснаас болоод хулгай хийсэн байх. Надаас энэ хэрэгт сэжиглэж байгаа хүн байна уу? гэж цагдаа асуухад “би дүүгээ сэжиглэж байна” гэж хэлсэн. Манай дүү намайг яах ч үгүй гэж бодсон байх. Уг нь хөдөлмөрөөрөө л мөнгө олдог хүүхэд юм. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Нэмж гаргах гомдол саналгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Бадамын Барсболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 10 сарын 07-ны өдөр такси бариад Хилийн цэргийн 0132-р ангийн зүүн талаар урагш явж байхад нэг хүн гар өргөхөд миний сууж явж байсан такси зогссон. Тэр залуу 25-30 орчим насны залуу байсан бөгөөд 32 инчийн Монел маркийн зурагт бариад явж байсан ба ломбард явъя, энэ зурагтыг барьцаанд тавина гэхээр нь би тэр залууд хандан чамд бичиг баримт байгаа юм уу, бичиг баримтгүй согтуу бол ломбард авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу өөр авах хүн байна уу?, авах хүн байвал шууд 150000 төгрөгөөр зарна. Миний зурагт би эхнэртэйгээ муудаад явж байна, эхнэрээс салж байгаа бөгөөд өөрийнхөө зурагтыг аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас чиний зурагт яг мөн юм уу, хулгайн юм биш биз дээ, танай гэр хаана байдаг юм бэ? гэж асуухад миний зурагт мөн манай гэр Ялалтад байдаг, хулгайн эд зүйл биш гэж хэлсэн. Тэгээд тэр залуу та 100000 төгрөгөөр ав, 10000 төгрөгийг таксинд өгчих гээд байхаар нь би тэр залуугийн зурагт гэж итгээд гэр рүүгээ очсон. Гэртээ очоод зурагтыг нь залгаад үзэхэд зүгээр гарч байхаар нь тэр залууд 100000 төгрөгийг өгсөн. Би таксины мөнгө гэж 10000 төгрөгийг жолоочид өгсөн. Надад зурагт зарсан Баатархүү гэх хүн надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 29/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 23/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24, 25/

Гэрч Д.Алтанхүүгийн мэдүүлэг / 32-33/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч  Б.Баатархүү нь согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 12-0А тоотод оршин суух хохирогч Б.Энхцэцэгийн гэрийн тооноор 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 12 цагийн орчим нэвтрэн орж “Монел” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 330000 төгрөгийн буюу бага бус хэмжээний учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баатархүүгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Барсболд, гэрч Д.Алтанхүү нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 23/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24, 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Баатархүү нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бусдын орон байранд нэвтэрч үйлдэж бусдад 330000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулжээ.

Шүүгдэгч Б.Баатархүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Баатархүүд эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.

 Шүүгдэгч  Б.Баатархүү нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Баатархүүгийн ЖН87021773 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хэргийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч Б.Баатархүүгийн эзэмшлийн AD4526203 сери, дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг  хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял  болох баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Баатарцогтын Баатархүүг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Баатарцогтын Баатархүүг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан   Б.Баатархүүгийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.  Ялтан Б.Баатархүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, түүний ЖН87021773 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Баатархүүгийн эзэмшлийн AD4526203 сери, дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг  хүчингүй хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Б.Баатархүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Б.Баатархүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ