| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/02435/И |
| Дугаар | 1680 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: / УБТЗ ХНН гэх/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,400,000 /хорин есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээнээс учирсан хохиролд 179,122,911 /нэг зуун далан есөн сая нэг зуун хорин хоёр мянга есөн зуун арван нэгэн/ төгрөгийг Т.Ш ХХК-иас гаргуулах тухай УБТЗ ХНН-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.А, С.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ш ХХК-ийг төлөөлөн захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр АҮГ/18/04 тоот гэрээг байгуулж, УБТЗ-ын Зүүн хараа дахь Ачааны вагон депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын Бетон шал өнгөлөх ажлыг гүйцэтгэх гэрээ хийсэн. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр УБТЗ ХНН-ийн их барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Э-д хийгдсэн байгаа бетон шал нь шаардлага хангахгүй байгаа талаар хүсэлт хүргүүлж, захиалагч тал хүсэлтийг хүлээн авч ажиллаж чадахгүй гэдгээ уулзалтаар илэрхийлэн, ажлыг Бетон шал будах ажил болгон гүйцэтгэхийг шаардсан ба, энэ технологи өөрчлөлтөд нэмэлт зардал төлөөгүй. Барилгын шалны ажлын норм дүрэм зөрчсөн бетон цутгагдсан шалыг будах нь чанарт сайнаар нөлөөлөхгүйг удаа дараагийн албан бичгээр мэдэгдсэн ба, захиалагчийн хүсэлтийн дагуу будах ажлыг дуусгасан. Захиалагч тал ажлаа хүлээн авахаас татгалзаж, элдэв гомдол шалтаг болон Барилгын шалны ажлын норм дүрэм зөрчин цутгасан шалны доголдлоо манай байгууллагад нялзааж өдийг хүртэл үлдэгдэл төлбөрийн асуудал шийдэхгүй байгаа тул гэрээгээр нийт 3,200 м.кв талбайн 1 м.кв-ыг 35,000 төгрөгөөр буюу 112,000,000 төгрөг ба, гэрээний санхүүжилт 68,600,000 төгрөг орсон, үлдэгдэл 43,400,000 төгрөг ороогүй. Гүйцэтгэлээр 2,800 м.кв-ыг 35,000 төгрөгөөр тооцон 98,000,000 төгрөг болж, санхүүжилт хийсэн 68,600,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл төлбөр болох 29,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч УБТЗ ХНН-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.А нар шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:
УБТЗ ХНН нь Т.Ш ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр АҮГ/18/014 тоот гэрээг байгуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зүүн хараагийн Ачааны вагон депод болсон хуралд тус компанийн төлөөлөгч О.Б оролцсон ба, хурлын шийдвэрээр шалыг эпокси будгаар будахаар тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах ажил болгож, гэрээний үнийн дүндээ багтаан гүйцэтгэхээр талууд харилцан зөвшилцсөн. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр УБТЗ ХНН-ээс ажлын явцыг шалгах Техникийн комисс томилогдон газар дээр нь ирж ажлын явцтай танилцаад будгийн ажил гүйцэтгэл нь хангалтгүй, чанарын үзүүлэлт муу байх тул зөрчлийг арилгуулахаар Т.ШХХК-д албан шаардлага хүргүүлэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу тус компанид 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн УБТЗ-ын Их барилга хөрөнгө оруулалтын хэлтсээс 21/73 тоот албан бичгээр зөрчлөө арилган гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллахыг шаардан, нэмэлтээр 10 хоногийн хугацаа өгсөн боловч зөрчлөө арилгаагүй. Гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан 2018 оны 6 дугаар сарын 29-нд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 28-09-021/138 дугаар дүгнэлтийг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэл: Т.Ш ХХК нь ажлын гүйцэтгэлд захиалагч талыг хяналт тавих боломжоор хангалгүй, шалыг будсаны дараа ажлаа гүйцэтгэсэн талаар мэдэгдсэн ба, ажил нь хүлээн авах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй байсан тул гэрээний 4.5-д зааснаар ажлын доголдлыг арилгуулах шаардлагыг гүйцэтгэгчид 2018 оны 5 дугаар сарын 09-нд 21/73 албан тоотоор мэдэгдэж, доголдлыг арилгуулахаар 10 хоногийн хугацаа өгсөн. Гэтэл гүйцэтгэгч тал 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18/42 албан бичгийн хариуд гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх, засварын үнийг дахин тохиролцох талаар санал ирүүлсэн. Иймд УБТЗ ХНН нь Т.Ш ХХК-ийн захирал Б.Эт 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10/1216 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан дүгнэлт гаргуулсан. Дээрх нөхцөл байдлын улмаас УБТЗ ХНН өөрсдийн хүч, хөрөнгөөр шалны будгийг дахин бүрэн хусч, өнгөлгөө хийж будахаар шийдэлд хүрч, уг шалны ажлыг өөрийн салбар нэгж болох Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангиар гүйцэтгүүлэн, 122,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төсөвлөснөөс гүйцэтгэлээр 109,813,271 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д заасны дагуу захиалагч талын шал будах ажлыг дахин хийхэд зарцуулсан 110,522,911 төгрөг болон гэрээний гүйцэтгэлээр Т.ШХХК-д олгосон 68,600,000 төгрөг буюу нийт 179,122,911 төгрөгийг Т.Ш ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бетон шалыг резинэн будгаар будах ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө хариуцагч талд ...тасалгааны температур +18 градус байх, дээврээс ус дусахгүй байх, талбайг бүрэн чөлөөлөх..., Анхаарах зүйл: будгийн ажлын явцад ус, чийгнээс хамгаалж, будаг механикаар норох, усанд идэгдэх... гэх шаардлагыг болон анхааруулгыг мэдэгдэж, албан бичгээр шаардлага тавьсан. Уг шаардлагыг хангаж ажиллахгүй тохиолдолд ажлын үр дүнд муугаар нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан. Мөн тухайн цаг үед уг барилгын дээврийн ажил хийгдэж байсан бөгөөд, дээврээс ус гоождог байсан. Будгийн ажлыг хийж эхлэхээс өмнө талуудын төлөөлөгчид уулзалтын үеэрээ будгийн ажлыг эхлэхээс өмнө дээрээс гоожиж буй усны асуудлыг шийдэж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нь уг шаардлагыг хангаж, нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэх боломжийг бүрэн олгоогүй хэрнээ ажил гүйцэтгэхийг шаардсаны дагуу будгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч талын хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй эс үйлдэхүйн улмаас ажлын үр дүнд хожим доголдол гарсан. Уг доголдол бий болсон шалтгаан нөхцлийг нэхэмжлэгч тал тухайн цаг үед олон удаагийн фото зургаар баримтжуулж авсан бөгөөд, уг зурагнуудыг нэгтгэн Сиди-нд хуулсан. Бид ажил гүйцэтгэхийн өмнө дээрх шаардлагыг болон будгийн зааврыг өөрийн байгууллагын имэйл хаягаас хариуцагч тал руу илгээж Иргэний хуулийн 350.1-д заасны дагуу ажил гүйцэтгэхээс өмнө, ажил гүйцэтгэх явцад доголдол бий болох нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж, хариуцагчид мэдэгдэн, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байсан боловч хариуцагч нь Иргэний хуулийн 351.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй юм.. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, З.Б нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Гэрээний дагуу ажлын хөлсийг үе шаттайгаар авч ажил хийгдэж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр захиалагч талын н.Э даргад хийгдсэн байгаа бетон шал шаардлага хангахгүй байгааг хэлэхэд бетон шал өнгөлөх ажлыг будах болгож өөрчилсөн. Гэрээний үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэж тохирсон. Бидний зүгээс ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байгааг захиалагч талд мэдэгдэж байсан нь хэргийн 13, 14, 20 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдоно. Тодруулбал: заалны температурыг +18 градусаас дээш байх, дээврээс ус дусалж байсныг арилгах шаардлагатай, будаг норж, усанд элэгдсэнээс ажлын чанарт муугаар нөлөөлвөл гүйцэтгэгч тал хариуцахгүй гэж заасан. Будгийн ажил хийж байхад дээвэр засварлагдаагүй байсан учир бороо орж, шалан дээр ус тоготож, ажлын чанарт нөлөөлж, сөрөг үр дагавар шууд бий болсон. Ажлын доголдол бий болсон нь захиалагч талаас шалтгаалсан. Манай компани олон байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан амжилттай хамтран ажилладаг хувийн байгууллага. Бидний хийсэн ажлууд Дельта компанийн зоорийн давхар, Монгол телевиз, Шинэ нисэх буудал, Гүүд прайс гэх мэтчилэн нэр хүндтэй газрууд байгаа. Тэдгээр байгууллагуудтай ямар ч асуудалгүй ажлаа хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч УБТЗ ХНН-тэй харьцахад маш хэцүү байсан. Их олон даргатай, аль нэг дарга нь ирээд мөнгө нэхдэг, буцаагаад ажлын гүйцэтгэлтэй холбоотой шаардлага тавихад хэн хариуцах нь мэдэгддэггүй байсан. Бетон шал болон будгийн ажилд Т.Ш ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Нөхцөл шаардлагаар хангаж өгөөч гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан. Дээврээс ус дусч байгааг засуулж, заалны температурыг тохирсон хэмжээнд байлгахгүй бол ажилд доголдол үүсэх талаар сануулаад байхад дарга нар нь удахгүй ирэх гэж байгаа учраас заасан хугацаандаа яаралтай хий гэж хүссэн учраас хийж дуусгасан. Захиалагч талын комиссын актын дагуу шаардсан ажлыг нь хийгээгүй. Энэ үүсч байгаа нөхцөл байдал манайд хамааралгүй учир бид хүлээн зөвшөөрөөгүй, албан бичгээр үүнийгээ илэрхийлсэн. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.А, С.М нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Т.Ш ХХК нь ажил гүйцэтгэхээр ирэхдээ өнгөлөх ажил болохгүй байгаа талаар мэдэгдсэн тул 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хамтын шийдвэрээр өнгөлөх ажлыг будах ажил болгон өөрчилсөн. Гэрээний үнийн дүнд багтааж энэ ажлыг хийхээр тохирсон. Тухайн ажлыг гүйцэтгэх явцад гүйцэтгэгч тал захиалагчийг хяналт тавих боломжоор хангаагүй. Ажлыг хүлээлгэж өгсний дараа УБТЗ-ын шалгах техникийн комисс ирж ажлын явцтай танилцан ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанарын үзүүлэлт муу байна гэж дүгнэсэн. Улмаар гүйцэтгэгч талд хэд хэдэн мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдэлдээ ажлын доголдлыг арилгах 10 хоног тогтоож өгсөн. Энэ хугацаанд зөрчлийг арилгаагүйгээр барахгүй ажлыг дууссан гэж биднээс төлбөр нэхээд байгаа. Дараа дараагийн ажил хүлээгдэж байсан тул гэрээний 4.3-т зааснаар барилгын улсын байцаагчид хандаж зохих арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан дүгнэлт гаргуулсан. Гэрээний талуудын тэгш оролцоог бодож Т.Ш ХХК-ийн захирал н.Энхцэцэгийн гэрийн хаягаар шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Дүгнэлт гарах хугацаанд мэдэгдсэн боловч өөрсдөө ирж оролцоогүй. Манай ажил байнгын цаг нартай уралдаж явагддаг учир дүгнэлт гаргуулсны дараа өөрсдийн хүчээр, өөрсдийн хөрөнгийг дахин гаргаж засварлахад хүрсэн. Төсвийн дагуу өөрсдийн салбар нэгж болох Их барилга төслөөс засвар үйлчилгээний 109,813,271 төгрөгийн гүйцэтгэлийг гаргасан. Иргэний хуулийн 227.5-д заасны дагуу шал будахад зарцуулсан уг зардал, мөн гэрээгээр олгосон 68,600,000 төгрөг, нийт 179,122,911 төгрөгийг Т.Ш ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн үед дусаал гоожсон асуудал дээр маргахгүй. Дулааны асуудал байгаагүй. Ажил гүйцэтгэхийн өмнө будгийн зааврыг өөрийн байгууллагын менежер илгээж байсан гэж байгаа ч технологио өгөхийг шаардахад өгөөгүй байдаг. Будгийн материалын технологийг будаж дууссаны дараа явуулсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчид ямар нэг доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Захиалагч гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авмагц мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч талын орхиод явсан ажлыг бүхэлд нь дахин хуулж, дахин будахгүй бол норм дүрмийн дагуу явагдаагүй байна гэснээс үүдээд тухайн ажил дээр төсөвлөгдөөгүй байсан хөрөнгө төсөвлөөд, өөрсдөө засварлах шийдэлд хүрсэн. Тэгшилгээний үеийн ажил нь гэрээний заалтыг зөрчсөн гэж дүгнэлтээр гарсан бөгөөд, бүх ажлыг бүхэлд нь эхнээс нь хийсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Ш ХХК нь хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,400,000 /хорин есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч УБТЗ ХНН нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах бөгөөд, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэгч зөрчсөний улмаас учирсан хохиролд 179,122,911 /нэг зуун далан есөн сая нэг зуун хорин хоёр мянга есөн зуун арван нэгэн/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид гэрээний нөхцөл, төлбөр, гэрээ байгуулагдсан хугацаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин ажлын гүйцэтгэлийн үр дүн, гүйцэтгэлийн акт үйлдэж ажлын үр дүнг хүлээлцсэн эсэх, ажлын гүйцэтгэлийн доголдол болон шаардах эрхийн талаар өөр өөрийн үндэслэлийг гарган мэтгэлцлээ.
Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн АҮГ/18/014 тоот Барилгын угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Т.Ш ХХК нь захиалагч УБТЗ ХНН-ийн Зүүн хараа дахь Ачааны вагон засварын депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын бетон шал өнгөлөх ажлыг өөрийн материал, машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүчээр 45 хоногийн дотор бүрэн хийж гүйцэтгэх, захиалагч УБТЗ ХНН нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 112,000,000 /нэг зуун арван хоёр сая/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх 6-9/
Дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд, гэрээний талууд үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хуульд зааснаар хэн аль нь шаардах эрхтэй.
Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний талууд харилцан тохиролцсоноор гэрээний үнэ болон бусад нөхцлийг өөрчлөлгүйгээр, гүйцэтгэх ажлыг буюу бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах болгон өөрчилж, ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийж дуусгахаар захиалагч тал гэрээний дагуу гүйцэтгэгчид 2 удаагийн төлөлтөөр нийт 68,600,000 төгрөгийг төлсөн байна. /1-р хх 21/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ...гэрээний хугацаанд өгсөн зөвлөмж зааврын дагуу дээврээс ус алдаж байсныг зогсоох арга хэмжээ аваагүй, тасалгааны температур +18 градус байх шаардлагыг хангаагүй, мөн захиалагчийн барилгын шалны ажлын норм дүрэм зөрчсөн бетон цутгагдсан бөгөөд, ажлыг яаралтай хийж дуусгахыг шаардсаны улмаас будгийн ажилд доголдол үүсч, гүйцэтгэсэн ажлын үр дүнг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзан гэрээгээр болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй... гэж буруутган, гэрээний дагуу гүйцэтгэсэн 2,800 м.кв талбайн бетон шал будаж нийт 98,000,000 төгрөгийн хөлс авахаас урьдчилан авсан 68,600,000 төгрөгийг хасч, үлдэх 24,900,000 төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч УБТЗ ХНН нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагыг ...гэрээгээр хийвэл зохих ажлаа чанартай гүйцэтгээгүйн улмаас доголдол үүсч бетон шалны будаг хууларсан, гэрээний явцад захиалагч талыг хяналт тавих боломжоор хангаагүй, гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэж өгөлгүй орхин явж, уг доголдлыг арилгах хугацаа зааж мэдэгдсэн боловч доголдлыг арилгаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт ...ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж, ажил гүйцэтгэгч нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт ... захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх... зэргээр ажлын үр дүнг бий болгохоос гадна, гүйцэтгэсэн ажлын үр дүнг ямар нэгэн доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ нь ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг юм.
Гэрээ байгуулагдсанаас хойш 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гүйцэтгэгч Т.Ш ХХК нь гэрээгээр тохирсон шалны өнгөлгөөний ажлыг хийж эхэлсэн боловч бетон шалны марк, гадаргаас шалтгаалан өнгөлгөө хийхэд хүндрэл гарснаар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр талууд хуралдаж, уг хурлын шийдвэрээр ажлыг бетон шал будах болгож өөрчлөн, захиалагч талын зүгээс дээврээс ус гоожиж байгааг зогсоох арга хэмжээ авах үүрэг хүлээж, будгийн ажлыг гүйцэтгэгч 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуусгахаар тохиролцсон байна. /1-р хх 18, 134-137/
Ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу бетон шал будах ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан фото зургууд болон зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, будгийн ажил гүйцэтгэх явцад захиалагч талд тасалгааны температурт анхаарч, дээврээс ус гоожиж буй зөрчил арилгахыг мэдэгдэж байсан талаар гэрч О.Б ...ус дусааж болохгүй, температур шаардлага +18 градусаас дээш байх ёстойг төмөр замд хэлсэн, эд нар биелүүлээгүй, хүйтэн байсан, будаж байхад бороо орсон, бид нар хувин тавиад л шөнөжингөө юм болсон. Энэ талаар н.Б гэж хүнд хэлсэн... гэж мэдүүлсэн боловч, будгийн ажил хэзээ дууссан болох нь тодорхойгүй байна. /1-р хх 39-52, 186-188/
Хууль болон гэрээнд зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг талууд хүлээлцээгүй, ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлыг хэзээ хийж дууссан нь тодорхойгүй байгаа ч, УБТЗ ХНН-ийн ажилтнууд болон Т.Ш ХХК-ийг төлөөлж ажлын ахлагч Г.Б нарын бүрэлдэхүүнэйгээр 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн Техникийн комиссын акт-аар шалны будгийн ажил дууссанаас 72 цагийн дараа шалгахад нийт 2,935 м.кв гадаргуун будаг хөндийрсөн, барзайлт үүссэн, гадаргуу тэгш бус, 265 м.кв талбайн будаг хэвийн буюу нийт талбайн 91,7 хувь шаардлага хангахгүй гэж үзэн, гүйцэтгэгч талд тэдгээр доголдлыг арилгахыг мэдэгдэж даалгасан байна.
Захиалагч тал тийнхүү Техникийн комиссын акт үйлдэн, ажил гүйцэтгэгчийн төлөөллийг оролцуулж ажлын үр дүнг шалган, доголдол арилгахыг гүйцэтгэгчид мэдэгдсэн байх тул ажлын үр дүнг хүлээн авч, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж заасны дагуу шаардлага гаргасан хэмээн дүгнэх үндэслэл тогтоогдлоо.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4 дэх хэсэгт заасан ...ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас ажлын явцад дээврээс ус алдаж, будаг бэхжих боломжгүй байсан бөгөөд, тасалгааны температур +18 градус хэмжээнд хүрэх шаардлага хангахгүй байсан нь ажлын үр дүнд нөлөөлөхөөр байхад давчуу хугацаанд дуусгахыг шаардсан гэж тайлбарласан.
Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсгийн б-д заасны дагуу ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн бөгөөд, ... гэрч О.Б шүүх хуралдаанд ...будгийн ажил хийхээсээ өмнө технологи аргачлалаа төмөр замынханд имэйлээр явуулсан ... гэж мэдүүлсэн боловч, нэхэмжлэгч байгууллагын цахим шууданд хийсэн үзлэгээр будгийн ажлын технологийг захиалагч талд өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй, Т.Ш ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/28 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичигт ажлыг гүйцэтгэхэд учирч буй нөхцөл байдлын талаар бус, харин ажил өөрчлөгдсөн учир 3 төрлийн зүйлийг анхаарч ажиллахыг захиалагчид шаардсан байх бөгөөд, үүнийг захиалагч талын хэн гэдэг албан тушаалтанд хүлээлгэж өгсөн болох нь тодорхойгүй байна. /1-р хх-20/
Хэдий тийм боловч захиалагч УБТЗ ХНН нь ажлын гүйцэтгэлийг акт үйлдэн хүлээн авсан ба, гэрээний хугацаанд барилгын дээврээс ус алдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, ажлын үр дүнг хүлээн авснаар гүйцэтгэгч Т.Ш ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож, захиалагч УБТЗ ХНН нь гүйцэтгэгчид төлбөр төлөх үүрэг үүсэх бөгөөд, тухайн гүйцэтгэсэн ажлын биет байдлын доголдлыг арилгахад гарсан зардлыг гүйцэтгэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан зэргийг дүгнээд, гэрээний дагуу ажлын хөлсийн үлдэгдэл 29,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ш ХХК нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч УБТЗ ХНН нь нэхэмжлэгч Т.Ш ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бетон шал будах ажлын үр дүнг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Техникийн комиссын акт үйлдэн хүлээн авч, илэрсэн доголдлыг өөрсдийн зардлаар дахин засварлаж, хийгдсэн будгийг хуулах, шинээр шал будахад зарцуулсан 110,522,911 төгрөг, мөн ажлын чанарын доголдлын улмаас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу гүйцэтгэгчид урьдчилж төлсөн 68,600,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсч, нийт 179,122,911 төгрөгийг Т.Ш ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх нөхцлийг хариуцагч тал бий болгосон бөгөөд, ажил гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэхийг мэдэгдэхэд яаралтай дуусгахыг хүссэн учир хийж дуусгасан, будаг норж, усанд элэгдсэнээс ажлын чанарт муугаар нөлөөлвөл гүйцэтгэгч хариуцахгүй болохыг захиалагчид мэдэгдсэн... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
УБТЗ ХНН-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн комиссын акт-аар захиалагч тал ажлыг шалган, доголдлыг арилгах талаар ажил гүйцэтгэгч байгууллагын эрх бүхий ажилтанд даалгаж, хугацаа тогтоосон боловч ажил гүйцэтгэгч үүнийг эс зөвшөөрч, энэ талаар арга хэмжээ аваагүй болох нь зохигчдын тайлбар, Т.Ш ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18/32 тоот албан бичиг зэргээр тогтоогдох ба, захиалагч тал уг доголдлыг арилгуулахаас өмнө Ажил гүйцэтгэх гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдан, доголдлыг арилгаж, шинээр шал будах ажлыг УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангиар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1-р хх 89-97, 2-р хх 89-91/
Улмаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зүүнхараа, ВЧД-1. ВКМ өргөтгөлийн барилгын шалыг дахин засварлаж хатуу будгаар будах засварын ажлын төсөв-ийг батлан, өртөг 122,812,004 төгрөгөөр төсөвлөж, нийт 110,522,911 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлан, ажлын гүйцэтгэл болон зардлыг нотлохоор санхүүгийн анхан шатны баримтууд, ажилчдын цалингийн тооцоолол, төлбөрийн нэхэмжлэх, холбогдох ажил гүйцэтгэх гэрээ, ажлын явцыг харуулсан фото зургууд зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргасан. /1-р хх 169-195, 238-250, 2-р хх 1-81/
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу УБТЗ ХНН нь Т.Ш ХХК-д ажлын гүйцэтгэлийн биет байдлын доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоосон ч гүйцэтгэгч тал биелүүлэхээс татгалзсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд, тийнхүү доголдлыг арилгахад гарсан бодит зардлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч УБТЗ ХНН нь ажлын доголдлыг арилгахад нийт 110,522,911 төгрөгийн зардал гарсан гэх боловч тухайн ажилд хамааралгүй, тодруулбал: цаг хугацааны хувьд засварын ажил эхлэхээс өмнө буюу ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаас өмнө 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2,470,000 төгрөгийн будагны зардал, 5 дугаар сарын 03-ны өдрийн 60,000 төгрөгийн грунтны дутуу үнэ, 5 дугаар сарын 04-ний өдрийн 771,090 төгрөгийн будагны үнэ, огноо тодорхойгүй, балархай 219,200 төгрөгийн баримт, 5 дугаар сарын 09-ний өдрийн 2,892,400 төгрөгийн будагны үнэ, засварын ажилд хамааралгүй 315,600 төгрөгийн ундааны үнэ гэх зэрэг нийт 6,728,290 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, санхүүгийн бусад баримтуудаар тогтоогдож буй 103,794,621 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. /1-р хх 238, 239, 241, 242, 244, 2-р хх 26/
Харин ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Т.Ш ХХК-д ажлын хөлсөнд төлсөн 68,600,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн УБТЗ ХНН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, бетон шал будах ажлыг гүйцэтгэх явцад бороо орж, дээврээс ус дуссан эсэх талаар зохигчид өөр өөрөөр тайлбарлан, бие биенээ гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй хэмээн буруутгах боловч, ажил гүйцэтгэгч гэрээнд заасан будгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч уг ажлыг хүлээн авсан тул гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй бөгөөд, төлөгдсөн ажлын хөлсийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэн, Т.Ш ХХК-иас 68,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай УБТЗ ХНН-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБТЗ ХНН-ээс 29,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ш ХХК-д олгож, нэхэмжлэгч Т.Ш ХХК-иас 103,794,621 төгрөг гаргуулан хариуцагч УБТЗ ХНН-т олгон, сөрөг нэхэмжлэлээс 75,328,290 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 304,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,053,565 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 304,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 676,923 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА