| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/0048/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2016-12-12 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ц.Бямбадорж |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Д.Баттулга, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж,
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй,
Иргэдийн төлөөлөгч С.Мөнгөнцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарчулууны Эрдэнэбилэгт холбогдох 201616010088 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг, Шинэ хотхоны 2-9 тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Улаан овогт Баатарчулууны Эрдэнэбилэг /РД:КН80090379/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь тус аймгийн Цогтцэций сум, 2 дугаар баг, Шинэ хотхоны 2-9 тоотод өөрийн гэртээ С.Нямдорж, Д.Одбаатар, О.Ганзориг нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад О.Ганзориг нь Б.Эрдэнэбилэгт хандаж “Би архиа аваад явлаа” гэж хэлснээс болж О.Ганзориг Б.Эрдэнэбилэг хоёр хоорондоо маргалдах явцад хохирогч С.Нямдорж “та хоёр ингэж болохгүй одоо болио” гэж хэлэхэд Б.Эрдэнэбилэг нь С.Нямдоржийн хэвлийн тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: “2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Одбаатартай хамт гэртээ архи ууж байсан бөгөөд тухайн үед Нямдорж Ганзориг 2 нэг шил архитай ирсэн. Нямдоржийн авчирсан нэг шил архийг уучхаад Ганзориг бид 2 маргалдаж байтал Нямдорж дундуур орж ирэн над руу дайраад байхаар нь хутга аваад хутгалсан. Тухайн үед Одбаатар, Ганзориг 2 түргэн дуудахаар явсан бөгөөд эгчийгээ ирэхээр Нямдоржид боолт хийсэн. Дараа нь Нямдоржийг түргэний эмч, намайг цагдаа нар ирж авч явсан” гэв.
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд: “....Б.Сэлэнгээс ...Цогтцэций сумын эмнэлэгт 2016 оны 08 дугаар сарын 26-ны 17 цагийн үед С.Нямдорж нь бусдад хутгалуулсан байдалтай хүргэгдэж ирлээ...” /хх-ийн 2 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зругийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол “...цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотоож, нилдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урд нь хайчлан задалсан цэнхэр эрээн өнгийн майк..., хар өнгийн хуйтай, хүрэн өнгийн модон иштэй, хуйнаасаа суран оосортой 31.5 см урттай, ажлын хэсэг нь 16 см урттай хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцов...” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Хохирогч С.Нямдоржийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/
Хохирогч С.Нямдоржийн өгсөн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр найз О.Ганзоригтой сумын төвийн таксины зогсоолын хажууд таарсан юм. Таарах үед О.Ганзориг архи үнэртүүлчихсэн өмдний халаасандаа нэг шил архи хийчихсэн явж байсан. О.Ганзориг зүүн байр руу хамт явъя эгчийнд очъё гэсэн. Тэгээд тийшээ явган явж байгаад Б.Эрдэнэбилэгийн хашааны гадна талаар гарахдаа тийшээ ороод гаръя гээд Ганзориг бид хоёр Б.Эрдэнэбилэгийн гэрт нь хамт орж очтол тэднийд Эрдэнэбилэг, Д.Одбаатар хоёр хамт архи уугаад сууж байсан. Ганзориг бид хоёр ч тэр хоёрын ууж байсан архинаас нь нэг нэг уугаад архи нь дууссан. Түүний дараа Ганзориг хармаанаасаа 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” гэх архи гаргаж ирээд бүгдээрээ хамт ууцгаагаад дуусч байтал Д.Одбаатар хямд ямаа зарна гэхээр нь би гэрээс гарч утсаар ээжтэй ямаа авах талаар яриад буцаж гэрт орж иртэл Эрдэнэбилэг, Ганзориг хоёр маргалдаж, хэрэлдээд байж байхаар нь би больцгоо яаж байгаа юм гэсэн. Тухайн үед Эрдэнэбилэг гартаа хутга барьчихсан би боль боль гээд дөхөөд очтол Эрдэнэбилэг миний хэвлийрүү хутгаараа нэг удаа хатгачихсан. Хэвлийгээс бага зэрэг цус гарсан тул гол харлаад дотор муухайраад байсан. Эрдэнэбилэг намайг хутгалчхаад зогсож байхад нь Д.Одбаатар цааш нь түлхэж унагаад хутгыг нь авсан байх би гадаа гарч салхи амьсгалж байгаад буцаад гэрт ороод очтол Д.Одбаатар түргэний машинтай эмч аваад хүрээд ирсэн. Тэгээд л эмч аваад эмнэлэг дээр ирсэн. Тэр шөнөдөө мэс засалд орж элгээ оёулсан гэсэн. Хэд хоног эмчилгээ хийлгээд өнөөдөр эмнэлгээс гарлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Одбаатарын өгсөн:”...2016 оны 08 дугаар сарын 26-ны өглөө босоод хажуу айлд орж хоол идчихээд Эрдэнэбилэгийн гэрт бид хоёр зурагтаар кино үзээд 0.5 литрийн “Ерөөл” архи задлаад сууж байтал гаднаас Ганзориг, С.Нямдорж хоёр 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” архитай орж ирсэн. Тэгээд бид нар ойр зуурын юм ярилцаж эхлээд 0.5 литрийн архийг ууж дуусгаад дараа нь тэр хоёрын авч ирсэн 0.75 литрийн “Улаанбаатар” архийг хувааж уугаад дуусч байтал баруун орон дээр Ганзориг, Эрдэнэбилэг хоёр хоорондоо маргалдаад байсан. Ганзориг гэрийн баруун талын орон дээр суучихсан Эрдэнэбилэг гэрийн хойд талын орны урд талд газар сууж байсан. ...Эрдэнэбилэг, Ганзориг хоёр маргалдаж байтал Нямдорж босоод та хоёр ингэж болохгүй гэтэл Эрдэнэбилэг чамд ямар хамаатай юм бэ гээд гэрийн зүүн хойд талын унинд байсан хавчуулаатай байсан хар хуйтай хутгыг аваад хуйнаас нь сугалаад Нямдоржийн өөдөөс нь очоод чи ингэж хэлж болохгүй гэж хэлж дуусаагүй л Эрдэнэбилэг Нямдоржийн гэдэс рүү нь чичээд авах шиг болсон. Би босч очоод Эрдэнэбилэгийг цааш нь түлхэж унагаад Нямдоржийн гэдэс рүү нь хартал хутгалуулчихсан шарх харагдахаар нь эмчид үзүүлье түргэн дуудъя гэтэл Нямдорж яах юм бэ хэрэггүй гээд байхаар нь би тэндээс тамхи аваад ирье гэж хэлээд гарч мотоциклоороо явсаар сумын эмнэлэг дээр очиж хүн хутгалуулчихлаа гэж хэлтэл өрхийн эмнэлэгт хэл гэсэн. Би тийшээ очиж өрхийн эмнэлгийн эмчид хэлчхээд түргэний машинтай хамт Эрдэнэбилэгийн гэрт буцаж очтол Эрдэнэбилэг би хүн алчихлаа боож үхнэ гээд цэнхэр өнгийн дээс барьчихсан үүдэндээ зогсож байсан. гэрт ороход Нямдорж гэрийн зүүн баганы хажууд түрүүлгээ хараад хэвтэж байсан. эмч үзээд Нямдоржийг эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ганзоригийн өгсөн:”...Б.Эрдэнэбилэгийн гэрийн гадуур гарч яваад гэр нь онгорхой байхаар нь орсон юм. Тэнд Б.Эрдэнэбилэг, Одбаатар хоёр нэг шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Нямдорж бид хоёр ч архинаас нь хувааж уугаад дууссаны дараа би өөрийн авч явсан архиа гаргаад бүгдээрээ хувааж уусан. Архи ууж байх үед Эрдэнэбилэгт хандаж би архи аваад явлаа гэж тоглоомоор хэлсэн юм. Гэтэл Эрдэнэбилэг уурлаад бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд байж байтал Эрдэнэбилэг сууж байснаа босоод гэрийн баруун хойд талд гартаа хутга барьчихсан зогсож байсан. Нямдорж гэрээс гарч яваад удалгүй орж ирээд Б.Эрдэнэбилэг рүү очоод болио яах гээд байгаа юм бэ зүгээр бай гэж хэлсэн байх гэнэт л Одбаатар яаж байгаа юм бэ чи Амаахайг хутгалчихлаа шүү дээ гээд Б.Эрдэнэбилэгийг цааш нь түлхээд унагасан би ч орон дээр хэвтэж байснаа босоод харахад Нямдоржийн хэвлийгээс нь бага зэрэг цус гараад майк нь цус болчихсон хэвлийгээ гараараа дарчихсан, доошоо явган суучихсан байсан. ...Б.Эрдэнэбилэгийн гэрийн хойд талд унинаасаа хар хуйтай хутга хавчуулчихсан байдаг байсан тэр хутгаараа Эрдэнэбилэг нь Нямдоржийг хутгалсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Пагамсүрэнгийн өгсөн:”...2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед шиг санаж байна. Сумын төвд гэртээ байж байтал манай хамт ээж Сумьяа миний утас руу залгаад Эрдэнэбилэг ахыг гэртээ хүн хутгалчихсан юм шиг байна очоод үзээтэхээч гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэбилэгийн гэрт нь очиход Буянравжих эгч тэдний гэрт нь очсон байсан. Гэрт Нямдорж ах газар шалан дээр доошоо хараад хэвтэж байсан. Нямдорж ахын цэнхэр эрээн судалтай майк нь урд хэсгээрээ нилдээ цус болчихсон майкны дотор талаар даавуугаар боочихсон байсан. Буянравжих эгч гаднаас орж ирсэн. Эрдэнэбилэг ах Буянравжих эгчээс хутга хаана байна гээд нэхээд байснаа би энд л тавьсан чи үзээтэх гээд хөргөгчний тийшээ заасан. Би тэр газраар нь хутга байгаа эсэхийг үзэхэд хутга байгаагүй. Буянравжих эгч хувцасны шкафнаас хар өнгийн модон хуйтай хүрэн өнгийн иштэй хутгыг гаргаж надад өгсөн. Би хутгыг нь аваад хувцасны шкафанд буцааж хийчхээд байж байтал түргэний машинтай эмч гэрт ирж Нямдоржийн биеийг үзээд жолоочтойгоо хамт эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Буянравжихын өгсөн:”...Би одоо өдрийг нь санахгүй байна. 2016 оны 08 дугаар сард манай эгч Сумьяа над руу утсаар яриад Эрдэнэбилэгийн гэрч яваад очоотох ямар нэг юм болсон юм шиг байна гэхээр нь би Эрдэнэбилэгийн гэрч очсон. Намайг очиход Эрдэнэбилэг баруун орон дээрээ хэвтэж байсан. Нямдорж зүүн хойд талд газар дэвсгэр дээр хэвтэж байсан, гэрт өөр хүн байгаагүй. Намайг яваад очтол Эрдэнэбилэг босож ирээд би болохоо байчихлаа гэж хэлсэн. Тэр үед нь яасан юм бэ гэж асуусан чинь би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Нямдорж дээр очоод цамцыг нь сөхөөд харсан чинь хэвлийн зүүн дээд хэсэгт гурвалжин хэлсэртэй ангайсан шарх байсан. тэгээд би түргэн дууд гэж хэлсэн чинь Нямдорж яах гээд байгаа юм бэ, түргэн дууж хэрэггүй гээд байсан. Би Нямдоржийн шархыг нь дэвсгэр даавуу цуулаад боож өгсөн. Тэгээд байж байтал эмч ирж үзээд Нямдоржийг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Сумьяагийн өгсөн:”...2016 оны 08 дугаар сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна. Намайг хөдөө гэртээ байж байхад Одбаатар гэдэг хүү залгаад Эрдэнэбилэгийн гэрт манай хэд муудалцаад нэгэндээ мэс хүргэчихлээ гэж хэлсэн. Тэр үед би хөдөө байсан учир төрсөн дүү Буянравжих руу яриад Эрдэнэбилэгийн гэрт яваад очоотох тэнд нэг юм болсон юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Түмэнжаргалын өгсөн”...Эрдэнэбилэг нь хамт олон болон хүмүүстэй их нийтэч харьцаатай байдаг. Элдэв авир ааш гаргадаггүй.... Эрдэнэбилэг нь одоо 4 нас хүрч байгаа нэг охинтой эхнэрийн хамт Цогтцэций суманд амьдардаг байсан. Харин одоо эхнэрээсээ салсан, тусдаа амьдарч байгаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Түвшиний өгсөн:”...Хүүхэд байхдаа их даруухан хүү байдаг байсан. Хүнд тусархуу муу гаж зуршилгүй сайн залуу гэж боддог юм. Архи тамхи хэрэглээд байдаг талаар сайн мэдэх зүйл надад алга” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Амартүвшингийн өгсөн:”...Би 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэг дээр ажилтай байж байтал 17 цагийн үед шиг санагдаж байна гаднаас аюулхайдаа нэвтэрсэн хутганы шархтай С.Нямдорж гэж хүн хүргэгдэж ирснийг ЭХО-д харахад хэвлий дотор сул шингэнтэй, өвчтөний биеийн байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн орчиндоо харьцаатай, байрлал идэвхгүй арьс, салст цайвар, амнаас архи үнэртсэн байдалтай байсан учир яаралтай журмаар Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хагалгааны багийг дуудаж 22 цаг өнгөрч байх үед мэс засал хийж 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө дууссан. Мэс ажилбарыг хийхэд өвчтөн С.Нямдоржын аюулхайнаас хэвлийн баруун дээр хэсэг рүү нэвтэрсэн шархтай байх ба уг шарх нь элэгний 3, 4 дүгээр сегментийг нэвтэрч элэгнээс цус алдалттай байсныг цус алдалтыг зогсоож элэгний шарханд оёдол тавьж хэвлийн хөндийг шалган цус хуралтуудыг соруулан авч хэвлийн хөндийд хяналтын гуурс тавьж хэвлийн хөндийг хааснаар мэс ажилбарыг дуусгасан... Өвчтөн С.Нямдоржийн биед учирсан гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ганшагайгийн өгсөн:”...С.Нямдоржийн биед элэгний 3,4 дүгээр сегментэд нэвтэрсэн хэвлийн хөндийн хутгалагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаа үүсгэгдсэн гэмтэл байсан. ийм учир магадлуулагч С.Нямдоржийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 495 дугаартай шинжээчийн :”...С.Нямдоржийн биед элэгний 3, 4 дүгээр сегментэд нэвтэрсэн хэвлийн хөндийн хутгалагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7806 дугаартай:”Шинжилгээнд ирүүлсэн 16 см хүрэн өнгийн модон оруулгатай иштэй 32 см урттай хутга болон 21.5 см урттай 3.7 см өргөнтэй бор өнгийн хутганы хуйн дээр цус илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7805 дугаартай: “...:”...шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, шар өнгийн судалтай хар өнгийн дотоож, цэнхэр өнгийн хөндлөн судалтай футболкан дээр цус илэрсэн, илэрсэн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна, шар өнгийн судалтай хар дотоожин дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/
2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5497 дугаартай:”....Хөндлөн хөх судалтай цагаан эрээн майканд гарсан 42 мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүссэн уранхай байна, хөндлөн хөх судалтай цагаан эрээн майканд гарсан 360 мм, 400 мм, 96 мм, 80 мм, 17 мм хэмжээтэй уранхайнууд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан таслагдсан уранхайнууд байна. Хөндлөн хөх судалтай цагаан эрээн майканд гарсан 42 мм-ийн хэмжээтэй уранхай нь шинжилгээнд ирүүлсэн хүрэн бариултай хутгаар гарсан байж болно, бусад хувцсанд уранхайгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-41 дүгээр хуудас/
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №43/16 дугаартай :”...Б.Эрдэнэбилэг нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Б.Эрдэнэбилэг нь хэрэг хариуцах чадвартай, Б.Эрдэнэбилэг нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Б.Эрдэнэбилэгт батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 45-47 дугаар хуудас/
Б.Эрдэнэбилэгийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн өмнө нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн арилжааны банкуудын эзэмшлийн дансны лавлагаа /хх-ийн 58-65 дугаар хуудас/
Эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 66-69 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн хөдөлмөрийн чадвар алдалттай эсэхийг тодорхойлсон хөдөлмөрийн магадлах комиссын 1173 дугаартай шийдвэр /хх-ийн 70 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 17921 шийдвэр, холбогдох материал /хх-ийн 71-105 дугаар хуудас/
Хохирогч С.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирол гомдол барагдуулсан тухай баримт, хүсэлт /хх-ийн 106-108 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-493 тоот тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 52 тоот тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонжавын өгсөн:”...2016 оны 08 дугаар сарын 27-нд аймгийн төвд бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажил дээрээ байж байхад Цогтцэций сумын төвд эмнэлэг дээр хэвлийдээ хутгалуулсан хүн ирсэн гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тус эмнэлгийн хагалгааны багийг бүрдүүлээд Цогтцэций сум дээр ирээд 21 цагийн үед хагалгаанд орсон. Хагалгаа бараг 3-4 цаг гаруй болсон тэгээд өвчтөн С.Нямдорж нь цус их алдсан байдалтай шоконд орчихсон хутгалагдсан шархтай уг шарханд боолт чихээс хийсэн цус гарч нэвтэрсэн байдалтай байсан. Тэгээд С.Нямдоржийн хэвлийг нээж үзэхэд дотор их хэмжээний цустай байсан. Уг цусыг соруулаад гэдэс, чацархайг шалгаж үзэхэд хэвийн боловч хэвлийд дахиад цус хуралт үүсч байсан тул дэлүү болон элгийг шалгахад дэлүү нь хэвийн элэг уртын хэмжээгээр хутгалагдсан шархтай цус алдаж байсан. Элгийг шалгаж үзэхэд 3, 4 дүгээр сегмент нэвт дүрэгдсэн байсан тул шарханд П хэлбэрийн оёдол тавьж цусыг тогтоосон боловч элэгний доороос дахин цус гаралт байсан болохоор дахиад цааш нь шалгахад уг элэг баруун 5 дугаар сегмент зүсэгдэж нэвтэрсэн шарх байсан тул үүнийг мөн П хэлбэрийн оёдол тавьж цусыг нь тогтоож хэвлийн хөндийг нь угааж 6 литр орчим 09-н уусмалаар угааж шалгахад цус гаралт нь тогтсон байсан тул шарханд цэвэр боолт хийж хагалгааг дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/
Хохирогч С.Нямдоржийн 768 дугаартай өвчний түүх /хх-ийн 118-145 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 2 дугаар баг, Шинэ хотхоны 2-9 тоотод өөрийн гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Нямдоржийн хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Нямдоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, гэрч нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 16, 17, 18, 19, 22, 23, 114 дүгээр хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 495 дугаартай шинжээчийн “...С.Нямдоржийн биед элэгний 3, 4 дүгээр сегментэд нэвтэрсэн хэвлийн хөндийн хутгалагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, шинжээч Ц.Бямбадоржийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7806 тоот дүгнэлт, шинжээч Ц.Бямбадоржийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 7805 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Эрдэнэбилэгийг гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч С.Нямдорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар барагдуулсан, гэм хорыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учирсан хохирол, төлбөрийг сайн дураараа төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Б.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ц.Сундуй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгөхийг хүссэн хүсэлтийг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, Б.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотоож, нилдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урд нь хайчлан задалсан цэнхэр эрээн өнгийн майк, хар өнгийн хуйтай, хүрэн өнгийн модон хутга зэргийг устгах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улаан овогт Баатарчулууны Эрдэнэбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар Б.Эрдэнэбилэгийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотоож, нилдээ цус мэд хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урд нь хайчлан задалсан цэнхэр эрээн өнгийн майк, хар өнгийн хуйтай, хүрэн өнгийн модон хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Д.БАТТУЛГА
Ц.УРАНГУА