Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 508

 

 “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02820 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК,

Хариуцагч “Ө” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39 285 385 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал, өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т ББСБ” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ө” ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэтэй 004/12/2013 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр “Т ББСБ” ХХК нь “Ө” ХХК-д тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж 36 сарын хугацаатайгаар жилийн 12 хувийн хүүтэй 17 500 ам.доллар зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд тус компани нь хуваарийн дагуу нэг удаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 565 ам.доллар, зээлийн хүүнд нийт 1 741.78 ам.доллар төлсөн. “Ө” ХХК нь зээлийн үлдэгдэлд 16 935 ам.доллар, хүүнд 5 554.26 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 1 617.38 ам.доллар буюу нийт 24 106.64 ам.доллар төлөх ёстой. Иймд “Ө” ХХК-иас 24 106.64 ам.доллар буюу 39 285 385 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 онд Швейцарь улсад төвтэй BPN гэх ОУ-ын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесийн зөвлөгөө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн зар “Өдрийн сонин”-д гарсны дагуу бидний харилцаа эхэлсэн. Ингээд бидний бизнесийн үйл ажиллагаатай танилцаж санхүүгийн зээл олгохоор болж зээлийн гэрээ байгуулсан. Бид тоног төхөөрөмжөө авч ажил үйлчилгээгээ эхлүүлж байх үед эдийн засгийн хямрал улс орон даяар эхэлж оновчгүй хөрөнгө оруулалтыг хийснээс манай компани эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаа зогссон тул зээлийн эргэн төлөлтийг хэвийн хугацаанд төлөх боломжгүй болсон. Энэ тухай BPN Олон Улсын байгууллагын төлөөлөгч болон удирдлагуудад удаа дараа бичгээр мэдэгдэж төлбөрийг төлөх талаараа санал солилцож байсан. Миний хувьд дээрх зээлийн гэрээний дагуу зээлийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр тооцож төлбөрийг төлж дуусгах ба 1 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулах саналтай байгаа тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 39 285 385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 354 377 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 354 377 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцэх боломжоор хангах, мөн хууль зүйн туслалцаа авах боломжоор хангалгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 32 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 7 285 385 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 285 358 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үгүйсгээгүй, шүүхэд бичгээр гаргасан тайлбараараа эвлэрлийн гэрээ байгуулж, 1 жилийн дотор төлөх саналтайгаа илэрхийлжээ. /хх-45/

            Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр “Т” ХХК нь 17 500 ам.долларын зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр, “Ө” ХХК нь зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд /хх-17/ талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

            Зээлдүүлэгч нь зээлийг тоног төхөөрөмжийн үнэ гэж төгрөг, ам. доллар, юаниар зээлдэгчийн хүсэлтийн дагуу заасан этгээдэд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримт /хх-25-35/-аар тогтоогдсон ба энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгийг зөрчихгүй. Түүнчлэн тоног төхөөрөмжийг худалдан авснаа хариуцагч тайлбарласан ба 16 935 ам.долларын үндсэн зээл, 5 554,26 ам.долларын хүүгийн  төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ. 

            Нэхэмжлэгч нь дээрх 1617,38 ам.долларын төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханш 1 629,65 төгрөгөөр тооцон 39 285 385 төгрөг шаардсаныг хариуцагч үгүйсгээгүйг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын тоног төхөөрөмжийн үнэ шилжүүлэхэд ханшийн зөрүү гарсныг шүүх анхаараагүй гэх үндэслэлээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд мэтгэлцээгүй тул уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргах хугацааг олгосон, хурлын товыг мэдэгдсэн байх тул товлосон цагт хэргийн оролцогч шүүх хуралдаанд бэлэн байгаагүй буруутай байдлыг шүүхээс эрх хязгаарласан гэж үзэхгүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02820 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ          

                                    ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ