Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,   

улсын яллагч В.Батдэлгэр,

хохирогч Б.О, М.Ц,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гүржав овогт Ганбаатарын Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005070556 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “Баянхонгор клуб”-д тамирчин ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Гүржав овогт Ганбаатарын А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.А нь нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Хурдны замын эхлэлийн хойд талд байрлах “МТ” шатахуун түгээх станцын зүүн урд замд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд “Тоёота” маркийн “Приус 20” загварын  УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг нь зөрчсөний улмаас “Хьюндай” маркийн “Соната 7” загварын  УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч М.Цын биед “хөнгөн”, хохирогч Б.Оийн биед “хүндэвтэр” хохирол, М.Цын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 6,331.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нараас дахин уучлалт гуйя. Хохирлыг бүрэн төлнө” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Хохирогч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Одоо үлдэгдэл 3 сая гаруй төгрөгөө авчихвал гомдолгүй. Хүзүү, нуруу асуудалтай байгаа. Одоо ч гэсэн эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

3.Хохирогч М.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үлдэгдэл мөнгөө авчихвал гомдолгүй” гээн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

            4.Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би осол болдог өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 22 цагт ажлаасаа гарсан. Нөхрийн аав, ээж хоёр Төв аймагт байдаг учир тийшээ явах гээд гарч явсан. Нөхөр М.Ц нь Hyundai Sonata-7 маркийн автомашинтай ирсэн. Намайг 3, 4 дүгээр хороолол, Өргөөгийн хажуу талын Номингоос ирж аваад, бид нар Төв аймаг руу гараад явж байсан. Тэгээд хурдны замын эхэлдэг хэсгийн хойд талын ШТС-ын урд замд байх би машин дотор хойд сандал дээр жаахан хэвтэх гээд доошоо болтол гэнэт “түс няс” гэсэн чимээ гараад осол болчихсон байсан. Хойно сандал дээр байсан болохоор урагшаагаа унаад урд санал хойд сандал хоёрын голоор ороод хавчуулагдаад босож чадахгүй байсан. Тэгээд цээж хөндүүр оргиод, цээж хэсгээр хөндүүрлээд, амьсгаа авч чадахгүй, цээжээ даахгүй болчихсон байсан. Түргэний машин ирээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Машиндаа нөхөр болон манай охин Ц.Лхагвадулам бид гурав явсан. Нөхөр машинаа бариад урд талын санал дээр охин сууж явсан. Осол болсныг машинаас гараад хартал жолооч талаас ирж мөргөсөн байсан. Манай машины зүүн урд хэсгээс мөргөсөн байсан. Нөгөө машин нь зүүн урд хэсгээрээ мөргөсөн байсан. Миний ойлгож байгаагаар тэр цаанаас ирж осол гаргасан жолооч нь баруун эргээд түнэл доогуур гардаг байтал урсгал сөрөөд орж ирсэн байсан. Ослын улмаас зүүн болон баруун талын хавирга хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

            5.Хохирогч М.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 22 цагт эхнэрээ ажил дээрээс нь охинтойгоо очиж аваад Төв аймаг руу аавынх руу явж байхад хуучин Яармагийн товчооны тэнд урдаас нэг тээврийн хэрэгсэл гарч ирж аваар хийсэн. Тэнд 2 цагдаа байсан. Тэр 2 цагдаа дуудлага өгсөн байх. Түргэн ирж эхнэрийг үзээд эм өгсөн. Гэмтлийн эмнэлэг яваарай гээд яваад өгсөн. Тэгээд нөгөө залуугийн ах ирээд манай эхнэр, охин хоёрыг эмнэлэг рүү авч явсан. Би нэг 60 гаран километр цагийн хурдтай явж байсан. Урд нэг нүх таараад тэрийг тойрох гэж байтал өөдөөс машин гараад ирсэн. 5566 УЕЕ улсын дугаартай Соната 8 гэдэг тээврийн хэрэгсэл байсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл. Нөгөө жолоочоос болсон гэж бодож байна. Урсгал сөрсөн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

            6.Гэрч Л.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “МТ” ШТС дээр түгээгч ажилтай хонож байсан. Тэр өдөр 22 цагийн орчимд машин мөргөлдөх чимээ гарсан. Яг очиж үзээгүй. Баруунаас ирж байгаа тээврийн хэрэгсэл баруун тийш эргэх тэмдэг байдаг байсан. Тэр осол болсноос хойш харагдахгүй байж байгаад сүүлд нэг ажилдаа ирсэн чинь тухайн тэмдгийг шинээр дахиад тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

            7.Иргэний нэхэмжлэгч Г.Чагнаадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота Приус маркийн  УАА улсын дугаартай автомашиныг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан. Би өөрөө машинтай болохоор дээрх машиныг унаад байдаггүй юм. Дүү Г.Аг унаж байгаарай гээд өгсөн. Гэтэл осолд орсон байсан. Машины хувьд мөргөлдөөд, нилээн зардалтай засвар үйлчилгээ хийлгэхээр харагдаж байсан. Тэгсэн ч дүүгээс нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

            8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11811 дугаартай: “Б.Оийн биед баруун 1, зүүн 1, 2 дугаар хавирганд хугарал, эгэм далны шонтонгийн үений капсулын урагдал суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

            9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11806 дугаартай: “М.Цын биед баруун 3 дугаар хавирганд хугарал, зүүн 2 дугаар хавирганд цуурал, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

            10.“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “...Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ - нийт дүн 6,331,400 төгрөг...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 73-79 дэх хуудас),

            11.Техникийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16/18 дугаартай: “Тоуоtа Рrius  УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ганбаатар овогтой А нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Hyundai Sonata маркийн  УЕЕ улсын дугаартай автомашины жолооч Мугаа овогтой Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй байна. Тоуоtа Рrius маркийн  УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ганбаатар овогтой А нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Тухайн замын хэсэгт замын тэмдэглэл хэт бүдгэрсэн, тусгаарлах зурвас дээр шаардлагатай тэмдгийг байрлуулаагүй нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

            12.Насанд хүрээгүй гэрч Ц.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 21-ний 23 цагийн үед эцэг, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сум руу өвөөгийндөө очихоор аав Цын машинтай явсан. Тухайн үед манай аав жолоо барьж, ээж хойд талын суудалд, би жолоочийн хажууд талын суудалд суугаад нисэхийн хуучин товчооны орчим явж байхад урдаас машин хурдтай ирээд яах ийхийн зуургүй аавын машины зүүн урд талаас мөргөсөн. Би хамгаалах бүс зүүчихсэн явсан болохоор бэртэл гэмтэл багатай, баруун өвдөг хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дэх тал),

            13.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал (хавтаст хэргийн 6-12, 15-17 дахь тал),

            14.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх хуудас),

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 99 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Хурдны замын эхлэлийн хойд талд байрлах “МТ” шатахуун түгээх станцын зүүн урд замд 2022 оны 8 дугаар сарын 22-ны 23 цагийн орчимд “Тоёота” маркийн “Приус 20” загварын  УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хьюндай” маркийн “Соната 7” загварын  УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч М.Цын биед хөнгөн, хохирогч Б.Оийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, хохирол, М.Цын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 6,331.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Агийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Оийн биед хүндэвтэр, М.Цын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.О, М.Ц, гэрч Л.Мөнхцэцэг, Ц.Лхагвадулам, иргэний нэхэмжлэгч Г.Чагнаадорж нарын мэдүүлэг, шинжээчийн 11811, 11806, 16/18 дугаартай дүгнэлтүүд, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Цын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр, харин хохирогч М.Цын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 6,331.400 төгрөгийн тус тус хохирол учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О нь эмчилгээний зардал гэж баримтаар 3,055,420 төгрөгийн, М.Ц нь автомашин ачилт болон журмын хашааны зардал гэж 445,000 төгрөгийн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гэж 6,331,400 төгрөгийн буюу хохирогч нар нийт 9,831,640 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нь 6,333,400 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн мөнгө хүлээлгэж өгсөн баримтаар тогтоогдлоо.

Үлдэх 3,498,240 төгрөгийг шүүгдэгч Г.Агээс гаргуулж хохирогч Б.Оэд олгох нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч Б.О, М.Ц нарын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж заасан бөгөөд “Номин трейд” ХХК-ийн цалингийн гэх хүснэгт (хавтаст хэргийн 133 дахь тал), гарын үсэггүй тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал) зэргээр хохирогч нарын олох ёстой байсан орлогыг тогтоох боломжгүй тул олох ёстой байсан орлого, цаашид гарах эмчилгээний зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүгдэгч Г.Агийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол тодорхой хэмжээнд төлөгдсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал (анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, 21 настай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, “Баянхонгор клуб”-д тамирчин) зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Г.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Гүржав овогт Ганбаатарын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гүржав овогт Ганбаатарын Аг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Алтансүхэд оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4.Хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Агээс 3,498,240 (гурван сая дөрвөн зуун ерэн найман мянга хоёр зуун дөч) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Оэд олгосугай

6.Хохирогч Б.О, М.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Ад сануулсугай.

            8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            10.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

           

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР