Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/25

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                        Прокурор Ш.Баасандорж

                                                        Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                                        Хохирогч Д.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн

                                                         Шүүгдэгч Т.Ц

                                                         Нарийн бичгийн дарга З.Гандулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШТ/16 дугаар шүүхийн тогтоолд прокурор Ш.Баасандоржийн эсэргүүцлээр Т.Ц-д холбогдох эрүүгийн 1827000000014 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, Бөө овгийн Т.Ц

 

Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна иргэн Б.Ө-г зодож онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Бөө овгийн Т.Ц-д холбогдох 1827000000014 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорт буцааж, шүүгдэгч Т.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерийн 1 хос гутал, хэрэгт хураагдсан тамхины иш, тал тоосгыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Баасандорж эсэргүүцэлдээ: “....Т.Ц-д холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Т.Ц-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Харин Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Т.Ц нь иргэн Б.Ө-г алахдаа түүнд  олон  тооны  шарх,  гэмтэл  үүсгэсэн  байхад прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх нарийвчлан дүгнэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан болон үгүйсгэсэн үндэслэлийг тодорхойлоогүй, дурдсан зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн энэ талаар давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Т.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нар хамтран гомдол гаргаж хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн байна.

 

Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нар хамтран гаргасан гомдолдоо “...шүүхээс шүүгдэгч Т.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тэдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны болсон талаар эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэсэн гэж үзэж байна. ... магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэж дурдсан нь хяналтын шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 541 дугаартай тогтоолд тэмдэглэгдсэн байх бөгөөд хяналтын шатны шүүх уг гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Иймээс тус Сум дундын Прокурорын газраас Т.Ц-д урьд өмнө эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан прокуророос яллагдагч Т.Ц-г 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 23-нд шилжих шөнө 00 цагаас 02 цаг 27 минут хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Өлзийтийн худаг" гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсэд ажиллаж байхдаа согтуурлах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ 4 дүгээр постны гэрийн гадна иргэн Б.Ө-г хэвлий болон нуруун тус газар нь удаа дараа хөлөөрөө өшиглөж зодсон, газраар чирсэн, мөн 4 дүгээр постны гэр дотор хөлөөрөө түүний толгойн зүүн чихний ар хэсэг рүү хүчтэй өшиглөсөн, гэрээс гадагш чирж гарган газар унагааж санаатайгаар, удааширсан үйлдлээр үргэлжлүүлэн зодож хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулж зовоон тарчлаах аргаар, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэж үзэн, түүний гэмт үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцээд ...хохирогчийн /талийгаачийн/ нүүрэнд учирсан олон тооны шарх, зүүн 6, 7, 8, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл, талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтэл нь яаж үйлдсэн, хэний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрч Б.С, Т.Н, Б.Б, Г.М нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байх тул гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах, мөн шүүгдэгч Т.Ц нь талийгаачийг гэрээс яаж ямар байдлаар авч гарсан, чирсэн үү? аль эсвэл дагуулаад гарсан уу? гэдэг асуудлыг тогтоогоогүй. Эдгээр нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, 1.3-т зааснаар “гэм буруугийн хэлбэр гэсэн нотолвол зохих байдлыг нотлоогүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй...” гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

 

Нэг. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШТ/16 дугаартай тогтоол нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна. Тухайлбал: Шүүхийн тогтоолд “...амь хохирогчийн /талийгаачийн/ нүүрэнд учирсан олон тооны шарх, зүүн 6, 7, 8, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл, талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтэл нь яаж үйлдсэн...” гэж бичсэн байх ба гэмтэл өөрөө үйлийн эзэн болохгүй, үйлийг хийж чадахгүй, боломжгүй байтал яаж үйлдсэн гэж бичсэн нь ойлгомжгүй, утга найруулгын алдаатай бичигдсэн байна. Хэрэв шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэг дэх дээр дурдсан дүгнэлтийг “...амь хохирогчийн /талийгаачийн/ нүүрэнд учирсан олон тооны шарх, зүүн 6, 7, 8, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл, талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтэл нь яаж үүссэн, гэмтлүүдийг хэн ямар үйлдлээр учруулсан...” гэж залруулан ойлговол ...тухайн хэргийг хэн үйлдсэн, ...яаж үйлдсэн талаар прокурорын яллах дүгнэлтэд тодорхой, ойлгомжтой бичиж дүгнэсэн байгаа.

 

Хоёр. Уг тогтоолд “...Амь хохирогчийн /талийгаачийн/ нүүрэнд учирсан олон тооны шарх, зүүн 6, 7, 8, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтэл нь яаж үйлдсэн. Хэний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох...” гэж дүгнэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Дурдвал: Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад өгсөн: “...ойролцоогоор 7-8 шил Харзтай нэртэй 0,5 литрийн архийг ууж хэрэглэж дууссан, ...миний ард Ц зогсож байснаа Ө ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд Ц-г дайрах гэхээр нь би босож салгасан, ...намайг сууж байхад Ц өнгөрдөг Ө-ыг заамдаж босгоод дагуулж гарах гэхээр нь би одоо яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд одоо би ахыг цохиж зодохгүй би өөрөө мэдэж байна ахтай гараад юм ярих гэсэн юм гэж хэлээд гарсан,...Ц өнгөрдөг ах Ө-ыг чирээд гэрт оруулж ирсэн. Тэгэхэд Б бид хоёр шууд босоод очсон чинь Ө ахын өмд нь гэрийн босгон дээр тээглээд хагас шувтарсан. Тэрнийхээ дараа Ц ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би шууд өмдийг нь татаад хүзүүний гүрээний судсан дээр нь дарж үзсэн. Намайг үзэж байхад гэрт байсан хүмүүс бүгд босоод ирсэн Ө ах бид хоёрыг тойроод зогсож байсан. Тэрний дараагаар би өөрөө хиймэл амьсгал Ө ахад хийсэн. Эхний удаа хийгээд хоёр дахь удаагаа хийхэд эхний удаа хийсэн агаарыг шууд үлээсэн. Тэгэхээр нь би нас барчихсан юм биш үү гэж хэлээд миний хойно зогсож байсан Н-г эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн, ...миний мэдэхээр талийгаач газар ойчоогүй. Харин Ц талийгаачийг гаднаас оруулж ирэхэд үүдний босго хэсэгт өмд нь тээглэн өвдгөө хүртэл шувтарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн: “... Тухайн үед тамхи татаад сууж байсан Ц миний хойно баганы хажууд зогсож байсан. Тэгснээ гэнэт талийгаачийн толгой руу хүчтэй өшиглөөд дахин зодох гээд дайрахаар нь би болиулаад Ц-ийг чи яаж байгаа юм гээд хойш нь татахад за за ойлголоо гээд больсон. Тэгснээ гэнэт талийгаачийг заамдаад босгох гэхээр нь чи одоо болилдоо яасан гэж ахыг зодох гээд байгаа юм гэхэд зүгээрээ мань ахтай гадаа гараад юм ярьчаад ороод ирье гэсэн. Тэгэхээр нь за за гайгүй байх гэж бодоод орхисон. Ц талийгаач ахыг заамдаад чирээд аваад гарсан,...гаднаас Ц талийгаачийн ар нуруунаас нь 2 суганаас нь тэвэрсэн хөл бөгсөн биеийг чирсэн байдалтай орж ирсэн бөгөөд ах ухаан алдчихлаа гэж хэлээд зуухны хажууд газар хэвтүүлсэн. Талийгаачийн бөгсөн бие нь ил гарсан, цээж нь сөхөгдсөн хамаг бие нь шороо болсон байдалтай орж ирсэн бөгөөд Ц-д чи яачихваа гэж хэлэхэд пизда чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэр үед бид босож ирээд гүрээний судсан дээр нь дарж үзэхэд цохилохгүй болохоор нь хиймэл амьсгаа хийсэн чинь урдаас хэхрээд байгаа юм шиг чимээ гараад байсан,...талийгаачийн хувцас хунар нь шороо цас болсон нүүр нь улайсан байдалтай байсан, тэр үед Ц-ээс хаачаад ирэв гэж асуухад ахыг хойно замын тэндээс авчирлаа гэж байсан,...тухайн үед Ц талийгаачийн толгой руу өшиглөсний дараа боль гээд болиулсан. Тэгсэн чинь мань чинь одоо ахтай муудалцахгүй зүгээр байна гэж хэлээд шууд талийгаач дээр очоод заамдаж аваад үүд рүү чирээд гарсан. Тэгэхэд талийгаач ямар нэгэн үг хэлэхгүй, гулжигнасан байдалтай байсан бөгөөд Ц-д чирэгдээд гарсан,...Тухайн үед талийгаачийг Ц цагдаа зодсон тэгэхээр энэ гэмтлүүдийг Ц учруулсан байх гэж бодож байна,...Миний мэдэж байгаагаар талийгаачийг Ц-ээс өөр хэн ч цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 46-47-р хуудас/. Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гэрээс гарахад цагдаа Ц гэрийн баруун хэсэгт зогсож байсан харин талийгаач Ө доод зам руу явган алхаж байсан. Ц Ө-ыг тэр явж байна гэж хэлсэн тэрний дараагаар би Ц-ийг үлдээгээд Ө-ын араас очиж уулзаад буцаж харъя гэж хэлсэн чинь Ө тухайн үед би гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байсан чинь цагдаа Ц араас ирээд явцгаая гэж хэлсэн. Тэгээд Ө-ыг явахгүй байхаар нь цасаар нүүр хэсгийг нь угаасан. Тэгтэл Ө явахгүй суугаад байсан. Ц түүний хэвлий хонго хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэрний дараагаар талийгаач Ө босоод дөрөвдүгээр пост руу явсан. Тэгээд явж байхад нь цагдаа Ц араас нь гүйж очоод Ө-ыг гүйгээд яв гүйж чадахгүй байна уу пизда минь гэж хойш татаад газар унагаасан. Тэрнийхээ дараа хоёроос гурван удаа өшиглөсөн,...Тэрний дараа Ц гүйгээд явж чадахгүй байгаа бол чирээд явна гэж хэлээд өмд цамц зэргээс нь хэсэг чирсэн,...гэрт орж ирээд Ц, талийгаач Ө нар маргалдсан. Тэр үед Ц талийгаачийн толгойн зүүн талаас нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед талийгаач Ө нааран дээр сууж байсан ба урд хэсэг рүү нь унасан. Талийгаач яг аль талаараа унасныг анзаараагүй, тэр үед С Ц-ийг болиоч гэж хэлсэн. Тэгтэл Ц байж бай би авч гараад гадаа юм ярина гэж хэлээд Ө-ыг чирээд гэрээс гарсан. Тэгээд удалгүй Өыг чирээд орж ирсэн. Гэрт оруулж ирж байх явцад талийгаачийн өмд босгон дээр тээглэн хагас шувтарсан. Ц Ө-ыг гэрийн баруун хэсэг зуухны хажууд газар хэвтүүлсэн. С анхны тусламж үзүүлэн хиймэл амьсгал хийсэн. Тэгээд Н цагдаа эмнэлэг дуудна гэж хэлээд гэрээс гарч утсаар ярьсан,...Миний мэдэхээр Ц талийгаачийг 5 удаа өшиглөсөн. Гэрт нэг харин гэрийн өөр хоёр газар хоёр хоёр удаа өшиглөсөн. Бид нарыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой хөзөр тоглож архи ууж байхад талийгаач Ө-д ил харагдах газар ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй....Зодуулсны улмаас нас барсан гэж бодож байна. Ц талийгаачийг гэрт өшиглөхөд талийгаач нааран дээр сууж байснаа урагшаа ойчсон. Талийгаач тухайн үед өмд цамцтай орж ирсэн дээлийг нь би гаднаас барьж орж ирсэн. Талийгаачийн дээлийг нь Ц цагдаа гадаа байхдаа тайлуулсан...” гэсэн мэдүүлэг/1-p хх-ийн 75-76-р хуудас/. 2018 оны 03 дугаар 23-ны өдрийн: “...Талийгаач Ө ах постны гэрлүү буцаж явахгүй гээд суугаад байхаар нь нүүрийг нь цасаар угааж байхдаа газар хэвтүүлсэн. Тэгээд босооч пизда гэж талийгаач Өт цагдаа Ц хандаж хэлсэн. Тэр үед талийгаач босохгүй газар хажуугаараа хэвтэж байхад цагдаа Ц талийгаач Ө-ийн хэвлий рүү нэг удаа өшиглөсөн, араас нь хонго руу  нь  нэг удаа  өшиглөсөн  тэгэхэд талийгаач  Ө  босоод  ирсэн. Ө луу Ц цагдаа гүйж очоод дээлнийх нь араас татаж газар унагаасан тэгэхэд талийгаач хажуугаараа хараад унасан бөгөөд Ц цагдаа талийгаачийн хэвлий рүү 2-3 удаа өшиглөсөн,...Би Ц-ийн хамт гэр лүү ороход талийгаач Ө ах гэрийн хойно зассан наарны зүүн талд хаалга руу хараад сууж байсан. Тэгэхэд талийгаач Ө ах цагдаа Ц-д хандаж миний дүү чи ахыгаа яаж байгаа юм бэ миний хоёр хавирга хугалчихлаа ш дээ гэж хэлэхэд Ц цагдаа яасан гэнээ яасан гэнээ хэдэн хавирга хугалсан гэнээ гэж хэлээд гэнэтхэн талийгаачийн толгойн зүүн чихний ар хэсэг рүү хүчтэй өшиглөсөн. Энэ үед С чи одоо болиочдээ гээд Цийг болиулсан. Тэгэхэд талийгаач хойшоо нааран дээр дээшээ хараад унасан. Тэгэхэд за за би одоо зүгээр одоо ахыг дахиж зодохгүй зүгээр хамт гарч юм яриад орж ирье гэж хэлээд талийгаачийн энгэрээс нь чирээд гарсан. Тэгэхэд талийгаач алхаж чадахгүй газар чирэгдээд гарсан. Тэгээд нээх их удалгүй Ц талийгаач Ө ахын араас нь барьсан газар чирээд орж ирсэн. Тэгэхэд талийгаачийн өмд нь гэрийн босгон дээр тээглэж шувтраад хагас шувтарсан байдалтай орж ирсэн. Ц цагдаа талийгаачийг зуухны хажууд газар хэвтүүлсэн энэ үед С босож ирээд талийгаачийн гүрээний судсыг барьж үзээд цээжин дээр нь хиймэл амьсгаа хийсэн. Тэгэхэд талийгаач сонин дуугаар хэхрээд байсан. Тэр үед С талийгаачийг нас барчихлаа чи хүн алчихлаа ш дээ гэж Ц-д хандаж хэлэхэд чимээгүй зогсоод байсан. Тэгээд цагдаа дуудаж мэдэгдсэн байгаа талийгаач ах нааран дээр суугаад чи ахыгаа яагаад зодож байгаа юм гэж хэлээд сууж байхад Ц яасан гэнээ яасан гэнээ хэдэн хавирга хугарсан гэнээ гэж хэлж байснаа гэнэт өшиглөсөн юм. Энэ үед С цагдаа Ц-ийг боль гээд болиулсан. Талийгаачийг харахад нүүрний хэсэг нь нэлээн их зулгарсан шалбарсан шархтай байсан, өөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Талийгаачийн нүүрийг хатуу цасаар үрэхэд тэр зулгарсан шархнууд үүссэн байх. .. Талийгаачийн нүүрэнд үүссэн зулгаралтуудыг Ц цагдаа цасаар үрж байхад учруулсан байх гэж бодож байна. Талийгаачийн биед үүссэн бусад гэмтлүүдийг Ц цагдаа талийгаачийг газар чирж байхад үүссэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг/4-p хх-ийн 35-39-р хуудас/. Гэрч Т.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр үед орондоо орчихсон яриаг сонсоод хэвтэж байсан. Тэгтэл Ө багш ахыгаа зодож байгаа юм уу хавирга хугарчихсан юм биш үү гэж ярьж байх нь сонсогдсон. Тэгээд л ноцолдож байгаад пад хийгээд өшиглөж байгаа бололтой байсан. Ц өшиглөж байгааг бол би хараагүй. Хөөе яаж байгаа юм бэ? Ухаан алдаад ойчлоо шүү дээ гэж нөгөө хэд босоод ирчихсэн байсан. Тэгээд л орноос босож хувцасаа өмсөөд очтол зуухны баруун урд хэсэгт Ө дээшээ харчихсан газар хэвтэж байсан, ...Тэгээд сүүлийн өшиглөж байгаа чинь илүүдэж байхгүй юу яах гэж өшиглөж байгаа юм бэ гэж Ц-д С, М нар хэлсэн,... бид 6 нийт 8 шил архийг ууж хэрэглэсэн..." гэсэн мэдүүлэг/1-p хх-ийн 69-70-р хуудас/. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн: “...Тэгээд нэг их удалгүй талийгаач Ө ах гэрт орж ирээд нааран дээр суусан. Үүний дараахан гэрт Ц, М нар цувраад гэрт орж ирсэн. Тэгж байтал талийгаач Ө ах Ц-д хандаж чи ахыгаа зодож байгаа юм уу 2 хавирга хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгэхэд би орондоо унтаж байсан бөгөөд төд удалгүй талийгаач Ө ахыг Ц өшиглөчихлөө яаж байгаа юм гэсэн. Тэр үед би босоод ирэхэд С цагдаа Ц-ийг бариад авсан байсан. Тэгэхэд Ц мань чинь зүгээр зүгээр ахтай юм яриад ороод ирье, учраа олоодхоё гээд талийгаач ахын энгэрээс заамдаж татаж босгож ирээд гаръя гээд чирээд гарсан. Талийгаач Ц-ийн өмнөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод янз бүр болоод байсан зүйл байхгүй тэгс гээд Ц-ийн гарын аясаар дагаад чирэгдсэн байдалтай гарсан. Тэгээд удалгүй талийгаач ахыг Ц өргөөд ороод ирэх шиг болсон. С, М нар очсон ухаан алдсан юм биш үү гээд байсан. Тэгээд талийгаачийн цээжин дээр дарж хиймэл амьсгал хийгээд удалгүй нас барчих шиг боллоо цагдаад мэдэгдээрэй гэхээр нь би Бүрд сум руу ярьж Г дарга руу ярьж хэлсэн..." гэсэн мэдүүлэг / 4-р хх-ийн 63-67-р хуудас/. Яллагдагч Т.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Ц-ийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Т.Ц-с гаргуулан авсан тайлбарт Т.Ц нь: “...анх үүрэг гүйцэтгэх гээд явах гэж байхад эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батпүрэв надаас болон хамт үүрэг гүйцэтгэх албан хаагч нараас бичгээр баталгаа авч аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Тэрний дагуу шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баатардалай хүргэж өгсөн,...замаараа нутгийн М-н гэрээр орчихоод 4-р поструу явсан, бид гурвийг очиход 19 цаг болж байсан байх. Тэгээд очоод хоол идэж хөзөр тоглож бид зургаа 8 шил 0.5 литрийн Харзтай гэсэн нэртэй архи уусан. Архи уугаад дуусаж байх үед Ө гэрээс гараад явчихсан түүний араас би онцгой байдлын дэд ахлагч М-н хамт гарсан. Тамхи татаад нэг харсан чинь Ө доошоо засмал зам руу явж байсан тэгэхээр би хамт байсан М тэр доошоо явж байна гэж хэлэхэд М араас нь гүйгээд явсан тэр хоёрын араас би явж очтол Ө газар суучихсан би Бүрд сумын төв явлаа буцаж пост руу явахгүй гэж хэлсэн. Тэгэхээр би уурлаж бос бид нарт гай болж хөлдөж үхнэ гэж хэлээд 4-р пост руу М бид 2 сугадаад явсан. Гэтэл явахгүй гээд газар суучихсан. Тэгэхээр би Ө-н ууц нуруу хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн,...гайгүй алхаж байснаа эргэж гараа далайгаад чи юу юм бэ гэж хэлээд надруу дайрсан тэгэхээр би Ө-н цээж хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. Тэр үед Ө цасан дээр суугаа байдалтай ойчсон, ...Ө гэрийн хажууханд очоод суучихсан. Би очоод Өын хувцаснаас татаж ойролцоогоор 15-20 метр зайнд чирээд одоо хөлөөрөө гэрлүү ор гэж хэлсэн тэрний дараа Ө өөрөө гэр рүү алхаж орсон. Ө гэрт ороод хойд талын нааран дээр суучихсан тамхи татаж байхлаар нь өвлийн хар хүйтэнд хөлдөж үхэх гээ юу гэж хэлээд Сүхбатын ар талаар орж Ө-г өшиглөсөн....тэрний дараагаар би Ө-г поструугаа аваад явна гэж хэлээд....гарнаас татаж гэрээс гарсан. Энэ үед миний гарнаас Ө мултраад газар унасан. Би чирээд гэрээс гаргасан гэтэл царай нь сонин болчихсон байсан.... Ө өөр хүнд зодуулж байхыг би хараагүй,...гэсэн тайлбар /2-р хх-ийн 180-181-р хуудас/. Яллагдагч Т.Ц, гэрч Г.М нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /уг мэдүүлэг авах ажиллагааг хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсний дараа нэмэлт мөрдөн байцаалтын явцад авсан ажиллагаа, 7-р хх-ийн 0002-0007-р хуудас/. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолын үндэслэл болсон, өөрөөр хэлбэл, тогтоолдоо дурдсан нотлох баримтууд /тогтоолд тэмдэглэгдсэн/. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

 

Гурав. Энэхүү эсэргүүцлийн хоёр дахь хэсэгт дурдсан, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан журмын дагуу цуглуулсан бусад нотлох баримтууд болон хоёр удаагийн анхан шатын шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүхээс Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 23-нд шилжих шөнө 00 цагаас 02 цаг 27 минут хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна иргэн Б.Өгэр лүү гээ явах гэлээ гэсэн шалтгаанаар түүний хэвлий хэсэг рүү, мөн нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, түүнийг постны гэр рүү буцаад явж байх үед нь гүйгээд явж чадахгүй байна уу гэж шалтаглан дээлнийх нь араас татаж газар унагааж, хэвлий рүү хоёроос гурван удаа өшиглөж зодсон, гаднах дээлийг нь тайлуулж газраар чирж, амь хохирогч Б.Өын биед биеийн баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, нүүр, толгой, дээд доод мөч, их биеийн шарх, зулгаралт бүхий гэмтлүүд учруулсан, амь хохирогч Б.Ө постны гэрт орсны дараа түүнийг миний 2 хавирга хугарчихлаа гэж хэлэхэд нь яасан гэнээ, хэдэн хавирга хугарсан гэнээ гэж хэлэн, түүний толгойн зүүн чихний ар хэсэгт хөлөөрөө хүчтэй өшиглөж зодсон, өшиглөсний дараа Б.Өгэрээс чирч гаран, түүнийг газарт унагааж түүний толгойд гавал тархины битүү гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн, хүнийг алах гэмт хэргээ санаатайгаар, удааширсан үйлдлээр үргэлжлүүлэн зодож хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулж зовоон тарчлаах аргаар онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Дөрөв. Уг тогтоолд “...мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрч Б.Сүхбат, Т.Насанжаргал, Б.Билгүүн, Г.Мнарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байх тул гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах...” гэсэн нь чухам ямар мэдүүлгийн зөрүү гарсан, түүнийг хэрхэн арилгах, нэмэлт мөрдөн байцаалтад ямар тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийхийг шүүх заагаагүй нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг мөн зөрчсөн.

 

Тав. Шүүхийн тогтоолд “...мөн шүүгдэгч Т.Ц нь талийгаачийг гэрээс яаж, ямар байдлаар авч гарсан /чирсэн үү? аль эсвэл дагуулаад гарсан уу?/ гэдэг асуудлыг тогтоогоогүй...” гэснийг дараах байдлаар эсэргүүцэж байна. Үүнд: Дээр дурдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар энэ нь үгүйсгэгдэж байна. Уг хэрэг явдал 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-ны шөнө үйлдэгдсэн, харин 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон шүүх хуралдаанд гэрч нар 1 жил 3 сарын өмнө болсон үйл явдлыг ой ухаандаа эргэн санаж, өөрийн санамжид үлдсэн ойлголтоор тайлбарлан өгч байгаад шүүх дүгнэлт хийлгүй, зарим гэрчийн мэдүүлэгтэй хэрэглэсэн үгийнх /чирсэн, дагуулсан/ нь утга санаанд дүгнэлт хийлгүй шууд утгаар чирсэн, дагуулаад гарсан гэсэн үгээр нь хөөцөлдөж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Ер нь хүн нэгнийгээ гараас угз татаад гарахыг чирээд гарлаа гэж ойлгодог, ярьдаг, нэг нь нэгнийгээ гараас нь хөтлөөд, дагуулаад гарахыг чирээд гарлаа гэж ярьдаг, чирнэ гэдэг үгийг заавал газраар чирэхээр ойлгох боломжгүй тул хүнийг зогсож байхад нь хөтлөөд, дагуулаад гарахыг үг зүй, утга талаас тухайн хүний өөрийнх нь тайлбарлаж байгаагаар дүгнэх нь зүй юм. Энэ хэргийг шүүхээс шийдвэрлэхэд Т.Ц нь постны монгол гэрээс хохирогч Б.Ө гараас нь хөтлөөд гарах, гараас угз татаад гарах, гараас нь чирээд гарах, энгэр хэсгээс татаад, чирээд гарах, гараас нь хөтлөөд, дагуулаад гарах зэрэг нь төдийлөн ач холбогдолгүй юм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар уг шатанд гэрч болон Т.Ц нараас талийгаачийг гэрээс яаж ямар байдлаар авч гарсан /чирсэн үү? аль эсвэл дагуулаад гарсан уу? гэсэн асуултыг тавих бөгөөд өөрөөр тогтоох боломжгүй, үүнийг шүүх хуралдаанаар тогтоох боломжтой байтал шүүх тодорхойгүй шалтгаанаар хэргийг буцаасан нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

 

Зургаа. Шүүхийн тогтоол дахь “...Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д "...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3-т заасан "гэм буруугийн хэлбэр гэсэн нотолвол зохих байдлыг нотлоогүй..." гэснийг мөн энэхүү эсэргүүцэлд дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэж байна. Үүнээс гадна улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд дурдснаар эдгээр заалтууд үгүйсгэгдэнэ гэж үзэхээс гадна яллах дүгнэлтэд Т.Ц нь гэмт хэргийг хэзээ /2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө/. хаана /Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Өлзийтийн худаг" гэх газарт, яаж үйлдсэн /иргэн Б.Ө хэвлий болон нуруун тус газар нь удаа, дараа хөлөөрөө өшиглөж зодсон, газраар чирсэн, мөн 4 дүгээр постны гэр дотор хөлөөрөө түүний толгойн зүүн чихний ар хэсэг рүү хүчтэй өшиглөсөн, гэрээс гадагш чирж гарган газар унагааж санаатайгаар, удааширсан үйлдлээр үргэлжлүүлэн зодож хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулж зовоон тарчлаах аргаар онц харгис хэрцгийгээр зодож алсан/ гэж тодорхой заасан. Мөн улсын яллагчийн зүгээс бусдыг санаатайгаар алсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "санаатай" гэсэн гэм буруугийн хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Энэхүү гэм буруугийн хэлбэр хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.

 

Долоо. “Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА/2018/34 дугаартай магадлал"-ын тодорхойлох хэсэгт” ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан. Өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй байна..." гэж дүгнэсэн хууль зүйн дүгнэлт нь анхан шатны шүүх хуралдаанаар үгүйсгэгдээгүй бөгөөд тиймээс шүүхийн тогтоолд байхгүй байгаа нь шүүхийн тогтоол үндэслэлтэй, хууль ёсны гараагүй болохыг давхар нотолж байна.

 

Найм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоолд чухам ямар төрлийн, тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийх, шүүгдэгч этгээдээс бусад хэн, хэн гэгч хүмүүсээс мэдүүлэг авах, хэрэгт холбогдуулан шалгах этгээд байгаа эсэх, уг хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгах эсэх талаар тодорхой зааж өгөлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Ес. Шүүх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Үндэслэлээ дурдвал: Хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаахдаа уг заалтыг баримталж байх үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогчид баталсан. Хэрэв шүүх баримталсан нь үндэслэлтэй гэж үзвэл тогтоолдоо ямар мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн талаар зааж өгөөгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зүйл заалтуудыг баримтлан хэргийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх байтал үндэслэлгүйгээр буцаасан байна. Мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан буцаасан нь эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байх тул тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШТ/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг анх гэрийн гадна болсон тэр агшинд М-г оролцсон байж магадгүй гэж Ц ярьдаг. Энэ нь нотлогддоггүй. Тухайн үед Ц талийгаачийг чирсэн, өшиглөсөн асуудал байгаа боловч талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл учруулаагүй. Ц сум дундын эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өөрөө гадна өшиглөсөнөө хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гэрт болсон өшиглөлтөө бас хүлээн зөвшөөрдөг. Гадаа бол гарнаас нь мултраад унасан гэж мэдүүлдэг. Шинжээч эмч Ц-ийн өшиглөлтийн улмаас хохирогчийн ...аалзан бүрхүүлд нь цус хурсан гэдгийг шууд үгүйсгээгүй. Хүчтэй өшиглөлтийн улмаас тархи доргиход эсрэг талын хана дээрээ очиж тэр цусан хураа үүсдэг. Аль эсвэл хурц ирмэгтэй зүйл дээр унах үед цусан хураа үүсэх боломжтой. Туршилт хийлгэж Ц-г хүнээр өшиглүүлэх боломжгүй учраас шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдлыг  үнэлэх хэрэгтэй. Гэрч нар хүн ёсныхоо хувьд хүнийг хамгаалах ёстой нь зүй ёсны хэрэг. Тухайн үед хүн амины ноцтой хэрэг гарна гэдгийг мэдээгүй түүнийг төсөөлөх, ухамсарлах, ойлгох чадвар муутай, хүнд зэргийн согтолттой байсан гэдэг нь хавтаст хэргээс харагддаг. Хохирогчийн өмгөөлөгч тухайн гэмт хэрэгт бүлэглэж оролцсон эсэх талаар ярьж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гэрч нарыг аюултай нөхцөл байдал байхад нь тусламж үзүүлээгүй гэх зүйл ангиар татах нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн гэмт хэргийн шинжийг хангадаггүй учраас татаж шалгаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч цустай дээлний зураг үзүүлж байна. М-н үйлдлийн улмаас дээлэн дээр цус дуссан юм байна. Эсвэл Ц-н буруутай үйлдлийн улмаас учирсан юм байна гэдгийг тогтоох боломжгүй. Цасан дээр чирсэн асуудал бол тухайн үед ямар асуудлаар цасан дээр чирсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Магадгүй бүх гэрч нарыг цагдан хорьж эрүүдэн шүүж байж хэлүүлэх юм уу энэ бол ойлгомжгүй. Гэрч нарт хууль сануулж хэлснийг нь бэхжүүлж байгаа. Гэрч нар бол тухайн үед болсон юмыг сэргээн санаж бид нарт бодит байдлаар мэдээлэл өгч байгаа хүн. Харин санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх ёстой. Санаатай худал мэдүүлэг өгч байна гэдэг нь тогтоогддоггүй. Гэрч нарыг хүнд зэргийг согтолттой байсан гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Маш олон шил архи ууснаа хэлдэг. Тэгэхээр гэрч нар чирээд гарахад нь болиулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай бус бүгд согтуу байсан. Хохирогчийн зүгээс гадна асгасан цус, цустай тоосго гэсэн асуудал яриад байна үүнийг шинжээч эмч задлан хийхдээ хэргийн газрын үзлэг хийсний дараа газар хөлдүү байсан учраас газар ухаж булж чадаагүй харин тэр тоосгыг задлан хийхдээ толгойн доор нь эвсэн гэдгийг тайлбарлаж хэлсэн. Тэр тоосго бол хэрэгт хамааралгүй юм. М-г буруутай гэж зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт л байдаг. М өөрөө зодоогүй харин Ц-г зодсон гэж мэдүүлдэг. Талийгаач болсон асуудлыг сэргээн хэлэх боломжгүй учраас өнөөдөр ийм нөхцөл байдалд байна. Улсын яллагчийн зүгээс хяналт тавиад эрүүгийн хэрэг үүсгэж М-г яллагдагчаар татахад нотлох баримт шаардлагатай. Нотлох баримт гэвэл Ц-н сүүлд хяналтын шатнаас буцаж ирсэний дараах мэдүүлэг байдаг. Хэрэв үнэхээр анх удаа мэдүүлэг өгөхдөө болсон процессыг мэдүүлсэн бол боломжтой байж магадгүй. Гэхдээ өнөөдөр шүүгдэгч М талийгаачийг зодож байхыг хараагүй гэдэг. Ийм учраас М-г яаж татаж уу хэргийн нөхцөл байдал бол ийм байгаа. Гадна маргаан болоод чирсэн, цохисон асуудлаас болоод хавирга хугарч гэрт орж ирсэн. Үүнээс харахад үхэлд хүргэх нөхцөл байдал үүсээгүй гэж шинжээч эмч тодорхойлсон. Гэтэл үхэлд хүргэх нөхцөл нь Ц-н гадна болон гэрт өшиглөсөн алины үйлдлээс чухам яаж гэмтэл учирсан нь тогтоогдохгүй. Ц өшиглөсөн тухайгаа өөрөө мэдүүлдэг. Гадна бол дахиж зодсон гэж мэдүүлдэггүй. Талийгаач гарнаас нь мултраад унасан гэж ярьдаг. Ийм учраас давж заалдах шатны шүүх нэг мөр хууль хэрэглээний хүрээнд үнэлэлт дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Үнэхээр гэрийн гаднах үйлдлийн улмаас Ц хүний амь насыг хохироосон бол давж заалдах шатны шүүх ганцхан эсэргүүцлийн хүрээнд биш хэргийг бүхэлд нь анхаарч үзэх шаардлагатай. Хэрэв хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар бол М-г ямар үндэслэлээр татах юм. Татахдаа ямар зүйлчлэлээр татах юм татахдаа хүний амь насыг хохироосон гэдгээр татах юм уу? аль эсвэл хамтарч бүлэглэж зодсон гэдгээр татах юм уу, 6 хавирга хугалсан хүнд, хөнгөн гэдгээр нь ялгаж зүйлчлэх юм уу гэдгийг хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүхээс ялгаж шалгаж зүйлчлэх нь үндэслэлтэй юм. Прокурорын зүгээс М-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллагдагчаар татахад нотлох баримт байхгүй. Хэргийн нөхцөл байдал удсан. Хэргийн газар дээр дахин үзлэг хийх нөхцөл бололцоо байхгүй. Бусдын буруутай үйлдлийн улмаас Монгол улсын нэг иргэн амь насаа алдсан. Энэ үйл ажиллагаанд Ц өөрөө оролцсноо мэдүүлдэг. Ц гадаа бол өшиглөснөө мэдүүлдэг, мөн гэрт өшиглөснөө хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гэрээс чирээд, дагуулаад гарснаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Харин үхлүүд хүнийг чирээд орж ирж байгаа нь хууль зүйн факт. Нотлогдож байгаа байдлын хүрээнд хэргийг шийдвэрлэхээс өөрөөр нотлох баримтыг шинээр гаргаж, гэрч нараас дахин үнэн худал мэдүүлэг өгсөн байна гэдгээр шалгах боломжгүй юм гэж улсын яллагийн зүгээс үзэж байна. Магадгүй хууль хэрэглээний хувьд миний мэргэжлийн ур чадвар дутаад буруу дүгнэлт, тайлбар хэлээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас шүүхийн шийдвэр нь ойлгомжтой байж хийх ажлыг нь тодорхой зааж өгч буцаах ёстой. Хэрэв шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар бол ямар ямар ажиллагаа хийхийг тодорхой зааж өгөх нь зүйтэй. Нэгэнт энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүх ямар ч шийдвэр гаргасан улсын яллагчийн хувьд дээд шатны шүүхэд хандах нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас шүүх бүрэлдэхүүнээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй блгож өгнө үү гэв.

 

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулаад хэлэхэд хүнийг аврах, хамгаалах ёстой 2 хууль сахиулагч хэргийн газарт байсан. Нэг нь Өлзийт сумын цагдаа, нөгөө нь Хархорин сумын цагдаа, мөн онцгой байдлын 2 ажилтан байсан. Бүрд сумын Засаг даргын тамгын газрын татварын байцаагч гээд бүгд л хүнийг хамгаалах ёстой албан хаагчид. 2 хавиргыг минь хугалчихлаа гээд аврал гуйж байхад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Тэдгээр хүмүүс үгсэн хуйвалдаж энэ гэмт хэргийг хийсэн. Бүгд үгээ нэгтгэсэн гэж үздэг. Прокурор үүн дээр санал нэг байгаа байх. Гэхдээ эсэргүүцэлд энэ дурдагдаагүй байна. Үгсэн хуйвалдаагүй байтлаа эдгээр хүмүүс Ц-д тусална гэж яриад 30 гаруй км-ийн цаанаас амьд байгаа онцгой байдлын ажилтан М-г амьдаар нь чирж миний хүүг тэнд үхсэн мэт болгож чирж ирсэн. Нөгөө талаар энэ байдлаас харж үзэхэд үгсэн хуйвалдаж үгээ нэгтгэж мэдүүлэг өгсөн. Хэрэг анхнаасаа дутуу мөрдөгдсөн гэж би үздэг. Хэргийн газар анх мөрдөх ажиллагаагаар очсон Хархорины цагдаагийн дарга тэргүүтэй хүмүүс очоод цустай тал тоосго, 4 см диаметртэй 49 см урттай бүдүүн улаан унь хэрэгт хураан авсан хэрнээ хэн ямар журмаар хэрэглэсэн гэдэг нь хавтаст хэрэгт тусгагдаагүй байдаг. Нөгөө талаар миний хүү 6 хавиргаа хугалуулсан гээд байна. Гэвч тэрний цаана шүүхийн задлан шинжилгээний дүгнэлтэд их тархи, бага тархи, дунд тархинд цус хурсан. Тархины зөөлөн эдийн гэмтэл үхэлд хүргэх шалтгаан болсон. Хавирга хугарсныг бол хүн тэсээд гарна үүнийг шүүх эмнэлгийн шинжээч эмч бас хэлсэн, үүнийг тогтоогүй...  Хархорины Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар 2 удаа хүүгийн гэрийн юмыг битүүмжлэх гэж очсон. Ц нь хохирлыг төлөхөд зориулж Хархорин сумын төвд байгаа газар, Тоёото маркийн машин зэргийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт хавтаст хэрэгт байгаа байх...  Энэ асуудал шийдэгдэхгүй байгаагаас хүүгийн маань цалингийн зээл нэхэгдэж байна. Хуулийн байгууллагууд одоог хүртэл энэ асуудлыг шийдээгүй. Хүү маань амьд байсан бол өөрөө зээлээ төлөөд явах байсан... Амь гуйж байхад нь болиулаагүй хүмүүс их ноотой эцэст нь Ц рүү бүгдийг нь чихээд байгаа юм. Хэргийн газар 60 хоногийн дараа очиход асар их зодоон болсон нь тодорхой байсан. Үхэр алсан юм шиг их цус асгарсан байсан. Эхнээсээ мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Үүнд их гомдолтой байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хэрэг дээр прокурор болгон өөр өөр юм хэлдгээс болж энэ хэрэг ерөөсөө болохоо болж байгаа юм. Жишээ нь анхан шатны шүүх хурал дээр хамгийн анх хяналт тавьж байсан прокурор энэ хэрэг ердийн хэрэг хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй гээд хохирогчийг шүүх хуралдаанд оруулалгүй хурал хийсэн. Хяналтын шатны шүүх дээр очихоор хяналтын шатны шүүх хуралд орсон прокурор прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдэх ёстой шүүх эрх мэдлээ хэтрүүлж байна гэсэн. Гэтэл өнөөдөр  эсэргүүцэл бичсэн прокурор миний юу хийхийг шүүх зааж өгсөнгүй тийм учраас энэ шүүхийн тогтоолыг хүлээж авах боломжгүй гэж. Бид нар нэг хууль хэрэглэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч тийм байр суурь тавьдаг хохирогчийн байр суурийг яллах дүгнэлтэд ч эсэргүүцэлд ч дурдаагүй хохирогчийн талаас гуравхан санал тавьж байгаа яагаад үүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаа юм. Хэрвээ үүнийг няцааж байгаа юм бол эсэргүүцэлдээ дурдах ёстой. Энэ хэргийг бүлэглэж үйлдсэн байна гэдэг. Хэрэв бүлэглээгүй юм бол хүний амь нас аюултай байдалд орсон байхад тусламж үзүүлээгүй тэр хүмүүсийг яагаад татахгүй байгаа юм. Жишээ нь прокурор бол тэр гэрч нь тэгсэн, цаад улсууд кино үзээд сууж байсан юм шиг ярьж байгаа юм. Хүнийг алах гээд, амь насанд нь аюул учруулах гээд, чирээд гарах гэх мэт асуудал болж байхад тусламж үзүүлээгүй байна. Тусламж үзүүлэхгүй байна гэдэг чинь ганцхан хүнийг хээр хаяхыг хэлэхгүй. Үүнийг шалгаж өгөхийг хүсч байна. Шалгаж үзээд та нарын тавьж байгаа зүйл ийм ийм баримтуудаар няцаагдаж байна гэвэл бид ойлгоно. Энэ хэрэгт нэг хэсэг бүлэг архинд дуртай хүмүүс нэг газар цуглараад нэгнийхээ амь насанд хүрээгүй. Үүнийг зохион байгуулж тэр газар ажил үүрэг гүйцэтгэж байсан, удирдсан хүмүүс нь төрийн томилгоотой байж байгаа. Тэгвэл тэр ажлын үр дүнд амь насаа алдсан хүний ар гэрт тусламж үзүүлэхгүй байна. Тийм учраас иргэний хариуцагчаар холбогдох байгууллагуудыг татах хэрэгтэй. Одоо хүртэл татаагүй байгаа. Мөн Онцгой байдлын газрыг ч татах шаардлагатай. Бүрд сумын Засаг даргын тамгын газрыг хүртэл татах ёстой байсан. Эдгээр байгууллагуудыг иргэний хариуцагчаар татаад амь үрэгдсэн хүний 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг холбогдох байгууллагаас гаргасан бол энэ өнчин үлдсэн хүмүүс ядаж банкинд гэр орноо хураалгах дээрээ тулахгүй байх байсан. Энэ хэрэгт хууль зүйн шинжлэх ухааны үүднээс хандаагүй. Үндсэн хуульд заасан хүмүүнлэг ёсны зарчмыг баримтлаагүй. Зүгээр нэг шалгасан болоод өөрсдийгөө хамгаалсан. Анхны анхан шатны шүүх хурлаас эхлээд хохирогчийг шүүх хуралд оруулахгүй байгаа юм. Хүний амь насанд аюул учраад байхад тусламж үзүүлээгүй... Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр 4 гэрчийн мэдүүлэг бүгд хоорондоо зөрүүтэй байсан. Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа. Нэг гэрчийн 3 удаа өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байдаг. Хэргийн газрын үзлэгийг маш хариуцлагагүй хийсэн. Хохирогчийн хэлсэн хэргийн газарт 3 хэсэг газар цус байсан гэдэг нь үнэн. Үүнийг шинжээч эмч задлан шинжилгээ хийгээд гарсан шингэн зүйлийг 2 хэсэг газар асгасан гэж тайлбарласан. Тэрийгээ баримтжуулаагүй, хэргийн газрын үзлэгийг маш хариуцлагагүй хийсэн. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хүртэл 2 өмгөөлөгч Ц-г өмгөөлж байсан. Хэрэг мөрдөн байцаалтад буцаж ирэхэд Ц намайг өмгөөлөгчөөр сонгосон. Т.Ц 3 хуудас юм надад бичиж өгсөн одоо хавтаст хэрэгт байж байгаа. Өмнөх анхан шатны шүүх хурал дээр Т.Ц хавтаст хэргийг бүтэн танилцуулаагүй юм байна билээ. Өмнөх хоёр өмгөөлөгч нь чи одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар ял аваад дуусна. Хэрвээ задлах юм бол бүлэг болоод дуусна гэж өөрт нь ойлгуулсан байсан. Тийм учраас Ц хавтаст хэрэгтээгээ танилцах хүртэл энэ хэрэгт ганцхан би буруутай юм байна гээд итгэчихсэн байсан. Шүүх хурал дээр өөрийгөө гэм буруутай гээд хүлээн зөвшөөрсөн байсан. Гэтэл хавтаст хэргийг судлаад үзэхэд хариуцлагагүй юм их гарч ирсэн. Цогцост үзлэг хийсэн эмч цогцос яг тэр нааран дээр байгаа зургийг аваагүй толгой доор нь тоосго эвсэн гэж байгаа тэрийгээ бэхжүүлж аваагүй учраас хохирогчийн хардах нь зөв, гэрийн ерөнхий байдлын зургийг аваагүй. М гэдэг залуу худал мэдүүлэг өгдөг гэдэг нь тодорхой байгаа. Шүүх хурал дээр бас худал мэдүүлэг өгсөн. Нөгөө гурваасаа шал эсрэг мэдүүлэг өгч байгаа юм. Энэ залуу бол яах аргагүй энэ зодоонд эхэлж халдсан гэдэг нь шүүх хуралдаан дээр тодорхой харагдаж байсан. Тийм учраас шүүх мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргасан юм. Нөгөө талаар  М худлаа хэлж байгаа нь ойлгомжтой байсан. Нүүрэлдүүлэн байцаахад би байлцсан маш их сандарч байсан хаанаас нь өшиглөсөн бэ? гэж байцаагч 3 удаа асуусан тэгэхэд гурвууланд нь өөр өөрөөр хариулж байсан. Тэр хүн бол анх эхлээд талийгаачийг зодсон хүн гэдэг нь тодорхой байсан. Учир нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ Ц ирээд талийгаачийг гэрт дагуулж орж ирэхдээ нүүрэнд нь цохисон уу? гэхэд үгүй гээд өөрийгөө илчилсэн. Гэтэл нүүрэн дээрх шарх сорив зөвхөн цасаар угаахад тийм сорив үүсэхгүй. Эхэлж очоод М зодсон гэдэг нь тодорхой байгаа юм. Анхан шатны шүүх хурал дээр танхимд байсан бүх хүн энийг ойлгосон, мөн шүүгч нар ч ойлгосон. Энэ хэрэгт М татагдах ёстой. Улсын яллагч хэнийг татаж байцаах уу? гэх зэрэг ажлаа заалгах гээд байна. Хавтаст хэргээ уншаад үүнийг ингэх юм байна гээд нэмэлт ажиллагааг өөрөө хийх ёстой. Дөрвөн гэрчүүд болон шинжээчид хууль сануулж мэдүүлэг авсан байхад худал мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Ц талийгаачийг үхэлд хүргэхэд нөлөөлсөн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Тийм учраас шүүх хэргийг буцаасан гэж ойлгож байна. Нөгөө талаар үхэлд хүргэх болсон шалтгааныг тайлбарласан шинжээчийн дүгнэлт байгаа. Тархинд үүссэн гэмтэл яаж үүссэн бэ? гэдгийг нэлээн задалж үзсэн. Шинжээчийн дүгнэлтэндээ хүч үйлчилсэн талын эсрэг талд нь цусан хураа үүсдэг гэж тайлбарласан. Ц нэг л удаа толгой руу нь өшиглөсөн тэр өшиглөлтөөс болоод тархинд цус хуралт үүссэн байх боломжтой юу гэхэд үгүй гэж хариулсан. Хууль сануулаад мэдүүлэг авч байхад шинжээч эмч худлаа хэлэхгүй байх. Үүнээс үзэхэд Ц тэр хүнийг үхэлд хүргэсэн юм уу? гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Тийм учраас энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж татах ёстой хүмүүсийг татаж мэдүүлгийн зөрүүг арилгах хэрэгтэй. Нэг үг маш үнэтэй. Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө үгүй гэж хэлчихээд шүүхийн шатанд тийм гэж хариулах юм бол үүнийг мэдүүлгийн зөрүү гэнэ. Эндээс хариуцлага тооцох эх үүсвэр гарч ирнэ. Ийм учраас шүүх хэргийг буцаасан гэж ойлгож байна. Шударга үнэн байх ёстой үнэхээр гэм буруутай бол ял оноох нь зөв. Гэм буруугүй байвал хүнийг таамгаар энэ ингэсэн байх гэж ял оноох юм бол хэлмэгдүүлэлт болно. Тэгэхээр энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж хэргийг дахиж шалгуулах шаардлагатай. Шаардлагатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах ёстой. Шинжээчээс дахин мэдүүлэг авах ёстой. Ингэж байж энэ хүнийг гэм буруутай эсэхийг тогтооно. Улсын яллагч өөрийнхөө гаргасан яллах дүгнэлтийг хамгаалахын тулд бүхий л чадлаараа зүтгэх байх. Гэхдээ улсын яллагчийн хувьд тухайн хүний гэм буруутай эсэх эсхүл гэм буруугүй эсэхийг аль аль талаас нь тэнцүүхэн харж үзэх хэрэгтэй. Гэтэл зөвхөн гэм буруутай талыг нь харж, яллах талын баримтуудыг хавтаст хэргээс түүж бичсэн байгаа, ингэж болохгүй ээ. Тийм учраас хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцаах нь зөв гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүүцэлд тайлбар хэлэхэд 3 шатны шүүхээс хэрэг буцаад Ц буруутай байна гэж үзэж байгаа гэсэн. Би анх талийгаачийн нүүр рүү 4 дүгээр постны гэрт өшиглөсөн. Тэр үед санаатай зорьж өшиглөсөн юм байхгүй 2 хүний дундуур ороод санамсаргүй өшиглөсөн юм. Тэр үйлдлийн улмаас талийгаачийг үхэлд хүргэсэн гэж  өмнөх 2 өмгөөлөгчөөсөө ойлгосон. Учир нь өмнөх 2 өмгөөлөгч чи нүүр лүү нь өшиглөсөн талийгаач тархины хүнд гэмтлээс болоод нас барсан учраас энэ хэргийн буруутан нь чи байна гэж ойлгуулсан. Тэгээд би үнэхээр миний буруутай үйл явдлаас болоод энэ хүн нас барсан юм байна. Тийм болохоор би буруугаа хүлээх ёстой юм байна гээд хэргээ хүлээсэн. Хохирлын мөнгийг төлсөн. Прокурор хэлж байна Ц-с анх тайлбар авсан гээд байна тэрийг би үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ хэрэгт хүмүүс өөр өөрөөр ярьж магадгүй гээд өмгөөлөгчтэйгээ хамт байж мэдүүлэг өгмөөр байна  гэж хэлээд 2 удаа мэдүүлэг авах гэж ирэхэд нь өгөөгүй. Гэтэл албанаас бид нар тэнд ямар үйл ажиллагаа болсныг тандмаар байна гэж хэлээд надаас тайлбар авсан. Гэхдээ би тэр тайлбарыг няцаахгүй. Тэр тайлбар дээр гарын үсэг зуруулахдаа 3 удаа гарын үсэг зуруулсан. Яагаад олон удаа гарын үсэг зуруулаад байгаа юм би гэхэд ганц нэг үг үсгийн алдаа байна гэж хэлсэн. Би тэр хүнд итгэсэн. Би энэ асуудлаар гомдол гарахгүй. Прокурор хэлэхдээ Т.Ц 3 шатны шүүхээс хэрэг буцаж ирсний дараа мэдүүлэг нь өөрчлөгддөг гээд байна. Би ерөөсөө мэдүүлгээ өөрчлөөгүй. Би талийгаачийг 4 дүгээр постны гэр рүү тийм байдалтай байхад дагуулаад ирсэн. Гэхдээ талийгаач Ө-г тэр доор байхад ямар байдалтай байсныг би анхан шатны шүүх хурал дээр мэдүүлж байсан. Дээл бүс нь алдуурсан, сөгдөөд суусан байдалтай байсан шүү гэдгийг хэлсэн. Харин М-н хувьд чамаас өөр хүн зодсон уу? гэхэд би байхгүй гэж хэлсэн. Яагаад байхгүй гэж хэлсэн бэ? гэхээр би тэр хүнийг намайг очихоос өмнө яаж зодсон ямар байдалтай болгосныг нь би мэдэхгүй байсан. Намайг очиход тийм байдалтай байсан. Надаас өөр хүн цохиж зодож байхыг нь би хараагүй гэж хэлсэн. Би чинь шудрагаар би талийгаачийг өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрснөөрөө 10 жилийн ял анх сонсож байсан. Одоо прокуророос онц харгис хэрцгийгээр хүн алсан гэж зүйлчилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэхээр чиний өшиглөсөн үйлдлээс болж нас барсан байна гэсэн бол би хүлээн зөвшөөрөх байсан. Тэгэхэд маш олон үйлдлийг надад халдааж байгаа. Тийм болохоор энэ хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж прокурор, мөрдөн байцаалтын шатанд олон удаа хэлсэн. Прокурор миний хүсэлтийг хангасан болон хангаагүйгээ тайлбарлалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгтээ холбоотой гомдол гаргах эрхийг минь зөрчсөн гэж би үзэж байна. Би үүнийг урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэлсэн. Мөн энэ баримтууд бас нэг хууль зөрчсөн баримтууд байна гэж би цагдан хорих төвд хэлж байсан. Энийг шүүх шийдвэрлэнэ би шийдвэрлэхгүй гэж  хэлсэн. Энэ асуудыг шүүхийн тогтоол дээр шүүх хуралдаан дээр шийдвэрлэнэ гэж хэлсэн. Өмнө нь намайг шалгаж байсан прокурор миний эрхийг зөрчсөн асуудал гаргаж байгаагүй. Шүүх хурал дээр ч миний эрхийг зөрчөөгүй. Тийм болохоор анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж би үзэж байна. Одоо бол прокурорын эсэргүүцэл дээр бүх юм өөр болчихоод байна. Прокурор миний эрхийг зөрчсөн асуудал яриад нотлох баримт цуглуулаад яллах дүгнэлт үйлдээд явж байгаа нь надад сонин санагдаж байна. Үүнийг та бүхэн мэргэн ухаандаа тунгаах байх. Олон тооны гэмтлийг Ц чирж учруулсан. Нүүрийг нь цасаар угааж учруулсан гэж яриад байгаа юм. Тухайн нөхцөл байдал ямар байсныг хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харагдахаар байсан гэж би харьж байна. Яагаад гэхээр 4 дүгээр постны гаднах гэрийн гадна талын зургийг авсан байсан. 30-40 см битүү зузаан цастай байсан.  Тийм их цас зудтай байхад би тэр хүнийг явах гэж байхад ах аа та болохгүй ээ гэж хэлэх нь миний зөв биз дээ. Би тэр хүнийг ядаж л ажил үүргийнхээ хувьд явуулахгүй байх нь миний зөв. Гэтэл тэрийг зарим гэрч нар буруугаар ашигладаг. Тэрнээс болж маргалдсан юм байгаа биз гэж яриад байгаа юм. Би тэр хүнтэй маргалдах шаардлага байхгүй. 3 хоног хамт үүрэг гүйцэтгэсэн насаар миний аавтай чацуу хүн байсан. Харин анх ирж байхад нь С гэдэг хүн архи нэхэж байсан. Энэ архидалтыг тэр С гаргасан. Бид нар тэр архидалтад оролцоогүй гэж хэлэхгүй. Хавтаст хэрэгт байгаа.Талийгаач архинаас зугтаасан байх, мөн дарамтнаас зугтаасан байх. Ах аа битгий яваарай гэхэд С хориглож байсан. Тийм болохоор намайг 4 дүгээр постноос өөрсдийнхөө пост руу хүнээ аваад явлаа та нар арай дэндүү байна болохоо болилоо гээд дагуулаад гарсныг Ц талийгаачийг гадаа чирж гарч юм яръя, учраа ольё гэж ярьсан байдаг. Энэ хүмүүс цаанаа юм нууж байгаа шүү гэдгийг би тодорхой хэлж байна. Намайг ямар ч хэрэгээр буруутгаж болно. Би өөрийнхөө буруутай үйлдлийн төлөө шударгаар хариуцлага хүлээгээд явдаг газар дээр нь яваад үүрдэг юмыг нь үүрээд, энэ хүний хохирол гомдлыг барагдуулаад явна. Миний сэтгэл одоо ч эмтэрдэг. Би тэрийгээ өмнө нь давж заалдах шатны шүүх хурал дээр илэрхийлж байсан. Би буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. Би талийгаачийн оршуулгын зардлыг төлсөн байгаа. Цаашдаа надад хөдөлмөр эрхлэх боломж олдох юм бол би энэ 2 гараараа үнэн шудрагаар ажиллаж байгаад би энэ хүний сэтгэл санааг тайтгаруулна гэж би албан ёсоор хэлсэн байгаа. Одоо ч тийм сэтгэлтэй л явж байна. Хамгийн гол нь шудрагаар шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Прокурорын эсэргүүцлийг би ойлгохгүй байна. М худал хэлээд хавтас хэрэгт түүний ярьсан бүхэн үгүйсгэгдэж байхад прокурор М-г хүнийг шалгаж өгөхгүй байгаа юм. Өнөөдөр намайг буруутгаж байгаа бол тэр хүнийг ганц удаа шалгаад өгсөн бол би юу ч хэлэхгүй. Ямар үндэслэлээр прокурор ингээд байгааг би ойлгохгүй байна. М-н үйлдлийг та бүхэн бас оюундаа тунгаах хэрэгтэй. Зүгээр нэг архидаж байсан хүмүүсийг гаднаас нь харж байсан хүн гэрчилж байгаа бол хэн ч юу ч ярихгүй байх. Тэгтэл тэр дунд холилдоод санаачлаад явж байсан хүн бас надаас түрүүлээд 4 дүгээр постны гадна талийгаач дээр очсон М-г яагаад шалгаж болохгүй байгаа юм бэ? энэ хүнийг шалгуулмаар байна. Шалгаад өгөх юм бол дараа нь би юу ч ярихгүй. Үнэхээр талийгаач миний нүүр рүү нь өшиглөсөн үйлдлээс болоод нас барсан гэж нотлох баримтаар тогтоогдвол би юу ч ярихгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүхийн тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-4/, гэрч Б.С /1 дүгээр хх-ийн 65/, Т.Н /1 дүгээр хх-ийн 69/, Б.Б /1 дүгээр хх-ийн 73/, Г.М /1 дүгээр хх-ийн 75/ болон бусад гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогддог. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 02 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө гэж буруу тодорхойлж тусгажээ.

Анхан шатны шүүхээс хохирогчийн /талийгаачийн/ нүүрэнд учирсан олон тооны шарх, зүүн 6, 7, 8, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл, талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтэл нь яаж үйлдсэн, хэний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрч Б.С, Т.Н, Б.Б, Г.М нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах, мөн шүүгдэгч Т.Ц нь талийгаачийг гэрээс яаж ямар байдлаар авч гарсан /чирсэн үү? аль эсвэл дагуулаад гарсан уу? / гэдэг асуудлыг тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Прокурорын шүүхийн тогтоолын зарим хэсэг утга найруулгын хувьд ойлгомжгүй, найруулгын алдаатай талаар гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байгаа хэдий ч хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хэний үйлдлийн улмаас учирсан, уг гэмтлүүдийг учруулахад Г.М-н оролцоо байгаа эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай. Гэрч Г.М мөрдөн байцаалтанд “...Ц цагдаа Ө-г дээлээ тайл гэж хэлсэн. Ө дээлээ тайлсан би Ө-н дээлийг барьж Ц цагдаагийн хамт алхаж явсан. ... Ц цагдаа гүйгээд явж чадахгүй бол чирээд явна гэж хэлээд өмд, цамцнаас нь чирсэн. ...Талийгаач тухайн үед өмд цамцтай орж ирсэн, дээлийг нь би гаднаас барьж орж ирсэн гэж мэдүүлэг. Үүнээс үзэхэд хохирогч гаднаас гэр рүү орохдоо дээлгүй орсон байна. Гэтэл  гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаач Б.Ө-н дээлнээс цус илэрсэн. Энэ хаанаас үүссэн хэний цус вэ? гэдгийг тогтоох шаардлагатай байна гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн тайлбар үндэслэлтэй. Мөн дээрх Г.М-н мэдүүлэг нь яллагдагч Т.Ц, гэрч Г.М нарын нүүрэлдүүлж авсан мэдүүлэгтэй зөрүүтэй.

Гэрч Г.М, Б.С, Т.Н, Б.Б нарыг талийгаач Б.Ө аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй эсэхийг шалган тогтоох, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирол хариуцвал зохих байгууллагыг иргэний хариуцагчаар татах талаар гаргасан хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул  Т.Ц холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШТ/16 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь “...542 хоног буюу 18 сар цагдан хоригдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 18 сараас хэтрүүлэн цагдан хорьж болохгүй гэсэн тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Т.Ц нь нийт 18 сар цагдан хоригдсон боловч яллагдагчаар 18 сар цагдан хоригдоогүй, мөн түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн хүсэлтийг хангах боломжгүй байх тул  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШТ/16 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Ц урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.