Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

      2023        3           09                                          2023/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,   

улсын яллагч М.Сумъяа,

гэрч Ц.Н,

хохирогч Т.О, түүний өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл,

шүүгдэгч С.Бг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын Бд холбогдох эрүүгийн 2210015550921 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт **** оршин суух,

урьд *** аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ***дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* овогт *******ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед хохирогч Т.Оийг гэрт ирж хэрүүл хийгээд явсан байна гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч С.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ажилтай явж байгаад гэртээ ирэхэд хэрүүл болсон байсан. Би эхнэртээ “яах гэж хэрэлдсэн юм бэ, эсвэл цагдаа дуудаад өгөхгүй яасан юм бэ” гэхэд манай эхнэр “цагдаа дуудаад ирээгүй” гэсэн. Би 2004 онд Яармагт нүүж ирсэн. Тэгээд би эгчтэй уулзаад “нэг хашаанд байдаг байж яагаад хэрэлдэж, маргалдаад байгаа юм бэ” гэхэд намайг шууд 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь түлхэж холдуулаад явсан. Тэр үед эгч “намайг аллаа” гэж орилоод газар хэвтсэн. Би “та яагаад байгаа юм бэ, бос” гэж хэлээд түргэн дуудсан. Бие муутай хүн юм чинь гэж бодоод түргэн тусламж дуудсан. Утсаа орхисон байсан тул арын хашааны эгч гарч ирэхээр нь утсаар нь түргэн дуудсан. Би ажилтай учир явсан. Манай эхнэртэй удаа дараа хэрэлдсэнээс болсон. Би хохирогчийг түлхэж холдуулсан. Тэгэхэд хэсэг зогсож байснаа өөрөө уначихсан. Би түргэн тусламж дуудаад ажилдаа явсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            2.Хохирогч Т.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*******, ******* эгч, *******, *******, ******* нар юу болсныг харсан. Шаардлагатай бол гэрчилнэ гэсэн. Чи надад хүрч болохгүй, цохиж болохгүй гэхэд “чиний өвчин хамаагүй” гээд намайг цохисон. Би унаж байгаагаа мэдсэн. Намайг ухаан алдсан байхад ******* ирээд салгасан гэсэн. Манай хүү гарч ирэхэд “ээж чинь баашлаад байна” гээд түлхсэн гэсэн. Манай хүү “хэн ингэсэн бэ” гэхэд ******* “энд амьдардаг намхан залуу” гэж хэлсэн. Би Б намайг цохисныг мэдэж байгаа. “Чи миний биед хүрч болохгүй” гэхэд намайг цохисон. Одоо зовиур байгаа. Эмчлүүлэх боломжгүй байгаа. Гэдэс томбойсон. 681,100 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            3.Гэрч Ц.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******, *******ийн хажуу айлын хүн, ******* 3 *******ийн гэрийн үүдэнд хараад зогсож байсан. Хүүхэд нь тахиа шувууны баасаа гудамжинд хаяж байхаар нь “хогтойгоо ачуулж болдоггүй юм уу” гэж хэлэхэд намайг хараасан. “Би энэ хүнтэй юу ярих вэ” гээд явахад манай 9 настай охиныг загнасан байсан. Би дэлгүүр ороод эргээд ирэхэд О шууд ирээд намайг үстсэн. “Яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд “яасан ч яадаг юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би болиулах гээд 2 гараас нь барьсан. Гэтэл “чи намайг зодсон биз дээ” гэсэн. Тухайн үед гар нь хөхөрсөн байсан. Амархан судас хагардаг гэдгийг тэр үед мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

4.Хохирогч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өглөө хашаагаа цэвэрлээд хашааны үүдээ шүүрдээд зогсож байтал Н гэх эмэгтэй над руу хандан “хогоо шүүрдэхээ болиоч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чих хатуу учраас өөдөөс нь “чи явж л байхгүй юу” гээд өнгөрөөд явсан. Нэлээн хол зайтай явсан. Тэгсэн чинь тэр эмэгтэйн дагуулж явсан хүүхэд нь манай хүүхдийг “данхар толгойт” гэж хэлээд намайг “авгай минь” гэх зэргээр хэлсэн. Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа юм. Тухайн үед манай хүүхэд надад хандан “та бид 2-ыг энэ эмэгтэй доромжлоод байна” гээд хэлсэн. Нөгөө эмэгтэй хүүхдээ дагуулаад хашаандаа яваад орсон. Тэгтэл манай хүүхэд гэнэт өвчин нь хөдлөөд уурлаад тухайн эмэгтэйн араас очоод хэрүүл маргаан хийгээд байсан. Манай хүүхэд сэтгэцийн өвчтэй учраас гэнэт уурлаад сүүлдээ таталт өгөөд унах гээд амнаас нь цагаан хөөс сахраад царай нь хөхрөөд байсан. Би Нд хандан “чи манай хүүхдийг хэл амаар доромжилж элдэв бусаар хэлсэн байна, манай хүүхэд чамаас болж таталт өгч унах гээд байна, чи эмнэлэг дуудаач” гэж хашааных нь гаднаас хэлэхэд “би яагаа ч үгүй” гээд өөрийгөө өмөөрөөд байсан. Н нь миний хэлсэн зүйлийг ойлгохгүй байхаар нь би гэр лүүгээ яваад өгсөн. Удалгүй байж байтал Б гэх Нгийн нөхөр манай хашааны хаалгыг маш хүчтэй нүдээд байхаар нь гараад очтол “чи манай гэр оронд ороод яагаад хүүхэд айлгаад бужигнуулаад байгаа юм” гэж хэлсэн. Би “танайд ороогүй” гээд учир байдлаа хэлтэл Б “би хэнээс ч айхгүй, чи яагаад өвчнөөрөө түрүү бариад байгаа юм” гээд над руу дайраад байсан. Гэнэт намайг цохих шиг болсон. Би ухаан алдаад газар унасан. Тэгтэл манай бага хүүхэд гарч ирж хараад манай том хүүд “ээж газар унасан байна” гэж хэлсэн. Манай хажуу айлын эмэгтэй бүх үйл явдлыг харсан. Бас нэг залуу байгаа байх. Тэд нар өөрсдөө ирээд гэрчилнэ. Тухайн үед миний бие нилэнхүйдээ хөндүүр болж баруун хацар овойж хавдсан. Тэр цагаас хойш миний бие их муу байгаа. Хэвлий хөндий, нуруу нугас өвдөж байна. Тархи таллаж өвдөж, байнга огиулж, өдөр болгон өвчин намдаах эм ууж, өвчин намдаах тариа хийлгэж байна. Би үе мөчний хэрэх өвчний улмаас 2004 онд хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж, группт гарсан. Би маш олон жил эм уусан учраас ходоодны шарх, зүрхний нарийн судасны бөглөрөл, астма гэх өвчтэй. Өмнө нь миний үе мөчөөр өвддөг, хааяа даралт ихэсдэг байсан. Бд цохиулснаас хойш нуруу нугас болон хэвлий хөндийгөөр толгой маш их өвдөж байна. Намайг цохисонд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ бүх гэмтлийг Б намайг гэртээ байхад ирж зодоход үүссэн. Намайг гэрээс дуудаж ирээд үг хэлэхийн зуургүй цохих шиг болсон. Би ухаан алдаад газар унасан. Намайг хэрхэн яаж зодсоныг би мэдэхгүй. Одоогоор миний биед ямар нэгэн зовиур байхгүй байна. Миний бие гайгүй байгаа. Би эм тариа авсан болон эмнэлэгт үзүүлсэн мөнгөө нэхэмжилж байна. Мөн би “Интермэд” эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь мөнгөний бололцоо байхгүй байсан. Тухайн эмнэлэгт нийтдээ 559,000 төгрөгөөр эмнэлэгт заавал үзүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Тухайн эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

            5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8893 дугаартай: Т.Оийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойнд цус хуралт бүхий шинэ гэмтлүүд, зүүн шуу, зүүн шилбэнд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойнд цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Харин зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

6.Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байтал өдрийн 13-14 цагийн үед манай хүүхэд “ээжээ гадаа гараад тоглож байгаад ирье” гэхээр нь би хүүхдээ гадаа гаргасан. Би гэртээ гэрээ цэвэрлээд байж байтал гадаа гудманд эрэгтэй, эмэгтэй хүн орилоод байсан. Тэгээд юу болоод байгаа юм бол гэж бодоод гартал манай гудманд байдаг О гэх эмэгтэйг нэг залуу газар унасан байхад нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би “хүүе, энэ чинь юу болж байна аа эмэгтэй хүнийг зодоод байна ш дээ” гэж хэлэхэд хэн ч хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь өөрөө очоод тухайн залууд хандан “чи болиоч ээ, эмэгтэй хүн зодож болохгүй ш дээ” гэж хэлэхэд “өө уучлаарай эгчээ” гээд гэр лүүгээ тэр залуу яваад өгсөн. Энэ үед О газар хэвтэж байсан. Би тэр хавиар байгаа хүмүүст эмнэлэг болон цагдаа дуудъя гэж хэлэхэд нэг эрэгтэй хүүхэд эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Удалгүй байж байтал нөгөө залуу тод цэнхэр өнгийн портер машинтай бид нарын хажуугаар шүргэн алдаад маш хурдтай өнгөрсөн. Би бодохдоо энэ залуу маш их уурласан гэж бодсон. Намайг гэрээсээ гараад харахад Оийг тухайн залуу өшиглөж байсан. О газар хэвтсэн байсан. Нэрийг нь Б гэдэг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

7.Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөнжил гудсаа гаргаж тагтан дээрээ тохох гээд гарч байтал нэг хүн муухай орилоод байсан. Би юу болоод байгаа юм бол гээд цонхоороо хартал нэг эмэгтэй хүн дээшээ хараад хэвтсэн байдалтай “хүн аллаа” гээд орилоод байсан. Хажууд нь байсан залуу “та босооч ээ” гэж хэлэхэд “босохгүй” гээд орилоод, “энэ залуу намайг түлхээд унагаачихлаа, чи намайг зодсон” гээд байсан. Сайн хартал манай гудамжны Б гэх залуу байсан. Тэгээд би гэртээ буцаад орсон. Намайг харахад О гэх эмэгтэй газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

8.Шинжээч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т.Оийн биед учирсан шинэ гэмтэл нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хуучин гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 37 дахь тал),

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дэх тал), шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-56 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн 6-154 тоот хашааны гадна хохирогч Т.Оийг гэрт ирж хэрүүл хийгээд явсан байна гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно. Шүүгдэгч С.Б нь хохирогч Т.Оийг зодож, улмаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосноор гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч С.Бгийн хохирогч Т.Оийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Т.О, гэрч Ц.*******, Г.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 8893 дугаар дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байсан буюу ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа  гэрч Ц.*******ийн “...О гэх эмэгтэйг нэг залуу газар унасан байхад нь өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэрч Г.*******гийн “...энэ залуу намайг түлхээд унагаачихлаа, чи намайг зодсон” гээд байсан. Сайн хартал манай гудамжны Б гэх залуу байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), шинжээчийн “...Дээрх баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойнд цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт зэрэг нь шүүгдэгч С.Бгийн хохирогч Т.Оийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийн шалтгаант холбоо, үйл баримтыг харилцан нотолсон, зөрүүгүй, үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж, тухайн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бгийн “Г.Оийг биед халдаагүй” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа болно. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршигтай холбоотой 231,100 төгрөгийн нотлох баримт гаргаж өгснийг шүүгдэгч С.Бгээс гаргуулах нь зүйтэй.

Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч С.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөөгүй, түүний хувийн байдал /35 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч С.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт *******ын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч ******* овогт *******ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3.Шүүгдэгч С.Бг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

            4.Шүүгдэгч С.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгээс 231,100 /хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.От олгосугай.

            6.Хохирогч Т.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

            8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР