Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00050/И |
Дугаар | 87 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 87
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5-р хороо Монел 51-25 тоотод оршин суух Зу овогт О-н Э /ЗК64012118/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Э миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1979 оны 3 сараас 1982 оны 6 сар 29-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. 1982 оны 7 сарын 27-ны өдрөөс 1985 оны 6 сарын 16-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 7 сарын 13-ны өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй мал малласан.
Иймд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1979 оны 3 сараас 1982 оны 6 сар 29-ний өдөр хүртэл, 1985 оны 7 сарын 13-ны өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.Эыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1979 оны 3 сараас 1982 оны 6 сар 29-ний өдөр хүртэл, 1985 оны 7 сарын 13-ны өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Дундговь аймгийн архивын тасгийн 7 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч О.Э нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1979 оны 10 сарын 1-ний өдрөөс 1982 оны 6 сарын 7-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 11 сарын 19-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл тэжээлийн цехэд ажилчнаар, 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтууд болон нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.
-Нэхэмжлэгч О.Эын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 08/28 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 1 сарын 14-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Гэрч Ж.Н-н “...О.Э нь цэргийн алба хааж ирээд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1985 оноос 1990 он дуустал мал малласан. О.Э нь төллөх мал, бага мал маллаж байсан. О.Этай нэг нутагт байсан учраас малчин байсан гэж мэдэж байна. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 10-р хуудас/
-Гэрч Д.Ба-н “...О.Э нь 1979 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж, 1982 онын 6 сард цэрэгт явсан. Цэргээс 1985 онд халагдаж ирээд, тус нэгдэлдээ 1990 он дуустал мал малласан. О.Э нь төллөх мал, бага мал маллаж байсан. Нэгдэл тарж, малчид ардын аж ахуйтан болж бид хувийн малаа малласан. Бид нэг нутгийн хүмүүс учраас мал маллаж байсан талаар нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 11-р хуудас/
-Гэрч Д.Ба “...О.Э нь 1979 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж, 1982 онд цэргийн алба хаасан, 1985 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ мал малласан. Би 1978 оноос 1985 оны хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн нягтлан, уурхайд тооцооны нягтлан, багийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Нэг багт хамт ажиллаж байсан, би багийн даргаар нь хэсэг хугацаанд ажилласан учраас О.Э нь малчин байсан гэж мэдэж байна... гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/
-О.Эаас Д.А-д олгосон 2019 оны 2 сарын 26-ны өдрийн итгэмжлэл /хэргийн 19-р хуудас/
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн Засаг даргын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт /хэргийн 22-р хуудас/
-О.Э гэсэн нэр бүхий Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадын 1979 оны хүн өдөр ба гүйцэтгэх ажлыг бүртгэсэн хуудас /хэргийн 23-р хуудас/
-О.Эын нэр бүхий 1980 онд хөдөлмөрийн хөлс олгосон баримтын хуулбар /хэргийн 24-р хуудас/
- О.Эын нэр бүхий 1981 оны 7 сарын гүйцэтгэсэн ажлын бүртгэлийн хуулбар /хэргийн 25-р/
- О.Эын нэр бүхий 1982 оны гүйцэтгэсэн ажлын бүртгэлийн хуулбар /хэргийн 26-р/
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 19-ний өдрийн 64 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 27-р хуудас/
-О.Эын нэр бүхий Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1986 оны 10 сарын 3-ны өдрийн 866 дугаартай малын зарлагын ордер /хэргийн 28-р хуудас/
-О.Эын нэр бүхий 1987 онд хөдөлмөрийн хөлс олгосон баримтын хуулбар /хэргийн 29-р хуудас/
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс О.Эад 1988 оны 2 сарын 3-ны өдөр олгосон Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 30-р хуудас/
-О.Эын нэр бүхий 1989 оны улсын бэлтгэлд мал мах, ноос, сүү нийлүүлсэн тухай баримт /хэргийн 31-р хуудас/
- О.Эын нэр бүхий Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1990 оны 9 сарын 12-ны өдрийн 479 дугаартай малын зарлагын ордер /хэргийн 32-р хуудас/
- О.Эын нэр бүхий Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1990 оны 8 сарын 29-ний өдрийн 672 дугаартай малын зарлагын ордер /хэргийн 33-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгосон 2019 оны 1 сарын 14-ний өдрийн 05 дугаартай лавлагаа /хэргийн 36-38-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Харин нэхэмжлэгч О.Эын 1979 оны 3 сараас 1979 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэл, 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд дээрх хугацааны ажилласан байдлыг гэрчүүд шүүхэд мэдүүлээгүй болно.
1979 оны 3 сараас ажиллаж байсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар тайлбарлаж байгаа боловч бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа тул хэрэгт авагдсан 1979 оны 10 сарын цалингийн баримтанд үндэслэн ажиллаж эхэлсэн хугацааг 1979 оны 10 сарын 1-ний өдөр гэж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт О-н Э-г Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл 1979 оны 10 сарын 1-ний өдрөөс 1982 оны 6 сарын 7-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 11 сарын 19-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл тэжээлийн цехэд ажилчнаар, 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь буюу 1979 оны 3 сарын 1-ний өдрөөс 1979 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэл, 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны ажилласан жилийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х