| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/01713/И |
| Дугаар | 511 |
| Огноо | 2018-02-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 511
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02375 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Э” ХХК,
Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,
Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны гэрээний үүрэгт 2 394 878 435 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Б” ХХК-иас гаргасан 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж, Г.Батбаяр, Шин Дэ Хү, орчуулагч Э.Мөнхбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Тунгалаг, Л.Ононбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын төсөл (цаашид NUBIA Төсөл гэх)-ийн тэргүүн туслан гүйцэтгэгч юм. “Б” ХХК нь манай туслан гүйцэтгэгч компаниудын нэг болох “Н” ХХК-ийн үндсэн үүргийн гүйцэтгэл болон урьдчилж авсан урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Олон Улсын Худалдааны танхимаас боловсруулж баталсан Баталгааны нэгдсэн журмын дагуу “Э” ХХК-ийн нэр дээр 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №01 дугаартай [1 090 000 000] төгрөгийн Урьдчилгаа төлбөрийн баталгаа, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №02 дугаартай [2 180 000 000] төгрөгийн Гүйцэтгэлийн баталгааг тус тус гаргаж өгсөн. Уг Баталгааны дагуу “Б” ХХК нь “Н” ХХК-ийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах төслийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, Гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд “Э” ХХК-ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр баталгаа гаргаж өгсөн. Энэхүү мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх Баталгааны нөхцөлийн дагуу “Б” ХХК нь “Н” ХХК-ийг NUBIA төслийн хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, Гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд, хэрэв Баталгааг эзэмшигч “Э” ХХК нь “Н” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай мэдэгдэл гаргаж, баталгаанд заасан дүнгийн хэмжээнд төлбөр төлөх шаардлагыг бичгээр хүргүүлсэн нөхцөлд “Б” ХХК нь үл маргах журмаар нэхэмжилж буй шаардлага, төлбөрийн дүнг нотлохыг шаардахгүйгээр төлөх үүрэг хүлээсэн. Олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ болох Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ийн хүрээнд гаргаж өгдөг энэ төрлийн баталгааг Баталгааны нэгдсэн журмын 2-р зүйлд тодорхой заасны дагуу арилжааны банк, даатгалын компани зэрэг санхүүгийн байгууллагууд гаргаж өгдөг бөгөөд уг гаргаж өгсөн баталгаа нь буцаан үл дуудагдах, үл маргах журмаар буюу баталгаа хүлээн авагчийн анхны шаардлагаар төлөгддөг гол онцлог нөхцөлөөрөө дотоодын болон олон улсын практикт нэгэнт хэвшин тогтсон санхүүгийн хэрэгсэл юм.
“Б” ХХК нь “Н” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж дээр дурьдсан Баталгаа өгсөн тул “Э” ХХК-ийн зүгээс “Н” ХХК-д ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгон, урьдчилгаа төлбөр болон бусад төлбөр тооцоог төлж ажиллаж эхэлсэн. Улмаар барилгын ажлын явцад “Н” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул “Э” ХХК нь “Н” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, Баталгааны төлбөрийг үл маргах журмаар төлөх шаардлагыг Баталгаа гаргагчид хүргүүлсэн боловч “Б” ХХК-иас өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд төлөхөөс татгалзаад байгаа юм.
Баталгааны нэгдсэн журам 458-ийн 27-р зүйл, Баталгааны нэгдсэн журам 758-ийн 34 (а)-р зүйлийн дагуу баталгаатай холбоотой аливаа харилцааг хэрэв баталгаанд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн хууль тогтоомжоор зохицуулах журам тогтоосон. Иймд эдгээр Баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээс гадна Монгол Улсын хуулиар зохицуулагдах ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно", 234.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй гэж заасны дагуу эдгээр Баталгаа нь баталгаа гаргагчийн нэг талын санаачилгаар үл цуцлагдах, үл маргах журмаар төлөгдөх баталгаа бөгөөд баталгаа гаргагч “Б” ХХК болон баталгааг хүлээн авсан “Э” ХХК-ийн хооронд үүссэн бие даасан үүргийн харилцаа бөгөөд баталгааг гаргаж өгөхдөө “Б” ХХК нь албан бичгээр “Н” ХХК- тай баталгааны даатгалын FGI0313401072826 тоот гэрээг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 4 (дөрвөн) жилийн хугацаатай хамтран ажиллахаар байгуулсан тухай “Э” ХХК-д мэдэгдэж байсан.
“Б” ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хороо (цаашид СЗХ гэх)-нд бүртгэлтэй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг зохицуулалттай хуулийн этгээд юм. Манай компани 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр СЗХ-д SCT-NUBIA-LTR-2978 тоот албан бичгээр “Б” ХХК нь Баталгааны дагуу төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироож байгаа талаар гомдлыг хүргүүлсэн. Улмаар СЗХ-оос 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр №1/3812 тоот хариу албан бичгээрээ энэ баталгааны дагуу шаардаж буй мөнгөн төлбөрийн харилцаа нь үүргийн биелэлттэй холбоотой асуудал тул гомдлоо хэргийн харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг бидэнд өгсөн.
Иймд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу “Б” ХХК-ийг Баталгааны дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Б” ХХК-иас манай компанийн өмнө Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгааны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, Урьдчилгаа төлбөрийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 214 878 435 төгрөг, Гүйцэтгэлийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 2 180 000 000 төгрөг, нийт 2 394 878 435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК нь Н ХХК-ын гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Э” ХХК-ийн өмнө баталгаа гаргасан гэж үзэж, уг асуудлыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тайлбарлах боломжгүй байна. Учир нь:
1. “Н” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Б” ХХК-тай FGI0313401072826 тоот Баталгааны даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Улмаар гэрээний 2.5-д даатгалын тохиолдол гэдгийг даатгалын гэрээний хугацаанд туслан гүйцэтгэгчийн шууд оролцоотой хийгдсэн хуурамч бичиг баримт болон үнэнч бус байдлын улмаас үүссэн маргаан зөрчилдөөний улмаас даатгуулагчид даатгалын гэрээнд заасан эрсдэлийн нөхцөл байдал бүрэлдэхийг", 3.2-т даатгалын үндсэн эрсдэлүүдийг хууль бус бичиг баримт үйлдэх, хууран мэхлэх, илтгэл алдах, үнэнч бус байдал гаргах, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө шамшигдуулах, завших, албан тушаалаа урвуулан ашиглах, онцгой үүрэг даалгаврыг буруу гүйцэтгэх" хэмээн тус тус тодорхойлсон. Тодруулбал, Гэрээний 2.5, 3.2-т заасан даатгалын эрсдэлүүдийн улмаас “Н” ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд “Б” ХХК нь “Э” ХХК-д нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Гэтэл энэ маргааны хувьд даатгалын тохиолдол бий болоогүй буюу Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан гэрээгээр тохиролцсон болзол бүрдээгүй".
2. Гэрээний 7.2.1-д заасны дагуу “Б” ХХК-иас “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Болормаад хандаж барьцаа хөрөнгө бүртгүүлэх болон, 2014 оны даатгалын хураамжаа төлөхийг шаардаж байсан хэдий ч “Н” ХХК нь гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй. Мөн Гэрээний 4.2-т Даатгуулагч эхний жилийн даатгалын хураамжийг энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд төлнө. 2014-2017 оны даатгалын хураамжийг тухайн оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор даатгагчид шилжүүлэн тушаах бөгөөд тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө гэж заасан. Иймээс Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч нь даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй тул “Б” ХХК нь гэрээнд заасан нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-г хүчин төгөлдөр бус гэж үзэж дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаагаар нийт 3 270 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичгийг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Оюунчимэг “Э” ХХК-д гаргасан нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчиж хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно гээд 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл гэж заасан байдаг. Учир нь тус баталгааны бичгүүдийг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХХК-иас гаргасан бөгөөд хэлцэл хийхийн өмнөх сүүлийн баланс гэдэгт 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 2 дугаар улирлын Санхүүгийн тайлан хамаарах бөгөөд тус тайлангаар “Б” ХХК-ийн нийт актив буюу хөрөнгө 12 424 410 491.36 төгрөг байсан бөгөөд үүний 25 хувь нь 3 106 102 622.5 төгрөг байна. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Б” ХХК-ийн дүрмийн 9.8.14-т Компанийн тухай хуульд заасан журмыг баримтлан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг Төлөөлөн удирдах зөвлөл олгох"-оор заасан, мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр С.Оюунчимэгтэй байгуулсан "Б" ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ"-ний 2.3.2-т "Гүйцэтгэх захирал нь гадаад, дотоодын байгууллагатай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 3 тэрбум төгрөг хүртэл үнийн дүн бүхий гэрээ хэлцлийг бие даан хийх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан 3 000 000 төгрөг хүртэл зардлыг гаргах эрхтэй бөгөөд үүнээс дээш үнийн дүнтэй хэлцлийг зөвхөн ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийх гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-гаар нийт 3 270 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичиг нь тухайн үеийн компанийн нийт хөрөнгийн 26,32 хувьтай тэнцэх бөгөөд энэхүү хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаргасан байна. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана”, 88.2 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд “Б” ХХК нь ТУЗ-тэй компани байтал ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд тухайн асуудлаа оруулахгүйгээр гүйцэтгэх захирал Компанийн тухай хууль, Компанийн дүрэм, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг зөрчиж хийсэн үйлдэл юм. Иймд тус баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
2. Түүнчлэн “Б” ХХК нь “Н” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр FGI0313401072826 дугаар Баталгааны даатгал гэрээ-г Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сайн дурын даатгалын хэлбэрийн 1.13-т тус тус заасныг үндэслэн байгуулсан юм. Энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй NUBIA төслийн Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын газар, шорооны болон ус зайлуулах ажлын гүйцэтгэгч буюу даатгуулагч “Н” ХХК-ийн гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн эрсдэлийг хамгаалах зорилготой байсан. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт “даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд олгох гэж тус тус заасны дагуу даатгагчийн зүгээс даатгалын зүйл, эрсдэлийн төрөл, үргэлжлэх хугацаа зэрэг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг тусгаж, гэрээ байгуулсны нотолгоо болгон даатгалын баталгааг гаргуулдаг. Үүнтэй холбоотойгоор даатгагч “Б” ХХК-ийн тухай үеийн гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал, ажилтнууд Баталгааны даатгалын үндсэн гэрээнд Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гарган өгч байна гэж ойлгон 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-г тус тус гарган өгсөн байна. Өөрөөр хэлбэл, баталгаануудын төлбөр төлөгдөх нөхцөл, хүргүүлэх мэдэгдэл зэрэг нь даатгагч, даатгуулагчийн тохиролцооны зүйл, анхны үндсэн гэрээний агуулга, хүсэл зорилгод нийцээгүй, даатгалын баталгааны загвартай адил байснаас ноцтой төөрөгдөлд хүргэсэн тул 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 03/512 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Э” ХХК-д нэн даруй мэдэгдсэн болно. Уг албан бичигт даатгуулагч “Н” ХХК-тай байгуулсан 2013 оны FGI0313401072826 дугаар бүхий Баталгааны даатгал-ын үндсэн гэрээний нөхцөлд заасан эрсдэлийн төрөл, нөхөн төлбөр олгох зэрэг гэрээний нөхцөлийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргүүлсэн юм. “Б” ХХК нь даатгуулагч “Н” ХХК-тай байгуулсан 2013 оны FG10313401072826 дугаар Баталгааны даатгал-ын үндсэн гэрээний шинж, үндсэн агуулга, хүсэл зорилгод нийцээгүй баталгааг гарган өгч ноцтой төөрөгдсөн тул 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийн агуулгыг эндүүрсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл учраас хүчингүй хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу их хэмжээний хэлцлийн хууль зүйн үр дагавар нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид үүсэх бөгөөд ашиг сонирхол нь зөрчигдсөн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хэлцлийн улмаас үүсэх хууль зүйн үр дагавар нь хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал байх бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын зүгээс хийсэн хэлцлийг гуравдагч этгээдийн зүгээс шалгах, хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компанийн дотоод асуудал байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгааны агуулгаас харвал эдгээр баримт бичгүүд нь бие даасан хэлцэл, баримт бичгүүд байна. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг тус компанийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэг өөрөө гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдгийг дарж гаргаж өгсөн байх атал баталгааны дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үед ноцтой төөрөлдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй, бусдыг хохироосон залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн нотлох баримтууд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахад өөрийн үндэслэлийг нотлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Аливаа этгээдүүдийн хооронд байгүулагдсан хэлцэл бол нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журмын дараа орох талуудын хооронд заавал биелэгдэх үүрэг үүсгэдэг гол тохиролцоо, хоорондын дүрэм, баталгаа, хэлцлийн мөн чанар гэж бид ойлгож байна Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, баталгааны дагуу төлбөрийг олгож манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу “Б” ХХК-иас 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааны үүрэгт 2 394 878 435 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, баталгаа тус бүрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 290 292 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 507 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-иас 16 507 950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б” ХХК-ийн гаргаж өгсөн баталгаа нь Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул эдгээр баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарахаар байна гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхээс “Б” ХХК нь “Э” ХХК-ийн өмнө баталгаа гаргасан байна гэж талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн атлаа “даатгалын компани баталгаа гаргасан үйлдэл нь даатгалын хууль зөрчсөн” хэмээн үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтад тулгуурласан байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, баталгааны гэрээ нь агуулгын хувьд хуулиар хориглосон харилцаа биш бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд өөрийн нэрийн өмнөөс бие даан хийх нэг талын хэлцэл бөгөөд баталгаа гаргах асуудлаар эрх, үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгохыг даатгалын компанид хориглосон зүйл хуульд байхгүй. Нэхэмжлэгчийн ойлгож байгаагаар талууд хэлцэл байгуулахдаа хэлцлийн зүйл буюу хэлэлцэн тохиролцож харилцаанд оруулж байгаа обьект нь хуулиар хориглосон зүйлийг харилцан тохиролцсон байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуульд харшилсан хэлцлийн мөн чанар гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь хуулиар хориглосон зүйлийг гүйлгээнд оруулсан нөхцөлд хууль зөрчсөн хэлцэл болох нь гарцаагүй. Иймээс шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу даатгалын компани хуульд харшилсан хэлцэл байгуулсан буюу хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж байгаа нөхцөлд уг үйлдэл нь хууль зөрчсөн болохыг урьдчилан зайлшгүй тогтоосон байх ёстой. Хэргийн материалаас үзвэл “Б” ХХК нь даатгалын хууль зөрчсөн гэх үйл баримт байхгүй бөгөөд даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа баталгаа гаргасан үйлдлийг шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, буруу зүйлчилсэн. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргах”-ыг даатгагчид хориглосон байгаагаас үзвэл даатгалын компани нь даатгалын үйл ажиллагаа эрхлэхээс гадна хуулийн этгээд, компани буюу иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч болохын хувьд өөрийн нэрийн өмнөөс баталгаа, батлан даалтыг бусдад гаргах асуудлыг хуулиар хориглоогүй байх бөгөөд холбогдох этгээдэд гаргаж өгөх баталгааг хуулиар хориглосон байгааг шүүхээс буруу тайлбарласан.
Зохигч, хэргийн оролцогч нарын хэн ч “Б” ХХК нь хууль зөрчсөн, баталгаа гаргах харилцаа нь даатгалын компанид хуулиар хориотой гэсэн үндэслэл, шаардлага, тайлбарыг гаргаагүй. “Б” ХХК буюу хариуцагч мөн баталгаа гаргасан үйлдлээ хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж тайлбар гаргаагүй. Анхан шатны шүүхээс талуудын тайлбар гаргаагүй асуудлаар тодруулга огт хийгээгүй бөгөөд хариуцагчид хандаж баталгаа гаргах эрхтэй эсэх, өмнө нь гаргаж байсан эсэх, Хорооны зүгээс уг асуудлаар асууж лавласан зэрэг нөхцөл байдлуудыг тодруулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн байр суурийг асуухгүйгээр, холбогдох дүрэм журам, эрх зүйн зохицуулалтын талаарх талуудын байр суурь, үндэслэл, тайлбарыг харгалзан үзэхгүйгээр даатгалын компани хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй алдаатай шийдвэр болсон. Мөн анхан шатны шүүхээс Хорооны албан бичгийг хэрхэн үнэлсэн, түүнчлэн хуулиар хяналт шалгалт хийх бүрэн эрх бүхий этгээдийн гаргасан албан ёсны дүгнэлтийг яагаад үнэлээгүй талаараа шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдаагүй бөгөөд хэрэгт ач холбогдолтой, чухал баримтыг үнэлээгүй асуудал нь шүүх өөртөө хуулиар харьяалагдаагүй асуудлыг шийдэж дүгнэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.
Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй гэж үзсэн атлаа ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн хувьд даатгалын компанийн гаргасан баталгааны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж үндэслэл, шалтгаан болохгүй. Сөрөг нэхэмжлэлийг хангахдаа зайлшгүй хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагад тулгуурлах ёстой. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Б” ХХК-ийн зүгээс тус хэрэгт Б.Хангайг гэрчээр оролцуулахаар удаа дараа хүсэлт тавьж байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх шүүх хуралдаанд Б.Хангайг гэрчээр оролцуулах тухай бидний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч Б.Хангайг гэрчээр дуудсан боловч БНХАУ-д магистрт суралцахаар явсан тул Монгол Улсад гэрчийн мэдүүлэг авах боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу БНХАУ-ын тус улстай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Б.Хангайгаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулахыг хүссэн. Гэвч шүүгч дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон атлаа “Б.Хангай тус улсаас гарсан эсэх нь тодорхойгүй, түүний оршин суугаа хаяг тодорхойгүй” гэж бидний гаргасан Б.Хангайгаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамжийн дагуу дагуу гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн Б.Хангай нь БНХАУ-д суралцахаар явсны улмаас бид нотлох баримт цуглуулах ажиллагааг хийх боломжгүй болсон тул түүнийг хилийн чанадад гэрчээр асуух, түүний хаягийг тодорхой болгох ажиллагааг шүүх хийх үүрэгтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зарим баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгүүдэд заасан шаардлагуудыг хангаагүй байсан. Иймд тухайн баримтуудыг нотлох баримтуудын шаардлага хангуулж авах шаардлагатай байсан боловч шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт энэ тухай ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр бидний тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Бидний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу бид шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүгч хуулийн дагуу ажиллаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу бидний хүсэлтийг шийдвэрлэх бүрэн эрхийг Ерөнхий шүүгч хэрэгжүүлэх атал шүүгч нь өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж бидний хүсэлтийг Ерөнхий шүүгчид уламжилж шийдвэрлүүлээгүй.
Мөн шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ёстой. Гэвч бидний шүүх хурал 15:30 цагт эхэлж, шөнийн 00:30 цагийн үед завсарлаж, 01:30 цаг гэхэд дууссан. Энэ нь хэргийн оролцогчдыг амрах зайлшгүй шаардлагаар хангаагүй, өдрийн бус цагаар шүүх хуралдааныг явуулсан зөрчил юм.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийг гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгогдсон этгээд төлөөлж нэхэмжлэл гаргасан боловч гүйцэтгэх захирлаас түүнд олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт итгэмжлэл олгосон компанийн гүйцэтгэх захирал гэж тухайн итгэмжлэлд тусгагдсан этгээд нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тодорхой бус. Нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирал солигдсон тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд анх нэхэмжлэл гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн этгээдүүдийг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх юм.
Дээрх үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл болно гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, маргаанд хамаарах эрх зүйн харилцааны агуулгыг бүрэн тодорхойлоогүй, талууд маргаантай асуудлаар мэтгэлцсэн гэж үзэхээргүй байх тул давж заалдах заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан тус компанийн “Н” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Б” ХХК-иас гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны төлбөр 2 394 878 435 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, “Б” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа гэх хэлцлүүдийг тус тус хүчингүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргажээ.
Хариуцагч “Б” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа төлбөрийн 1 090 000 000 төгрөгийн, мөн өдөр гүйцэтгэлийн баталгаагаар 2 180 000 000 төгрөгийн баталгааг баталгаа хүлээн авагч /бенефициар/ “Э” ХХК-д гаргасан баримт хэрэгт авагдсан ба уг баталгааны гэрээний дугаар нь “Б” ХХК, “Н” ХХК-ийн хооронд мөн өдөр байгуулагдсан “Баталгааны даатгалын гэрээ”-ний FGI0313401072826 дугаараар бичигджээ.
Хэрэгт авагдсан “Б” ХХК-иас 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч “Э” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн агуулгаас үзвэл “Н” ХХК-тай FGI0313401072826 дугаартай баталгааны даатгалын гэрээг даатгуулагч нь өөрөө эсвэл түүний туслан гүйцэтгэгч нарын хууран мэхлэлт, үнэнч бус байдал, хууль бус бичиг баримт үйлдэх, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө шамшигдуулах, завших, албан тушаалаа урвуулах, итгэл алдах, онцгой үүрэг даалгаврыг буруу гүйцэтгэх зэргээр захиалагч талын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүссэн хохирлыг гэрээний нийт төлбөрийн хязгаар буюу 3 270 000 000 төгрөгт багтаан даатгагч буюу “Б” ХХК үүргийн гүйцэтгэлийг хангах, “Н” ХХК үүний төлөө хураамж төлөх нөхцөлтэй, 4 жилийн хугацаатайгаар байгуулсныг дурдаж, даатгалын гэрээний тухай мэдэгджээ.
Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзвэл талуудын хооронд хийгдсэн гүйцэтгэлийн баталгаа гэх баримт буюу хэлцэл нь даатгалын гэрээтэй холбоотой гаргасан баталгаа, эсвэл уг даатгалын гэрээний үүрэгтэй хамааралгүй тусдаа Иргэний хуулийн 234 дүгээр зүйлээр зохицуулагдах хэлцлийн аль нь болохыг тодорхойлох шаардлагатай. Талуудыг энэхүү маргаантай асуудлаар мэтгэлцүүлээгүй буюу шүүх Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсгийг хэрэглэн уг баталгааг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Хариуцагчийн тайлбарласанчлан төөрөгдсөн хэлцлийн талаар дүгнэх тохиолдолд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх, харин хууль зөрчсөн хэлцэл гэж тодорхойлж байгаа бол даатгалын гэрээ гэж үзэн Даатгалын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагатай ба талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлолгүйгээр маргаж буй үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй.
Иймд шийдвэрийг хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй холбоотой зохигчдын мэтгэлцээн, хэргийн нотлох баримтад үндэслэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 12 132 434 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.ОТГОНЦЭЦЭГ