Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 2023          02             27                                 2023/ШЦТ/71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2325000000087 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Э

Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ, 2023 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогч Б.Т маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Э “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Т “...2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн үед над руу найз Нэмэхбаяр залгаад “Молор-Эрдэнэ зочид буудалд хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд би яваад очтол тус буудлын 306 тоот өрөөнд найз Нэмэхбаяр, Сайханчулуун, Эрдэнэсүх нар байсан, бид дөрөв 0.5л пиво болон 0.7л “Eden” архи хувааж уусан, ...буудлын шатан дээр Билгүүнтэй тааралдсан...Билгүүн бас өөр өрөөнд хүмүүстэй ууж явсан. ...би Нэмэхбаярын гар утсыг авч хадгалсан, ингээд хэсэг хугацааны дараа Нэмэхбаяр сэрэхээр нь би түүнд гар утсыг нь өгч бид хоёр Билгүүний байгаа нөгөө өрөөнд ороод удаагүй байхад Нэмэхбаяр “миний гар утас алга болчихлоо” гэж хэлсэн. Гэтэл Билгүүнтэй цуг явсан Энхболд гэх залуу “чамд утас нь байсан, чи хулгайлчихсан биз дээ” гээд над руу дайрсан. Тэгээд Нэмэхбаяр, Энхболд бид гурав манай өрөөнд орсон бөгөөд Энхболд “чи гар утсыг нь авчихсан юм биш үү” гээд байсан, би “үгүй ээ” гэж хэлсэн. Гэтэл Энхболд нь өрөөнөөс гарснаа буцаж орж ирээд миний нүүр лүү гараараа олон удаа цохисон, миний зүүн хөмсөгний орчмоос цус гарч эхэлсэн. Тэгээд Энхболд өрөөнөөс гарч явсан, би цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирээд Энхболд бид хоёрыг авч явсан, цагдаагийн машин дотор Энхболд “гомдол гаргаж яах юм бэ” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр замдаа буучихсан, тэгээд би цусаа угаачихаад буудал руу орж явтал Энхболд нь Нэмэхбаярт “Төгөлдөр чиний утсыг авчихсан байна” гэж хэлж байсан, Энхболд надтай гар утасны хэрүүл хийж байгаад намайг куртикээр савж цохисон, би доошоо тонгойтол миний толгойн ар хэсгийг цохисон бөгөөд цус гарч эхэлсэн, гараараа миний нүүр лүү 3-4 удаа цохисон. Тухайн үед намайг Энхболдоос өөр хүн цохиж, зодоогүй, би түүнд гар хүрээгүй, Энхболд согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

“...надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Б.Энхболд эмнэлэгт хэвтсэн зардал болон эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулсан, мөн сорви арилгахад гарах зардлын мөнгө болох 1.450.000 төгрөгийг надад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

гэрч Б.Н “...2023 оны 1 дүгээр сарын 23-ны 11 цагийн үед намайг найз Сайханчулуун “Молор-Эрдэнэ зочид буудалд хүрээд ир” гэж дуудсан, би очсон бөгөөд буудлын нэг өрөөг авчихсан ганцаараа байсан. Бид хоёр найз Төгөлдөрийг дуудсан бөгөөд бид пиво, архи уусан, буудлын гадаа тамхи татаж байгаад хуучны танил Энхболдтой таарсан, Энхболд манай өрөөнд орж бид нар пиво уусан. Төгөлдөр миний гар утсыг хямгадаж авсан байсан, би сэрээд үргэлжлүүлэн ууж суусан бөгөөд ахиад миний гар утас алга болчихсон. Энхболд Төгөлдөрийг “гар утсыг авсан” гээд тэр хоёр маргалдсан. Энхболд Төгөлдөрийн нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон, мөн хэсэг хугацааны дараа буудлын коридорт Энхболд куртикээрээ Төгөлдөрийн толгой орчимд нэг удаа цохисон, ...өөр зодоон болоогүй. Төгөлдөр нь Энхболдын өөдөөс хөдөлж цохиогүй бөгөөд Энхболдоос өөр хүн Төгөлдөрийг цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Б.Э сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр найз Наагий “Молор-Эрдэнэ зочид буудалд хүрээд ир” гэж дуудсан, буудлын 3 давхарын нэг өрөөнд Наагий ганцаараа согтуу байсан. Тэгээд байж байгаад гадаа гарч явтал найз Төгөлдөр, Нэмэхбаяр, Сайхнаа нартай тааралдсан, тэд нар өөрсдийгөө тус буудлын 2 давхарын өрөөнд байгаа гэж хэлсэн. Ингээд би тэд нартай цуг дэлгүүр орж тэд нарын өрөөнд орж пиво уусан, Нэмэхбаяр “миний гар утас алга болчихлоо” гэхээр нь тэр орчмоор хайсан, би дээшээ гарч өөрийнхөө өрөө рүү ортол араас Нэмэхбаяр ирээд “өө гар утсаа олчихлоо Төгөлдөрт байсан байна” гэж хэлсэн. Тэгээд Нэмэхбаяр буцаад гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа Нэмэхбаяр орж ирээд “миний гар утас ахиад алга болчихлоо, чамайг авчихсан байж магадгүй гэж Төгөлдөр хэллээ, чамд миний утас байна уу” гэж хэлсэн. Би Нэмэхбаярын хамт доошоо бууж тэдний өрөө рүү орсон, би Төгөлдөрт “би Нэмэхбаярын гар утсыг авсан юм уу, чи харсан юм уу” гээд маргалдаж эхэлсэн, би Төгөлдөрийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. ...цамцаар нэг удаа ороолгочихоод яваад өгсөн. ...Намайг гар утасны хулгайд сэрдэхээр нь би уурлаж түүнтэй маргалдах болсон юм. Төгөлдөрийг надаас өөр хүн цохиж, зодоогүй, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүний эмчилгээний зардалд гарсан 670.000 төгрөг мөн сорви арилгах төлбөрт 1.450.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 28 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай; “...Б.Төгөлдөрийн биед зүүн хөмсөгний төгсгөл болон дагзанд хуйханд хоёр тооны няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Хөмсөгний төгсгөл хэсгийн няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

иргэн Б.Т “...Молор-Эрдэнэ зочид буудалд зодуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32, 40 дахь тал/,

Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 38 дахь тал/,

яллагдагч Б.Э “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч Төгөлдөрийн хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрчээс, мөн Б.Э мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч Б.Э гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ, 2023 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогч Б.Т маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний хөмсөгний төгсгөл болон дагзанд хуйханд хоёр тооны няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Б.Т “...Энхболд миний нүүр лүү гараараа олон удаа цохисон, ...Энхболд надтай гар утасны хэрүүл хийж байгаад намайг нэг куртикээр савж цохисон, би доошоо тонгойтол миний толгойн ар хэсгийг цохисон бөгөөд цус гарч эхэлсэн, гараараа миний нүүр лүү 3-4 удаа цохисон. Тухайн үед намайг Энхболдоос өөр хүн цохиж зодоогүй.” гэх,

гэрч Б.Н “...Энхболд Төгөлдөрийн нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон, мөн хэсэг хугацааны дараа буудлын коридорт Энхболд куртикээрээ Төгөлдөрийн толгой орчимд нэг удаа цохисон, ...Энхболдоос өөр хүн Төгөлдөрийг цохиогүй.” гэх,

Б.Э өөрийнх нь өгсөн “...би Төгөлдөрийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. ...буудлын 2 давхарт Төгөлдөрийн байрлаж буй өрөө рүү орох гэж байхдаа бид хоёр гар утаснаас болж маргалдаж, би түүнийг цамцаар нэг удаа ороолгочихоод яваад өгсөн. ...Төгөлдөрийг надаас өөр хүн цохиж, зодоогүй.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай; “...Б.Төгөлдөрийн биед зүүн хөмсөгний төгсгөл болон дагзанд хуйханд хоёр тооны няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Хөмсөгний төгсгөл хэсгийн няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Энхболд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,

          мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаснаас гадна прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Б.Э холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй, мөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “гомдол, санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ