Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 2023          3             20                                   2023/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,  

улсын яллагч Ж.Б,

хохирогч Ц.Т,

шүүгдэгч Р.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Р.Г холбогдох эрүүгийн 2325000000075 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Р.Г

Шүүгдэгч Р.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 09.22 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Bozzolo” дэлгүүрийн урд байрлах төв зам дээр 1085УНВ улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Ц.Тогосмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Р.Г “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад хадам ээжийгээ ажилд нь хүргэж өгчихөөд хадам аавдаа эм аваачиж өгөхөөр явж байсан юм. “Bozzolo” дэлгүүрийн урд зам хальтиргаатай байсныг мэдээгүй, ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна, цаашид хохирогчийн эмчилгээний төлбөрийг төлнө.” гэв.

хохирогч Ц.Т “...Тухайн өдөр зээгээ секцэнд нь хүргэж өгчихөөд гэрүүгээ орох гээд явж байгаад 5 дугаар микрийн урд зам дээр машинд мөргүүлсэн, сэтгэл санаа авах юм алга, хэцүү л байна. Нуруу, аарцаг, зүүн хөл бадайрч өвдөөд 5 минут ч зогсож чадахгүй болсон, эмч нар мэс засал эмчилгээ хийж болзошгүй гэж хэлсэн, удахгүй булчингийн бичлэг хийлгэж, томографик зураг авахуулна. Цаашид эмчилгээ хийлгэх тул эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү. Маргааш сувилалд хэвтээд төлбөрийг нь энэ хүнээс нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ц.Т “...Тухайн өдөр би...“Bozzolo” дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар гарч байгаад баруун тал руу машин ирж байгаа эсэхийг харахад машин нэлээн хол байхаар нь “гарцаар гараад амжих юм байна” гэж бодоод явж байхад мөнгөлөг саарал өнгөтэй машин маш хурдан ирээд намайг мөргөчихсөн. Мөргүүлээд унахад миний нуруугаар маш их өвдөөд байсан, намайг мөргөсөн машиныг харахад нэлээн хол зогсож байсан. Тэр машинаас нэг залуу бууж ирээд намайг өргөж дийлэхгүй байхаар нь “ядаж машинаа дөхүүлээч” гэхэд “эгчээ таны гутал байхгүй байна” гээд хаанаас ч юм авч ирээд өмсүүлсэн. Тэгээд машинаа авч ирээд машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

гэрч Т.А “...9 цаг өнгөрч байхад ээж над руу залгаад “машинд мөргүүлчихлээ, эмнэлэг дээр ирчихсэн байна, чи хурдан хүрээд ир” гэж хэлэх үед ярьж байгаа нь амьсгаадсан мөн уйлаад байгаа юм шиг сонсогдож байсан. Би бэлтгэлээсээ гараад шууд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт ирэхэд ээж, эгч, ах болон манай ээжийг машинаараа мөргөсөн гэх залуу байж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

гэрч С.П “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өглөө үйлчлүүлэгчээ аваад хөдлөх гэж байхад замын гарцаар настай эмэгтэй хүн гарч байх үед саарал өнгийн “Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл тухайн эмэгтэй хүнийг мөргөчихсөн. Тээврийн хэрэгслийн дугаарыг бол хараагүй, тэр машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөргүүлсэн эмэгтэй дээр гүйж очоод өргөөд босгож байхыг нь би харсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Р.Г сэжигтнээр өгсөн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өглөө 08.50 цагийн үед гэрээс гараад...6-16 дугаар байр руу дөхөж явахад миний хажуу талын эгнээнд явж байсан цагаан өнгийн машины урдуур явган хүний гарц дээр хүн гараад ирсэн тэр үед тормос гишгэсэн боловч зам гулгаатай байсан учраас зогсож чадалгүй очоод мөргөчихсөн. Машинаа зогсоогоод мөргүүлсэн эмэгтэйгээ очиж үзэхэд дээшээ хараад хэвтчихсэн “гар өвдөөд байна” гэж байсан, тэгэхээр нь өргөөд машиндаа суулгах гэхэд өргөж дийлэхгүй байсан болохоор машинаа ухраагаад харалдаа нь зогсоож байгаад арын суудалд суулгаад шууд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай; “...1.Ц.Тогосмаагийн биед баруун атгаал ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал, аарцагны баруун суудал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугаламын шахагдсан хугарал, 5 дугаар нугалмын гулсалт 2 дугаар зэрэг, тархины эдийн няцрал 2 дугаар зэрэг, баруун гар, дух, зүүн шилбэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Баруун атгаал ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал, аарцагны баруун суудал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугаламын шахагдсан хугарал, 5 дугаар нугаламын гулсалт 2 дугаар зэрэг нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархины эдийн няцрал 2 дугаар зэрэг, зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

Мөрдөгч М.Г 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “...Р.Гантулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

иргэн Э.Б “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагийн үед манай ээж машинд мөргүүлсэн байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Bozzolo” дэлгүүрийн урд байрлах төв зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-15 дахь тал/,

1085УНВ улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Bozzolo” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-23, 25-27 дахь тал/,

“Bozzolo” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулан авсан улаан өнгийн хуурцагийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,

хохирогчийн гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой нийт 1.348.650 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 70-85 дахь тал/,

шүүгдэгч Р.Г;

Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн зохион байгуулагчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолтууд болон түүний хувийн баримтууд /хавтаст хэргийн 65, 66, 67-68 дахь тал/,

эрүүгийн 2325000000075 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүх хүлээн авсны дараа шүүхэд ирүүлсэн шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн хохирогч, гэрч нараас болон Р.Г мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Р.Г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Р.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 09.22 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Bozzolo” дэлгүүрийн урд байрлах төв зам дээр 1085УНВ улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Ц.Тогосмааг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун атгаал ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал, аарцагны баруун суудал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугаламын шахагдсан хугарал, 5 дугаар нугаламын гулсалт 2 дугаар зэрэг, тархины эдийн няцрал 2 дугаар зэрэг” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ц.Т “...мөнгөлөг саарал өнгөтэй машин маш хурдан ирээд намайг мөргөчихсөн.” гэх,

гэрч Т.А “...9 цаг өнгөрч байхад ээж над руу залгаад “машинд мөргүүлчихлээ, эмнэлэг дээр ирчихсэн байна, чи хурдан хүрээд ир” гэж хэлэх үед ярьж байгаа нь амьсгаадсан мөн уйлаад байгаа юм шиг сонсогдож байсан.” гэх,

гэрч С.П “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өглөө үйлчлүүлэгчээ аваад хөдлөх гэж байхад замын гарцаар настай эмэгтэй хүн гарч байх үед саарал өнгийн “Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл тухайн эмэгтэй хүнийг мөргөчихсөн.” гэх,

Р.Г өөрийнх нь өгсөн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өглөө 08.50 цагийн үед гэрээс гараад...6-16 дугаар байр руу дөхөж явахад миний хажуу талын эгнээнд явж байсан цагаан өнгийн машины урдуур явган хүний гарц дээр хүн гараад ирсэн тэр үед тормос гишгэсэн боловч зам гулгаатай байсан учраас зогсож чадалгүй очоод мөргөчихсөн.” гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт,

мөрдөгч М.Г 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн магадлагаа,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Bozzolo” дэлгүүрийн урд байрлах төв зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

1085УНВ улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Bozzolo” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Р.Гантулга гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Р.Г энэ үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, мөн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна,

автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн түүний үйлдлийн улмаас хохирогч Ц.Тогосмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоо байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Иймд шүүх шүүгдэгч Р.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Р.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүхээс шүүгдэгч Р.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Р.Г үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Р.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн дүгнэлт гаргаж,

шүүгдэгч Р.Гантулга өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...улсын яллагчийн ялыг зөвшөөрч байна, маш их харамсаж байна.” гэсэн болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

         Шүүх шүүгдэгч Р.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Р.Г гэм буруутай үйлдлээрээ хохирогч Ц.Тогосмаагийн биед “баруун атгаал ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал, аарцагны баруун суудал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугаламын шахагдсан хугарал, 5 дугаар нугаламын гулсалт 2 дугаар зэрэг” бүхий  гэмтэл учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд хохирогч нь эмнэлгийн тусламж авч эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.

Шүүгдэгч Р.Г гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед хохирогч Ц.Т нь “...цаашид эмчилгээ хийлгэх тул эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү.” гэснийг шүүх хүлээн авч, нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хохирогч Ц.Тнь мөрдөн байцаалтын шатанд 1.348.650 төгрөгийн, шүүх хуралдаан эхлэх үед 52.000 төгрөгийн нийт 1.400.650 төгрөгийн баримт гаргасныг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэсэн зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “Bozzolo” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Р.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хохирогч Ц.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж шүүгдэгч Р.Гантулгаас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Bozzolo” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ