| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 110/2024/0062/З |
| Дугаар | 221/МА2025/0115 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0115
“Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******
Нэхэмжлэгч: “Ө*******” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга ЗТХЯ/20240101099 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Б*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: ЗТХЯ/20240101099 дугаартай Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын /Баян-Өлгий, Өлгий сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12_02 дугаар зөвлөмжийг хүчингүй болгож, “Ө*******” ХХК-ийн тендерийг шалгаруулахыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110/ШШ2024/0053 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 110/2024/0062/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ө*******” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга ЗТХЯ/20240101099 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “ЗТХЯ/20240101099 дугаартай Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын /Баян-Өлгий, Өлгий сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12_02 дугаар зөвлөмжийг хүчингүй болгож, “Ө*******” ХХК-ийн тендерийг шалгаруулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110/ШШ2024/0053 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 16 дугаар зүйлийн 16.5, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.9, 50 дугаар зүйлийн 50.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ЗТХЯ/20240101099 дугаартай Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын /Баян-Өлгий, Өлгий сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12_02 дугаар зөвлөмжийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Ө*******” ХХК-ийн тендерийг шалгаруулахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т /нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох/ заалтыг удирдлага болгосон нь хууль хэрэглээний алдаа болжээ.
Шүүх жинхэнэ хариуцагч биш этгээдэд холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч тендерийн Үнэлгээний хороог Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/86 дугаар захирамжаар байгуулсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/26 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад шилжүүлсэн байсан эрхийг Зам, тээврийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/214 дугаар тушаалаар Иргэний нисэхийн еренхий газарт шилжүүлсэн. Энэхүү тушаал гарснаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний байгуулсан Үнэлгээний хорооны тендер шалгаруулалтыг явуулах бүрэн эрх дуусгавар болсон. Улмаар энэхүү маргааны хариуцагч нь Иргэний нисэхийн ерөнхий газраар солигдох ёстой, ядаж хамтран хариуцагчаар татагдах ёстой гэж нэхэмжлэгч үзэж хариуцагчийг солих тухай хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, бүрэн эрхгүй тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.
Нэхэмжлэгч талаас ““Ө*******” ХХК-ийг шалгаруулахыг даалгах" шаардлагыг хангуулах тухай давж заалдах гомдол гаргаж байгаа ч давж заалдах шатны шүүхээс эрхгүй болсон Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэх боломжгүй тул энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг арилгуулах шаардлагатай.
Шүүх “Ө*******" ХХК-ийг тендерт шалгаруулаагүй үндэслэлийг шалгаад үндэслэлгүй шийдвэр болохыг дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг тендерт шалгаруулахыг даалгаж шийдвэрлэсэнгүй. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-д заасныг үндэслэн "захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг шүүх хэрэгжүүлэх, сонгох эрх хэмжээнд шүүх халдах боломжгүй" гээд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. "Б*******" ХХК-ийн тендер техникийн шалгуур хангаагүй, "Ө*******" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй, өөр бусад оролцогчид гомдол, нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс "Ө*******" ХХК-ийг шалгаруулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна. Ийнхүү шийдвэрлэх нь захиргааны байгууллагын бүрэн эрх, сонгох боломжид халдсан явдал болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга ЗТХЯ/20240101099 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос гуравдагч этгээд “Б*******” ХХК-ийг 2 удаа ч шалгаруулсаныг Сангийн яамнаас хүчингүй болгож, тендерийн үнэлгээг 3 дахь удаагаа хийхийг даалгасан, гэвч Үнэлгээний хорооноос дахин тус компанийг шалгаруулсан нь үндэслэлгүй буюу тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хэрхэн хангахгүй байгаа талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-21 дүгээрт дүгнэснийг, мөн Үнэлгээний хорооны “Б*******” ХХК-тай гэрээ байгуулах тухай маргаан бүхий зөвлөмжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг гуравдагч этгээдээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, харин “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******аас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж бичгээр гаргасан тайлбартаа “…шүүх жинхэнэ хариуцагч биш этгээдэд холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн…” гэх нэхэмжлэлийн даалгах шаардлагатай холбоотой давж заалдах гомдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсэгт нэмж дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин уг тендерт нэхэмжлэгчийг шалгаруулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “…Үнэлгээний хорооны болон захиалагчийн эрхэд шүүх халдах боломжгүй…” гэснийг буруутгах үндэслэлгүй, мөн үр дагавар болон үүссэн нөхцөл байдлын хувьд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн А/26 дугаар тушаалаар энэхүү тендерийг зохион байгуулах эрхийг анх Баян-Өлгий аймгийн Засаг даргад олгосон ч тендер шалгаруулалт явагдаж байхад буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сайдын мөн оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/214 дүгээр тушаалаар Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих эрхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт шилжүүлж, төсөл, арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон байх тул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжийг хүчингүй болгосон ч эрх нь дуусгавар болсон Үнэлгээний хороонд уг тендерт “Ө*******” ХХК-ийг шалгаруулахыг даалгах боломжгүй.
2.Түүнчлэн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй.
Учир нь Зам, тээврийн яамны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/1453 дугаар албан бичигт Сайдын дээрх тушаал ямар шалтгааны улмаас гарах болсныг, тухайлбал “…тендер шалгаруулалтын талаарх гомдлыг Сангийн яам удаа дараа хянаснаас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул орон нутагт зохих эрх шилжүүлснийг ийнхүү цуцалсан…” талаар дурдсан, иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас Үнэлгээний хороог шинээр байгуулж тендер шалгаруулалтыг зохион байгуулах үр дагавар үүсэхээр байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үр дагаварт хүргэхгүй, нэхэмжлэгчээс ч аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны тендер шалгаруулалт явуулах эрх дээрх нөхцөл байдлын улмаас дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн болох нь давж заалдах гомдлоор нотлогддог.
Нэгэнт Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны А/214 дүгээр тушаалаар Өлгий нисэх буудлын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлж зохион байгуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газар даалгасантай холбогдуулан өмнөх “Эрх шилжүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1, 2 дахь заалтыг буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон тул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороонд, эсхүл энэхүү тендер шалгаруулалтын талаар ямар ч шийдвэр гаргаагүй байгаа Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулж дахин хэргийг хянан шийдвэрлэх шаардлагагүй болно.
3.Давж заалдах гомдолд “…хариуцагчаар Иргэний нисэхийн ерөнхий газар татагдах ёстой байсан…” гэх боловч Сайдын тушаалаар тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах эрхийг бус харин дахин зохион байгуулахыг тус газарт даалгасан энэ тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газрыг жинхэнэ, эсхүл хамтран хариуцагчаар татаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй.
Шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай” 106.1.14-ийг бус 106.3.13-ыг удирдлага болгох ёстой, гэвч бичиглэлийн энэхүү илэрхий алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх бус уг хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргасан шүүгч засварлах боломжтой болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110/ШШ2024/0053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийн өмгөөлөгч Б.М*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН