| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2330000200023 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр .... хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо ...... гудамж .... тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг, ........... тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт Б-ийн Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг ............ тоотод хохирогч Т.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнийг цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, салст, 2 чихний дэлбэн, хүзүү, эрүү, баруун шуу, 2 гарын сарвуунд цус хуралт, дух, 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар өмнө нь мэдүүлсэн. Тиймээс нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2330000200023 дугаартай хэргээс:
- Хохирогч Т.А-ын өгсөн “2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед би нөхөр Б.Э, том охин А нарын хамт 2 дугаар ангийн хүүхдээ сургуулиас нь аваад төв орсон. Тэгээд бид 4 таксинд суугаад гэрийнхээ гадаа очиж буусан. Тэгсэн чинь манай хүн “чи намайг цагдаа дуудаж өглөө” гээд над руу дайраад байсан. Тэгээд манай нөхөр том охин А-ыг дагуулаад ногоон хашааны тийшээ яваад өгсөн. Тэгэхээр нь би “чи охиноо хөлдөөлөө, би охиноо авъя” гэж хэлэхэд манай нөхөр миний өөдөөс “чи өөр хүнтэй биз дээ тэр лүүгээ яв” гэсэн. Тэгээд намайг хүнтэй алцганалаа гээд нүүр лүү гараараа цохиод, хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Яг тухайн үед хэдэн удаа өшиглөсөн мөн цохисныг нь мэдэхгүй байна. Тухайн үед “янхан гичий минь зайл” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан.” гэх /хх 13-14 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “1. Т.А-ын биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, салст, 2 чихний дэлбэн, хүзүү, эрүү, баруун шуу, 2 гарын сарвуунд цус хуралт, дух 2 хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 25-26 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..... дүгээр баг ................ тоотод хохирогч Т.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнийг цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, салст, 2 чихний дэлбэн, хүзүү, эрүү, баруун шуу, 2 гарын сарвуунд цус хуралт, дух, 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.А-ын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Т.Ад үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №9431”, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26/5 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Б.Э нь хохирогч Т.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, хардалтын улмаас хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Б.Э-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.1.1 Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1.2 Шүүгдэгч Б.Э-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос Б.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.
2.1.3 Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг түүний хувиараа мал аж ахуй эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд хохирогч Т.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэсэн болно.
Хохирогч Т.А нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
3.2 Хохирогч Т.А нь өөрт учирсан хохиролтой холбоотойгоор эмнэлгээс 262,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 262,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Эд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч Т.А-ын эмчилгээний зардалд 262,000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай
8. Хохирогч Т.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ