Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

2023           3              22                                    2023/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,  

улсын яллагч Ж.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц,

шүүгдэгч И.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, И.Б-д холбогдох эрүүгийн 2325000000034 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, И.Б

Шүүгдэгч И.Б нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Цагаан хаалганы баруун талын гүүрний орчим өгсөх замд 82-20УБМ улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/.“хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,

12.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,

12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний далан хэсгээс доош унаж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 4 настай Б.Сувдансондорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч И.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц “...өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед нөхөр Балжиннямын жолоодож явсан 82-20УБМ улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэлтэй охин Сувдансондор, нөхрийн хамаатны дүү Баянжаргал, бэр эгч Ойдовмаа, Ойдовмаа эгчийн хоёр хүүхдийн хамтаар долуулаа Улаанбаатар хот руу явах гээд Баянцагаан баг “Магнай трейд” шатахуун түгээх станц өнгөрөөд доошоо уруудаад гүүр хүрэх гээд явж байтал урд явж байсан улсын дугаарыг нь анзаарч хараагүй цагаан өнгийн суудлын жижиг тэрэг хурд сааруулагч дээр тормоз гишгээд хөдөлгөөн нь удааширсан, тэгэхэд манай нөхөр Балжинням машиныхаа тормозыг гишгэхэд машин нь зогсохгүй гулгасан тэгээд урдаа явсан машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийш дарсан гэтэл тэр эрчиндээ гулгасаар байгаад гүүрний урд талын гол урсдаг жалга руу тээврийн хэрэгсэлтэйгээ унасан. Эмнэлэг дээр ирээд охин Сувдансондорыг үзүүлэхэд зүүн гарын атгаал яс хугарсан талаар эмч хэлж охины гарыг гипсдсэн. Балжинням, Баянжаргал хоёр хамгаалах бүс хэрэглэсэн бусад хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй явж байсан. Би жолоочийн хойд талд охин Сувдансондорыг өвөр дээрээ суулгаад, миний хажуу талд Энх-Эрдэм дүү, цаад талд нь бэр эгч Ойдовмаа хүү Тэмүүжинг өвөр дээрээ суулгаад явж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

“...миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

иргэний хариуцагч Т.Д “...Би Toyota prius-30” загварын 82-20УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Да хүрээ автомашины захаас 25.800.000 төгрөгөөр худалдан авахдаа “Фин экспресс” ББСБ-тай 18.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан худалдан авч байсан, миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Зээлээр худалдан авч байсан, “Фин экспресс” ББСБ-ын нэр дээр байгаа, “Фин экспресс” ББСБ-тай фидуцын гэрээ байгуулж байсан болохоор тээврийн хэрэгсэлд учирсан хохирол надтай хамааралтай. ...миний зүгээс гаргах санал, хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

гэрч Б.Б “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг өнгөрч байх хугацаанд найз Балжиннямын жолоодож явсан 82-20УБМ улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэлтэй Балжиннямын эхнэр Цэцэгмаа, охин Сувдансондор, Цэцэгмаагийн бэр Ойдовмаа хоёр хүүхдийн хамтаар долуулаа Улаанбаатар хот руу явах гээд Баянцагаан багт “Магнай трейд” шатахуун түгээх станц өнгөрөөд доошоо уруудад гүүр хүрэх гээд явж байтал урд явж байсан машин хурд сааруулагч дээр тормоз гишгээд хөдөлгөөн нь удааширсан, тэгэхэд Балжинням машиныхаа тормозыг гишгэхэд машин нь зогсохгүй гулгасан, тэгээд урдаа явсан машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийш дарсан тэгтэл тэр эрчиндээ гулгасаар байгаад гүүрний урд талын гол урсдаг жалга руу тээврийн хэрэгсэлтэйгээ унасан. Балжинням бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан, хойно сууж явсан Цэцэгмаа, Ойдовмаа, Сувдансондор, Энх-Эрдэм, Тэмүүжин нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч Н.О-н “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед хадам дүү Цэцэгмаагийн нөхөр Балжиннямаар нөхрийн нэр дээр зээлтэй 82-20УБМ улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодуулан Говил баг руу салдаг уулзвар өнгөрөөд доошоо уруудаад гүүр хүрэх гээд явж байтал урд явж байсан улсын дугаарыг нь анзаарч хараагүй цагаан өнгийн суудлын жижиг тэрэг хурд сааруулагч дээр тормозоо гишгээд хөдөлгөөн нь удааширсан тэгэхэд Балжинням машиныхаа тормозыг гишгэхэд машин нь зогсохгүй гулгасан, тэгээд урдаа явсан машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийш дарсан тэгтэл тэр эрчиндээ гулгасаар байгаад гүүрний урд талын жалга руу тээврийн хэрэгсэлтэйгээ унасан. Балжинням, Баянжаргал хоёр хамгаалах бүс хэрэглэсэн бусад хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй явж байсан. ...Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор нэг их айхтар гэмтэлгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дахь тал/,

И.Б сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би 82-20УБМ улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан бөгөөд зорчигчийн урд талын суудалд Баянжаргал, хойд талын суудалд баруун талаас Ойдовмаа, түүний зүүн талд нь Д.Энх-Эрдэнэ, Д.Тэмүүжин, манай эхнэр Т.Цэцэгмаа, эхнэрийн өвөр дээр охин Б.Сувдансондор тус тус суун явж байсан. Бид нар Улаанбаатар хот руу явах гээд “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГазрын самбартай хаалганы ертөнцийн зүгээр зүүн талд засмал төв зам дагуух гүүрний баруун хэсэгт баруунаас зүүн чиглэлд хурдаа тохируулан явж байхад гүүрний хурд сааруулагч дээр миний урд явж байсан тээврийн хэрэгсэл огцом хурдаа хасах үйлдэл хийхэд нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслээ зогсоохын тулд тормозоо гишгэхэд тээврийн хэрэгсэл зогсохгүй гулгаад машины ард талаас мөргөх гэж байсан болохоор нь жолооны хүрдийг баруун дарж замын хажуу руу гарахад цааш жалга руу унасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дахь тал/,

“...Замын нөхцөл байдал цас орж байсан болохоор гулгаатай байсан. Ямар ч байсан хурд багатай явж байсан, яг хэдэн км/цагийн хурдтай байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай; “...1.Б.Сувдансондорын биед зүүн гарын атгаал ясны далд, зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Зүүн гарын атгаал ясны далд зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 6.Зүүн гарын атгаал ясны далд, зөрүүтэй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 7.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Мөрдөгч Г.З 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дугаартай;

“...82-20УБМ улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийн жолооч И.Балжинням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:

б/.“хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,

12.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,

12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн

23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно:

а/.“тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”,

ж/.“жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр” гэсэн зүйл, заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

И.Б “...Баянцагаан баг “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан хаалганы наана гүүрний хажуу талд 8220 УБМ тээврийн хэрэгсэл унасан” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Цагаан хаалганы баруун талын гүүрний орчим хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-12 дахь тал/,

И.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139, 140, 143 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 146, 147, 148 дахь тал/,

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Цолмонтуяагийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 4/00287 дугаартай;

“Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсний дагуу И.Балжинням нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр торгуулийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болно.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 150 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас болон И.Балжиннямаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч И.Б гэм буруутайд тооцох;

шүүгдэгч И.Б нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Цагаан хаалганы баруун талын гүүрний орчим өгсөх замд 82-20УБМ улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/.“хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,

12.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,

12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний далан хэсгээс доош унаж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 4 настай Б.Сувдансондорын эрүүл мэндэд “зүүн гарын атгаал ясны далд, зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед нөхөр Балжиннямын жолоодож явсан 82-20УБМ улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэл...Баянцагаан баг “Магнай трейд” шатахуун түгээх станц өнгөрөөд доошоо уруудаад гүүр хүрэх гээд явж байтал урд явж байсан улсын дугаарыг нь анзаарч хараагүй цагаан өнгийн суудлын жижиг тэрэг хурд сааруулагч дээр тормоз гишгээд хөдөлгөөн нь удааширсан, тэгэхэд манай нөхөр Балжинням машиныхаа тормозыг гишгэхэд машин нь зогсохгүй гулгасан тэгээд урдаа явсан машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийш дарсан гэтэл тэр эрчиндээ гулгасаар байгаад гүүрний урд талын гол урсдаг жалга руу тээврийн хэрэгсэлтэйгээ унасан. Эмнэлэг дээр ирээд охин Сувдансондорыг үзүүлэхэд манай охины зүүн гарын атгаал яс хугарсан талаар эмч хэлж охины гарыг гипсдсэн.” гэх,

гэрч Б.Б “...найз Балжиннямын жолоодож явсан 82-20УБМ улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэл...Баянцагаан багт “Магнай трейд” шатахуун түгээх станц өнгөрөөд доошоо уруудад гүүр хүрэх гээд явж байтал урд явж байсан машин хурд сааруулагч дээр тормоз гишгээд хөдөлгөөн нь удааширсан, тэгэхэд Балжинням машиныхаа тормозыг гишгэхэд машин нь зогсохгүй гулгасан, тэгээд урдаа явсан машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийш дарсан тэгтэл тэр эрчиндээ гулгасаар байгаад гүүрний урд талын гол урсдаг жалга руу тээврийн хэрэгсэлтэйгээ унасан.” гэх,

гэрч Н.О “...Говил баг руу салдаг уулзвар өнгөрөөд доошоо уруудаад гүүр хүрэх гээд явж байтал урд явж байсан улсын дугаарыг нь анзаарч хараагүй цагаан өнгийн суудлын жижиг тэрэг хурд сааруулагч дээр тормозоо гишгээд хөдөлгөөн нь удааширсан тэгэхэд Балжинням машиныхаа тормозыг гишгэхэд машин нь зогсохгүй гулгасан, тэгээд урдаа явсан машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийш дарсан тэгтэл тэр эрчиндээ гулгасаар байгаад гүүрний урд талын жалга руу тээврийн хэрэгсэлтэйгээ унасан.” гэх,

И.Б өөрийнх нь өгсөн “...Тухайн өдөр би 82-20УБМ улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан... Улаанбаатар хот руу явах гээд “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГазрын самбартай хаалганы ертөнцийн зүгээр зүүн талд засмал төв зам дагуух гүүрний баруун хэсэгт баруунаас зүүн чиглэлд хурдаа тохируулан явж байхад гүүрний хурд сааруулагч дээр миний урд явж байсан тээврийн хэрэгсэл огцом хурдаа хасах үйлдэл хийхэд нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслээ зогсоохын тулд тормозоо гишгэхэд тээврийн хэрэгсэл зогсохгүй гулгаад машины ард талаас мөргөх гэж байсан болохоор нь жолооны хүрдийг баруун дарж замын хажуу руу гарахад цааш жалга руу унасан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт,

мөрдөгч Г.Золзаяагийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дугаартай магадлагаа,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Цагаан хаалганы баруун талын гүүрний орчим хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч И.Балжинням гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч И.Б энэ үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч И.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, мөн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна,

автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/.“хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,

12.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,

12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн түүний үйлдлийн улмаас 4 настай Б.Сувдансондорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоо байна.

Иймд шүүх шүүгдэгч И.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч И.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүхээс шүүгдэгч И.Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч И.Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч И.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн дүгнэлт гаргаж,

шүүгдэгч И.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...улсын яллагчийн ялыг зөвшөөрч байна, маш их харамсаж байна.” гэсэн болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

         Шүүх шүүгдэгч И.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч И.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч И.Б гэм буруутай үйлдлээрээ өөрийн төрсөн охин 4 настай Б.С биед “зүүн гарын атгаал ясны далд, зөрүүтэй хугарал” гэмтэл учруулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч И.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ