Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0236

 

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0236

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Н***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “Н***” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах, “Н***” ХХК-ийн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019/11/04-ний өдрийн 02/15, 2020/09/30-ны өдрийн 01/165, 2020/10/06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020/11/11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр гэрээ  гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоо хүртэл үргэлжилж байгаа буюу өргөдлийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, “Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахгүй одоо хүртэл үргэлжилсэн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг газрын тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0977 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,

Хэргийн индекс: 128/2024/0077/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н***” ХХК-иас анх шүүхэд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Н***” ХХК-ийн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019/11/04-ний өдрийн 02/15, 2020/09/30-ны өдрийн 01/165, 2020/10/06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020/11/11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр гэрээ гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоо хүртэл үргэлжилж байгаа буюу өргөдлийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, “Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахгүй одоо хүртэл үргэлжилсэн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг газрын тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 

2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Н***”ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах” гэж тус тус нэмэгдүүлэн,

2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах, “Н***” ХХК-ийн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019/11/04-ний өдрийн 02/15, 2020/09/30-ны өдрийн 01/165, 2020/10/06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020/11/11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр гэрээ  гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоо хүртэл үргэлжилж байгаа буюу өргөдлийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, “Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахгүй одоо хүртэл үргэлжилсэн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0977 дугаар шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н*** ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/350 хүчингүй болгож, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна.

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Маргаан бүхий тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглах хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа нь 2020 оны 7 дугаар сард дууссан бөгөөд дээрх хугацааны дотор газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яам болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана гэснийг зөрчсөн буюу хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий газартай холбоотойгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан ... талаарх тус газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр тус тус нотлогдож” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

2. Газар ашиглах эрхийн хугацаа дуусахад газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллагаас бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, сонсох ажиллагааг бүрэн дүүрэн явуулаагүй гэсэн тухайд:

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 678 дугаар албан бичгээр газар ашиглах эрх цуцлагдах иргэн, аж ахуй нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, тайлбар баримт гаргах боломжоор хангаж ажилласан нь мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага бүрт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй...”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг”, 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Н***” ХХК-ийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/266 дугаар тушаалаар олгосон Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т***ий ам нэртэй газарт байрлах 2.8 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болгуулах агуулгаар нэхэмжлэл гарган маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 оноос эхлэн гэрээ, гэрчилгээний хугацаа сунгуулах асуудлаар хандсаар байхад хариу өгөлгүй эс үйлдэхүй гаргасан...” хэмээн тайлбарласан.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа:

2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Н***” ХХК-ийн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019/11/04-ний өдрийн 02/15, 2020/09/30-ны өдрийн 01/165, 2020/10/06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020/11/11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр гэрээ  гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоо хүртэл үргэлжилж байгаа буюу өргөдлийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх,

“Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахгүй одоо хүртэл үргэлжилсэн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг газрын тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” гэж, 

2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Н***”ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах” гэж тус тус нэмэгдүүлэн,

2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах,

“Н***” ХХК-ийн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019/11/04-ний өдрийн 02/15, 2020/09/30-ны өдрийн 01/165, 2020/10/06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020/11/11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр гэрээ  гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоо хүртэл үргэлжилж байгаа буюу өргөдлийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, “Н***” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахгүй одоо хүртэл үргэлжилсэн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” хэмээн эцэслэн тодорхойлсон.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмж, тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан талаар ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй атлаа нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэн, үлдэх шаардлагын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэмж, тодруулсан нхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны байгууллага болох Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийгээгүй.

Нэхэмжлэгчийн “Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019/11/04-ний өдрийн 02/15, 2020/09/30-ны өдрийн 01/165, 2020/10/06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020/11/11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр гэрээ  гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоо хүртэл үргэлжилж байгаа буюу өргөдлийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Мөн, нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагуудад гаргасан хэмээн, хариуцагчаас нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг гаргаагүй хэмээн тус тус маргаж байгаатай холбогдуулан хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг дутуу цуглуулсан.

Тухайлбал, нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтдээ “... “Н***” ХХК-иас гаргасан хүсэлтүүдийг шуудангаар хүргүүлсэн”-тэй холбогдуулан лавлагаа гаргуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлаас гарсан шийдвэртэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан атлаа дээрх баримтуудыг цуглуулах ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгчийн “газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргасан эсэх” үйл баримтыг нэг мөр баримтаар тогтоогоогүй атлаа “...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь, түүнчлэн уг хуулийн этгээдээс газар ашиглах эрхтэй холбоотойгоор гаргаж байсан хүсэлт бүхий асуудлыг шийдвэрлэхгүйгээр эс үйлдэхүй гаргасан нь хууль бус” хэмээн дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

6. Иймд дээр дурдсан хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзэж, нэг шүүгч тусгай санал гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

     

                             ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА