| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
2023 03 09 2023/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Г.М холбогдох эрүүгийн 2325000000054 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.М
Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Б 2022 оны 10 сард “...ээжид зөөврийн компьютер хэрэг болоод байна, гурав хоногийн хугацаатай түр хэрэглүүлээч.” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Асеr” загварын i-5 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нь авч, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Б “...2022 оны 10 дугаар сарын эхээр найз Мөнхжин нь “манай ээж намайг утсаа ломбарданд тавьсныг мэдчихлээ, ээжид зөөврийн компьютер хэрэг болоод байна, чи өөрийнхөө зөөврийн компьютерийг гурав хоногийн хугацаатай хэрэглүүлээч” гэхээр нь өөрийнхөө “Асеr” загварын компьютерийг өгч явуулсан, 7 хоногийн дараа Мөнхжинтэй фэйсбүүк чатаар холбогдож “компьютерээ авъя” гэхэд “найз нь өнөөдөр Улаанбаатар хотоос ирж байна, очоод ээжийн ажил дээрээс аваад өгье” гэж хэлээд сураггүй алга болсон гурав хоногийн дараа Мөнхжинтэй 99984409 дугаартай утсаар нь холбогдоход “удахгүй өгье” гэж хэлсэн, тэрнээс хойш Мөнхжингийн утас холбогдохгүй, гэрт нь очихоор хүнгүй байдаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үед Мөнхжинтэй фэйсбүүкээр холбогдож “чи миний компьютерийг ломбарданд тавьчихсан юм биш үү” гэж асуухад “чиний компьютерыг ломбарданд тавьчихсан” гэж хэлээд дахиж надтай холбогдоогүй, би өөрийнхөө компьютерийг Мөнхжингөөс гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч С.Ц “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хүслэн гэх эрэгтэй өөр нэг эрэгтэйгийн хамт гаднаас орж ирээд “эгчээ нөүтбүүк барьцаанд тавья” гэж хэлэхээр нь би нөүтбүүкнийх нь үзүүлэлтийг шалгахад “Асеr” маркийн i-5 үзүүлэлттэй нөүтбүүк байсан, би “энэ нөүтбүүкийг 850.000 төгрөгөөр авч чадна, тэрнээс илүү мөнгөөр авахгүй” гэж хэлэхэд Хүслэн “эгчээ та 1.000.000 төгрөгөө авчих, би өмнө нь танд 1.000.000 төгрөгөөр гар утас барьцаанд тавьчихсан байгаа, тэр утсаа зөрүүнд нь сольж авах гэсэн юм” гэж гуйгаад явахгүй байсан, тэр хоёр нөүтбүүк дээрээ нэмж “Samsung G7” загварын гар утас өгсөн. Ингээд би Хүслэнгийн өмнө нь манай ломбарданд 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан “iphone 11 ргоmах” загварын гар утсыг өгөөд “Samsung G7” загварын гар утас болон “Асеr” загварын i-5 үзүүлэлттэй нөүтбүүкийг 1.000.000 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай авсан, Хүслэнгийн нэр дээр барьцаалан зээлдүүлэх гэрээ хийсэн, ...гэрээний нэг хувь дээр Мөнхжин гарын үсэг зурсан. ...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Мөнхжингийн 99984409, Хүслэнгийн 99249229 дугаарын утас руу “барьцаанд тавьсан эд зүйлсийг ирж авахгүй бол худалдан борлуулж өөрийн мөнгийг гаргаж авна, сунгуулах юм уу, буцааж авах юм уу” гэсэн зурвас илгээхэд хариу өгөхгүй байсан. Ингээд гэрээнд заасан хугацаа хэтэрч ойролцоогоор 30 хоносон учраас би 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нөүтбүүк болон “Samsung G7” загварын гар утсыг нийт 1.200.000 төгрөгт худалдан борлуулж өөрийн мөнгийг гаргаж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
гэрч Н.Х “...11 дүгээр сарын 09-ний өглөө Мөнхжин бид хоёр гэрээс нь “Асеr” загварын нөүтбүүкийг аваад Уурхайчин баг 3-22 дугаар байранд байрлах ломбарданд очсон, Мөнхжин ломбардны эгчээс “энэ нөүтбүүк хэдэн төгрөг болох вэ” гэхэд “850.000 төгрөг” гэж хариулсан, дараа нь Мөнхжин халааснаасаа нэг “G7” загварын гар утас гаргаж ирээд “энэ утсыг нэмээд өгье, та 1.000.000 төгрөгөөр авчих” гэж гуйсан. Би хажуугаас нь ломбардны эгчид “та энэ гар утас, нөүтбүүк хоёрыг 1.000.000 төгрөгөөр авчих, би таниас 1.000.000 төгрөгт тавьсан “iphone 11 ргоmах” загварын гар утсаа авъя” гэж хэлсэн, ломбардны эгч зөвшөөрч “Samsung G7” загварын гар утас, “Асеr” загварын нөүтбүүк хоёрыг 1.000.000 төгрөгөөр авч гэрээн дээр Мөнхжингөөр гарын үсэг зуруулаад “хугацаанд нь аваарай” гэж хэлсэн, харин би өөрийнхөө “iphone 11 ргоmах” загварын гар утсыг авсан. ...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг Улаанбаатар хотод ахынхаа гэрт байхад Мөнхжин нэг дугаараас залгаад “өчигдөр чамтай хамт ломбарданд тавьсан гар утас, нөүтбүүк хоёр хоёулаа хүнийх байсан юм, одоо буцааж гар утас, нөүтбүүк хоёрыг эзэнд нь авч өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
гэрч Б.М “...2022 оны 11 дүгээр сарын эхээр би өөрийн эзэмшлийн “Samsung G7” загварын гар утсыг найз Мөнхжинд өгсөн, тухайн үед би хоёр гар утастай байсан учраас Мөнхжинг утасгүй яваад байхаар нь “найзынхаа утсыг ав” гэж хэлээд өгсөн, 2022 оны 12 дугаар сард Мөнхжинтэй уулзахад надаас авсан гар утсаа “ломбарданд тавьчихсан” гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
гэрч Т.А “...2022 оны 9 дүгээр сарын дундуур Булган аймгийн Хангал сумын нутаг “Чулуут ам” амралтын газарт туслах ажилтнаар ажиллаж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө гэртээ ирсэн, ...Намайг гэртээ ирсний маргааш хүү Г.Мөнхжин надад “найз Бат-Эрдэнээс танд хэрэглүүлнэ гэж хэлээд компьютерыг нь аваад ломбарданд тавьж хугацаа нь дуусч алдаад үрэгдүүлчихсэн” гэж хэлсэн. ...хүү Г.Мөнхжинд 2022 оны 10 дугаар сард “надад зөөврийн компьютер хэрэг болоод байна, надад компьютер олоод өг” гэж хэлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Г.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сард найз Бат-Эрдэнийн гэрт очиж “найздаа өөрийнхөө нөүтбүүкийг гурав хоногийн хугацаатай хэрэглүүлээч, манай ээжид хэрэгтэй байна.” гэхэд Бат-Эрдэнэ “за тэг, тэг чи гурав хоногийн дараа эргүүлж өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд би Бат-Эрдэнийн нөүтбүүкийг гэртээ аваачиж тавьсан, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг гэртээ хоёр дүүгийн хамт байхад Хүслэн залгаж “би Улаанбаатар хот руу очиж эмээг авч ирэх хэрэгтэй байна, өөрийнхөө iphone 11 ргоmах гар утсаа авах хэрэгтэй байна, надад бэлэн 700.000 төгрөг байна, чи надаас зээлсэн 300.000 төгрөгөө өгчих, тэгэх юм бол гар утсаа ломбардаас 1.000.000 төгрөгөөр авах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хүслэнд “чи 700.000 төгрөгөө надад өгчих, би дээрээс нь 300.000 төгрөг нэмээд 1.000.000 төгрөгөөр утсыг чинь ломбардаас аваад өгье” гэж хэлээд Хүслэнгээс 700.000 төгрөгийг нь авсан. Би Хүслэнгээс авсан 700.000 төгрөгөөр цахим мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан, 11 дүгээр сарын 08-ны орой Хүслэн рүү залгаж “чамаас авсан 700.000 төгрөгийг тоглож байгаад алдчихлаа” гэж үнэнээ хэлэхэд “одоо яах юм” гэх мэтээр урдаас уурлаад байхаар нь би “найзад нь гэрт нэг нөүтбүүк байгаа, миний нөүтбүүк, болохгүй бол тэр нөүтбүүкээ ломбарданд тавиад 1.000.000 төгрөгөөр гар утсыг чинь аваад өгье” гэж хэлсэн, 11 дүгээр сарын 09-ний өглөө Хүслэн бид хоёр уулзаж хамт манай гэрт очоод би гэрээсээ нөүтбүүкээ авч гарч ирсэн. Ингээд бид хоёр хамтдаа Уурхайчин баг 3-22 дугаар байранд байрлах ломбарданд очиж нөүтбүүкээ 1.000.000 төгрөгөөр барьцаанд авахыг санал болгосон, ломбардны эгч нэг хүнтэй утсаар яриад “би хүнээс асуулаа, дээд тал нь 850.000 төгрөгөөр авч болно” гэсэн, би өөрт байсан найз Мөнхтулгын өгсөн “Samsung G7” загварын гар утсыг харуулж “энэ хоёрыг хамт нийлүүлээд 1.000.000 төгрөгөөр авчихаач” гэж Хүслэн бид хоёр гуйсан. Хэсэг хугацааны дараа ломбардны эгч нөүтбүүк, “Samsung G7” загварын гар утас хоёрыг 1.000.000 төгрөгөөр авч оронд нь Хүслэнгийн 1.000.000 төгрөгөөр тавьсан байсан iphone 11 ргоmах гар утсыг өгсөн. Ломбардны эгч “хэн энэ утас, нөүтбүүк хоёрыг барьцаанд тавьж байгаа юм бэ” гэж асуухаар нь “би” гэж хэлээд ломбардны бичиг дээр би гарын үсэг зурж утасны дугаараа тэмдэглүүлсэн. ...Ломбарднаас гараад Хүслэн бид хоёр машинд суугаад Улаанбаатар хотод очсон, 11 дүгээр сарын 10-ны өдөр би Улаанбаатар хотод байхдаа Хүслэн рүү залгаж “өчигдөр ломбарданд тавьсан гар утас, нөүтбүүк хоёр минийх биш өөр хүнийх байсан юм, ломбарданд тавьсан нөүтбүүкийг авах хэрэгтэй байна, одоо яах вэ” гэж асуухад “чи яагаад хүний нөүтбүүк ломбарданд тавьж байгаа юм, чи надад өөрийнхөө нөүтбүүк гэж хэлсэн биз дээ, яагаад худлаа ярьж байгаа юм” гээд уурлаж утсаа салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54, 56-57, 64 дэх тал/,
хохирогч Б.Б “...Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-18 дугаар байранд амьдардаг манай найз Г.Мөнхжин миний “Acer” загварын зөөврийн компьютерийг 2022 оны 10 дугаар сард “түр хэрэглээд өгье” гэж хэлж аваад одоог хүртэл буцааж өгөхгүй байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтний 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-ОРХ/5367 дугаартай; “...Асеr i5-11 үеийн зөөврийн компьютер 2.000.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
Г.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/,
Барьцаалан зээлдүүлэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2400 дугаартай “Барьцаалан зээлүүлэх гэрээ”-ний хуулбар, санамжийн хамт /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.М мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Г.М гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Б 2022 оны 10 сард “...ээжид зөөврийн компьютер хэрэг болоод байна, гурав хоногийн хугацаатай түр хэрэглүүлээч.” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Асеr” загварын i-5 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нь авч, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.Б “...2022 оны 10 дугаар сарын эхээр найз Мөнхжин нь “манай ээж намайг утсаа ломбарданд тавьсныг мэдчихлээ, ээжид зөөврийн компьютер хэрэг болоод байна, чи өөрийнхөө зөөврийн компьютерийг гурав хоногийн хугацаатай хэрэглүүлээч” гэхээр нь өөрийнхөө “Асеr” загварын компьютерийг өгч явуулсан, ...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үед Мөнхжинтэй фэйсбүүкээр холбогдож “чи миний компьютерийг ломбарданд тавьчихсан юм биш үү” гэж асуухад “чиний компьютерыг ломбарданд тавьчихсан” гэж хэлээд дахиж надтай холбогдоогүй.” гэх,
гэрч С.Ц “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хүслэн гэх эрэгтэй өөр нэг эрэгтэйгийн хамт гаднаас орж ирээд “эгчээ нөүтбүүк барьцаанд тавья” гэж хэлэхээр нь би нөүтбүүкнийх нь үзүүлэлтийг шалгахад “Асеr” маркийн i-5 үзүүлэлттэй нөүтбүүк байсан. ...“Samsung G7” загварын гар утас болон “Асеr” загварын i-5 үзүүлэлттэй нөүтбүүкийг 1.000.000 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай авсан, Хүслэнгийн нэр дээр барьцаалан зээлдүүлэх гэрээ хийсэн, ...гэрээнд заасан хугацаа хэтэрч ойролцоогоор 30 хоносон учраас би 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр бусдад нөүтбүүк болон “Samsung G7” загварын гар утсыг нийт 1.200.000 төгрөгт худалдан борлуулж өөрийн мөнгийг гаргаж авсан.” гэх,
гэрч Н.Х “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг Улаанбаатар хотод ахынхаа гэрт байхад Мөнхжин нэг дугаараас залгаад “өчигдөр чамтай хамт ломбарданд тавьсан гар утас, нөүтбүүк хоёр хоёулаа хүнийх байсан юм, одоо буцааж энэ гар утас, нөүтбүүк хоёрыг эзэнд нь авч өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн.” гэх,
гэрч Т.А “...Намайг гэртээ ирсний маргааш хүү Г.Мөнхжин надад “би найз Бат-Эрдэнээс танд хэрэглүүлнэ гэж хэлээд зөөврийн компьютерыг нь аваад ломбарданд тавьж хугацаа нь дуусч алдаад үрэгдүүлчихсэн” гэж хэлсэн. ...хүү Г.Мөнхжинд 2022 оны 10 дугаар сард “надад зөөврийн компьютер хэрэг болоод байна, надад компьютер олоод өг” гэж хэлж байгаагүй.” гэх мэдүүлгүүд,
хохирогч Б.Б “...Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-18 дугаар байранд амьдардаг манай найз Г.Мөнхжин миний “Acer” загварын зөөврийн компьютерийг 2022 оны 10 дугаар сард “түр хэрэглээд өгье” гэж хэлж аваад одоог хүртэл буцааж өгөхгүй байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтний 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-ОРХ/5367 дугаартай; “...Асеr i5-11 үеийн зөөврийн компьютер 2.000.000 төгрөг.” гэсэн дүгнэлт, Барьцаалан зээлдүүлэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2400 дугаартай “Барьцаалан зээлүүлэх гэрээ” зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Г.Мөнхжин гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч Г.М хохирогч Б.Б “...ээжид зөөврийн компьютер хэрэг болоод байна, 3 хоногийн хугацаатай түр хэрэглүүлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Асеr” загварын компьютерыг нь авч, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.М бусдад итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь шилжүүлэн өөртөө олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчийн үйлдэл “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул шүүх шүүгдэгч Г.Мөнхжингийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.М үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгч Г.М өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...би оюутан, мөн усан спортын дасгалжуулагч, шүүгч учраас тэмцээн уралдаан шүүдэг тул хорихоос өөр төрлийн, мөн надад тохирсон ялыг оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Г.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бат-Эрдэнэд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Мөнхжингөөс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Шүүгдэгч нь “Тариачин” ургийн овогтой байхад прокурор яллах дүгнэлтдээ “Тариач” гэж буруу бичсэнийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ