Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

2023          02           14                                 2023/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

улсын яллагч Г.А,

хохирогч Н.О,

шүүгдэгч П.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 2325000000019 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн,П.М

Шүүгдэгч П.М нь 2022 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Парис” караокед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Н.О-г доромжилж, улмаар “Сэлэнгэ” зочид буудлын урд талд түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч П.М “...тухайн үед “маргааш амрах тул бөөнөөрөө ганц, хоёр пиво уух уу” гээд бид нар “Парис” караокед орсон. Би цалингийн бодолтоос болоод нягтлантай маргасан, гэхдээ зарим үйл явдлаа санахгүй байна. Од-Эрдэнээс уучлалт гуйсан, Ганбаяраас Од-Эрдэнийн биеийг асууж байсан, эмнэлэгт хэвтсэн байхад нь очих гэсэн боловч эхнэр нь байгаа гэхээр нь орж уулзаж чадаагүй юм. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

хохирогч Н.О “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлынхаа хүмүүстэй караокед орсон, Мөнхсайхан манай эхнэрийн ургийн овгийн талаар ярьж “Иншибу гэдэг чинь хятад овог” гэж хэлж байсан. Нэг мэдсэн би гадаа унасан,  Мөнхсайхан намайг цохиж байсан. Гэртээ ороод тэр оройдоо эмнэлэг явсан. Орхон аймгийн Бүсийн оношилгооны төвд 7 хоног эмчлүүлсэн, хагалгаанд орсон. эмчлүүлж байхад Мөнхсайхан 6.000.000 төгрөг өгсөн. Цаашид физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.О “...2022 оны 12 дугаар сарын 15-ны орой...Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Парис” караокед ажлын газрын Мөнхсайхан, Ганбаяр, Энхзаяа, Болороо нарын хамтаар орж 1л архи худалдаж авч уусан, Энхзаяа, Болороо хоёр бараг уугаагүй, ганц нэг л татсан, ...Ганбаяр, Мөнхсайхан хоёр нэлээн уусан. Караоке хаах дөхөж байхад Мөнхсайхан нягтлан Болороотой цалингийн асуудлаас болж маргалдаад байсан, удалгүй Энхзаяа, Болороо хоёр “гэр лүүгээ харилаа” гээд гараад явсан. Энхзаяа, Болороо хоёрыг гараад явсны дараа Мөнхсайхан надад “танай эхнэр хятад хүн байна лээ” гэхээр нь би “яагаад” гэж асуусан гэтэл Мөнхсайхан “танай эхнэр Иншибу овогтой юм байна лээ” гэхээр нь би түүнд “Иншибу овог Сэлэнгийн буриад овог” гэж хэлсэн, гэтэл “эхнэртээ толгойгоо мэдүүлсэн арчаагүй пизда” гэж хэлсэн. ...Сэлэнгэ зочид буудлын урд талын дэлгүүрүүдийн гадаа явж байтал гэнэт уначих шиг болсон, Мөнхсайхан дээрээс гараараа нүдэж цохиод байсан, Мөнхсайханыг “болиоч” гэж хэлэхэд миний нүүр лүү цохиод байсан, би арай хийж зугтааж гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

“...Орхон аймагт эмчилгээ хийлгэхэд 1.000.000 төгрөг, Улаанбаатар хотод хагалгаанд орж эмчилгээ хийлгэхэд 5.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг төлсөн. Миний нүүрний зүүн талын хэсэг бүрэн гүйцэд мэдээ ороогүй, хамрын яс хугарсан гэмтэлд хагалгаанд ороогүй байгаа. Иймд цаашид хамрын ясны хагалгаанд орох, нүүрний эмчилгээнд уламжлалтын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг тухай бүр Мөнхсайханаас нэхэмжлэн гаргуулж авна. Яг одоогоор баримтаар нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлтгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

гэрч Э.Б “...2022 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цаг 16 минутад нөхөр Од-Эрдэнийн гар утас руу залгасан, гэтэл манай нөхөр “би гэрийнхээ гадаа ирж байна, сая намайг Мөнхсайхан зодчихлоо” гэж хэлсэн, би орноосоо босоод гэрийнхээ хаалгыг онгойлгоход нөхөр гаднаас орж ирсэн. Гэтэл манай нөхрийн нүүрний зүүн талын хэсэг болон дух хэсэг битүү хавдчихсан зүүн талын нүднээс нь цус урссан бололтой байсан, ...тухайн үед Мөнхсайхан манай нөхөрт хандаж “танай эхнэр чинь хятад, чи эхнэрийнхээ үгнээс гарч чаддаггүй хятад хүүхэнтэй суусан арчаагүй залуу” гэж хэлсэн байсан, ...манай нөхрийг хавсарч унагаагаад дээр нь мордож байгаад толгой, нүүр лүү нь зодсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

П.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай ажилчдын цалин орсон, тэгээд ажлынхантайгаа “өнөө орой нэг газар орж ганц, нэг пиво уух уу” гэж ярилцаад ажлын газрын нягтлан бодогч Болорцэцэг, газарзүйн багш Энхзаяа, биеийн тамирын багш Ганбаяр, зураг, технологийн багш Од-Эрдэнэ нарын хамтаар Оюут багт Сэлэнгэ зочид буудлын ард үйл ажиллагаа явуулдаг “Парис” караокед орж 1л нэг шил архи авсан. Караоке хаах гэж байхад би нягтлан Болорцэцэгтэй цалингийн бодолтын асуудлаас болж бага зэрэг маргалдсан, удалгүй Болорцэцэг, Энхзаяа хоёр түрүүлээд гэр лүүгээ харихаар явсан. Би Од-Эрдэнээс “Иншибу гэдэг овог чинь Монгол овог мөн юм уу” гэж асуусан, тэгсэн чинь Од-Эрдэнэ “Монгол овог мөн шүү дээ” гэж хэлсэн, би “ийм Монгол овог байдаггүй, танай эхнэр чинь Иншибу овогтой хятад хүүхэн юм биш үү” гэж хэлсэн, тэгээд юм ярьж байгаад караокеноос бид хоёр хамт гарсан. Сэлэнгэ зочид буудлын урд би Од-Эрдэнэтэй хамт явж байгаад юунаас болж зодсоноо санахгүй байна, нэг мэдсэн найзыгаа зодчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

“...Од-Эрдэнийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар нийт 6.000.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, согтуудаа болчимгүй үйлдэл гаргасан байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай; “...1.Н.Од-Эрдэнийн биед дух ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, нүүр, зүүн мөр, цээж, нурууны зүүн хэсэгт цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дух ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, нүүр, зүүн мөр, цээж, нурууны зүүн хэсэгт цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. 6.Дух ясны хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, нүүр, зүүн мөр, цээж, нурууны зүүн хэсэгт цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 7.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

иргэн Э.Б гаргасан “...2022 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт манай нөхөр Н.Од-Эрдэнэ бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч, Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Чимгээ гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 23/03 дугаартай, “...Иргэн Нямдорж овогтой Од-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвд өндөр өртөгтэй шинжилгээ 84.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээ 1.066.900 төгрөг нийт 1.326.900 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас тус эрүүл мэндийн байгууллагад олгосон байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн дугаар тодорхойгүй/,  

хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 38-49 дэх тал/,

П.Мөнхсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/,

хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

хохирогч Н.О “...2022 оны 12 дугаар сарын 15-нд иргэн Н.Мөнхсайханд зодуулан гэмтэл авсан, хялбаршуулсан журмаар шийтгэхэд гомдол санал, татгалзах зүйлгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 93 дахь тал/,

П.М “...2022 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Оюут багийн Сэлэнгэ зочид буудлын хажууд найз Од-Эрдэнийг зодож хүнд гэмтэл учруулсан хэргийн тал дээр маргаан байхгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрчээс, мөн П.Мөнхсайханаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч П.М гэм буруутайд тооцох;

шүүгдэгч П.М нь 2022 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр “Парис” караокед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Н.Од-Эрдэнийг “танай эхнэр хятад хүн байна лээ, эхнэртээ толгойгоо мэдүүлсэн арчаагүй пизда” гэж доромжилж, улмаар “Сэлэнгэ” зочид буудлын урд талд хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь “дух ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, нүүр, зүүн мөр, цээж, нурууны зүүн хэсэгт цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Н.О “...Мөнхсайхан дээрээс гараараа нүдэж цохиод байсан, Мөнхсайханыг “болиоч” гэж хэлэхэд миний нүүр лүү цохиод байсан.” гэх,

гэрч Э.Б “...манай нөхөр “би гэрийнхээ гадаа ирж байна, сая намайг Мөнхсайхан зодчихлоо” гэж хэлсэн, би орноосоо босоод гэрийнхээ хаалгыг онгойлгоход нөхөр гаднаас орж ирсэн. Гэтэл манай нөхрийн нүүрний зүүн талын хэсэг болон дух хэсэг битүү хавдчихсан зүүн талын нүднээс нь цус урссан бололтой байсан, ...манай нөхрийг хавсарч унагаагаад дээр нь мордож байгаад толгой, нүүр лүү нь зодсон байсан.” гэх,

П.Мөнхсайханы өөрийнх нь өгсөн “...Сэлэнгэ зочид буудлын урд би Од-Эрдэнэтэй хамт явж байгаад юунаас болж зодсоноо санахгүй байна, нэг мэдсэн найзыгаа зодчихсон байсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай; “...Дух ясны хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

иргэний нэхэмжлэгч, Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Чимгээгийн албан бичиг, хохирогчийн өвчний түүх зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч П.Мөнхсайхан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Шүүгдэгч П.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6.000.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан,

          мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаснаас гадна прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч П.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Иймд шүүх шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, харин шүүх хуралдааны үед “цаашид эмчлүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ” гэсэн тул шүүх түүний нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

Харин хохирогч Н.Од-Эрдэнэ Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлэхэд 1.326.900 төгрөг зарцуулагдсан байх бөгөөд энэ мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тус эрүүл мэндийн байгууллагад олгогдсон болох нь баримтаар тогтоогдсон тул энэ зардлыг шүүгдэгч П.М хариуцан төлөх үүрэгтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн эмчилгээний зардалд нийт 6.000.000 төгрөг төлсөн тухай банкны баримт хавтаст хэргийн 79-81 дахь талд авагдсан байгааг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-г арван мянга таван таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Мөнхсайхан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч П.М-ас 1.326.900 төгрөг гаргуулж Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож,

          хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан зардал буюу эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ