| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00414/И |
| Дугаар | 156/ШШ2019/00468 |
| Огноо | 2019-08-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 156/ШШ2019/00468
| 2019 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 156/ШШ2019/00468 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00414/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух, Н.Н /РД:............./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................. оршин суух, Б.Ч /РД:................/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2007 онд Б.Чтай танилцаж, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Ч.Х төрсөн. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй, би өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Ч.Хыг аав Чын асрамжид үлдээх хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. 2016 оноос тусдаа амьдарч байгаа. Хүү Ч.Хыг өөрийн асрамжид авах хүсэлттэй байна гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь Б.Чад холбогдуулж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.
Б.Ч, Н.Н нар нь 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Ч.Х төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Шүүхэд ирүүлсэн тайлбартаа зохигчид нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэжлүүлэх талаар санаачилага гаргаагүй, эвлэрүүлэх зуучлах ажиллагаа амжилтгүй болж байсан байх тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хүү Ч.Хыг өөрийн асрамжид авна гэдгээ илэрхийлсэн, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй болно.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан тул үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч зохигчийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлыг талуудын байр суурь, маргааны онцлогт тохируулан шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн нэг талд давуу байдал олгосон асуудал биш бөгөөд ийнхүү хүүхдийн асрамжийг одоо шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэнд оршино.
Зохигчийн хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар асрамжийн талаар өөрийгөө илэрхийлэх насанд хүрсэн хүү Ч.Х нь эцгийн хамт амьдрах санал гаргасан тул эцгийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.
Талуудын хүсэлтийг харгалзан тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Б.Ч, Н.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ч.Хыг эцэг Б.Чын асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаад хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ