| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2019/00024/э |
| Дугаар | 2019/ДШМ/24 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 23.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2019/ДШМ/24
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ч.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтуяа
Шүүгдэгч Б.С
Нарийн бичгийн дарга Л.Сүхбар нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.С-д холбогдох эрүүгийн 1926001130073 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Аюур овгийн Б.С
Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын төвд байх цагдаагийн кабон байрны үүдэнд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-ийг шалгаж байсан Өвөрхангай аймгийн Сант сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Х.Батпүрэвийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг /заазуур/ хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Аюур овгийн Б.С-г зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Аюур овгийн Б.С-г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдан, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай, 8 см өргөнтэй ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй ахуйн хэрэглээний төмөр заазуур 1 ширхэгийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.С нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруутайд тооцогдсон үйлдэл холбогдолд нь эс тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Учир нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй үндэслэл нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй, эд хөрөнгөгүй байгаа нь торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ялын сонсгох санкцыг хэрэглэж эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх боломжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Прокурор Ч.Энхжаргал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.С-н үйлдсэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд 3 төрлийн ял оногдуулах санкцтай бөгөөд 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хугацаагаар хорих ялын шийтгэлтэй гэмт хэрэг юм. Дээрх ял шийтгэлээс зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэх хуулийн боломжгүй тул дээрх ялыг оногдуулах боломжгүй. Шүүхээс Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хамгийн хөнгөн буюу торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд торгох ялыг төлөх боломжгүй сонгох санкцийг хэрэглэж өгөөч гэх гомдол нь агуулгаараа хорих ял оногдуулах боломжтой гэж ойлгогдож байна. Давж заалдах шатны шүүхээс хүнд ял болох хорих ял оногдуулвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д заасан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэх заалт зөрчигдөнө гэж прокурорын зүгээс үзэж байна. Хорихоос өөр төрлийн ял нь хорих ялаас ямагт хөнгөн ял шийтгэлд хамаарч байгааг дурдах зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.С нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй нөхцөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Б.С нь шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх боломжгүй бөгөөд үйл явдалд нь тохироогүй ял оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх боломжгүй бөгөөд гэмт үйлдэл болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохироогүй. Шүүгдэгчийн хувьд тодорхой эрхэлсэн ажил байхгүй бөгөөд Б.С-н өрх гэрт орлого байхгүй. Тодорхой ажил эрхэлдэггүй, ямар нэгэн эд хөрөнгө байхгүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч М, Э нарын мэдүүлэгээр тогтоогддог. Мөн хавтас хэрэгт авагдсан 43-45 дугаар хуудаст байгаа банкны лавлагаанууд нь Б.С-г ямар ч орлого байхгүй гэдгийг нотолж байна. Тийм учраас Б.С нь торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй бөгөөд тохирсон ял оногдуулаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийн нөхцөл байдал зүйлчлэлийг өөрчлүүлэхгүйгээр ялыг нь хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гомдлыг гаргасан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан торгох ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан нэг жил хүртэл хугацаагаар тэнсэх ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Шийтгэх тогтоолын үндэслэх болон тогтоох хэсгийн заалтууд дээр зүйлчлэлийн хувьд анхаарч үзэх зүйлүүд харагдаж байна. Түүнд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.
Прокурор Ч.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан заалт нь торгох буюу хорих ял шийтгэл оногдуулдаг сонгох санкцтай. Хэрэв хорих ял оногдуулвал шүүгдэгчийн ял шийтгэл хүндэрнэ. Хүндрүүлэх заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэх боломжгүй бөгөөд хэрэв хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Анхан шатны шүүхээс Б.Сэрээдавгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлтэй шийтгэх тогтоол гаргасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтуяагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын төвд байх цагдаагийн кабон байрны үүдэнд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-ийг шалгаж байсан Өвөрхангай аймгийн Сант сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Х.Батпүрэвийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг /заазуур/ хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Батпүрэвийн “... 2019 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын төв дээр кабон байрны урд албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавиад нийтийн бие засах газар бие засаад Д.Д, түүний хүү А.Б нарын хамт цагдаагийн кабон байр луу явж байхад сумын Засаг даргын тамгын газрын зүүн урд булангийн зүүн талд мотоцикльтой хүн ирээд мотоциклоо тулгаж тавиад шууд цагдаагийн кабон байр луу алхсан ...Тэгтэл Б.С хүрээд ирсэн. Б.С дээр очоод амрыг эрье гэхэд Б.С согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байхаар нь би “...Чи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргаж зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаа. Яагаад дахин дахин согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байдаг юм бэ?” гэтэл “Чи миний мотоциклийг хураах уу? би өгөхгүй” гэсэн. Тэгэхээр нь би Б.С чи ямар учиртай согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд яах гэж ирсэн юм бэ? гэтэл баруун тийш хараад явган суучихсан. Тэгээд баруун талын гутлын түрийнээсээ заазуур гаргаж ирээд “чамайг ална” гээд өндийсөн. Тэгэхээр нь би түлхээд холдуулсан. Тэгтэл над руу ална гээд заазуураа далайсан. Кабон байрны цонхоор Д.Д-г хараад цонхыг нь тогшсон. Тэгтэл Б.С намайг “ална” гээд далайгаад байхаар нь би заазуур барьсан баруун гарын шуунаас нь зүүн гараараа бариад, баруун гараараа зүүн гарыг нь бариад зүүн хөлөөрөө тахимдаж унагасан. Б.С-н заазууртай баруун гарыг зүүн өвдөгөөрөө дараад, баруун өвдөгөөрөө цээжин дээр нь дараад цагдаа Н.А-г гурван удаа дуудтал эхнэр Д.Д, хүү А.Б нар гарч ирэхээр нь Н.А-г дуудаатах гэж хэлсэн. Тэр 2 ороод Н.А гарч ирсэн. Н.А-г гарч ирэхэд Б.С эсэргүүцэхээ больсон. Тэгээд Н.А-д “баруун гарт нь байгаа заазуурын зургийг дараатах” гээд зураг авахуулсан. Заазуурыг нь гараас нь аваадах гээд заазуурыг нь авахуулсан. Тэгээд нэг бүрийн тусгай хэрэгсэл гав хэрэглэж гавлаад дараа нь цагдаагийн хэсгийн кабон байрны ажлын өрөөнд оруулсан ...Сант суманд согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 2.72 хувийн согтолттой байсан...” гэх /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-н “... 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.С нь гэртээ найзынхаа мотоцикльтой ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Б.С-г заазуур авч явсныг мэдээгүй урьд нь сумын төвийн гэрт хутга заазуур байхгүй хоол унд хийхээр хэцүү юм гэж хэлж байсан. Б.С-г гэртээ орж ирэхээр нь архи уулаа. Хоёр цагдаа чамайг асуугаад байна, чи хаашаа юм гэтэл шууд гараад явчихсан...” гэх /хх-ийн 18- 19 дүгээр хуудас/,
Гэрч М.М-н ”...Б.С нь сумын төв явахдаа оторынхоо гэрээс сумын төв дээр байдаг гэртээ заазуур аваачиж өгөх гээд явсан юм. Манай нэг гэр сумын төв дээр, хөдөө өвөлжөөн дээрээ нэг гэр, одоо отороор нэг гэр тусдаа гарч ерөнхийдөө 3 тасраад байна...” гэх /хх-ийн 20-21 дугаар хуудас/,
Гэрч Н.А-н “...Цагдаагийн газрын ойн зураг авахуулахаар гэртээ байж байсан. Оройн 20 цагийн үед хүн орилоод цонх нүдэх шиг болохоор нь хувцасаа өмсөөд гүйгээд гартал эхнэр зөрж гэр лүү ороод гадаа асуудал болоод байна хурдан гар гэсэн. Тэгээд гартал Сант сумын иргэн Б.С гэгч согтуу заазуур бариад хэсгийн төлөөлөгч Х.Батпүрэв рүү далайгаад дайрч байсан. Хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Х.Батпүрэв иргэн Б.С-н үйлдлийг таслан зогсоож газар унагаж гараас нь заазуурыг нь би салгаж авсан. Тэгээд тусгай хэрэгсэл гав хэрэглэж гавлаад кабон байранд оруулж Цагдаагийн газрын 102-т дуудлага өгсөн. Тэгээд аймгийн төв рүү авч ирж саатуулсан, ...заазуураа барьчихсан далайгаад хэсгийн төлөөлөгч Х.Батпүрэв рүү дайрч байсан. “Нэг мөсөн 5 жил явчихмаар байна. Та хоёрыг ална. Хундаамаар чинь алнаа” гээд орилоод байсан...” гэх /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-н “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар баг кобан байрны гадаа болсон асуудал байгаа юм, ...Х.Батпүрэв төлөөлөгч “энэ Б.С байна даа яах гэж байгаа юм бол” гээд хүүе гээд дуудсан. Тэгээд кобан байрныхаа гадаа тэр 2 уулзаад хоцорсон. Би хүүхдээ дагуулаад гэртээ орсон удалгүй “А” гээд орилсон. Би цонхоор хартал Б.С нь Х.Батпүрэв төлөөлөгчтэй барилцаад авсан байсан. Би Н.А хэлчихээд гүйгээд гартал Х.Батпүрэв төлөөлөгч “энэ намайг заазуураар алах гэж байна шүү дээ” гээд дээрээс нь дарж байсан...” гэх /хх-ийн 24-25 дугаар хуудас/ мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5, 70-71 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах, өмгөөлөх талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Б.С-г зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн Б.С-д оногдуулсан торгуулийн ял шийтгэл нь тохироогүй, түүнийг биелүүлэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулан түүнийг тэнсэж өгөхийг хүссэн гомдлыг хангах боломжгүй байна.
Харин гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.С-д анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулын ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжтой.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “зургаан зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/” гэснийг “таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/” гэж
3 дахь заалтын “зургаан зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/” гэснийг “таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/” гэж, “нэг жилийн хугацаанд” гэснийг “гурван жилийн хугацаанд” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьсугай.