Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00009/И |
Дугаар | 56 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 56
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХБ-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг 12 айлын сууц 2 тоотод оршин суух С-н Тунгалаг, Э-н Өл нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.584.517.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, хариуцагч Э.Ө, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т, Э.Ө нар нь Хас банктай 2016 оны 8 сарын 26-ны өдөр 1190013220 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 сая төгрөгийг жилийн 26.85 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, холимог зориулалтаар авсан. Банк 2016 оны 8 сарын 26-ны өдөр С.Тийн Хас банкин дахь 5000570942 тоот дансанд 10 сая төгрөг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 6.666.666.60 төгрөг, зээлийн хүүд 3.651.125.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21.950.84 төгрөг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 9 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 83 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.584.517.40 төгрөгийг С.Т, Э.Ө нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С.Т, Э.Ө нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Банк 3.584.517 төгрөг нэхэмжилж байна. Зээлийн хувиарын үлдэгдэл, хуулганы дүн зөрүүтэй байгаа тул ойлгомжгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө үлдсэн мөнгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ нь хариуцагч С.Т, Э.Ө нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.584.517.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч С.Т, Э.Ө нар нь зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, цаашид зээлээ зээлийн гэрээний хугацаанд үргэлжлүүлэн төлнө гэсэн хариу тайлбар гаргажээ.
Зохигчийн хооронд 2016 оны 8 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 10.000.000 төгрөгийг жилийн 26.85 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ХБ нь С.Т, Э.Ө нарт зээлүүлсэн болох нь хэргийн 6-8-р хуудсанд авагдсан 1190013220 тоот гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч С.Т, Э.Ө нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө хугацаанд төлөөлөөгүйгээс зээлдүүлэгч ХБ нь зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардаж байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан 1190013220 дугаартай зээлийн гэрээний хавсралт буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт: зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэж зохицуулсан байна.
Нэхэмжлэгч ХБ-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан гэж тайлбарладаг.
Зээлдэгч буюу хариуцагч С.Т, Э.Ө нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор биелүүлдэггүй байсан бөгөөд 2018 оны 12 сарын 6-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь хэргийн 22-23-р хуудсанд авагдсан С.Тийн дансны хуулгаар тогтоогдож байх тул банк санаачлан гэрээг цуцалсан нь хуульд нийцэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн байх тул хариуцагч С.Т, Э.Ө нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3.523.537.40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Үндсэн зээл 3.333.333.40 төгрөг
Хүү 184.426 төгрөг /3.333.333.40 төгрөгийн өдрийн хүү 2.222 төгрөг учир хугацаа хэтэрсэн 83 хоногийг өдрийн хүүгээр үржүүлсэн/
Нэмэгдүүлсэн хүү 5.778 төгрөг
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71327 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Т, Э.Ө нараас 3.523.537.40 /гурван сая таван зуун хорин гурван мянга таван зуун гучин долоо төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 71327 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х