Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р баг Ар урт, Бага адаацагийн Тахилгат гэх газарт нутаглах, Но  овогт С- Ц  /ЗА64030611/-ийн  нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.От  нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ц миний бие  1981 оны 1 сараас эхлэн одоог хүртэл мал маллаж байгаа. Тэтгэвэрт гарахаар хөөцөлдөхөд хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг болон бичилт зөрүүтэй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт болон хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1981 оны 4 сараас 1990 оны 12 сар хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Ц Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 4 сарын 1-ний өдрөөс  1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна. 

-Нэхэмжлэгч С.Цгийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 2-р хуудас/

-С.Ц-д Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1981 оны 4 сарын 23-ны өдөр олгосон 1981 оны 4 сараас 1990 оны 12 сарыг дуустал цалин хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 6-7-р хуудас/

-Гэрч Ж.Цэ-н “...Би 1963 оноос эхлээд 1991 он хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үхэр маллаж байсан. Нэгдэл тарсны дараа хувийн мал маллаж байсан. Бид нэг нутагт нутаглаж байсан учраас С.Цг малчин байсан гэж мэдэж байна. С.Ц нь 1980-1991 он хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд бага мал маллаж байсан, нэгдэл тартал мал маллаж байсан. Одоо ч мал маллаж байгаа хүн...” гэх мэдүүлэг /хэргийн 10-р хуудас/

-Гэрч Б.Дн “...Би 1959 оноос эхлээд 1991 он хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд адуу үхэр маллаж байсан. Бид нэг нутагт нутаглаж байсан учраас С.Ц-г малчин байсан гэж мэдэж байна. С.Ц нь 1980-1990 он хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд  хонь маллаж байсан хүн...” гэх мэдүүлэг /хэргийн 11-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2., 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Но овогт Са-н  Ц-г Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 4 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний  өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х