Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

2023          03           16                                  2023/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Мхолбогдох эрүүгийн 2325000000095 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Ц.М

Шүүгдэгч Ц.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 6-13 дугаар байрны 66 тоотод хохирогч С.Б “нэг хайрцаг тамхи, нэг шил архи аваад ир” гэж итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5217351356 дугаартай харилцах дансны картыг ашиглаж, 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 5 цаг 46 минутад 550.000 төгрөг, 6 цаг 24 минутад 50.000 төгрөг, 6 цаг 26 минутад 500.000 төгрөг, 6 цаг 35 минутад 6.900 төгрөг, 11 цаг 27 минутад 21.300 төгрөг тус тус зарлагын гүйлгээгээр авч 1.128.200 төгрөгийн хохирол учруулсан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.Б “...Би 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт үзүүлэхээр Хөвсгөл аймгаас Орхон аймагт ирсэн, 14-ний орой 18 цагийн үед “Төгөл” худалдааны төвийн урд нас ойролцоо нэг өвгөнтэй таараад “Хараа” архи хувааж уусан. Архи дуусмагц бид хоёр салаад би гэртээ харихаар болж гэрээ олохгүй байхаар нь буцаад “Төгөл” худалдааны төвийн гадна очсон, уг төвийн гадна дахин нэг залуутай танилцаж бид хоёр гудамжинд нэг шил архи хувааж уусан. Үүний дараа 0.5гр нэг шил архи шагаас аваад тухайн залуугийн хамт Согоот баг 6-13-66 тоот руу очсон, намайг гаднаас ороход гэрт гурван эрэгтэй хүн байсан санагдаж байна, бид нар миний авч ирсэн архийг хувааж уусан. Архи дуусах үед би тэнд байсан залуусын хамт Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний тооцооны машинаас бэлэн мөнгө авсан, намайг бэлэн мөнгөний тооцооны машинаас мөнгө авах үед гадаа таарсан залуучууд миний дэргэд юм яриад зогсож байсан, бид нар шагаас хэдэн шил архи худалдаж аваад буцаж Согоот баг 6-13-66 тоотод очиж архи уусан. ...өөрийгөө Мөнхтулга гэж танилцуулсан өндөр биетэй, туранхай залууд өөрийн “Хаан” банкны виза картаа өгч “нэг хайрцаг тамхи, нэг шил архи аваад ир” гэж хэлээд нууц кодоо хэлсэн, хэсэг хүлээгээд ирэхгүй байхаар нь гарч эгч С.Удвалын гэрт очсон. Би дансны гүйлгээгээ авч шалгасан 1.149.750 төгрөг байсан байна лээ, тухайн шөнө Мөнхтулга гэдэг залууд картаа өгч явуулахаас өмнө данснаас гарсан мөнгийг би өөрөө хэрэглэсэн учир энэ асуудалд хамаагүй. Миний данснаас 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 5 цаг 46 минутад 550.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6 цаг 24 минутад 50.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6 цаг 26 минутад 500.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6 цаг 35 минутад 6900 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 27 минутад 21.300 төгрөгийн зарлага гарч нийт 1.128.200 төгрөгийн зарлага хийгдсэн байна. ...Надад виза картаа хулгайд алдах болон дээрэмдүүлсэн зүйл байхгүй, би өөрөө Мөнхтулга гэдэг эрэгтэйд “Хаан” банкны виза картаа өгч явуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

“...Мөнхтулга гэдэг эрэгтэй 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр надтай уулзаад миний 1.128.200 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн, алдсан 1.128.200 төгрөгийг эргүүлж олж авсан учраас надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч Б.Э “...2023 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13 байр Өрнөх ахынд Өрнөх ах, Ариунболд, Мөнхтулга бид гурав байсан гаднаас Зулаа “шаг дээр таарсан” гээд нэг хөгшин ах дагуулаад нэг шил “Хараа” архитай орж ирсэн, тэр архийг нь хувааж уусны дараа гаднаас орж ирсэн хөгшин ах “би та нарт архи авч өгье” гээд бид нар картаас нь мөнгө аваад шагаас хоёр шил “Хараа” архи авч хувааж уусан. ...орой болсон байхад хөгшин ах Мөнхтулгыг дуудаад “чи дахиад ганц шил архи шагаас аваад ир” гэж хэлээд хэвлий хэсгээрээ зүүсэн паск шиг юмнаасаа виза карт гаргаж ирээд Мөнхтулгад өгч явуулсан, код хэлээд байсан. ...тэр хөгшин ах өөрөө Мөнхтулгыг “архи, тамхи аваад ир” гээд картаа гаргаж өгсөн, Мөнхтулга тэр хүнийг цохиж зодох болон айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Ц.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...С.Батсүх гэдэг ахын надад өгсөн виза картнаас нийт 1.128.200 төгрөгийг завшсан, би тэр мөнгийг хувийн хэрэгцээндээ болон архи авч уух, гадуур буудалд хоноход зарцуулсан. ...Би өөрийн бурууг ойлгож, хохирлыг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 38 дахь тал/,

иргэн С.Б “...2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-16 дугаар байранд банкны картаа дээрэмдүүлсэн” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

хохирогч С.Б “Хаан” банкны 5217351356 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулбар /хавтаст хэргийн 8 дахь тал/,

2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь “Хаан” банкны салбараас ирүүлсэн хуурцагт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

“Хаан” банкны Орхон аймаг дахь салбараас ирүүлсэн хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Ц.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45, 64 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-49 дахь тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-58 дахь тал/,

хохирогч С.Батсүхэд 1.128.200 төгрөгийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 62 дахь тал/,

яллагдагч Ц.М “...Миний бие нь 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүний картнаас мөнгө авсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, өөрийн хүсэлтээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч тусална уу.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 91 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрчээс, мөн Ц.М мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч Ц.М гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ц.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 6-13 дугаар байрны 66 тоотод хохирогч С.Б “нэг хайрцаг тамхи, нэг шил архи аваад ир” гэж итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5217351356 дугаартай харилцах дансны картыг ашиглаж, 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 5 цаг 46 минутад 550.000 төгрөг, 6 цаг 24 минутад 50.000 төгрөг, 6 цаг 26 минутад 500.000 төгрөг, 6 цаг 35 минутад 6.900 төгрөг, 11 цаг 27 минутад 21.300 төгрөг тус тус зарлагын гүйлгээгээр авч 1.128.200 төгрөгийн хохирол учруулсан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч С.Б “...өөрийгөө Мөнхтулга гэж танилцуулсан өндөр биетэй, туранхай залууд өөрийн “Хаан” банкны виза картаа өгч “нэг хайрцаг тамхи, нэг шил архи аваад ир” гэж хэлээд нууц кодоо хэлсэн, хэсэг хүлээгээд ирэхгүй байхаар нь гарч эгч С.Удвалын гэрт очсон. ...Миний данснаас 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 5 цаг 46 минутад 550.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6 цаг 24 минутад 50.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6 цаг 26 минутад 500.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6 цаг 35 минутад 6900 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 27 минутад 21.300 төгрөгийн зарлага гарч нийт 1.128.200 төгрөгийн зарлага хийгдсэн байна.” гэх,

 гэрч Б.Э “...тэр хөгшин ах өөрөө Мөнхтулгыг “архи, тамхи аваад ир” гээд картаа гаргаж өгсөн.” гэх,

Ц.М өөрийнх нь өгсөн “...С.Батсүх гэдэг ахын надад өгсөн виза картнаас нь нийт 1.128.200 төгрөгийг завшсан, би тэр мөнгийг хувийн хэрэгцээндээ болон архи авч уух, гадуур буудалд хоноход зарцуулсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн иргэн С.Б “Хаан” банкны 5217351356 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулбар, Орхон аймаг дахь “Хаан” банкны салбараас ирүүлсэн хуурцагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч нь хохирогч С.Батсүхэд 1.128.200 төгрөгийн хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ц.Мөнхтулга гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,

          мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаснаас гадна прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Ц.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Ц.М холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

          торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч С.Б “...1.128.200 төгрөгийн хохирлыг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 62 дахь талд авагдсан хүсэлтийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Хаан” банкны Орхон аймаг дахь салбараас ирүүлсэн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ