Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/23

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                        Прокурор У.Анхжаргал

                                                        Хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдар

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                                        Шүүгдэгч Б.Б

                                                        Шүүгдэгч Б.Э

                                                        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч Б.Б, Б.Э нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1826002600265 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Тайж овгийн Б.Б

 

Монгол Улсын иргэн, Дарам овгийн Б.Э

 

Б.Б, Б.Э нар нь согтуурсан үедээ, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн нутаг “Дөлгөөн хайрхан” гэх газар Ц.О-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Б.Б., Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 болгож, Тайж овгийн Б.Б, Дарам овгийн Б.Э нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон, Б.Б., Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.О-т шүүгдэгч Б.Б нь 6.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Э нь 5.000.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 35х41 хэмжээтэй TS.O гэсэн бичигтэй толгойн хэсгийг харуулсан 30 ширхэг зураг дүрслэгдсэн тус бүр 2 ширхэг, 35 ширхэг зураг дүрслэгдсэн тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг /MRI/ томографикийн зургийг хохирогч Ц.О-т буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б., Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б., Б.Э нарт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:  “...Шүүхээс шүүгдэгч Б.Б., Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан заалтыг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 14 дүгээр зүйл, 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч Б.Э-г бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж буй анхан шатны шүүхийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй. Гэмт хэрэгт хамтран оролцох буюу бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгч Б.Б., Б.Э нарыг дүгнэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэрэг учрал болсон нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Б., Б.Э нарын үйлдэл урьдаас үгсэн тохирсон, тохироогүй байсан ч үйлдээрээ нэгдсэн гэж дүгнэх нотлох баримтууд эргэлзээтэй. Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэл өөр өөр сэдэлттэй, өөр өөр цаг хугацаанд болж өнгөрсөн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Ц.О, шүүгдэгч Б.Э-г ганцаараа ирэхэд нь “ямбий Б” хэмээн хочилсоноос болж тэдний хооронд хэрүүл маргаан үүссэн байна. Мөн өөр цаг хугацаанд хохирогч Ц.О бусдын машинд байсан архийг зөвшөөрөлгүй уусан Б-г архины эзэнд зааж хэлснээс болж Б.Б, Ц.О хоёрын дунд хэрүүл маргаан гарсан. Уг үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуулийн үндэслэл байхгүй. Шүүгдэгч нар нь санаа зорилгоо нэгтгэж хохирогчид халдсан гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын халдсан объект нэг байгаа боловч өөр өөр сэдэлтэй, өөр өөр цаг хугацаанд болж өнгөрсөн тул тус тусдаа бие даасан гэмт хэрэг болно. Дээрх нөхцөл байдал шүүгдэгч нарын дунд ашиг сонирхлын ялгаа бий болгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүгдэгч нарыг нэг өмгөөлөгч өмгөөлсөн нь хуулийн ноцтой зөрчил гэж дүгнэх хангалттай үндэслэл байна. Энэ хэргийн бодит үнэнийг тогтооход хэрэг шалгаж, хянаж, таслан шийдвэрлэж байгаа мөрдөгч, прокурор, шүүгч нарт болж өнгөрсөн үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийх боломжийг хязгаарлагдмал болгосон гэж дүгнэж байна. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б., Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг хэн хэзээ яаж учруулсаныг бүрэн тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3  дахь заалтыг шүүх ноцтой зөрчиж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд нэг цаг хугацаанд нэгэн зэрэг халдаагүй учир хэний үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хэн нь ямар хэмжээний хохирол учруулсаныг тогтоож байж ял шийтгэл оногдуулах ёстой. Хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “...Б.Б миний араас толгойд маш хүчтэй цохисон Б.Баасанд цохиулсаны дараа толгой дүйрээд нүднээс нулимс гоожоод, толгой өвдөөд эхэлсэн...” гэх мэдүүлгээс үзвэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг шүүгдэгч Б.Баасан учруулсан гэж дүгнэх нотлох баримт илүү үндэслэлтэй байна. Хохирогчийн энэ мэдүүлэг үнэн зөв болохыг үйл явдлыг дэргэдээс нь харж байсан гэрч О, Г, Б нарын мэдүүлэг давхар нотолж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 537 дугаар дүгнэлтээс дүгнэлт хийхэд хохирогч Б.Э-н үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байж болох магадлал туйлын бага байна. Шүүгдэгч Б.Э өөрийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан ч түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл эргэлзээгүй нотлох баримтуудаар нотлогдож байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн аль зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэж, гэм буруутай болохыг хангалттай тогтоогоогүй байна. Шүүгдэгч Б.Э-г бусадтай бүлэглэж хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэж 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Б., Б.Э нарыг “бүлэглэж” хохирогч Ц.О-н биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн, энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн бөгөөд харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг үнэлэхдээ түүнийхээ үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой зааж өгөөгүй. Тухайлбал: ... хохирогч Ц.О-н мэдүүлэг нь зөрүүтэй. Гэрч нарын мэдүүлгээр хохирогч Ц.Ор нь Б.Б., Б.Э нартай тус тусдаа өөp цаг хугацаанд, өөр газарт хувийн таарамжгүй харилцаанаас муудалцаж гэмтэл авсан болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Б., Б.Э хоёр нь хохирогч Ц.О-тай тус тусдаа муудалцсан үед хамт байгаагүй төдийгүй, муудалцсаныг болон хохирогчийг цохих, алгадахыг олж хараагүй, мэдээгүй болох нь нотлогдсон. Гэтэл шүүгдэгч Б.Б., Б.Э хоёр нь хохирогч Ц.О-н толгой, хамарт цохьсон нь тогтоогдсон учир хэний үйлдлээс тархины гэмтлийг авсныг тогтооход хэцүү байх тул “бүлэглэсэн” гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл муу гэдгийг харуулж байна. Хоёрт мөрдөн шалгах ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар тус тусдаа хохирогчийг алгадсан. Хамар толгойд цохисон тухайгаа хүлээн мэдүүлсэн атал шүүх бүлэглэж хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалтыг шүүх хэрэглээгүй болно. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан тархины цус харвалт гэмтэл нь “нүүр, толгойг цохих үед үүснэ” гэсэн нь бүлэглэж гэмтэл учруулсан гэдгийг шууд заахгүй. Мөн нэг ба нэгээс дээш үйлчлэлээр үүсч болох тухайн шинжээчийн дүгнэлтийн нэгээс дээш гэдгийг Б.Б., Б.Э хоёрын хоёулангийн үйлдэл мэт үнэлж ойлгож болохгүй. Бүлэглэж гэх ойлголт нь шинжээчийн эрх хэмжээнд огт хамаарахгүй хууль зүйн ойлголт, нэр томьёо юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э “Би 2 удаа хохирогчтой муудалцсан, түүнийг цохисон үйлдлээс учирсан гэж үзэж байна. Би хийсэн хэргээ хүлээн гэмшиж байна” гэсэн мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Б-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож,  Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж тopгox ял оногдуулж, торгууль төлөх хугацааг 3 жилээр тогтоон шийдвэрлэнэ үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Баасан, Б.Эрдэнэбат нарыг бүлэглэж хохирогч Ц.О-н биед хүнд гэмтэл учруулсан гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгийг үнэлсэн. Ингэж үнэлэхдээ тогтоолдоо тодорхой дурдаагүй байна. Үүнд: хохирогч Ц.О-н удаа дараагийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй, гэрч Б.Б /1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/,  Н.Д /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/, Ж /1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/, Б.С /1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас / нарын мэдүүлгээр хохирогч Б.Б., Б.Э нартай тус тусдаа өөр цаг хугацаанд, өөр газар хувийн таарамжгүй харьцаанаас муудалцаж гэмтэл авсан болох нь тогтоогдсон. Гэрчүүд ч Б.Б., Б.Э хоёр нь Ц.О-тай тус тусдаа муудалцсан энэ үед байсан гэрчүүд цохих, алгадахыг хараагүй гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед ч шүүгдэгч нар тус тусдаа цаг хугацаанд хохирогчийг алгадсан, хамар хацарт нь цохисон тухайгаа хүлээн мэдүүлдэг. Гэтэл шүүх бүлэглэж хүнд гэмтэл учруулсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримт болон гэрч, хохирогч, мөн Б.Э-н мэдүүлгээр “Би 2 удаа хохирогчийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний үйлдлээс гэмтэл учирсан байна гэж үзэж байна. Би хийсэн хэргээ хүлээн гэмшиж байна” гэсэн мэдүүлгийг шүүх үнэлж үзээгүй.  Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Б-н үйлдлийг хэлбэрийн төдий байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Б.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар хөнгөрүүлэн торгуулийн ял шийтгэл оногдуулж торгууль төлөх хугацааг 3 жилээр тогтоон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Батзориг давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг үгүйсгэх баримтууд...Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын өмгөөлөгч Э.Ганбат, Т.Оюунчимэг нараас гаргасан хүсэлт нь утга агуулгын хувьд адил байр суурийг илэрхийлсэн байна. Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байсан гэж дүгнэж байна. Тухайлбал: Хохирогч Б.О-н "...Э-нь согтуу надруу дайраад намайг зодох гээд байхаар нь бид барилцаж аваад Э намайг толгой руу цохиод авсан. Тэгсэн хүмүүс ирээд хоёр тийш нь салгаад аваад явсан. Би сууж явсан машиндаа очоод суусан, сууж байтал Б.Б., Б.Э хоёр намайг засаг даргын бууны нохой гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн машин дотор Б намайг цохих гээд дайраад байхаар нь би Б-г бариад ноцолдож байх хойгуур Эрдэнэбат эргэж хараад толгой хэсэг рүү гараараа намайг цохичихсон. Тэгсэн миний хамраас цус гараад би хамраа дарсан, хүмүүс Ба ирээд аваад явсан. Б, Ба, М бид 4 машинд үлдсэн. Машинд сууж байтал Б хэрүүл гуйгаад байсан, цаанаас багийн дарга О ах ирсэн. Ирээд машинд нэг шил архи байгаа тэрийгээ аваад хүнд өгөх гэсэн юм гэж ирсэн. Тэр архийг нь Б аваад уучихсан, дараа нь би О ахад хэлчихье гээд хэрэглэчихсэн байсан юм. Оахад тэр архийг нь уучихсан, Б дарга мэдэж байгаа гээд би хэлчихсэн юм. Тэгсэн машины арын суудалд сууж байсан Б надад уурлаад араас намайг толгой руу хүчтэй цохичихсон юм. Би тухайн үед машины урд талын суудал дээр сууж байсан. Толгой руу цохиод авахаар нь би юм хэлээгүй, О ах хажуу талаас Б-г загнаад байсан. ...Хэсэг байж байгаад хурал, наадам тарчихаад Ба, М бид гурав 3 модон гуанзан дээр захиргааныхан хоол идэж байна, хүрээд ир гэхээр нь Ба-н машинтай модон гуанз орсон. ...Би хоол идэх гэхэд гэтэл тухайн үед толгой өвдөөд, хоол идэж чадахгүй байхаар нь засаг даргын жолооч Г-тай хамт гуанз ажиллуулдаг А хүүхэн дээр орж өвчин намдаах эм гуйж уусан. ...бид модон гуанзнаас хөдлөөд засмалын урд явж байтал манай сумын Б, Э нар хүмүүстэй зогсож байхаар нь уулзсан. Уулзчихаад сум руу хөдлөх гэтэл Э мотоцикльтой араас ирж зогсоод бууж ирээд машины ар талын хаалга онгойлгосон чинь намайг өмнөөс гараараа толгой хэсэг рүү 1 удаа цохиод авсан. М, Д бид 3 хойд суудал дээр суучихсан, би М, Д хоёрын дунд суучихсан байсан. М-г татаад намайг цохиод авахаар нь би машинаас буусан. Буунгуут намайг ахиад нүүр лүү, хамар луу цохиод авсан. Тэгээд намайг зодох гээд дайраад ерөөсөө болохгүй байхаар нь хүнээр бариулж байгаад бид хэд машиндаа суугаад зугтаад сум руу явсан. Эхэлж Б.Э намайг толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, дараа нь машин дотор арын суудал дээр суучихсан байсан Б.Б-тай маргалдаад би тухайн үед машины урд суудал дээр суучихсан. Тэгсэн намайг араас толгой хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгж цохиулсны дараа миний толгой дүүрээд сонин болоод нулимс гоожоод би хэсэг уйлсан. Тэрнээс хойш толгой өвдөөд эхэлсэн. Эм уугаад ч дарагдаагүй. Наадам тарсны дараа модон гуанзны урдаас Ө, Д хоёрыг очиж авчихаад сум руу хөдлөх гэтэл араас Э мотоцикльтой давхиж ирээд машины арын хаалгыг онгойлгоод намайг 1 удаа гараараа толгой хэсэг рүү цохичихоор нь би машинаас буутал ахиж намайг толгой руу гараараа 1 удаа цохиж аваад зодох гээд дайраад байсан. ...Тэгэхэд Э-д 2 удаа толгой руугаа цохиулахад урьд нь өвдөж байсан толгой бүүр хүчтэй өвдөөд эхэлсэн. Миний толгойд хагалгаа хийсэн тал буюу толгойн зүүн талруу цохисон.” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Д-н “...Э нь О луу дайраад хэрүүл гуйгаад тэнд байгаа хүмүүс боль гээд салгаад Э явуулахгүй гээд машины урд мотоциклоо тавьчихаад байсан. Эрдэнэбат зөндөө дайрсан. Тэгээд мотоциклыг нь холдуулаад машиндаа суугаад хөдлөх гэтэл Э машины хаалгыг татаж онгойлгоод О ахыг машинаас татаж буулгаад нэг удаа гараараа цохиод авсан. Тэгсэн О ахын хамрын цус гараад “түрүүнээс хойш дуугүй байхад чи миний хамарнаас цус гаргалаа, тэвчээд байхад давраад” гээд О барьж аваад дараад суучихсан. ...Замдаа Отгонбаяр ах толгой өвдөөд байна гэж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-н “...наадам дуусах дөхөөд багийн хурал эхлэх гээд би мэдээлэл хийх гарын авлага, цүнхээ машинаасаа аваад хурал дээрээ мэдээллээ хийчихээд эргээд машин дээрээ ирсэн. Ирсэн чинь О-ын хамарнаас цус гарчихсан машины урд суудал дээр урд хаалгыг нь онгойлгочихсон цусаа гойжуулаад сууж байсан. Ирээд би юу болсон юм гэтэл О ах О-ын хажууд зогсоод эд нар л нэг юм болсон юм шиг байна гэж байсан. Тэгэхээр нь би та нарыг хэрэлдүүлэх гэж авчирсан юм уу гэж уурласан. ...Хэсэг байж байгаад хурал наадам тарчихаад О, С бид 3 юм идэх гээд модон гуанз орсон юм. Очоод хоол идчихээд, Д, Ө, О, С бид нар хөдлөх гэтэл Э мотоциклтой араас ирж зогсоод О луу уурлаж дайраад, би машинаасаа буугаад машинаа тойроод очтол Э нь О-г цохисон бололтой О-ын хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд би Э-ыг салгаад холдуулаад бид хэд машиндаа суугаад сум руу явсан. Замдаа О хойд суудал дээр дээшээ хараад хэвтчихсэн толгой өвдөөд байна гэж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Д.О-н “...О, Б бид нар хэрэглэчихсэн гэсэн чинь Б би ганцаараа хэрэглэсэн юм уу гээд О-г араас нь гараараа толгой руу нь цохиод авсан. Тэгэхээр нь би Б-г загнасан.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Х-н “...Тэр өдөр Зүүнбаян-Улаан сумын 6-р баг Дөлгөөн хайрханыг тахих ёслол болоод манай нөхөр Ц.О захиргааны хүмүүстэй хамт явсан. ...Тэгээд явчихаад шөнө унтаж байхад ирсэн. Орж ирэхдээ өмсөж явсан дээлээ тайлаад гартаа барьчихсан, өмдний ар тал нь урагдчихсан байдалтай байсан. “ би яасан юм, наад өмдөө яачихсан юм, юу болсон юм" гэсэн чинь Б-тай хэрэлдээд гэж байсан. Тэгэхээр нь би хоол унд ид гэсэн чинь хоол орохгүй толгой өвдөөд байна гэхээр нь би өвчин намдаах эм өгсөн. Тэрийг уучихаад унтаж амарсан. Өглөө нь босоод асуусан чинь толгой нь эм уугаад намдахгүй байна гэж байсан. ...Тэгээд тэрнээс хойш 3 хоног толгойны эм ууж байгаад сүүлдээ шар ногоон юмаар бөөлжөөд, орноосоо өндийж чадахгүй, татаад дэмийрээд байхаар нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын эмнэлэгт дуудлага бичүүлж багийн эмчид үзүүлсэн. ...Тэр өдөр Б эхнэртэйгээ хамт манайд орж ирсэн. Ц.О-г ямархуу байдалтай байсныг хараад найз нь аймаг явж толгойны зургийг нь авахуулъя гээд унаа олно гээд гараад явсан. Тэрнээс өмнө өдөр нь Б.Э манайд бас орж ирсэн. ...Манай нөхөр бие өвдлөө гэдэггүй, бараг урьд нь эмнэлэгт ч үзүүлж үзээгүй хүн." гэх мэдүүлэг,

Шинжээч Т.Амартүвшингийн “...Ц.О-н биед үүссэн гэмтэл нэг болон нэгээс дээш удаагийн алины ч үйлчлэлээр үүсэх боломжтой. Нүүр болон толгой хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. ...Толгойн ар хэсэг, урд хэсэгт цохих цохигдох үед үүсэх боломжтой ба яг алины үйлчлэлээр үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7733 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 971 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 557 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Ц.О-н толгой хэсэгт Б.Б 1 удаа, Б.Э 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн үд орчимд Б.Б., Б.Э нар нь санаа зорилго нэгдэж хохирогч Ц.О-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн байсан нь хохирогч Ц.О-н "...Би сууж явсан машиндаа очоод суусан, сууж байтал Б, Б хоёр намайг засаг даргын бууны нохой гээд хэрүүл гуйгаад байсан гэх мэдүүлгээс харж болно. Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь санаа зорилго нэгдсэн, эсхүл үйлдлээрээ нэгдээгүй гэдэг тайлбарыг илэрхийлж байгаа боловч хохирогч Ц.О-н эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь Б.Б., Б.Э нарын хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэл бүрийг тогтоох ажиллагаа явуулсан бөгөөд 3 шатны шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Б.Б., Б.Э нарын цохилтын алинаас үүссэн болохыг тогтоох боломжгүй талаар дүгнэсэн байдаг. Мөрдөн байцаалтаар нотолбол зохих байдлуудыг хангалттай бүрэн шалгаж тогтоосон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох шаардлагатай нотлох баримтыг шинжээч нараар нотлуулах ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд дээрх дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Иймд хүсэлтэд дурдсанаар Б.Б., Б.Э нарын хэнийх нь цохилтын улмаас хохирогч Ц.О-н эрүүл мэндэд хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй байхад Б.Б 1 удаа цохисон, Б.Э 2 удаа цохисон тул Б.Э хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх боломжтой гэх хийсвэр дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр өмгөөлөгч Э.Ганбат, Т.Оюунчимэг нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна” гэх хуулийн шаардлагыг зөрчиж шүүгдэгч нарт давж заалдах гомдол гаргаж байгаагаа танилцуулаагүй байх тул уг гомдол нь хуульд заасан журмын дагуу гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өмгөөлөгч Т.Оюунчимэг, Э.Ганбат нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцсан тухай шүүгдэгч Б.Б., Б.Э нарын гарын үсэг зурагдаагүй байх тул танилцуулсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч П.Адъяасүрэнгээс гаргасан гомдлын агуулгын нэг хэсэг нь дээрх гомдолтой утга нэг байх тул хариу тайлбар дээрхийн нэгэн адил байгаа болохыг дурдах нь зүйтэй. Гомдолд дурдсан агуулгын нөгөө нэг талыг товч тайлбарлавал шүүгдэгч Б.Б., Б.Э нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд, шүүх хуралдааны явцад өөр хоорондоо хэргийн талаар харилцан эсрэг сонирхол илэрхийлсэн зүйл байгаагүй. Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын ашиг сонирхол нэгдэж шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны явцад “хохирогчийн толгой хэсэгт 2 удаа цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, түүнд учруулсан хүнд хохирол нь миний буруутай үйлдлийн улмаас үүссэн байх, би гэм буруугаа ойлгож байна” гэх, шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "би хохирогч Ц.О-н толгойн ар хэсэгт гарынхаа араар ширвээд авсан, энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж бодохгүй байна, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүд болон шүүх хуралдааны тэмдэглэлээс ашиг сонирхол нэг байсныг харж болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасан “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” нарын оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх хуулийн заалт зөрчигдөөгүй байна. Гагцхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцахад шүүгдэгч нар ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Э.Ганбат, Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч П.Адъяасүрэн нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын гомдлын аль хэсгийг няцааж байгаа талаар нарийвчлан дурдах ёстой. Гэтэл үүнийг тогтоогоогүй. Шүүх хэд хэдэн шүүгдэгчийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа бол заавал нарийвчлан тогтоох ёстой байхад хэтэрхий хялбарчилж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э нь би хохирогч Ц.О-н толгойд 2 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байдаг. Харин хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлэг болон шүүхэд өгсөн 1 удаагийн мэдүүлэгүүд нь хоорондоо зөрөөтэй байхад энэ зөрөөг гаргаагүй шүүх үүнийг үнэлсэн. Шүүгдэгч Б.Э нь би хохирогч Ц.О-г 2 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж буй анхан шатны шүүхийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй. Хэрэг учрал болсон нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Б., Б.Э нарын үйлдэл урьдаас үгсэн тохирсон, тохироогүй байсан ч үйлдээрээ нэгдсэн гэж дүгнэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Дээрх нөхцөл байдал эргэлзээтэй байхад бүлэг гэмт хэрэг гэж үзэж хялбарчилж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Улсын яллагч яллах дүгнэлтдээ хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаа болгож бүлэг гэмт хэрэг гэж үзсэн байдаг. Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ц.О намайг Засаг даргын бууны нохой гэж хэлээд бид маргалдсан. Шүүгдэгч Б.Б., Б.Э нар нь бүлэглэж хамтарсан зүйл байхгүй, тус тусдаа өөр өөр цаг хугацаанд тухайн үйл явдал болсон. Энэ үед шүүгдэгч Б.Б би халсан байна гээд машин дотор унтаж байсан байдаг. Харин шүүгдэгч Б.Э энэ үед мотоцикль унаад явж байсан байдаг. Гол маргаан нь хохирогч Ц.О, шүүгдэгч Б.Э-г ганцаараа ирэхэд нь “ямбий Б” хэмээн хочилсоноос болж эдгээр залуучуудын дунд хэрүүл маргаан үүссэн. Мөн өөр цаг хугацаанд хохирогч Ц.О бусдын машинд байсан архийг зөвшөөрөлгүй уусан Б-г архины эзэнд зааж хэлсэнээс шалтгаалж Б.Б, Ц.О хоёрын дунд хэрүүл маргаан гарсан байдаг. Энэ баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуулийн үндэслэл байхгүй юм. Шүүгдэгч нар нь санаа зорилгоо нэгтгэж хохирогчид халдсан гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. Хохирогч Ц.О намайг их хүчтэй цохисон миний нүдний нулимс гоожоод, уйлсан гэж хэлдэг. Дараа нь мэдүүлэхдээ миний араас Б.Э ёворсон гэж хэлдэг. Ингэхээр өмнөх мэдүүлэг нь худлаа болж байгаа юм. Энэ 2 залуу надаас чамаас боллоо гэж нэг нэг рүүгээ түлхсэн зүйл байхгүй. Ийм байхад шүүх үнэн зөвийг ялгаж салгаж шийдвэрлэх ёстой. Таамаг дэвшүүлж хэргийг бүлэг гэж үзэж болохгүй юм. Шүүгдэгч Б.Баасан, Б.Э нарын халдсан объект нэг байгаа боловч өөр өөр сэдэлтэй, өөр өөр цаг хугацаанд болж өнгөрсөн тул тус тусдаа бие даасан гэмт хэрэг болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Э-н сүүлд авсан өмгөөлөгч П.Адъяасүрэн тайлбарлахдаа Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байна гэж хэлж байна. Миний хувьд эдгээр мэдүүлгүүдийн зөрүү арилсан гэж үздэг. Учир нь шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтын үед хохирогч Ц.О хэлэхдээ мөрдөн байцаалтын шатанд би 3 удаа мэдүүлэг өгсөн. Тэр үед  тархины хагалгаанд орсон, эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас мэдүүлэг өгөх боломж муу байсан. Харин одоо биеийн байдал сайжирсан тул болсон асуудлыг санаж байна. Тийм учраас одоо мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгч байна гээд Б.Б., Б.Э нарын цохилтын улмаас ямар гэмтэл учирсан талаар маш тодорхой ярьдаг. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолд улсын яллагчийн хэргийн талаар нотолж байгаа үндэслэлүүдийг дурдаад байдаг. Түүнээс биш энэ хэрэгт Б.Б, Б.Э хоёр ямар оролцоотой байсан, тухайн гэмтэл хэдий хэр цаг хугацаанд үүсэх магадлалтай, гэрчүүд юу гэж мэдүүлсэн талаар огт дурдаагүй. Улсын яллагчаас бүлэглэж үйлдсэн гэдэг талаар л дурдаад байна. Бүлэглэж үйлдсэн талаар энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. Тухайн хэрэг болох үед хажууд нь байсан гэрч Д, Ба, С, С нарын мэдүүлгээр цаг хугацааны хувьд Б.Б, Б.Э хоёр хамт энэ хэргийг үйлдээгүй бөгөөд тус тусдаа үйлдсэн гэдгийг маш сайн хэлдэг. Мөн хохирогчид хүнд гэмтэл учрах хэмжээнд халдаагүй гэдгийг тодорхой хэлдэг. Тийм учраас өмгөөлөгчийн хувьд гаргасан гомдлоо дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцох үндэслэл байгаа. Яагаад гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэхээр хохирогч шүүхийн шинэчилсэн байцаалтын үед Б.Э намайг 2 удаа цохисон. Энэ үйлдлээс болоод миний толгойны гэмтэл учирсан гэдгийг хэлсэн. Мөн шүүгдэгч Б.Э хохирогчийг 2 удаа цохисон гэм буруугаа хүлээж гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол 6000000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа гэдгээ ч мөн илэрхийлдэг. Б.Б-н үйлдсэн гэмт хэргийн хувьд хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогддоггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. ... Шүүгдэгч Б.Б би гарынхаа араар хохирогч Ц.О-г ширэвсэн. Харин шүүгдэгч Б.Э би гарын араараа хохирогч Ц.О-г шанаан тус газар нь 2 удаа цохисон гэж мэдүүлдэг. Энэ гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд бүлэглэсэн зүйл байхгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Б-н үйлдлийг эргэлзээтэй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар хөнгөрүүлэн торгуулийн ял шийтгэл оногдуулж торгууль төлөх хугацааг 3 жилээр тогтоон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Шүүгдэгч Б.Б., Б.Э нарын өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг хэрэглэхтэй холбоотойгоор шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүлэглэж үйлдсэн гэдэг үгний хууль зүйн ойлголт хангалттай тогтоогдоогүй. Гэтэл анхан шатны шүүх бүлэглэж гэж үзэн хэргийг хүндрүүлж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үйлдлээрээ болон урьдчилан үгсэн тохирч хохирогчид халдсан гэдгийг нотолсон баримт гэрчүүдийн мэдүүлэгт огт авагдаагүй. Болсон үйл явдлыг нотолсон гэрчүүдийн мэдүүлэгт дандаа тус тусдаа болсон үйлдлүүдийг харсан гэдгээ хэлдэг. Энэ нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан. Гэтэл үүнийг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг бүлэглэж гэж шийдвэрлэсэн. Шүүх бүлэглээгүй гэж үзсэн үндэслэлийг тайлбарлаж, няцаан мэтгэлцсэн өмгөөлөгч нарын байр суурийг няцаасан үндэслэлүүдийг шийтгэх тогтоолд  дурдаагүй. Өөрөөр хэлбэл яагаад бүлэглэсэн гэж үзсэн гэдэг нь тогтоолоос тодорхой харагддаггүй. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй нотлогдсон нотлох баримт байж болохгүй гэсэн гол зарчим байдаг. Энэ зарчмын хүрээнд хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг зориуд худал мэдүүлсэн гэж үзэхээргүй боловч зөрүүтэй асуудлууд байгаа. Энэ зөрүүтэй мэдүүлгүүдэд шүүх үнэлэлт өгөхдөө дээр дурдсан зарчмыг барьж дүгнэлт өгөөгүй. Түүнийг нь няцаагаагүй шийтгэх тогтоол гарсан. Хохирогчийн хувьд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр анх мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 11, 15, 18-ны өдрүүдэд хохирогч тархины томографын шинжилгээ хийлгэсэн байсан бөгөөд анхны мэс засалд орсон. Түүний дараа хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тэгэхээр энэ нөхцөл байдалд хохирогч тархины гэмтэлтэй холбоотойгоор юмсыг санах, аливаад зөв анализ хийх зэрэг хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан байсан. Ийм нөхцөлд хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байдаг. Дараагийн асуудал нь хохирогчийн тархинд учирсан гэмтлийг яг хаана нь цохисноос, хэний үйлдлээс, хэзээ цохисноос болж үүссэн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй талаар удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн шинжээч нар мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байдаг. Харин дүгнэлтэнд нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр уг гэмтэл үүснэ гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч нарын хувьд нийт 3 удаагийн үйлдлээр хохирогчид халдсан байдаг. Улсын яллагчийн зүгээс үүнд нь үндэслээд ялгаж салгахад хүндрэлтэй байгаа учраас бүлэглэж гэдгээр нь зүйлчилж шүүхэд хэргийг шилжүүлсэн болох нь харагддаг. Тийм учраас энэ нөхцөл байдлыг ялгаж салгах гол баримт бол гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг юм. Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж ойлгох вэ гэдэгтэй харьцуулж эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа улсын яллагчийн саналын дагуу бүлэглэж гэсэн зүйлчлэлээр нь хэргийг шийдвэрлэсэн. Улсын яллагч шүүх хуралдааны явцад мэтгэлцэхдээ хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас гэсэн тайлбарыг хэлж байсан. Гэтэл шинжээчийн хэлээд байгаа хэдэн удаагийн үйлчлэл бол бүлэглэж гэсэн ойлголтоос тэс өөр асуудал. Шинжээчийн тогтоох эрх хэмжээний асуудал энэ нь биш юм. Энэ бүгдээс үзэхэд нэгдүгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж гэж үзсэнийг өөрчлөх үндэслэл байна гэж үзэж байна. Харин хэний үйлдлээс гэдгийг мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдэд үндэслэж хэргийг шийдвэрлэхээс өөр нөхцөл байдал байхгүй. Тийм учраас энэ үндэслэлээр шүүгдэгч Б.Б-н үйлдлээс хохирогчид гэмтэл учраагүй. Шүүгдэгч Б.Э-н үйлдлээс учирсан гэдгийг хохирогч хэлдэг. Шүүгдэгч Б.Э ч гэсэн миний үйлдлээс учирсан байж болно. Би сүүлд нь хоёр удаа, өмнө нь нэг удаа нийтдээ гурван удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ зөвшөөрсөн мэдүүлгийг нь ямар нэг байдлаар няцаасан үнэлэлт дүгнэлтийг шүүх хийгээгүй. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шинэ эрүүгийн хуулийн үзэл баримтлал болон ял шийтгэл оногдуулах, түүний хэр хэмжээг тохируулах зэрэг нөхцөл байдлуудыг үндэслээд шүүгдэгч Б.Э-д торгуулийн ял оногдуулах бүрэн боломжтой. Торгуулийн ялыг оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзаад хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, нөхөн төлөх хугацааг нь 3 жилээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй. Харин Б.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт нотловол зохих хангалттай нотлох баримт бүрдсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримт хангалттай бүрдсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгч нар гомдлынхоо тайлбарт ишлэл болгож хэлж байна. Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь шууд санаатай үйлдлээр хохирогч Ц.О-т гэмтэл учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Үүнийг прокурор ганцхан шинжээчийн дүгнэлтийг үнэлж бүлэглэсэн байна, бүлэглээгүй байна гэж тайлбарлаагүй. Шинжээчийн дүгнэлт 1, 3, 5 хүний бүрэлдэхүүнтэй 3 удаагийн дүгнэлт гарсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр нэг цохисон уу? эсвэл 3 цохисон уу? гэдгийг ялгаж салгах ойлголт байхгүй. Энэ нь шинжээч Амартүвшингийн мэдүүлгээр харагдаж байгаа. Тухайн үйлдэл нь өөр өөр цаг хугацаанд үүссэн байх 2 өөр үйл явдал өөр сэдэлттэй гэж байна. Тэглээ гээд тусдаа ялгаж салгана гэсэн ойлголт байхгүй, үүнийг шинжлэх ухаанд нотлоогүй гэдгийг Э.Ганбат өмгөөлөгч өөрөө мэдэж байгаа байх гэж бодож байна. Хэний цохисноос болж гэмтэл үүссэн гэдгийг мэдэх боломжгүй. Тухайн гэмтэл бол шууд санаатай үйлдлээр үүссэн. Үйлдлээрээ нэгдсэн гэдэг нь харагдаж байгаа. Цаг хугацааны хувьд өөр өөр газар тус тусдаа үйлдсэн бүлэглэж биш гэж өмгөөлөгч нар хэлж байна. Энэ нь хүний биед гэмтэл санаатай учруулсан шууд санаатай үйлдэл юм. Хохирогч Ц.О-н биед гэмтэл учирсан нь гэрч Д, Ба нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.О-г цохисон нь гэрч О-н мэдүүлгээр тогтоогддог. Нэг болон нилээн хэдэн удаагийн цохилтоор үүссэн нүүрэн тус газар нь цохиход үүсэх боломжтой гэмтэл байгаа. Нэг нь чанга нэг нь аажуухан цохисон гэсэн дүгнэлт хийх боломжгүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Баасан анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ би гарын араараа хохирогч Ц.О-г цохисон гэдгээ хэллээ. Энэ нь шууд санаатай үйлдэл гэдэг нь харагдаж байна. Ийм байхад өмгөөлөгч нар бүлэг гэмт хэрэг биш гэж үзэж байгаад харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж байна. .... Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь хохирогч Ц.О-г 2 удаа цохисон гэдгээ хэлсэн. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.О-н толгойн ар хэсэгт нэг удаа цохисон гэдгээ хэлсэн байдаг. Энэ бүгдээс үзэхэд шүүгдэгч нар нь хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хувьд шууд санаатай үйлдлээр нэгдэж үйлдсэн нь харагдаж байна. Иймд шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Э.Ганбат, Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэнэ гэдгээ хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээтэй зүйл гарвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэхэд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах байр суурийг илэрхийлж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Би хохирогч Ц.О-н шанаа руу нь алгаараа цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. .... Б.Б бид 2 тухайн үед хамт байгаагүй. Бүлэглэж хүн зодоогүй, тус тусдаа байсан гэв.  

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг явдал болсон өдөр би Б.Э-г хараагүй. Тухайн өдөр нутгийн тахилгатай хайрханыг тахиж байсан. Би юм уусан байсан учраас Ц.О-г машин дотор байхад нь толгойн ар хэсэгт нь гарынхаа араар ширэвсэн нь үнэн. Би Б.Э-тай үгсэн тохиролцож Ц.О-г зодож, гэмтээсэн санаа зорилго байхгүй. Миний цохисоноос болж Ц.О-т гэмтэл учирсан гэж бодохгүй байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрч нарын мэдүүлэг, мөн хохирогчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт зөрүүтэй мэдүүлгүүд байхад зарим мэдүүлгийг нь авахдаа ямар үндэслэлээр нөгөөг нь үгүйсгэж байгаа болон үнэлэхгүй орхигдуулснаа тодорхойлж заалгүй шийтгэх тогтоолын үндэслэл болгосон, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүхээс хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Э над руу дайраад намайг зодох гээд байхаар нь бид барилцаж аваад Э намайг толгой руу цохиод авсан тэгсэн хүмүүс ирээд хоёр тийш салгаад аваад явсан. Би сууж явсан машиндаа очоод суусан, сууж байтал Б Б хоёр намайг Засаг даргын бууны нохой гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн машин дотор Б намайг цохих гээд дайраад байхаар нь би Б-г бариад ноцолдож байх хойгуур Э эргэж хараад толгой хэсэг рүү гараараа намайг цохичихсон тэгсэн миний хамарнаас цус гараад би хамраа дарсан, хүмүүс Б-г ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Т.Амартүвшингийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг  үндэслэж Б.Б, Б.Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн байх боловч дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...эхэлж Б.Э намайг толгой рүү гараараа нэг удаа цохисон, дараа нь машин дотор арын суудал дээр суучихсан байсан Б.Б-тай маргалдаад би тухайн үед машины урд суудал дээр суучихсан байсан, тэгсэн намайг араас толгой хэсэг гараараа нэг удаа хүчтэй цохиод авсан. ...Наадам тарсны дараа нь модон гуанзны урдаас Ө, Д хоёрыг очиж авчихаад сум руу хөдлөх гэтэл араас Э мотоцикльтой давхиж ирээд машины арын хаалгыг онгойлгоод намайг 1 удаа гараараа толгой руу цохичихоор нь би машинаас буутал ахиж намайг толгой руу гараараа 1 удаа цохиж аваад зодох гээд дайраад байсан тэнд байсан хүмүүс салгасан. ...Э-д 2 удаа толгой руугаа цохиулахад урьд нь өвдөж байсан толгой бүүр хүчтэй өвдөөд эхэлсэн. Миний толгойд хагалгаа хийсэн тал буюу толгойн зүүн тал руу Э цохисон /1 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/ гэх,

Гэрч П.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгсэн Б.Э, Ц.О 2 маргалдаад барилцаад авахаар нь тэнд байсан хүмүүс салгасан...” гэх /1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/ 

Гэрч П.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед хүмүүстэй юм яриад ганц нэг рүнк архи татаад сууж байсан, цаана Э, О 2 нэг мэдсэн маргалдаад барилцаад авсан тэнд байсан хүмүүс салгаж байгаа харагдсан...” гэх /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э нь О-тай маргалдаад байна гэхээр нь би очих гээд алхаж явтал Э өмнөөс алхаж явсан, дуудаж ирж уулзаад яагаад маргалдаад байгаа юм гэж хэлж аашилж загначихаад Ба-н машин дээр очсон. Э ч заза гээд цаашаа яваад өгсөн. Машин дотор О, Б, С нар байсан...” гэх /1 дүгээр хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Н.С-ны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гадаа машиныхаа урд бөх үзээд сууж байтал цаанаас хүмүүс салгаарай гээд шуугилдаад явчихсан харсан чинь Э, О 2 хоорондоо барилцаад авчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би наанаас нь гүйж очсон, 2 гараараа бие биенийгээ заамдаад авчихсан Э гараараа толгой руу цохиод авах шиг болсон хүрээгүй, тэгээд нэг нэгнийгээ цохих гээд дайраад байхаар нь дундуур нь ороод салгасан. Салгаад тэр 2-ыг аваад машин дээр дагуулаад очсон О машиныхаа урд суудал дээр суучихсан. Э цаашаа наадмын талбай урд тал руу яваад өгсөн. ... О-г салгаад машин дээр нь аваачаад урд суудал дээр нь суулгасан. Тэгсэн тэр цагаан машины арын суудал дээр Б сууж байсан...” гэх /1 дүгээр хх-ийн 28-29 дугаар хуудас/ 

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...О-г заамдаж аваад нүүрэн хэсэгт нь зүүн хацран тус газарт 1 удаа гараараа цохиж авсан. Барилцаад авангуут тэнд байсан хүмүүс бид 2-ыг хоёр тийш нь салгаад явсан...” гэх /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/ 

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ба-н машин дээр яваад очтол Ба, Б, О нөгөө улаан дээлтэй танихгүй залуу тэр 4 нилээн согтуу байсан, Ба жолоочийн суудал дээр, О жолоочийн хажуу талын суудал дээр дээшээ хараад хөндлөн хэвтчихсэн, Б тэр улаан дээлтэй залуу 2 хойд суудал дээр суучихсан байсан. Би машинаас тамхиа авчихаад, урд хайрцагнаас нь архиа авах гэтэл байхгүй байсан яасан гэсэн чинь О Б бид нар хэрэглэчихсэн гэсэн чинь Б би ганцаараа хэрэглэсэн юм уу гээд О-н араас нь гараараа толгой руу нь цохиод авсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг бүлэглэж хохирогчийг зодсон гэх үйл баримт нотлогдохгүй. Шүүгдэгч нарын  хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэл нь өөр өөр цаг хугацаанд болж өнгөрсөн, өөр өөр сэдэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э над руу дайраад намайг зодох гээд байхаар нь бид барилцаж аваад Э миний толгой руу нэг удаа цохисон. ...дараа нь машин дотор арын суудал дээр суучихсан байсан Б.Б-тай маргалдаад миний араас толгой хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон. ...наадам тарсны дараа модон гуанз дээр Б.Э дахин ирж машины арын хаалгыг онгойлгоод толгой руу 1 удаа гараараа цохихоор нь машинаас буутал ахиж толгой руу гараараа 1 удаа цохисон. Э-д 2 удаа толгой руу цохиулахад урьд нь өвдөж байсан толгой бүүр хүчтэй өвдсөн. Э миний толгойд хагалгаа хийсэн тал буюу толгойн зүүн тал руу цохисон...” гэх /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 Хохирогч Ц.О-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б-н цохилтоос гэмтэл үүссэн гэж бодож байгаа. Тэрний дараа толгой хүчтэй өвдөөд эхэлсэн. ...Б толгойн ар хэсэгт дэлсээд авсан. Б-н цохилтын дараа миний биед айхтар нөлөө үзүүлээгүй...”  гэх /2 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/ 

Шүүгдэгч Б.Э-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зүүн шанаа руу нь цохисон. Миний цохисон цохилтоос болоод гэмтэл учирсан байх, толгой руу нь ширүүн цохисон тэрнээс л үүссэн байх гэж бодож байгаа...” гэх /2 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/ мэдүүлэг болон Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7733 дугаартай “...Ц.О-н биед ...тархины зүүн тал бөмбөлгийн зулай орчмын хатуу хальсан доорх идээт шингэн хуралдалт, тархины эд доторх идээт шингэн, зүүн зулайн дэлбэнгийн няцрал, хий хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт зэргээс үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг Б.Б-н нэг удаагийн хохирогчийн толгойн ар хэсэгт цохисон үйлдлээс үүссэн гэхэд эргэлзээтэй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүний гэм бурууд эргэлзээ төрж байгаа, харин Б.Э-н үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх боломжтой гэж дүгнэхээр байна. Иймд прокуророос Б.Б, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох, Б.Э-д холбогдох хэргийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцохоор тус тус дүгнэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгч Б.Э нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд торгуулийн ял шийтгэл оногдуулав.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Э нар  нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 30 хоног тус тус цагдан хоригдсонг магадлалд дурдах нь зүйтэй.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг бүхэлд нь: “Өвөрхангай аймгийн прокурорын газраас Б.Б, Б.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг бүхэлд нь  “Дарам овгийн Б.Э-г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Дарам овгийн Б.Э-г 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Тайж овгийн Б.Б, Дарам овгийн Б.Э нар нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 30 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Магадлалд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.