Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Цагаан ус 5-3 тоотод оршин суух, Нү  овогт Н-н О г /ЗП63111201/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн,  улсад 24 жил ажилласан.  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын өргөтгөсөн сургуульд 1987 оны 12 сарын 15-ны өдөр ажилд орсон бөгөөд ажилд орсон тушаал байгаа боловч 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл аж ахуйгаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. 

Иймд энэ хугацааны ажилласан жилийг  тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.О 1987 оны 12 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын өргөтгөсөн сургуульд аж ахуйгаар ажиллаж  байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.

           -Гэрч  И.Га-н “Н.О нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн өргөтгөсөн сургалтанд 1987 оны 12 сараас эхлээд 1995 оны 1 сар хүртэл  аж ахуй буюу няраваар ажиллаж байсан. Түүнээс хойш хаана ажилласныг нь би  мэдэхгүй. Өргөтгөсөн сургалтын захирал нь хөдөлмөрийн багш Лу  гэдэг хүн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 31-р хуудас/

-Гэрч Ц.Бя-н “...Н.О нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн өргөтгөсөн сургалтанд 1987 оны 12 сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 сар хүртэл  аж ахуй буюу няраваар ажиллаж байсан. Би 1978 оны 9 сарын 1-ний өдрөөс 2002 хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын дунд сургуульд  математикийн  багшаар ажилласан.  Бид хамт ажиллаж байсан учраас Н.О-ийн ажиллаж байсан гэдгийг гэрчилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 32-р хуудас/

-Гэрч Ж.Ба-н “...Н.О нь 1987 оны 12 сараас эхлээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн өргөтгөсөн сургуульд няраваар 1994 оныг дуустал ажиллаж байсан. Өргөтгөсөн сургууль нь дунд сургуулийн туслах ажлуудыг хийдэг байсан байх. Хөдөлмөрийн Лу гэдэг хүн гар урлалын бүтээл хийдэг байсан. Би 1985 оны 10 сараас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд авто засварчнаар ажиллаж эхлээд, 1993 он хүртэл ажилласан. 1993 оны 5 сараас  1995 оны 5 сар  хүртэл мал эмнэлгийн жолоочоор  ажилласан. Бид нэг суманд ажилладаг, Н.О-ийн гэр нь манайхтай айл,  би гэр бүлийн хүнтэй нь найз байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/

           -1981 оны 9 сарын 1-ний өдөр Н- О-т олгосон 004340 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-9-р хуудас/

          -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 1 сарын 23-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/

          - Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 1 сарын 22-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/

           -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12 сарын 15-ны өдрийн 101 дугаартай “ажилд томилох ба чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар /хэргийн 15-р хуудас/

           -Н.О-ийн  1989, 1991, 1992, 1993 оны 3 сар, 1994, онд авч байсан цалингийн баримтын хуулбар /хэргийн 17-21-р хуудас/

 

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нү овогт Н-н О-г  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын өргөтгөсөн сургалтын аж ахуйгаар  1987 оны 12 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х