Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2210017941183 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг гэх, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд “Жавхлант хүлэг”-ийн орчим иргэн Г.Утай маргалдан “доромжиллоо” гэж үл ялих зүйлээр шалтаглан газарт байсан чулууг авч шидэж, түүний биед бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, хөлөн тус газарт нь өшиглөж зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1.Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө “Юубикаб” ХХК-ийн таксинд явж байсан. Шөнө 03 цагийн үед хүүхдийн 100-ийн “Ариг” рамений гадаа 3 залуу гар өргөөд зогсож байсан. Зогссон чинь “дуудлагын жолооч хийх үү” гэж асуусан. Би “тэгье” гээд өөрийн машиныг “Ариг” рамений арын зогсоолд тавиад тэдний   улсын дугаартай саарал өнгийн Приус 30 маркийн автомашиныг бариад нөгөө 3 залуугийн нэг нь урд, хоёр нь ард суугаад “Нарны хороолол орно” гэж хэлсэн. Явах замдаа “нас хэдтэй вэ, хаана ямар ажил хийдэг” гэх мэтээр надаас асууж эхэлсэн. Би тухайн үед “согтуу хүмүүстэй харьцаад яах вэ” гэж бодоод дуугүй явсаар нарны хорооллын “Си юу” дээр ирж зогссон. Тэр хэд дэлгүүр ороод удалгүй нэг тор архи пиво барьсаар гарч ирсэн. “Хаашаа явах вэ” гэж хэлээд баруун эргээд Жавхлант хүлгийн эсрэг талын зогсоол руу зогсоод, “би энд тавьчих уу, тооцоо 20,000 төгрөг болсон” гэж хэлсэн. Тэгсэн “чи юу яриад байгаа юм, болоогүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за та тэгвэл өгөөд, өгөхгүй бол яахав дээ” гэж хэлээд би буугаад зам дагуу алхаж байтал араас Э гэх залуу ирээд миний араас явган хүний замын тоосго шиг зүйлээр араас нуруун тус газар нэг удаа цохисон. Намайг барьж аваад, төмөр хашлага руу шахаад, өшиглөөд, нүүр цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 30 дахь тал),

3.Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 6 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед ажлын газрын найз нартайгаа хамт караоке орж дуулаад, бага зэрэг уусан. Шөнө караокеноос гараад харих гээд Баттөр, Э хоёр түрүүлээд гарсан. Би араас нь гарахад дуудлагын жолооч Эын саарал өнгийн   улсын дугаартай автомашиныг авч, бид Нарны гүүр даваад Нарны хорооллын “Си юу” орж гоймон авсан. Пиво авах гэсэн боловч “архи согтууруулах ундааны зүйл зарахгүй” гэхээр нь гараад машиндаа суугаад Алтай хотхоны ард “Хонгор” аппартментийн гадаа ирэхэд “цаашаа явахгүй, би ардаа дуудлагатай байна” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, цаг нь болоогүй байна ш дээ, цагийн 20,000 төгрөгөөр явж байгаа биз дээ, цаг нь илүү гарвал мөнгийг нь нэмээд өгнө ш дээ” гэхэд нөгөө залуу “би ер нь та нараас мөнгө төгрөг авахгүй” гээд хэл амаар доромжлоод, нөгөө залуу машин замын голд үлдээгээд цааш яваад өгсөн. Би “чи ядаж энэ машиныг зогсоол дээр тавиад явчих” гэхэд цаана очоод дахин хэл амаар доромжилсон. Би алхаж очих гэсэн цаашаа холдоод дахин хэл амаар доромжлоод, зугтаад яваад байсан. Манай найз Э араас нь нэг чулуу авч шидсэн. Нөгөө залуу байрандаа зогссон. Тэр үед Э очоод заамдаж авсан. Тэгэхээр нь би араас нь очоод салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9331 дугаартай: “...Г.Уын биед бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

5.Шинжээч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүсэлхийн зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтай” хотхоны урд “Жавхлант хүлэг”-ийн орчим иргэн Г.Утай таарамжгүй харилцааны улмаас чулуу шидэж, түүний биед бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, хөлөн тус газарт нь өшиглөж зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл учруулж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Эын хохирогч Г.Уын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.У, гэрч Х.*******, шинжээч Ш.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 9331 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотой 870,000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 56-57 дахь тал) гаргаж өгснөөс шүүгдэгч нь 750,000 төгрөгийг төлсөн болох нь банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдох тул үлдэх 120,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Эын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсн хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 750,000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал (29 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Б.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт ******* Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Шүүгдэгч Б.Эт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 120,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ут олгосугай.

            6.Хохирогч Г.Уын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Эт сануулсугай.       

            8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            10.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР