Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: МӨХ-ны гишүүн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

Шүүгдэгч: Б.Батмэнд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Сад овогт Баярчулууны Батмэндэд холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010080 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа нүүрсний машин жолоодож байсан, ам бүл 3, эхнэр 9 сартай хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хороолол, 1б байрны 55 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сад овогт Баярчулууны Батмэнд  /РД: МЛ88022339/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Батмэнд нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун Сухайт дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор химийн хорт болон аюултай бодис болох 30 киллограмм мөнгөн усыг нүүрс тээврийн 21-38 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн автомашинд нууж, Монгол улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй тээвэрлэн оруулж ирсэн, тухайн өдөртөө Улаанбаатар хот руу замын автомашинаар тээвэрлэсэн, мөн хугацаанаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Драгон” авто вокзалын ил зогсоол дээр АИСО маркийн автобусны тээшинд хадгалсан, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 53-17 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинд уг мөнгөн усыг шилжүүлэн ачиж, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батмэнд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 05 дугаар сарын дундуур фэйсбүүкд зар үзэж байхад гийр авна гэсэн зар байсан. Хүнээс гийр яагаад ийм үнэтэй байдаг юм бэ? гэхэд дотроос нь мөнгөн ус гардаг гэж хэлсэн учир түүнийг авна гэсэн хүн рүү залгаж асуусан бөгөөд 1.000.000 төгрөгөөр авна гэсэн. Урд байхдаа Өвөр монгол залуугаас мөнгөн ус олдох эсэх талаар асуухад сураглаж өгье гэж хэлсэн. Тэгээд худалдаж авсан. Монголд ирээд бодисыг худалдаж авах хүн олдоогүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Бичмэл нотлох баримтуудын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Должидмаагийн: “...би байгууллагаа төлөөлж байцаалт өгч байна. Мөнгөн ус нь химийн бодисын ангиллаар онцгой хортой бодис гэж ангилагддаг ба ууршимтгай, дэгдэмхий бодис юм. ....Тухайн мөнгөн усыг одоогоор шалгаагүй байгаа учраас байгаль орчинд учирсан хохирол байхгүй тул манай байгууллагаас гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч XURENQIMUGE /Шүрэнчимэг/-ийн: “...Би хятад талдаа Чүлин буюу Монголд Ван Үрс нэртэй компанид хөтчөөр ажилладаг юм. Манай компани нь Таван Толгой уурхайгаас БНХАУ-ын Ганц Модны боомт руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн эзэмшлийн 15-35 БЧ дугаарын чиргүүлтэй, 21-38 ӨМӨ дугаарын Нордбенз машинд мөнгөн ус гэх бодис нууж оруулж ирэхэд ашигласан гэж Цагдаагийн байгууллагаас саатуулж, өнөөдөр битүүмжлэн надад хүлээлгэн өгсөн юм. ...Би Батмэнд гэх нэртэй танихгүй. Тухайн өдөр машиныг Б.Батмэнд гэдэг хүн жолоодож Монгол улс руу орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Манай компанийн машинуудыг хятад талдаа хятад эздүүд нь хариуцаад Өвөрмонгол хөтчөөр дамжуулан машинаа бариулах, монгол жолооч нартай хувиараа тохироод нүүрсний машинуудаа бариулдаг болохоор бидэнд тэдний өдөр тийм машиныг жолоодсон гэх нарийн бүртгэл компанид байдаггүй юм. Энэ машин нь цувааны дарга Юүжи Гөү гэдэг хятад хүний өөрийнх нь машин бөгөөд түүний хөтөч нь Цэцэнбилэг гэдэг Өвөрмонгол хүн байдаг юм. Өвөрмонгол хөтөчүүд болохоор машины эзэн хятад хүн болон Монгол жолооч нарыг хооронд нь холбож өгдөг юм. Манай компанид Батмэнд нэртэй жолооч байхгүй.....Би компанийнхаа хүмүүс болон машины эзэн хятад болон Цэцэнбилэг нартай хятадын Ганц Модны боомтод уулзсан. Тэд мөнгөн усыг машинаар нь оруулсан асуудлыг анхнаас нь мэдээгүй юм билээ.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жамъянсэнгийн: “....Би тэр өдөр Гашуун Сухайт боомтын нүүрсний орох чиглэлийн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж байсан. ....Би өөрт хуваарилагдсан нүүрс тээврийн хэрэгслийн толгой буюу кабин дотор болон чиргүүл, түүний хаалгыг нээж доторх байдлыг шалгаад дараа нь багажны хайрцгийг нээлгэж шалгадаг. Тухайн өдөр зөвхөн нүүрсний орох чиглэлд нийт 846 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл / нүүрс тээврийн машин/ хил нэвтэрсэн бөгөөд би ГУБ-гч Билгүүдэйн хамт эдгээр машинуудад хяналт тавьж ажилласан. Энэ дурдагдаад байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь хэн гэдэг хүн байсан, машин тэрэг нь ямар өнгө дугаар, содон шинж тэмдэг бүхий машин байсныг би одоо санахгүй байна. Тээврийн хэрэгслийг шалгадаг технологийнхоо дагуу л тухайн тээврийн хэрэгслийг шалгасан байх. Хэрвээ тухайн машинаас ямар нэгэн зөрчилтэй зүйл илэрсэн бол тэр даруй зохих журмын дагуу саатуулан холбогдох ажиллагааг хийх байсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мөнхжаргалын: “....Би тухайн өдөр Гашуун Сухайт боомтын нүүрсний тээврийн хэрэгслийн Монгол улс руу орох чиглэлд үзлэг шалгалт хийж ажилласан. Тухайн орох чиглэлд 4 урсгал замаар нүүрсний машинууд орж ирдэг бөгөөд тухайн өдөр би байгууллагаа төлөөлж ганцаараа хяналт шалгалт хийж ажилласан юм. ....Бид тээврийн хэрэгслүүдэд хүн нуугдаж болзошгүй хэсгүүдийг биечлэн шалгадаг. Тухайн машиныг би шалгасан эсэхээ одоо санахгүй байна. Олон машинууд зэрэгцээд ороод ирдэг учир боломжоороо үзэж хараад явуулдаг. Тээврийн хэрэгслийг удаа хугацаагаар саатуулаад шалгахаар нүүрс тээврийг саатууллаа, хөдөлгөөн хаалгаа гэсэн шаардлага тавьдаг учир аль болох хурдан шалгах шаардлага үүсдэг. Бид жолооч нар паспортдаа штамп даруулж байгаа эсэх, хил зөрчигч байгаа эсэхэд голчлон хяналтаа тавьдаг. ....Бид шалгаж буй машинуудын кабины хаалгыг нээж доторхыг хардаг боловч орны доогуур хүн багтах зайгүй учир орыг сөхүүлж шалгадаггүй. ....Бүртгэлээс харахад энэ машиныг Батмэнд гэх хүн жолоодод оройны 20 цаг 37 минутанд Монгол улс руу орж ирсэн байна. Тухайн өдөр нүүрс тээврийн 846 ширхэг автомашин Монгол улс руу орж ирсэн байна. Тэдгээрийн нэлээд сүүлийн хэсэгт энэ машин орж ирсэн талаар бүртгэгдсэн байна.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хосбаярын: “.... Б.Батмэнд над руу 2016 оны 06 дугаар сард билүү /одоо сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан зун байсан./ мөнгөн ус авах хүн байна уу? мэддэг хүн байна уу? гэж асууж байсан. Би Батмэндэд мөнгөн усыг хүн амьтнаас асууж өгье гэж хэлсэн. Тухайн үед би тэр яриад нээх ач холбогдол өгөөгүй. Тэгээд л яриад өнгөрсөн. Би хэн нэгнээс мөнгөн усны талаар огт асуугаагүй. Батмэндэд мөнгөн ус байгаа юм уу? үгүй юм уу? хэний мөнгөн усыг зарах гэж байгаа талаар нь ч асуугаагүй.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 160 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Батсайханы: “.... Надад мөнгөн ус байна та авчих хүн байвал сураглаж байгаарай гэж захисан юм. Би түүнээс ямар учиртай юм хаанаас олж авсан, ямар үнэтэй болохыг тодруулж асуугаагүй. Түүнээс хоёр гурав хоногийн дараа би Дархан орохоор хүнээ ачаад явж байтал Завханаас ирлээ гээд 50 орчим насны эгч ирээд Дарханы Хонгор суманд очно гээд миний машинд суусан. ...Тэр эгчээс мөнгөн ус сонирхох уу? манай нэг найз зарах гэж байгаа  юм гэж хэлсэн. Тэр эгч чи чинь яасан хамаагүй ярьдаг юм гэж хэлээд дараа нь бид 2 замын гуанзанд хоёулаа ярьсан. Тэр эгч худалдаж авах хүн байвал асууж өгье гэж хэлээд надаас салсан. Тэр эмэгтэй болон Мэндээ 2-ыг би мэдэхгүй байна. Тэгтэл нэг өглөө цагдаа нар ирээд намайг дагуулж яваад Мэндээ болон мөнгөн усны талаар тайлбар авсан. Би болсон явдлыг тэр цагдаагийн хүмүүст үнэнээр нь хэлсэн. Надад энэ хэрэгт ямарч оролцоо байхгүй. Би мөнгөн ус гэдэг бодисыг амьдралдаа харж байгаагүй.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Хүрэлбаатарын: “.... Батмэнд Улаанбаатар хотод ирчихсэн байна намайг мөнгөн ус авах хүн байна уу? сурж байгаараа гэж хэлсэн. Би Батмэндийн зарах гээд байгаа мөнгөн усыг хараагүй. Утсаар л мөнгөн ус зарна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52-57 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 57-58 хуудас/

Гамшиг судлалын хүрээлэн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 9/189 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд авсан мөнгөлөг өнгийн шингэн бодисын Физик, химийн шинж чанарыг үндэслэн, мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо...” /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/

Б.Батмэндийн хил нэвтэрсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудас/

Т.Уртнасангийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 157 дугаар хуудас/

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 130-133 дугаар хуудас/

Байгаль орчин, аялал жуучлалын яамны “Монгол улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг бууруулах нь” төслийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08/2016 албан тоот / хавтаст хэргийн 143 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 157 дугаар хуудас/

Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06/993 дугаартай мэдээлэл хүргүүлэх албан тоот / хавтаст хэргийн 176 дугаар хуудас/

Эд мөрийн баримт /Бохир жингээр 29,62 кг мөнгөн ус нь “ Монгол улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг буруулах нь” төслийн агуулахад хадгалагдаж байгаа. /хавтаст хэргийн 177 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

  Шүүгдэгч Б.Батмэнд нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун Сухайт дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор химийн хорт болон аюултай бодис болох 30 киллограмм мөнгөн усыг нүүрс тээврийн 21-38 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн автомашинд нууж, Монгол улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй тээвэрлэн оруулж ирсэн, тухайн өдөртөө Улаанбаатар хот руу замын автомашинаар тээвэрлэсэн, мөн хугацаанаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Драгон” авто вокзалын ил зогсоол дээр АИСО маркийн автобусны тээшинд хадгалсан, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 53-17 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинд уг мөнгөн усыг шилжүүлэн ачиж, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Б.Батмэндийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр болон бусад баримт болох хилээр шалган нэвтрүүлсэн лавлагаа, хохирогч Б.Должидмаагийн: “...Мөнгөн ус нь химийн бодисын ангиллаар онцгой хортой бодис гэж ангилагддаг ба ууршимтгай, дэгдэмхий бодис юм...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Жамъянсэнгийн: “....Би тэр өдөр Гашуун Сухайт боомтын нүүрсний орох чиглэлийн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж байсан. ... Энэ дурдагдаад байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь хэн гэдэг хүн байсан, машин тэрэг нь ямар өнгө дугаар, содон шинж тэмдэг бүхий машин байсныг би одоо санахгүй байна. Тээврийн хэрэгслийг шалгадаг технологийнхоо дагуу л тухайн тээврийн хэрэгслийг шалгасан байх. Хэрвээ тухайн машинаас ямар нэгэн зөрчилтэй зүйл илэрсэн бол тэр даруй зохих журмын дагуу саатуулан холбогдох ажиллагааг хийх байсан.” гэх мэдүүлэг, гэрч А.Мөнхжаргалын: “....Бүртгэлээс харахад энэ машиныг Батмэнд гэх хүн жолоодод оройны 20 цаг 37 минутанд Монгол улс руу орж ирсэн байна. Тухайн өдөр нүүрс тээврийн 846 ширхэг автомашин Монгол улс руу орж ирсэн байна. Тэдгээрийн нэлээд сүүлийн хэсэгт энэ машин орж ирсэн талаар бүртгэгдсэн байна.” гэх мэдүүлэг,  гэрч Г.Хосбаярын: “.... Б.Батмэнд над руу 2016 оны 06 дугаар сард билүү /одоо сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан зун байсан./ мөнгөн ус авах хүн байна уу? мэддэг хүн байна уу? гэж асууж байсан. Би Батмэндэд мөнгөн усыг хүн амьтнаас асууж өгье гэж хэлсэн. Тухайн үед би тэр яриад нээх ач холбогдол өгөөгүй. Тэгээд л яриад өнгөрсөн. Би хэн нэгнээс мөнгөн усны талаар огт асуугаагүй. Батмэндэд мөнгөн ус байгаа юм уу? үгүй юм уу? хэний мөнгөн усыг зарах гэж байгаа талаар нь ч асуугаагүй.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Батсайханы: “.... Надад мөнгөн ус байна та авчих хүн байвал сураглаж байгаарай гэж захисан юм. Би түүнээс ямар учиртай юм хаанаас олж авсан, ямар үнэтэй болохыг тодруулж асуугаагүй...” гэх мэдүүлэг, гэрч М.Хүрэлбаатарын: “.... Батмэнд Улаанбаатар хотод ирчихсэн байна намайг мөнгөн ус авах хүн байна уу? сурж байгаараа гэж хэлсэн. Би Батмэндийн зарах гээд байгаа мөнгөн усыг хараагүй. Утсаар л мөнгөн ус зарна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, Гамшиг судлалын хүрээлэн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн: “...Шинжилгээнд авсан мөнгөлөг өнгийн шингэн бодисын Физик, химийн шинж чанарыг үндэслэн, мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо...” шинжээчийн 9/189 дугаар дүгнэлт, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06/993 дугаартай мэдээлэл хүргүүлэх албан тоот, Эд мөрийн баримт /Бохир жингээр 29,62 кг мөнгөн ус нь “ Монгол улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг буруулах нь” төслийн агуулахад хадгалагдаж байгаа зэргээр хангалттай нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141.1 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Батмэндэд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн дээрх нөхцөл байдлыг үндэслэн, түүний хувийн байдал ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Б.Батмэнд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

Уг хэрэгт “Ван үрс” ХХК-ийн эзэмшлийн 15-35 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 21-38 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгсэл, 53-17 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагч нарын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, “Ван үрс” ХХК, “Хос капитал” санхүүгийн байгууллагад буцаан олгож,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утасны үүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Батмэндэд буцаан олгож, 29,62 кг бохир жинтэй мөнгөн усыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны “Монгол улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг бууруулах нь” төсөлд хууль журмын дагуу устгуулахаар шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сад овогт Баярчулууны Батмэндийг химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг хууль бусаар хил дамжуулан тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар шүүгдэгч Б.Батмэндийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батмэндэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Батмэндэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны 1 ширхэг үүр /сим карт/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Батмэндэд буцаан олгож,

      мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар 29,62 кг бохир жинтэй мөнгөн усыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны “Монгол улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг бууруулах нь” төсөлд хууль журмын дагуу устгуулахаар шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд гаргасан мөрдөн байцаагч Д.Баасанбат, Н.Марал-Эрдэнэ нарын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 15-35 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 21-38 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгсэл, 53-17 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч “Ван үрс” ХХК, “Хос капитал” санхүүгийн байгууллагад тус тус буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Б.Батмэнд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Батмэндэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА