Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0857

 

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0857

Улаанбаатар хот

 

 

128/ШШ2021/0857

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох А/79 дүгээр тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гэрч Ц.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дархан цаазат Богдхан Уулын Хүрхрээгийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт бүхий 0,65 га газрыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-321 дүгээр шийдвэрээр олгосон байдаг.

Манай компанийн зүгээс газар ашиглах гэрчилгээг авсныхаа дараа Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг батлуулж Газар ашиглах гуравласан гэрээг байгуулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба яг гэрээ байгуулах үед Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас манай компанийн ашиглах эрх олгосон газрын орц гарцыг хааж, газар олголт хийсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргахад хүлээн аваагүй атлаа ийнхүү газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлүүдийг зааж хүчингүй болгож байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах шийдвэр гарч, газрын гэрчилгээ олгогдсоноос хойш албан ёсоор удаа дараа хандаж орц гарцыг чөлөөлж өгөхийг хүсэхэд шийдвэрлээгүй, гэрээг баталгаажуулж өгөөгүй атлаа газрын төлбөрийг нэхэж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж заасантай нийцээгүй, мөн хуулийн зарчмын дагуу газрыг ашиглах боломжийг нээсэн орц гарцтай байлгахыг хариуцагч түүний харьяа байгууллагууд хариуцах бөгөөд түүнээс бус ямар ч ашиглах боломжгүй газрыг ашиглуулах шийдвэр гаргачхаад төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах нь шударга бус бөгөөд манай компанид газар ашиглах боломжийг олгоогүй энэ үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газрыг ашиглаагүй гэж тодорхойлсон байх хэдий ч уг хуулийн заалтыг буруугаар хэрэгжүүлсэн.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар заалтыг ... газар ашиглах гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, байхыг ойлгоно гэжээ.

Гэтэл бодит байдал дээр газар ашиглах гуравласан гэрээ байгуулагдаагүй, эцсийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн захиргааны газрын дарга баталгаажуулаагүй байхад 2 жилийн хугацааг яаж тооцож тогтоосон нь ойлгомжгүй бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна

Иймд Дархан цаазат Богдхан Уулын Хүрхрээгийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 0,65 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Т ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалыг "Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Т  ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 0.65 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд 2020 онд газар ашиглах хугацаа нь дуусгавар болж, сунгуулах хүсэлтийг холбогдох газруудад ирүүлээгүй байдаг.

Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтыг бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 214-ний өдрийн 11 и3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн/ Т ХХК орсон/, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Т ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар албан бичгээр газар дээр нь үл таних хүмүүс дур мэдэн барилгын суурь ухан, талбайг ашиглаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож газрыг чөлөөлүүлэх талаарх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн. Уг хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж газар ашиглах боломжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч мөн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8192 тоот албан бичгээр Т  ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яамны [email protected] хаягаар ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаал нь хууль зүй үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Т ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гарах хүртэл тус сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Т******* ХХК-д холбогдох хэсгийг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үндэслэлийг тайлбарлавал:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд байрлах 0.65 га газрыг 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар Т  ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалаар ...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т  ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Газар ашиглах гуравласан гэрээг байгуулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба яг гэрээ байгуулах үед Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас манай компанийн ашиглах эрх олгосон газрын орц гарцыг хааж, газар олголт хийсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргахад хүлээн аваагүй ... газар ашиглуулах шийдвэр гарч, газрын гэрчилгээ олгогдсоноос хойш албан ёсоор удаа дараа хандаж орц гарцыг чөлөөлж өгөхийг хүсэхэд шийдвэрлээгүй, гэрээг баталгаажуулж өгөөгүй... гэж тайлбарлан маргаж байна.

Т ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 72 тоот Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлтэд ... манай газар дээр нь үл таних хүмүүс дур мэдэн 3 ширхэг барилгын суурь ухан, талбайг ашиглаж байгаа тул эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож газрыг чөлөөлж өгнө үү гэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн Т ХХК-ийн газрын байршлын агаар сансрын зургууд болон бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэгээс үзэхэд маргаан бүхий газарт барилгын сууриуд бий болсон, баригдсан байгаа болох нь тогтоогдож байна.

Дээр тайлбарласан маргаан бүхий газарт баригдсан байшингийн сууриудыг хэн, ямар хуулийн этгээд барьсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь ... манай компанийн газартай зэргэлдээ газар ашиглах эрх авсан компани нь орц, гарцыг хааж хашаа, байшин барьсан, манай газар дээр байшингийн сууриуд цутгасны улмаас манай компани газраа зориулалтын дагуу ашиглах боломж, бололцоо олдоогүй гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №13/35 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн Газрын төлбөр, мэдээлэл хүссэн иргэн, аж ахуй нэгжийн нэрс гэсэн хүснэгтээс үзэхэд нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэл 0 буюу төлбөрийн үлдэгдэл байхгүй мэт харагдаж байгаа нь буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалд заасан үндэслэлээс зөрүүтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь газрын төлбөрийн хэдий хэмжээний, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нарийвчлан, тодорхой тогтоох шаардлагатай байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; бүрэн эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэрэгжүүлэхээр заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээр дурдсан хуулиудаар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Т  ХХК-д ашиглах эрх олгосон байсан газарт буюу маргаан бүхий газарт баригдсан байшингийн сууриудыг хэн, ямар хуулийн этгээд барьсныг шалган тогтоох, маргаан бүхий газартай зэргэлдээ газар ашиглах эрх авсан компани нь Т  ХХК-ийн орц, гарцыг хааж хашаа, байшин барьсан эсэх, нэхэмжлэгчийн газар дээр байшингийн сууриуд цутгасны улмаас Т  ХХК газраа зориулалтын дагуу ашиглах боломж, бололцоо олдоогүй эсэх, нэхэмжлэгч нь газрын төлбөрийн хэдий хэмжээний үлдэгдэлтэй байгааг нарийвчлан, тодорхой тогтоох зэрэг асуудал нь хариуцагчийн хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг байх ба дээрх чиг үүргүүд нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь дараах бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр Т ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

1.    Т ХХК-д ашиглах эрх олгосон байсан газарт буюу маргаан бүхий газарт баригдсан байшингийн сууриудыг хэн, ямар хуулийн этгээд барьсныг шалган тогтоох

2.    Маргаан бүхий газартай зэргэлдээ газар ашиглах эрх авсан компани нь Т  ХХК-ийн орц, гарцыг хааж хашаа, байшин барьсан эсэх, нэхэмжлэгчийн газар дээр байшингийн сууриуд цутгасны улмаас Т ХХК газраа зориулалтын дагуу ашиглах боломж, бололцоо олдоогүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй эсэхийг шалгах

3.    Т ХХК нь газрын төлбөрийн хэдий хэмжээний, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй нарийвчлан, тодорхой тогтоох

Хариуцагч нь дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа Т ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, Т ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалын Т  ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, Т  ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Т ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 2 хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Т  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ