Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0860

 

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0860

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг ******* нэртэй газарт 77,12 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмал ашиглалтын *** дугаар тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн цуцалсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тавантолгой нэртэй газарт 77,12 га талбай бүхий *** дугаартай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эзэмшиж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд хугацаанд нь татвар хураамжаа байнга төлсөөр ирсэн болно.

Нийслэлийн засаг дарга бидэнд урьдчилан мэдэгдэлгүй 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот захирамжаараа манай компанийг түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.1.3, 37.6 мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталж, тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна, 11 дүгээр зүйлийн 11.2-т түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг талсан зогсоох арга хэмжээ авах, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална хэмээн хуульчилснаар өмнө нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой харилцааг энэхүү хуулиар тусгайлан зохицуулах болсон байна. Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгайлан зохицуулах болсон байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй болжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн *** дүгээр захирамжаар Нийслэлийн Байгаль орчны газраас дүгнэлт гарган ирүүлсэн 95 аж ахуйн нэгжид хамаарах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлын 62 аж ахуйн нэгжид хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр, 33 аж ахуйн нэгжид хамаарах асуудлыг нь тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсний 14 болон 18-д нэхэмжлэгч Б ХХК

багтжээ.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтаар газрын хэвлийг ашиглагч нь газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болохоор заажээ. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгохоор заажээ.

Нийслэлийн Засаг дарга уг захирамжийг гаргахдаа дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Ашиглалтын үйл ажиллагаа огт явуулаагүй байхад Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх үндэслэл гаргасан байдаг.

Гэтэл манай компани 2014 оноос өнөөдрийг хүртэл эдийн засаг, санхүүгийн хямрал болон бусад шалтгааны улмаас огт үйл ажиллагаа явуулаагүй юм. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил илэрсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэж заасан байтал Нийслэлийн Засаг дарга нь манай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн.

Манай тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-д заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан байхад огт мэдэгдээгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцногэж заасан боловч дээрх хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны *** дүгээр захирамжийг гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасныг тус тус үндэслэн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2 байгууллагын хамтран хийсэн хяналт шалгалтаар Газрын хэвлийн тухай хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан болно.

Тус аж ахуйн нэгжийн *** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна.

Мөн *** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй тул Нийслэлийн засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасныг үндэслэн 7.2.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж газрын хэвлий ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар

болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.

Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны *** дүгээр захирамж нь 95 аж ахуйн нэгжид хандаж гарсан тул Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх үндэслэл нь тус аж ахуйн нэгжид хамааралгүй заалт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.5 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдэл хийсэн бөгөөд өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийсэн.

Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжийг гаргасан өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны цахим хэлбэрээр мэдэгдсэн болно.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны *** дүгээр захирамжийг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжид шуудангаар хүргүүлсэн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тухайн аж ахуйн нэгж нь нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг ******* нэртэй газарт 77,12 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн ундны усны хамгаалалтын бүстэй давхцаагүй 10,45 га бүхий талбайд холбогдох хэсгийг болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмал ашиглалтын *** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Улмаар шүүх хуралдаанд эхний нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг ******* нэртэй газарт 77,12 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дүгээр захирамжийн *** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, *** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10,45 га талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх 66,67 га талбайд холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн *** дугаар гэрчилгээнээс үзэхэд Б ХХК-д 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн ******* нэртэй газарт байрлах 77 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Мөн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн *** дугаар гэрчилгээнээс үзэхэд Б ХХК-д 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* нэртэй газарт байрлах 77.12 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөлийг 2041 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дүгээр захирамжийн 2 дахь заалтаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК-ийн *** болон *** дугаар тусгай зөвшөөрлүүдийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх *** дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 14, 18-д Б ХХК бичигдсэн байна.

1988 оны Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Газрын хэвлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 10 дугаар зүйлийн 10.2-д Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна., 13 дугаар зүйлд Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно. 21 дүгээр зүйлийн 5-д ...Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг буюу лицензийг цуцлах замаар газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор тодорхой хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлах замаар газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор байна.

Үүнээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2017 оны *** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж заасан байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй; бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан байна.

2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан ба тус хуулийн 37 дугаар зүйлээр тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг нэрлэн зааж, нарийвчлан зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасны дагуу газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болохоор, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийг цуцалж болохоор хуулиудын зохицуулалтууд хоорондоо зөрчилтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь ***, *** дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч байх ба түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байна.

Иймд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа илүү нарийвчилсан зохицуулалт бүхий хууль болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах эсэхийг шийдвэрлэх ёстой байжээ.

Тодруулан хэлбэл, хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д нэрлэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүд үүссэн нөхцөлд л тус хуулийн зохицуулалтуудыг баримтлан тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хуульд заасан үндэслэл үүсээгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл үүсээгүй байх тул маргаан бүхий захиргааны акт Нийслэлийн Засаг даргын 2017 оны *** дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дүгээр захирамжийн *** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг болон *** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10,45 га талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх 66,67 га талбайд холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Усан сан бүхий энгийн хамгаалалттай бүстэй давхцалтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн жагсаалт гэсэн нэртэй хүснэгт[1] болон 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Усан сан бүхий энгийн хамгаалалттай бүстэй давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайн зургаас[2] үзэхэд *** дугаартай 77,12 га тусгай зөвшөөрлийн талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 66,67 га хэмжээгээр давхцалтай болох нь нотлогдож байх ба усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай асуудлыг нэхэмжлэгч, хариуцагч хүлээн зөвшөөрдөг, энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б ХХК-ийн 77,12 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тус захирамжийн усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10,45 га талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 66.67 га талбайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын Б ХХК-ийн МV-******* дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг болон *** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10,45 га талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

[1] 128/2021/0270/З индекс бүхий хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[2] 128/2021/0270/З индекс бүхий хавтаст хэргийн 8 дугаар хуудас