Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

    2023        02            03                                      2023/ШЦТ/96

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Б.Энх-Амгалан,

хохирогч Б.Э,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хадхүүгийн Мд холбогдох эрүүгийн 2210000000352 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хадхүүгийн М.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.М иргэн Б.Эт худалдахаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тохирч, урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг шилжүүлэн авсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр уг орон сууцыг дахин Ж.Доржсүрэнд 110,000,000 төгрөгт тооцон худалдан шилжүүлж, Б.Эт 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Шүүгдэгч Х.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Энэ хугацаанд миний бизнес сайнгүй, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байсан тул хохирол төлбөр төлөх боломжгүй байсан. Одоо ажил хэвийн үргэлжилж байгаа учир хохирол төлбөрийг 4 дүгээр сар гэхэд төлөх болно. Доржсүрэнд зарна гэж яриагүй байсан. Тухайн үед өрөндөө түр шилжүүлж байгаач гэхээр нь хамаатан юм чинь болох байх гээд шилжүүлж өгсөн чинь манай байрыг үзээд авна гээд байсан. Авахгүй бол Эаас мөнгө нь орж ирэхээр та нарт өгье, Арцатын аманд гэрээ хийсэн байр байгааг өгье гэхэд үгүй энэ байрыг авна гээд байсан. 103,000,000 төгрөгөөр зарсан гэж байна. Би 110,000,000 төгрөгөөр авна гээд дайраад байхаар нь Эт шилжүүлж өгч чадаагүй. Тухайн үеийн ханш нь 150,000,000 төгрөг байхад нэгэнд нь 103,000,000 төгрөг, нөгөөд нь 110,000,000 төгрөгөөр зараад надад алдагдалтай байсан учраас Эт өгч чадаагүй. Буцааж авъя гэж Доржсүрэнд хэлж байсан. Тэгэхэд 150,000,0000 төгрөгөөр ав гэж хэлж байсан. Эхлээд түрээслүүлээд, мөнгө зээлж хоёр ч айлыг суулгаж байсан. Түрээслүүлье гэж зар өгөхөд надад зарчих гээд байсан. Тухайн үед үнэ ханшийг нь мэдэхгүйгээр зарна гэж хэлсэн. Би сарын 4,000,000 орчим төгрөгийн орлоготой...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            2. Хохирогч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 86 дугаар байрны 204 тоотыг түрээслэнэ гэсэн зарын дагуу очиж уулзахад түрээслэнэ гэж байсан. Худалдах боломжтой гэхээр нь “сард 2,000,000-3,000,000 төгрөг өгье, надад бэлэн байгаа нь 30,000,000 төгрөг байна, 2 жилийн хугацаатай гэрээ хийж хувь лизинг хийх боломж байна уу” гэхэд “тэгье” гэсэн. Тэр дор нь 30,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Сар бүр 2,000,000-3,000,000 төгрөгийг шилжүүлдэг байсан. Сар бүрийн 20 гэхэд над руу залгаж “мөнгөө хийгээрэй” гэдэг байсан. Би хоног хугацааг нь хойшлуулж үзээгүй. Тухайн үед буюу 11 дүгээр сард гэрчилгээ нь гарсан байсныг надад мэдэгдээгүй. 10 дугаар сард банкны 8 хувийн зээлийн барьцаанд байгаа гэж ярьж байсан. Байрны ордер байхгүй учраас гэрээ хийсэн. Надад “49,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа” гэж байсан. Тэгэхээр нь “чи ямар ч байсан 2 жилийн хугацаанд зээлээ дуусгаарай, би үлдэгдэл 73,000,000 төгрөгөө төлөхийн тулд олсон мөнгөө өгнө” гэж хэлээд гэрээ хийсэн. Гэтэл 11 дүгээр сард гэрчилгээгээ авсан гэдгээ надад хэлээгүй. 10 дугаар сард ярихдаа “банкны 8 хувийн зээлээс байраа чөлөөлсөн, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавимаар байна, хүнд байраа үзүүлэх гэсэн юм” гэхээр нь хүнд дутуу мөнгө өгсөн гэдэг утгаараа татгалзаж чадаагүй. Гомдолтой байна. 10,000,000 төгрөг өчигдөр авсан. 30,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            3. Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сард олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүкээр байр үзээд байж байхад М гэдэг хүн “байр зарах буюу хүүнд нь хүн суулгана” гэсэн зар байсан. Би Мын 91913667 дугаар луу залгаад “байрыг чинь сонирхож байна, үзэж болох уу” гэж асуусан чинь “болно” гээд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 204 тоот байранд очиход хүн амьдарч байсан. Би байрыг нь үзээд “та байраа зарж болох уу” гэж асуухад “болно” гэж хэлсэн. “Би энэ байрыг 2 жилийн дотор төлж дуусгаж болох уу, би танд урьдчилгаанд 30,000,000 төгрөг өгөөд сар бүр 2,000,000 төгрөг болон заримдаа дээш төлөөд 2 жилийн дотор дуусгаад, энэ байрыг авъя” гэж тохирсон. Тухайн байрыг нийт 103,700,000 төгрөг болно гэж хэлээд, бид тохиролцоод ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр гараараа бичиж, баримт авч үлдсэн. Тэр үед яагаад гэрээ хийгээгүй вэ гэхээр тухайн байр нь 8 хувийн лизингтэй, 48,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас байрны гэрчилгээ банкинд байгаа гэж хэлээд гараараа бичиж, бид 2 тохиролцсон байдаг. 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр тухайн байрандаа засвар үйлчилгээ хийгээд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөгтэй нийлээд 40,000,000 төгрөг өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр шүүхийн шийдвэрээс дуудах хуудас ирсэн. Би М руу залгаад асуухад “би чамд байраа зарахаа болилоо” гээд уурласан. “Би чамд амьдарч байсан хугацааны мөнгө болон урьдчилгаа мөнгө гэж өгсөн биз дээ, би байрны гэрчилгээ авмаар байна” гэж хэлэхэд уурлаад “чадахгүй, чамд байраа зарахаа болилоо” гэхээр нь “би чамтай уулзах хэрэгтэй байна” гэж хэлсээр байгаад уулзахад “би байраа зарахаа болилоо, миний хүү Герман улсаас ирсэн, намайг байраа зарлаа гээд уурлаад байна, би чамд мөнгийг чинь өгнө, чи хүлээж байгаарай” гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байрны гэрчилгээ гарсан гэрчилгээ нь миний нэр дээр байгаа, та нар өөрсдөө Мтайгаа учраа ол гэж хэлэхээр нь М руу залгаад “энэ байрыг чи хүнд зарсан байна” гэж хэлэхэд “би наад хүмүүстэй чинь утсаар ярина, чамд удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлэхээр нь “чи яагаад надад зарсан байхад давхар өөр хүнд зарсан байна” гэж хэлсэн чинь “мөнгийг чинь өгнө, чи хүлээж бай” гэж хэлээд одоо болтол утсаа авахгүй байгаа учраас би цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байгаа юм. ...Би Мын Хаан банкны 5034087250 тоот данс руу би өөрийн Хаан банкны 5077072458 тоот данснаас нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа. Ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ огт хийгээгүй. 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гараараа орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн утгатай зүйл бичсэн байгаа. Утга нь гэвэл эргэлт буцалтгүйгээр байрыг худалдсан болно гэж бичсэн байгаа. Би энэ байрыг Маас авсан гэдгийг миний найз нөхөд, хамаатан садан бүгд мэдэж байгаа. Би байрандаа 1,500,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байгаа. Бараа материал худалдаж авсан гэх баримт байхгүй. Яагаад гэвэл захаас бараа материал авч байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

4. Гэрч Ж.Д**ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сараас эхэлж М надаас хэд хэдэн удаа мөнгө зээлсээр байгаад нийт 63,500,000 төгрөг зээлж аваад хугацаандаа өгөхгүй байхаар нь би Маас “мөнгө авъя” гэж хэлэхээр “манай байрыг авах уу, би одоо мөнгөгүй байна, манай байрыг ирээд үз” гэж хэлсэн. Би Маас “зарах гэж байгаа байрыг чинь очиж үзье” гэж хэлэхэд “одоо хүнтэй байгаа мөнгийг нь аваад хүнд түрээсэлсэн байгаа, би энэ хүнээс 20,000,000 төгрөг аваад мөнгөнийх нь оронд хүн амьдруулж байгаа” гэж надад хэлсэн. Би Маас “хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм” гээд асуусан чинь “120,000,000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь би хямдруулаад 110.000.000 төгрөгөөр авахаар болоод Мд 09 дүгээр сараас эхэлж зээлүүлсэн 63.500.000 төгрөг дээр нэмж 46,500,000 төгрөгийг Мын Хаан банкны 5034087250 тоот данс руу өөрийнхөө 5027572788 гэсэн тоот данснаас шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 46,500,000 төгрөгийг шилжүүлж, М бид 2-ын хооронд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй дуусгавар болсон. Ингээд би байрны гэрчилгээ хаана байгаа юм гээд асуусан чинь Худалдаа хөгжлийн банкинд байгаа гэж хэлээд надтай утсаар яриулаад энэ байрны гэрчилгээ манай банкинд 8 хувийн зээлтэй учраас барьцаанд байгаа гэж хэлээд ТҮЦ машинаас надад лавлагаа авч үзүүлсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд 7 хоногийн дараа үл хөдлөхөд материалаа бүрдүүлж өгсөн байгаа. Ингээд байрны гэрчилгээ миний нэр дээр гарах гэж 1 саран гаран болсон байдаг. Яагаад сар гаран болсон бэ гэхээр Капитрон банкин дээр байж байгаад уг банк татан буугдаад Худалдаа хөгжлийн банкнаас шилжээд удаж гарсан байдаг. М надаа хэлэхдээ “байранд байгаа хүмүүс 12 дугаар сард гарна” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл гарахгүй байна. М “Э гэдэг хүн энэ байрыг түрээслэж байгаа, түрээсийн мөнгийг нь чамд өгнө” гэж хэлсэн боловч огт мөнгө өгөөгүй. Би яагаад нүүж орохгүй байгаа вэ гэхээр хүүхдийн маань сургууль миний одоогийн амьдарч байгаа газартай ойрхон учраас нүүгээгүй байгаа. Би сүүлд 2022 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 204 тоот байранд нөхрийн хамт очсон чинь Э гэдэг эмэгтэй байсан. Надаа хэлэхдээ би энэ байрыг Маас худалдаж авсан гэж хэлэхээр нь би байрны гэрчилгээг үзүүлсэн чинь Э М руу залгаад, утсаар хэрэлдээд байсан чинь М “чи надад дансаа явуулчих, би одоо мөнгийг чинь хийнэ” гэж хэлээд Э дансаа хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

    5. Шүүгдэгч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Эаас миний Хаан банкны 5034087250 тоот данс руу 30,000,000 төгрөг өгсөн. Дараа нь буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг өгөөд, нийт миний хаан банкны 5034087250 тоот данс руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. ...2021 оны 10 дугаар сүүлээр Доржсүрэнгээс 3,000,000 төгрөг зээлж аваад, мөн 2021 оны 12 дугаар сар хүртэл 63,500,000 төгрөгийг шилжүүлж авсан байгаа. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээг шилжүүлсний дараа 50 гаран сая төгрөг надад өгсөн. Энэ мөнгөнүүдийг миний Хаан банкны 5034087250 тоот данс руу шилжүүлсэн байгаа. Би бизнес хийдэг учраас миний дансанд 2, 3, 5 саяаар мөнгө орж ирдэг. Хэнээс мөнгө ирж байгааг мэдэх боломж байхгүй байсан. Дээр нь Э мөнгө шилжүүлсэн гэж надад хэлж байгаагүй. Доржсүрэнгээс мөнгө орж ирэхээр би Эт хандаж хэлж байсан. “Би чамд мөнгийг чинь өгье, чи байрнаас гар” гэж хэлсэн чинь Э “өвлийн хүйтэнд гарахгүй, дулаан орохоор байрнаас гарна” гэж хэлж байсан. ...Би байраа түрээслүүлнэ гэсэн зар тавьсан байсан. Э надтай уулзаад “байраа зарчих” гэж намайг шалаад, дагаад явсан. Би тэр үед байраа өөр хүнд түрээслүүлэх гэж байсан чинь чи энэ хүнээ явуулчих гэж хэлээд шалаад байсан. Тэгээд би аргагүй эрхэнд бичиг бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-44 дэх тал),

6. Хохирогч Б.Эын банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 54-60 дахь тал),

7. Гэрч Ж.Доржсүрэнгийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 67-72 дахь тал),

8. Шүүгдэгч Х.Мын банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 108-137 дахь тал),

9. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 86 дугаар байр, 204 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэчилгээний хуулбар (хавтаст хэргийн 66 дахь тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М нь Б.Эт худалдахаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тохирч, урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг шилжүүлэн авсан боловч, уг орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний Ж.Д**д 110,000,000 төгрөгөөр худалдаж, эд хөрөнгийн өмчлөгчийг шилжүүлж, Б.Эт 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Х.Мын “Залилах” гэмт хэргийн үйлдэл нь хохирогч Б.Эт үл хөдлөх эд хөрөнгө худалдахаар тохиролцож, түүнээс 40,000,000 төгрөгийг авсан боловч, тухайн хөрөнгийг гэрч Ж.Д**д 110,000,000 төгрөгөөр худалдаж, хөрөнгө Ж.Д**ийн өмчлөлд шилжсэнээр төгссөн байна.

Шүүгдэгч Х.Мын “Залилах” гэмт хэргийн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Э, гэрч Ж.Доржсүрэн, шүүгдэгч Х.М нарын мэдүүлэг, тэдгээрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 86 дугаар байр, 204 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эт 40,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс 30,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Х.Мын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэргийн үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хүний амьдрах орон байр зарах нэрээр залилсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохиролд 40,000,000 төгрөг учирснаас 10,000,000 төгрөг төлөгдсөн), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, 48 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэв.

Түүнчлэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ял оногдуулах” тус тус санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг харгалзах учиртай бөгөөд шүүгдэгч Х.М нь хохирогч Б.Эын “амьдрах орон сууц худалдан авах” хэрэгцээг далимдуулж, 40,000,000 төгрөгийг залилсан, хохирол бүрэн төлөөгүй, мөн хохирогчийн “Гомдолтой” зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б** овогт Х**гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Хадхүүгийн Мыг 1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Мын эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Маас 30,000,000 (гучин сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эт олгосугай.

            6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Мыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР