Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 548

 

Р.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03371 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Ц,

Хариуцагч Г.С-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 64 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Мөнгийг миний хүү н.Золбоо надаас аваад Г.С-т өгсөн. Хариуцагч хариу тайлбартаа Р.Ц-г танихгүй мэтээр бичсэн байсан.

            Би өөрийн хүүгээрээ мөнгө дамжуулж өгөхөд Г.С нь өөрөө гардаж аваагүй ба түүний ээж, дүүгийнх нь хамт ирээд авсан гэсэн. Мөнгө зээлснээс хойш Г.С нь мөнгөө өгөхгүй байсан учраас зээлийн гэрээг нөхөн хийж, нотариатаар баталгаажуулсан. Тийм учраас зээлийн гэрээний дагуу 46 686 000 төгрөгийг Г.С-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хонконгод байхдаа найз н.Золбоогоос тусламж хүссэний дагуу 60 000 000 төгрөгийг барааны төлбөрт шилжүүлсэн бөгөөд бараа зарагдмагц мөнгөө өгөхөөр тохиролцсон боловч бараа зарагдахгүй байсан учраас мөнгийг нь буцааж өгөлгүй удсан. Тухайн үед н.Золбоо миний өгсөн мөнгө манай ээжийн мөнгө байсан, тийм учраас манай ээж чамтай уулзья гэж байна гэхэд нь н.Золбоогийн ээжтэй уулзсан.

Мөнгөө өгөхгүй удсан учраас би чамаас хүү алдангитай нь авна гэсэн учраас зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний  4 дэх хэсэгт зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлж байгаа мөнгийг бодитойгоор шилжүүлж, талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлж дуусгавар болгоно гэж заасан. Мөнгийг анх шилжүүлэхдээ хүү, алдангийн талаар яриагүй. Найзууд хоорондоо бие биенийхээ бизнесийг дэмжиж мөнгө зээлдүүлсэн учраас Р.Ц уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Миний хувьд 28 214 000 төгрөгийг төлсөн учир 31 686 000 төгрөгийг төлөх ёстой гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.С-ээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсэн алдангид 46 686 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 391 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Р.Цгийн нэхэмжлэлтэй Г.Ст холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл би Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт "...Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээг мөнгө зээлдүүлснээс хойш 2 сарын дараа байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, зээлийн төлөлт хийсэн баримтаар тогтоогдож байна" гэж үндэслэл болгоод нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээг мөнгө шилжүүлснээс хойш 2 сарын дараа байгуулсан байна гэж дүгнэсэн атал 60 000 000 төгрөгт алданги тооцож нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 15 000 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Г.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31 686 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг, нийт 46 686 000 төгрөг нэхэмжилснээс үндсэн зээлийг төлөхийг хариуцагч зөвшөөрч, харин алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй 60 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан нь хэрэгт баримтаар авагджээ.

            Хариуцагч зээлийн гэрээг Р.Ц-тэй байгуулахдаа мөнгийг бэлнээр аваагүй, харин н.Золбоогоос авсан тул Р.Ц нэхэмжлэх эрхгүй гэж маргасан боловч н.Золбоогоос хүлээн авсан 60 000 000 төгрөг нь түүний ээж Р.Ц-ийнх болохыг сүүлд мэдэж, бичгээр гэрээ байгуулсан гэж шүүх хуралдааны шатанд тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан, улмаар уг мөнгөнөөс 28 214 000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн нь баримтаар тогтоогджээ. 

Иймд 60 000 000 төгрөгийг хүлээн авсан, улмаар ийнхүү мөнгийг хүлээн авснаа бичгээр баталгаажуулж гэрээ хийснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 31 686 000 төгрөг шаардсаныг хангасан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Түүнчлэн бичгээр байгуулсан гэрээний 3 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг талууд харилцан тохирч, хэрэв үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул хууль болон гэрээний дагуу алданги шаардах эрхтэй, алдангид шаардсан 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ