| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2023/0077/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.С |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч М.Сумъяа,
шүүгдэгч С.С, А.Х, тэдний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Сийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Хг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210016001403 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “Д” ХХК-д үйлдвэрийн ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, Т** овогт С** С,
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, 2 дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй, Б** овогт А**ийн Х.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч С.С нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “” ресторанд барменаар ажиллаж байхдаа тус ресторанаар 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлчлүүлсэн иргэн Ш.Гын 1,496,200 төгрөгийн тооцоо хийхдээ андуурч 14,962,000 төгрөг шилжүүлснийг найз охин А.Хгийн дансаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан буюу “” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан орлого болох 1,496,200 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,496,200 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч С.С А.Х нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Айриш кастел” ресторанд үйлчлүүлсэн иргэн Ш.Гын 1,496,200 төгрөгийн тооцоо хийхдээ орон андуурч, 14,962,000 төгрөг түүний Худалдаа хөгжлийн банк дахь 475082395 дугаартай дансанд шилжүүлснээс андуурсан мөнгө 13,465,800 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 13,465,800 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч С.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирлыг сар бүр 1,000,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Хоригдохоосоо өмнө хүнсний цехэд ажил хийж байсан, гараад буцаад ажиллана. Буруу зүйл хийсэн гэдгээ маш их ухаарсан, нийгэмдээ үлгэр дуурайлалтай зөв амьдарна” гэв.
2.Шүүгдэгч А.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирол төлөхөөр тохиролцсон. 7 сар хүртэл бага багаар төлнө. Гэм буруугаа ухаарч байгаа. Худалдаа хөгжлийн банканд харилцагчийн зөвлөхөөр маргаашнаас эхлэн ажиллахаар болсон” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
3.Хохирогч Ш.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 52-р байрны 4 дүгээр давхарт “Irish castel” нэртэй ресторанд орой 17 цагийн үед очсон. Учир нь манай хүүхдийн эцэг, эхийн ангийн зөвлөлийн гишүүд багш нарыгаа хоолонд оруулахаар болсон тул очоод захиалгыг нь өгөөд ширээг бэлдүүлж байсан. 18 цагийн үед хүмүүс бүгд цуглаад хоол ундаа идээд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 23 цагийн үед үйл ажиллагаа дуусаад гарахаар болж, би тооцоог хийхээр текэн дээр очоод картаа өгөхөд бармен нь “ахаа карт уншихгүй байна, дансаар шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за шилжүүлье” гэхэд бармен нь Худалдаа хөгжлийн банкны нэг данс надад хэлж өгсөн. 1,496,000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад 14,960,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Гүйлгээний мессеж ирээд хартал 14,960,000 төгрөг гарсан байсан. Тэгэхээр нь би тэр дор нь барменд нь “ах нь илүү мөнгө шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Бармен нь “миний данснаас их хэмжээний мөнгө гардаггүй юм, маргааш шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утасных нь дугаарыг аваад өглөө эрт хүрээд ирье гэж хэлээд гараад явсан. Маргааш нь буюу 6 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед нөгөө газраа ирээд, нөгөө залуу байхаар нь би “за ахын дүү банк руу явж мөнгөө гаргаж авъя” гэж хэлэхэд “за ахаа, банк руу ярьсан байгаа, түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд хүлээж байгаад нөгөө залуу байхгүй болчихсон байхаар нь хажууд нь байсан залуугаас асуухад “ундаа авна гээд гарсан” гэж хэлсэн. Удалгүй нягтлан нь ирсэн. Нягтлангаар нь залгуулаад яриулахад “банк руу явж байна” гэж хэлсэн. Хүлээж байгаад дахиад залгуулахад утас нь холбогдохоо больсон. Тэр оройноо цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),
4.Хохирогч А.Гаын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 21-ний 10 цагийн үед ирсэн. Миний араас С болон бусад ажилчид ирсэн. 11 цагийн үед танихгүй хүн ирсэн. Тэгэхээр нь би “юун хүн билээ” гэхэд нягтлан Батцэцэг “өчигдөр орой тооцоо хийсэн нэг харилцагч мобайл банкаар тооцоогоо хийхдээ андуурч илүү мөнгө шилжүүлсэн байна гэж байна тэр илүү мөнгөө авах гэж ирсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэр мөнгийг нь яаралтай гаргаж өг” гэж хэлсэн. С “одоо өгөх гэж байна, найз охиныхоо данс руу шилжүүлээд авсан байна” гэж хэлсэн. Би “яагаад хувийн данс руу авч байгаа юм бэ, болохгүй ш дээ” гэж Батцэцэгээс асуухад “Ст гарын мөнгө өгнө гэсэн, тэгэхээр нь хувийн дансаа өгсөн гэнэ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгвэл тэр мөнгийг нь яаралтай буцааж өг, өөрийн байгууллагын мөнгийг бас гаргуулж аваарай” гэж хэлээд би гараад явсан. Тэгээд үдээс хойш намайг ажил дээр буцаж ирэхэд “С алга болчихлоо” гэж Батцэцэг хэлсэн. Араас нь нөгөө залуу “хаягийг нь аваад явсан боловч хүн байхгүй байна, цагдаад хандлаа” гэж хэлсэн. Би 21 цаг өнгөрч байхад 3, 4-р хорооллын 45-р байранд очтол ямар ч хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
5.Гэрч С.Б**ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 20-ны 22 цагийн үед ажлаасаа гарах гэж байтал С над дээр ирээд “нэг хүн надад гарын мөнгө өгөх гэж байгаад байгууллагын данс руу төлбөртэйгөө цуг андуураад хийчихлээ, хийхдээ нэг орон илүү хийчихлээ” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм, байгууллагын дансаар гарын мөнгө авахгүй, хэрвээ мөнгө илүү орж ирсэн бол би буцаагаад шалгаад тэр хүн рүү нь буцаагаад явуулна” гэж хэлсэн. Тэгсэн “за” гээд буцаад явсан. Би гэр лүүгээ явж байхад С залгаад “байгууллагын данс руу биш би өөрийнхөө хувь данс руу шилжүүлээд авчихсан юм” гэсэн. Тэгэхээр нь би “чи тэгээд нөгөө хүнийхээ мөнгийг буцааж өгсөн үү” гэж асуухад “банк хооронд болохоор маргааш орох юм байна, тэгээд би нөгөө ахад учир байдлаа хэлээд маргааш таны илүү мөнгийг шилжүүлж өгье гэж хэлээд явууллаа” гэж хэлсэн. Би “за за” гээд утсаа тасалсан. Маргааш нь буюу 21-ний 10 цагийн үед ажилдаа ирэх замд С залгаад “нөгөө ах чинь ирсэн байна, нягтлантай чинь уулзъя гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за би одоо очиж байна” гэж хэлээд 11 цагийн үед ажилдаа ирэхэд С байхгүй, нөгөө мөнгө илүү шилжүүлдэг залуу, зөөгч С** нар байсан. Би С**аас С хаана байгаа талаар асуухад “гарч ундаа аваад ирье гээд явсан” гэж хэлсэн. Сийг орой ажил тартал хүлээсэн боловч ирээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
6.Хохирогч Ш.Г дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “Хаан банк”-ны дансны хуулга (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
7.Шүүгдэгч А.Хгийн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
8.Шүүгдэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр андуурч шилжүүлсэн 14,960,000 төгрөгийг завшсан нь үнэн. ...Би 14,960,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг 1xbet цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Үлдэгдэл мөнгө нь хоол унд, байрны мөнгөнд зарцуулагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121, 183-184 дэх тал),
9.Шүүгдэгч А.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэгт түрээслэж байсан байрандаа 16 цагийн үед ирсэн. Найз залуу болох С нь гэртээ орой 02 цагийн үед ирээд “манайхаар үйлчлүүлсэн нэг хүн 1,496,000 төгрөг хийх гэж байгаад 14,960,000 төгрөг хийсэн, 1 сая гаруй төгрөг нь байгууллага руу ороод, үлдэгдэл мөнгийг нь нөгөө хүн рүү нь шилжүүлнэ, маргааш данс руу чинь орох байх” гэж ярьж байгаад унтсан. Өглөө нь би өөрийн ажил болох Баянгол дүүрэгт байх “Жи Эс” сүлжээ дэлгүүрт туслах менежерээр ажиллаж байсан. Ажлын байрандаа өглөө ирээд ажил дээрээ сууж байхдаа өөрийн Худалдаа хөгжийн банкны 475082395 дугаарын дансаа шалгахад миний данс руу 14,960,000 төгрөг орсон байсан. 5,000,000 төгрөгийг нь 2,000,000 төгрөгөөр нэг удаа 3,000,000 төгрөгөөр нэг удаа Төгөлдөр гэх хүний данс руу шилжүүлсэн байхаар нь С рүү залгаж асуухад “1xbet-ийн данс руу хийгээд мөнгөө алдчихлаа” гэж хэлсэн. Би уурлаад “буцааж шилжүүлэх байтал яагаад үрчихсэн юм” гэж хэлсэн чинь “би одоо ажлаас гараад явж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь одоо чинийх дахиж гүйлгээ гарахгүй, чи банк руугаа залгаад зарлагын лимитээ өсгөчих гэж хэлээд 10, 20 минутын дараа С “ирчихлээ, чи гараад ир” гэж хэлээд би ажлаасаа гараад бид цааш цугтаа яваад С Баянгол дүүрэгт байх АТМ бэлэн мөнгөний машин руу миний цүнхийг авч ороод гарч ирэхдээ “би байсан бүх мөнгийг нь авчихлаа” гэж хэлсэн. Хэдэн төгрөг авснаа надад хэлээгүй. Бид шууд Сансар орж буудалд нэг хоноод маргааш нь би ажилдаа явахдаа Скайтелийн дугаараа өгсөн. Тэр өдрөө С надад “Юнителийн дугаар авчих” гэж хэлээд би Юнител орж 80174746 дугаар аваад ажил дээрээ байж байсан чинь 12 цагийн үед залгаад “ажил руу чинь цагдаа очиж байгаа гялс гар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад Стэй Жуковт уулзахаар болж, би Жуков руу явсан. Тэгснээ С намайг дагуулаад “хоёулаа олон хүнтэй газар луу явъя” гээд Нарантуул зах руу дагуулж яваад бид зах дотор орой хүртэл байсан. Тэндээсээ буудал хайж байгаад Хүнсний 4 дүгээр дэлгүүр орж буудалд хоносон. Маргаашнаас нь эхлэн С мөнгөтэй гар цүнх авч гараад АТМ ороод хүний данс гуйж өөрийн “1xbет” бооцооны данс руугаа хийлгэдэг байсан. Тэр маягаар 10 гаруй хоног буудалд байж байгаад сүүлдээ мөнгө нь дуусаад “хоёулаа ажил олж хийе” гээд зар харж байгаад Булган аймагт байх Элсэн тасархайд Хаан бууз гэх хоолны газарт 1 сар ажилласан байх. Түүний дараагаар хотод орж ирээд 10 дугаар хороололд хажуу өрөө 5 хоног түрээслээд тэр хоорондоо ажил хайгаад Хэнтий аймагт Бармен авна, хоол, байр цаанаасаа гэсэн байсныг хараад бид Хэнтий аймагт 2 сар гаруй ажилласан байх. Тэнд байхдаа мөн нэг ажлын зар байхаар нь тэндээ очоод одоог хүртэл ажиллаж байсан. ...С надад цагдаагийн байгууллагад хандах хэрэггүй, 2 жил зутгаад явчихвал гайгүй болчихно, дарагдчихна гэж хэлдэг байсан. Би андуурагдсан гүйлгээг Сийн хамтаар ашигласан нь үнэн. Би тухайн мөнгийг авч ашиглаж байгаа нь хууль бус гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 175-177 дахь тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
шүүгдэгч С.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал), Шүүхийн шийдвэрийн хувь (хавтаст хэргийн 20-23 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 134 дэх тал), шүүгдэгч А.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 140 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 157-158 дахь тал), Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (188 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “” ресторанд барменаар ажиллаж байхдаа тус ресторанаар 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлчлүүлсэн иргэн Ш.Гын 1,496,200 төгрөгийн тооцоо хийхдээ андуурч 14,962,000 төгрөг шилжүүлснийг найз охин А.Хгийн дансаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан буюу “” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан орлого болох 1,496,200 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,496,200 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч С.С А.Х нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Айриш кастел” ресторанд үйлчлүүлсэн иргэн Ш.Гын 1,496,200 төгрөгийн тооцоо хийхдээ орон андуурч, 14,962,000 төгрөг түүний “Худалдаа хөгжлийн банк” дахь 475082395 дугаартай дансанд шилжүүлснээс андуурсан мөнгө 13,465,800 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 13,465,800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан байхыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан байхыг тус тус шаарддагаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.
Шүүгдэгч С.Сийн бүлэглэж хөрөнгө болон алдаатай гүйлгээ завшсан, шүүгдэгч А.Хгийн бүлэглэж алдаатай гүйлгээ завшсан тус тус үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Ш.Г**, А.Га, гэрч С.Б**нарын мэдүүлэг, хохирогч Ш.Г дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “Хаан банк”-ны дансны хуулга, шүүгдэгч А.Хгийн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т** овогт С**ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б**овогт А**гийн Хг Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас хохирогч А.Гаад 1,496,200 төгрөгийг хохирол учирсныг шүүгдэгч С.С төлсөн болох нь “” ХХК-ийн “...хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 191 дэх тал)-ээр тогтоогдох тул шүүгдэгч С.Сийг хохирогч А.Гаад төлөх төлбөргүй гэж үзэв.
Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Гад 13,465,800 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч С.С нь 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч С.Сээс 4,732,000 төгрөгийг, шүүгдэгч А.Хгээс 6,732,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ш.Гад олгох нь зүйтэй.
Шүүгдэгч А.Хгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан
шүүгдэгч С.Сийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Гаад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Гад 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч А.Га “Гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал (26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “Д” ХХК-д үйлдвэрийн ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт) зэргийг харгалзан шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн, нийт ялын хэмжээг 11 (арван нэг) сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.Хгийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал (23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, өвөө, 2 дүү нарын хамт амьдардаг) зэргийг харгалзан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Хг 3 (гурав) сарыг хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Сийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 8 (найм) сар 20 (хорь хоногоор) тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч С.С, А.Х нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, А.Х цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т** овогт С**ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б** овогт А**ийн Хг Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Т** овогт Сү**ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Б** овогт А**ийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 11 (арван нэг) сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Сийн цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 8 (найм) сар 20 (хорь хоногоор) тогтоосугай.
5.Шүүгдэгч С.С, А.Х нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, А.Х цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Сээс 4,732,000 (дөрвөн сая долоон зуун гучин хоёр мянга) төгрөгийг, шүүгдэгч А.Хгээс 6,732,000 (зургаан сая долоон зуун гучин хоёр мянга) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ш.Гад олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, А.Х нар нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.С, А.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР