Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Бт холбогдох эрүүгийн 2203002560314 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа аялал жуулчлал зохион байгуулагч, хөтөч, тайлбарлагч, хийдэг гэх, ам бүл 3, эх, эхнэрийн хамт урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нэргүйн Б.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн Сонсголонгийн зам, нисэхийн тойрогийн хойд зам 2022 оны 5 дугаар сарын 10-ны 21 цаг 25 минутын орчимд маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Бг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Маргах зүйлгүй. Гэрэлтүүлэгтэй, гэхдээ маш бүдэг байсан. Тэгээд өөдөөс ирж байсан машины гэрлийн гялбаанд орсон. Гэрэлд орж ирэхийг нь харсан. Тэгээд тоормос гишгээд амжаагүй. Миний буруу, уучлаарай. Хохирогчийг бүрэн эдгэрэх хүртэлх зардлыг төлнө. Шүүх дээр ирэхдээ уулзаж байсан. Шүүх хуралдааны дараа уулзсан. Бүрэн тээврийн хэрэгсэл байсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Хохирогч Д.Бн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...8 дугаар сард шүүх хуралдаанд ирэхдээ уулзсан. Үүнээс хойш 1 ч удаа уулзаж холбоо бариагүй. Одоо Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байгаад харьяаллаараа Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлж байгаад тархины гэмтлээр группт орсон. Надад Оюутолгойгоос ажлын санал ирсэн. Би инженер хийж байсан хүн. Тархины гэмтлээр хөгжлийн бэрхшээлтэй болсон учраас манайд ажиллах боломжгүй гээд татгалзсан. Өөр ажил хийе гэхээр тархи толгой эргэх, юм мартахаас эхлээд асуудал их байна. Би өмнө хийж байсан ажил буюу барилгаа улсын комисст хүлээлгэж өгөөд нэмэлт ажил орж ирж ирсэн. Жилийн өмнө хийж байсан ажлаа санахгүй тохиолдол байгаа. Энэ байдлаасаа болоод тухайн хүмүүстэйгээ маргалдсан. Миний гэрийн хаяг Шар хаданд байдаг болохоор Б Шар хадных гэх мэтээр хэлж, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гээд байгаа учир хамт ажиллах сонирхолгүй болсон. Одоо 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээнд зарцуулсан 351,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Эхнэрийн цалингийн зөрүү буюу намайг асарснаас болоод 978,405 төгрөгийн цалин авч чадаагүй байгааг нэхэмжилнэ. ...Эхнэртэйгээ утсаар яриад гарцаар гарч байсан. Ажил хийхээр 25,000,000 төгрөгийн гэрээ хийсэн байсан. Барилгаа барьсан бол 20,000,000 төгрөг авах ёстой байсан. Дээрх зардлуудыг нэхэмжилнэ. Эхнэр осол гарснаас хойш асарсан. Гэмтлийн эмнэлэг байхдаа хэдэн төгрөгийн зардал гарсныг санахгүй байна. Б нэг удаа ирээд уулзсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл).

            3. Хохирогч Д.Бн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 10-ны орой Нисэхэд оршин суудаг танил Сандагдоржийн гэрт архи ууж сууж байгаад гарсан. Би яг хэдэн цагт гарсан болон хэргийн зэргийн согтолттой байсан, хаана явж байгаад хэрхэн осолд орсон эсэхээ сайн санахгүй байна. Ямар ч байсан такси барих гээд л явж байснаа санаж байгаа. Би ослоос үүдэн толгойдоо маш хүнд гэмтэл авсан учраас гэмтлийн эмнэлэгт хэвтсэнээ ерөөсөө санахгүй байгаа бөгөөд гэмтлээс гараад хувийн эмнэлэгт хэвтэж байхдаа ухаан орсон. ...Тархиндаа 2 газар цус хуралттай, тархины яс бяцарсан, цус харвалттай гэсэн оноштой байгаа. Одоогоор биеийн байдал зүгээр болоогүй байгаа бөгөөд байнгын эмчийн хяналтад байгаа. Надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Намайг мөргөсөн гэх жолооч миний эмчилгээнд гарсан бүх зардлыг төлөөд баримтаа өөрөө цуглуулаад явж байгаа. Тиймээс яг хэдэн төгрөгийн зардал гарсныг одоогоор хэлж мэдэхгүй байна. Би жолоочоос эмчилгээтэй холбоотой бүх зардал мөнгийг гаргуулна гэж бодож байгаа. Намайг ойрын 1 жилдээ ажил төрөл хийж болохгүй, биеийн ачаалал авч болохгүй, хүнд юм өргөж болохгүй гэсэн. Тиймээс ар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад нэхэмжлэх зүйлээ хэлнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр дахь тал),

            4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7138 дугаартай: “...Д.Бн биед баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, чихний сувгийн шугаман хугарал, баруун зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дээд, доод зовхи, хоёр нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дэх тал),

            5. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 685 дугаартай: “...Лексус RX-400 маркийн  УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нэргүйн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Дашдондогийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 127 дахь тал),

6. Иргэний нэхэмжлэгч О.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,930,000 төгрөг гарсныг яллагдагч Н.Боос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дансанд төлүүлж өгнө үү. ...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

            7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал (хавтаст хэргийн 4-11 дэх тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 154 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 147 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 148 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 149 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 150 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн Сонсголонгийн зам, нисэхийн тойрогийн хойд зам 2022 оны 5 дугаар сарын 10-ны 21 цаг 25 минутын орчимд маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Бг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь хохирогч Д.Бн мэдүүлэг, шинжээчийн 7138 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 685 дугаартай магадалгаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 3,930,000 төгрөгийн хохирол учирснийг шүүгдэгч төлсөн болох нь шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн “Хас банк”-ны төлбөрийн баримтаар тогтоогдсон.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд 1,516,900 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 140-144 дэх тал) гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн гэж мэдүүлснийг хохирогч үгүйсгээгүй болно.

Түүнчлэн хохирогч нь шүүх хуралдаанд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой шинжилгээний 171,000 төгрөгийн, шатахууны 180,000 төгрөгийн, хохирогчийн эхнэр Н.Онон нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажлын 13 өдөр сахиж асарсан талаар холбогдох баримтууд гаргаж өгсөн тул шүүгдэгчээс 1,329,405 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдаан түр завсарлах хугацаанд төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Харин хохирогч Н.Бийн олох ёстой байсан орлого, мөн цаашид гарах эмчилгээний зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэж,

            хохирогч “Зорчих эрх хязгаарлах ялыг дэмжиж байна” гэж,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Н.Бийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Бийн хохирлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, хувиараа аялал жуулчлал зохион байгуулагч, хөтөч, тайлбарлагч, хийдэг гэх, ам бүл 3, эх, эхнэрийн хамт амьдардаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал болон талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Н.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.Бийн В, D ангиллын 504279 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Н.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Н.Бийг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.    

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.Бийн В, D ангиллын 504279 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.  

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б  нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР