Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 2023           3            09                                  2023/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, Н.Б нар,    

улсын яллагч Г.А,   

хохирогч Б.М,

шүүгдэгч Г.М,

өсвөр насны шүүгдэгч М.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Г, өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Г.М, М.А нарт холбогдох эрүүгийн 2225007330018 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.М

Монгол Улсын иргэн, М.А

Шүүгдэгч Г.М нь өсвөр насны М.А бүлэглэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Оргилуун” дэн буудлын 5 тоотод “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.М маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

өсвөр насны М.А нь Г.М үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Оргилуун” дэн буудлын 5 тоотод хохирогч Б.М зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.М “...тухайн үед “Оргилуун” дэн буудалд энэ эгч хоёр хоносон, мөн Сувд-Эрдэнэ, Алтанзул нарыг “дэлгүүр рүү архинд явуулчих” гээд байсан. Энэ эгч эхэлж өөрөө намайг боосон, би түрүүлж гар хүрээгүй, эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна. Би дахиж хэрэг, зөрчилд холбогдохгүй.” гэв.

шүүгдэгч М.А “...би ээлж хүлээж авахаар “Оргилуун” дэн буудалд очсон, гэтэл нэг өрөөнд “тавиач, тавиач” гээд чимээ гараад байсан, хаалганы доод хэсгийг цөмлөж байгаад хартал Манан-Эрдэнийг Мөнхтуяа эгч үсдсэн байсан. Мөнхтуяа эгч миний уруул хэсэгт цохисон, би түүний зүүн мөр, зүүн гуя руу нь өшиглөж, нүүр лүү нь хоёр удаа алгадаж, 2-3 удаа өшиглөсөн.” гэв.

хохирогч Б.М “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө Манан-Эрдэнэ манай өрөөнд орж ирээд тамхи асуусан, Алтанзул бас тамхи асууж байсан. Би дэлгүүр ороод 0.33гр архи, бас тамхи аваад эд нарт тамхинаасаа оруулж өгсөн, гэтэл дараа нь дахиад тамхи асуусан. Дэлгүүрээс авч ирсэн 0.33гр архинаас Манан-Эрдэнэ Алтанзул хоёр нэг, нэг уусан, энэ хоёр хүн нийлж миний нүүр болон цээж рүү өшиглөж зодсон. Би зодуулж гэмтэл авнаас болж ажилдаа очиж чадаагүй тул цалингаа, мөн эм, нүдний дусаалга авсан зардлаа нэхэмжилж байна.” гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Б.М “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Оргилуун” дэн буудалд өрөө авч байрлаж байсан юм, тухайн өдөр 09.00 цаг өнгөрч байхад би дэлгүүр орж нэг хайрцаг тамхи, 0.33л нэг шил архи аваад буцаж орж ирсэн. Буудлын өрөөнд байж байхад Манан-Эрдэнэ орж ирээд “тамхи байна уу” гэж асуугаад надаас хоёр ширхэг тамхи аваад гарсан, үүнээс хойш Алтанзул гэх охин орж ирээд тамхи асуухаар нь би “сая Манан-Эрдэнэ орж ирээд тамхи аваад гарсан, би одоо тамхи өгөхгүй” гэж хэлэхэд Алтанзул өрөөнөөс гараад явсан. Удалгүй Сувд-Эрдэнэ гэх эмэгтэй манай өрөөнд орж ирээд бас л тамхи асуусан, би Сувд-Эрдэнэд тамхи өгсөн тэгээд бид хоёр дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад юм ярьж хэсэг хугацаанд сууж байтал гаднаас Манан-Эрдэнэ орж ирээд надаас дахиад тамхи нэхсэн би тамхинаасаа өгсөн, мөн миний ууж байсан архинаас нэг удаа жижиг стаканаар уугаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа Манан-Эрдэнэ буцаж орж ирээд дахиад тамхи нэхсэн, би өгөөгүй тэгтэл Манан-Эрдэнэ уурлаж намайг орны ирмэг дээр сууж байтал нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн, араас нь Алтанзул гэх охин орж ирээд нийлж нүүр болон цээж рүү өшиглөж бүлэглэж зодсон, миний хамар, амнаас цус гарч эхэлсэн, ...Манан-Эрдэнэ намайг “энэ яасан шазруун ал вэ” гэж хэлээд хоолойг минь боож, нүүр лүү гараараа цохисон. Хажуунаас Сувд-Эрдэнэ “наад хүн чинь амьсгалж чадахаа болилоо, боолт орчихлоо шүү дээ” гэж хэлээд салгах шиг болсон. Манан-Эрдэнэ, Алтанзул хоёр нийлж миний нүүр болон цээжний хэсэг рүү ээлжлээд өшиглөөд байсан, яг хэдэн удаа өшиглөснийг хэлж мэдэхгүй, их олон удаа өшиглөсөн, Манан-Эрдэнэ миний хоолойг боож нүүр лүү гараараа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

          “...толгойн компьютер томографикийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, хамрын зураг авахуулж уншуулахад 20.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 8500 төгрөг, “Шинэ-Эрин” нүдний эмнэлэгт 20.000 төгрөгөөр, гэмтлийн “Экстра мед” эмнэлэгт 25.000 төгрөгөөр үзүүлсэн, нүдний эм, дусаагуур нийт 165.498 төгрөгөөр худалдаж авсан, мөн “Бурж халифа” ХХК-д арматурчнаар өдрийн 120.000 төгрөгийн цалинтай ажилладаг ба энэ асуудлаас болж нийт 26 хоног ажилдаа явж чадаагүй тул ажилгүй байсан өдрүүдийн цалин 3.120.000 төгрөг нийт 3.358.998 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

          гэрч Э.С “...Манан-Эрдэнэ Мөнхтуяа эгчийн байсан өрөөнд орж ирээд тамхи асуусан, нэг мэдсэн чинь хоорондоо маргалдаад барьцалдаж авсан байсан, Мөнхтуяа, Манан-Эрдэнэ хоёрыг салгаж байснаа санаж байна, зодоон болоод байх шиг байсан, яг хэн нь хэнийгээ зодож байсныг согтуу байсан учраас санахгүй байна. ...Мөнхтуяагийн өрөөнд Алтанзул орж ирчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

          өсвөр насны М.А сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...“Оргилуун” дэн буудалд Алтанзаяа гэх эгчийн гуйлтаар түр ажиллаж, ээлж хүлээн авахаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00 цагийн үед очсон, 10-11 цагийн үед 5 тоот өрөөнд “тавиач” гээд эмэгтэй хүний орилох чимээ гарсан, би тухайн өрөөний үүдэнд очоод хаалгыг нь таттал цоожтой байсан, хаалганы доод хэсгийг цөмлөж байгаад хартал орон дээр Мөнхтуяа эгчийн дээр нь Манан-Эрдэнэ үсдүүлчихсэн байдалтай сууж байсан, ...хаалгыг дотроос нь Манан-Эрдэнэ онгойлгосон. Өрөө рүү ортол Манан-Эрдэнэ үсээ боосон байдалтай, харин Сувд-Эрдэнэ сандал дээр суугаагаараа согтоод унтчихсан, Мөнхтуяа эгч хамрынхаа цусыг арчаад сууж байсан. Би Манан-Эрдэнэ лүү “яаж байгаа юм” гэхэд Манан-Эрдэнэ ямар нэгэн зүйл хэлээгүй, Мөнхтуяа эгч миний уруул руу гараараа нэг удаа цохисон тэгээд намайг “чи бас намайг нийлж зодох нь уу” гэхээр нь би Мөнхтуяа эгчийн гэдэс рүү нь жийгээд арагшаа ор луу унагасан, Мөнхтуяа эгч миний салтаа хэсэг рүү өшиглөсөн тэгэхлээр нь би Мөнхтуяа эгчийн нүүр болон зүүн гарын булчин руу нэг, нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

          “...Манан-Эрдэнэтэй бүлэглэсэн гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна, харин Мөнхтуяад гэмтэл учруулсан үйлдлээ зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/,

          Г.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Миний бие тухайн үед “Оргилуун” дэн буудалд ресепшнээр ажилладаг байсан, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө ээлжнээс буухын өмнө 5 тоот өрөөнд байсан Мөнхтуяа гэх эмэгтэйгээс гурван ширхэг тамхи авсан, үүнээс хойш дахиад өрөөнд нь ороод тамхи асуухад “чи ямар даварчихсан бацаан бэ” гэж хэлсэн. ...Манай найз Сувд-Эрдэнэ архи уугаад нэлээд согтчихсон байдалтай байхаар нь би “өрөөндөө орж унтаач, хүний өрөөнд юу хийгээд байгаа юм” гэж хэлэхэд Мөнхтуяа “надтай юм ярьж байна, чи цаашаа гар” гэж хэлээд намайг өрөөнөөс гаргах гэхээр нь би хаалганы завсараар хөлөө хавчуулсан, уурандаа Мөнхтуяа гэх эмэгтэйг ор луу нь түлхэж унагаасан, орон дээр унаад босож ирээд миний хоолойг боосон тэгээд бид хоёр дээр доороо орж ноцолдсон, Мөнхтуяагийн нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохисон гэтэл хамраас нь цус гарч алчуураар цусаа арчсан. Гаднаас Алтанзул орж ирээд Мөнхтуяа бид хоёрыг салгасан, Мөнхтуяа, Алтанзул хоёр хоорондоо зодолдсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

          “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Оргилуун” дэн буудлын 5 тоот өрөөнд хуурай дүү Алтанзулын хамтаар Мөнхтуяа гэх эмэгтэйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Хохирогчид ямар нэгэн мөнгө, төгрөг төлөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

          иргэний хариуцагч Ц.Г “...Одоогоор хохирлын мөнгө, төгрөг төлөөгүй байгаа, хэргийн материал болон хохирогчийн гаргаж өгсөн баримттай танилцаж байж хохирол барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 900 дугаартай; “...1.Б.Мөнхтуяагийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн гуянд цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэжээ. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн гуянд цус хуралт нь шинэ гэмтлүүд ба 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байхаар байна. Уг гэмтлийг хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй. 3.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

хохирогч Б.М “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 10.00 цагийн үед Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Оргилуун” дэн буудалд ресепшн Манан-Эрдэнэ гэх хүнд зодуулсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан түүний өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

М.А нь “...2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 17 нас 4 сар 30 хоногтой байна.” гэх нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Зөрчлийн хэргийн материалууд /хавтаст хэргийн 2-5, 7-13 дахь тал/,

хохирогч Б.М гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, эмнэлгийн картын хуулбар, хохирлын баримтууд /120.000+8500+165.498+10.000+ 10.000+25.000+20.000 = 358.998 төгрөг/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42-66 дахь тал/,

шүүгдэгч Г.М;

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал /,

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-75 дахь тал/,

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 77-81 дэх тал/,

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 121-123 дахь тал/,

шүүгдэгч М.А;

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн зохион байгуулагч Ж.Урантуяа гэсэн гарын үсэгтэй, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ам бүлийн тодорхойлолт” /хавтаст хэргийн 89 дэх тал/,

          Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сургалтын менежер Г.Отгонжаргал гэсэн гарын үсэгтэй, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 90 дэх тал/,

          сурагчийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,

          шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нар нь хохирогч Б.М хохирол, төлбөр төлсөн талаарх баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогчоос болон сэжигтэн, яллагдагчаар Г.М, М.А нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Г.М нь өсвөр насны М.А бүлэглэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Оргилуун” дэн буудлын 5 тоотод “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Мөнхтуяатай маргалдаж, улмаар өшиглөх, гараараа цохих, боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

өсвөр насны М.А нь Г.М үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Оргилуун” дэн буудлын 5 тоотод хохирогч Б.М зодож,  эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн,

хохирогч Б.М “...Манан-Эрдэнэ уурлаж намайг орны ирмэг дээр сууж байтал нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн, араас нь Алтанзул гэх охин орж ирээд нийлж нүүр болон цээж рүү өшиглөж бүлэглэж зодсон, ...Манан-Эрдэнэ намайг “энэ яасан шазруун ал вэ” гэж хэлээд хоолойг минь боож, нүүр лүү гараараа цохисон. ...Манан-Эрдэнэ, Алтанзул хоёр нийлж миний нүүр болон цээжний хэсэг рүү ээлжлээд өшиглөөд байсан, яг хэдэн удаа өшиглөснийг хэлж мэдэхгүй, их олон удаа өшиглөсөн, Манан-Эрдэнэ миний хоолойг боож нүүр лүү гараараа цохисон.” гэх,

 

          гэрч Э.С “...Манан-Эрдэнэ Мөнхтуяа эгчийн байсан өрөөнд орж ирээд тамхи асуусан, нэг мэдсэн чинь хоорондоо маргалдаад барьцалдаж авсан байсан, ...Мөнхтуяагийн өрөөнд Алтанзул орж ирчихсэн байсан.” гэх,

          өсвөр насны М.А өөрийнх нь өгсөн “...Мөнхтуяа эгч миний уруул руу гараараа нэг удаа цохисон тэгээд намайг “чи бас намайг нийлж зодох нь уу” гэхээр нь би Мөнхтуяа эгчийн гэдэс рүү нь жийгээд арагшаа ор луу унагасан, Мөнхтуяа эгч миний салтаа хэсэг рүү өшиглөсөн тэгэхлээр нь би Мөнхтуяа эгчийн нүүр болон зүүн гарын булчин руу нэг, нэг удаа өшиглөсөн.” гэх,

          Г.М өөрийнх нь өгсөн “...уурандаа Мөнхтуяа гэх эмэгтэйг ор луу нь түлхэж унагаасан, орон дээр унаад босож ирээд миний хоолойг боосон тэгээд бид хоёр дээр доороо орж ноцолдсон, Мөнхтуяагийн нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохисон гэтэл хамраас нь цус гарч алчуураар цусаа арчсан. Гаднаас Алтанзул орж ирээд Мөнхтуяа бид хоёрыг салгасан, Мөнхтуяа, Алтанзул хоёр хоорондоо зодолдсон.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 900 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай төдийгүй, шүүгдэгч Г.М, М.А нарын хохирогч Б.М зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчийн эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Г.М, М.А нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, тэдний гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.М, М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч нарын “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх түүнийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Г.М, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Г.М, М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

өсвөр насны шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан гурав сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоох.” гэсэн,

өсвөр насны шүүгдэгч М.А өмгөөлөгч Р.Б “...шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 12 дугаар анги төгсөх гэж байгаа, гэмт хэргийг таслан зогсоох гэсэн боловч өөрөө гэмтсэн зэргийг нь харгалзан ялаас чөлөөлж өгнө үү. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохимжгүй байна, хэрэв зайлшгүй хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэж өгөөч.” гэсэн,  

шүүгдэгч Г.М “...улсын яллагчийн оногдуулах ялын саналыг зөвшөөрч байна, цаашдын амьдралыг минь харж үзээч.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заажээ.

          Өсвөр насны шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байсан болох нь нас тоолсон тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нас, биед нь тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг, мөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний гэм буруугийн хэлбэр, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

         шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдууллаа.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, өсвөр насны шүүгдэгч М.Алтанзулын эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөв.

          Харин шүүгдэгч Г.М зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг

          өсвөр насны шүүгдэгч М.А 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

          Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд;

шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

хохирогч Б.М гаргаж өгсөн хохирлын баримтуудыг үндэслэн шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөрийг тооцож, нийт 358.998 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь энэ мөнгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин хохирогч Б.М шүүх хуралдааны үед “...“Бурж халифа” ХХК-д арматурчнаар өдрийн 120.000 төгрөгийн цалинтай ажилладаг ба энэ асуудлаас болж нийт 26 хоног ажилдаа явж чадаагүй тул ажилгүй байсан өдрүүдийн цалин 3.120.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн боловч хэрэгт “Бурж халифа” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 9 дугаартай албан бичгээс өөр баримтгүй, өөрөөр хэлбэл нийгмийн датгалын шимтгэл төлсөн баримт, цалин орлого, цагийн бүртгэлтэй холбоотой баримт ирүүлээгүйгээс гадна хохирогч нь 2022 оны 11 дүгэрэ сарын 29-ний өдөр эрх бүхий албан тушаалтанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийгөө “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн “Аглут” ХХК-д арматурчин ажилтай” гэж тэмдэглүүлсэн байх тул хохирогч нь хаана, ямар ажилтай болох нь тодорхойгүй болж эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул шүүх түүний энэ нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж,

энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.М, М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

         өсвөр насны шүүгдэгч М.А 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас өсвөр насны шүүгдэгч М.А чөлөөлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

          8.Хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас хохирол учирсан талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

          9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ