| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01231/И |
| Дугаар | 1942 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 1942
2019 оны 07 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2019/01942 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СФ ББСБ ХХК-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,605,019 /таван сая зургаан зуун таван мянга арван есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э /ШТҮД-2789/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.О /ШТҮД-0596/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч М.Э-ы хамт гаргасан тайлбартаа:
СФ ББСБ ХХК-ийн өмчлөлд фидуцийн гэрээгээр шилжсэн Тоёота Эстима маркийн 0000УБУ улсын дугаартай, саарал өнгийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Л.Очирваань нь Д.Нандинбаяраас 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хэлцэл хийж эзэмшиж байсан. Уг хэлцлээр Д.Нандинбаярын СФ ББСБ ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 143 тоот Зээлийн гэрээний дагуу төлөх нийт 10,000,000 төгрөгийн зээл болон зээлийн хүүг Л.Очирваань төлөхөөр, төлж дууссаны дараа Д.Нандинбаяраас Л.Очирваанийн нэр дээр уг автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон.
Л.Очирваань Д.Нандинбаяртай хийсэн автомашин худалдах, худалдан авах хэлцлээсээ татгалзаж, өөрийн эзэмшилд байсан автомашиныг СФ ББСБ ХХК-д хүлээлгэн өгсөн. Иймд бусдын буюу Д.Нандинбаярын өмнөөс СФ ББСБ ХХК-д төлбөр хийх үүрэггүйгээр төлсөн 5,605,019 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Л.Очирваань мөнгө төлөөд явж байсан ба Д.Нандинбаяр алга болчихоор нь СФ ББСБ ХХК-тай уулзаж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөөд машины нэрийг шилжүүлж аваад төлье гэхэд зөвшөөрөөгүй байдаг. Цагаан сар болохын өмнө таны нэр рүү шилжүүлж өгье, хүрээд ир гэж хэлэхээр нь очиход машиныг нь хураагаад авчихсан байсан.
Өмгөөлөгч: Бид СФ ББСБ ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Зээлийн ихэнх хэсгийг төлбөл нэрийг Л.Очирваань руу шилжүүлнэ гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн тул 4 удаагийн үйлдлээр 5,605,019 төгрөгийг шилжүүлсэн. Гол анхаарах зүйл нь гүйлгээний утга байгаа. Бэлэн орлогод Очирваань гэж бичсэн. 5034634771 дансанд 0952 УБУ гэж гүйлгээ хийгдсэн байгаа. Гэвч ингэж ихэнх төлбөрийг хийгээд, төлбөрөө дуусгасны дараа машин шилжиж ирэхгүй байх магадлалтай тул зээл төлөлтийг зогсоосон. Хариуцагчийн тайлбар, хавтастс хэрэгт авагдсан баримтыг үзэхэд Д.Н-ын зээлээс төлбөр хасагдсан байдаг. Хариуцагч тал энэ мөнгөн дүн дээр маргадаггүй. Гэвч бид мэдэхгүй гэж байснаа сая нэг удаа ирж уулзсан гэж ярьж байна. Зохигчдын хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй. Гүйлгээний утга дээрээ 0000УБУ гэж бичсэн байгаа нь Д.Н-ын зээлийг төлсөн гэдэг агуулга харагдахгүй байна. Иймд Сф ББСБ ХХК-ийг Иргэний хуулийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Л.О-с ямар хууль болон гэрээг үндэслэн төлбөр авах эрхтэй болохоо нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй байна. Мөн Иргэний хуулийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан. Л.О болон Сф ББСБ ХХК-ийн хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй тул буцаан шаардаж байна. Д.Н нь машин хураалгадаг өдөр СФ ББСБ ХХК-д очиж өргөдөл өгсөн гэж байгаа ч Л.О-ийг очих үед байгаагүй, түүнтэй уулзахгүй байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь байгууллагын гүйцэтгэх захирал Д.Б-ын хамт шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, өмгөөлөгч Д.О-гийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
СФ ББСБ ХХК нь 2011 оны 1 дүгээр сарын 31-нд үүсгэн байгуулагдаж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 34-10 тоотод тасралтгүйгээр 8 жил зээлийн үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагатай Д. Н нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 143 тоот зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан бөгөөд, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2004 ооны мөнгөлөг өнгөтэй 0000УБУ улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашиныг барьцаалсан.
2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,418,936 төгрөг, үндсэн хүү 2,415,842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,040 төгрөг, нийт 7,119,818 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлдэгч Д.Н нь өнөөдрийн байдлаар зээл, хүүгийн төлөлт хийгээгүй 366 хоног, зээлийн гэрээний хугацаа дуусаад 218 хоног хэтэрсэн тул Фидуцийн гэрээний 2.4.3 дахь заалтын хүрээнд эд хөрөнгийг хураан авах шаардлага тавихад Л.О автомашиныг эзэмшиж байсан нь тогтоогдож, тэрээр зээлийг бүрэн төлнө, хөдөө явж байна гэх мэт шалтаг тоочин явсаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр СФ ББСБ ХХК-ийн оффис дээр зээлдэгчтэй хамт ирж, тухайн автомашиныг хүлээлгэж өгсөн. Д.Н нь зээлийг төлж барагдуулах боломжгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг бичгээр хүлэн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Уг автомашиныг хүлээн авах үед авто тээврийн хэрэгслийг оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөгдөөгүй нь тогтоогдсон. Л.О, Д.Н нарын хооронд ямар хэлцэл байгуулагдсаныг СФ ББСБ ХХК мэдээгүй, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг бариад нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр зүйл яриад байна. 0952 УБУ Эстима маркийн машин нь СФ ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Энэ байгууллагын нэр дээр байгааг мэдсээр байж, мөн тус байгууллагатай гэрээ хийгээгүй байж 2018 оны 9 дүгээр сард машиныг барьж байсан. Бусдын машиныг зөвшөөрөлгүй унаж байгааг эзэмшиж байна гэж ойлгож болохгүй. Зээлийн гэрээний 2.2.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү нэхнэ гэсэн байгаа. 4,400,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Тус байгууллагын зөвшөөрөлгүй бусдад фидуцийн зүйлийг шилжүүлэхийг хориглоно гэж заасан байхад Л.О-д шилжүүлсэн байсан. Л.О, Д.Н нарын хооронд хуулийн хүрээнд хэлцэл хийсэн, бусдын өмнөөс төлсөн эсэх нь манайд хамаагүй. Хэний нэр дээр байгаа гэрээ вэ гэдгийг Л.О мэдэж байсан. Ирж харсан. Уг машин фидуцийн гэрээний дагуу шилжсэн, уг мөнгийг төлж болохгүй юм байна гэдгээ мэдэж байсан шүү дээ. Зээлдэгч Д.Н зээлийн төлбөрөө ээж, эгч, найзаараа хэнээр төлүүлэх нь хамаагүй. Энэ төлсөн мөнгөө Д.Н-саа нэхэх хэрэгтэй. Зээлийн гэрээний үүрэг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш зөрчигдөж эхэлсэн. Л.О хэзээнээс Д.Н-ын өмнөөс төлбөр төлж эхэлснийг мэдэхгүй, мэдэх боломжгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс өөр хүн төлж байгааг мэдсэн. Төлбөр төлөхийг Л.О-с утсаар шаардсан гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч СФ ББСБ ХХК-д холбогдуулан тус байгууллагад төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй боловч бусдын өмнөөс төлсөн 5,605,019 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч СФ ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... Л.О-ийн нэрээр төлбөр хүлээн аваагүй, харин зээлдэгч Д.Н-ын зээлийн дансаар, Фидуцын гэрээний зүйл болох 0000УНУ улсын дугаартай автомашины дугаараар төлбөр төлөгдөж байсан учир зээлдэгчээс төлсөн гэж үзсэн бөгөөд, Л.О, Д.Н нарын хооронд хийгдсэн хэлцэл тус байгууллагад хамааралгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч СФ ББСБ ХХК-тай гэрээ байгуулж, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, аливаа байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч СФ ББСБ ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Д.Н гэх хүнтэй №143 тоот Зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэн, улмаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хийж, зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд Д.Н-ын өмчлөлийн Тоёота эстима маркийн 0000УБУ улсын дугаартай автомашиныг СФ ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Д.Н нь уг автомашиныг зарж борлуулахыг зөвшөөрчээ. /хх 19-23/
Дээрх гэрээний зүйл болох 0000УБУ улсын дугаартай Тоёота эстима маркийн автомашиныг нэхэмжлэгч Л.О нь Д.Н-аас 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, тэрээр төлбөрийг худалдагч тал болох Д.Н-т бус, харин СФ ББСБ ХХК-д нийт 5,605,019 төгрөгийг өөрийн Хаан банк дахь харилцах данснаас Estima 0952, 0952УБУ, ...0952 УБУ гэх гүйлгээний утгатай шилжүүлэх, мөн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр СФ ББСБ-ын санхүүд бэлнээр өөрийн нэрээр тус тус төлсөн байна. /хх 6-9/
Хариуцагч СФ ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэх үндэслэлээр 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 0000УБУ Тоёота эстима маркийн автомашиныг Л.О-ийн өмчлөлөөс хураан авсан бөгөөд, уг зээлийн гэрээний зээлдэгч тал буюу Л.О-д автомашиныг худалдсан гэх Д.Н нь тийнхүү зарж борлуулах зөвшөөрлийг СФ ББСБ ХХК-д өгснөөр тухайн автомашиныг хураан авсан болох нь Д.Н-ын гар бичмэл бүхий зөвшөөрөл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч Л.О нь бусдын өмнө буюу Д.Н-ын өмнө Худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээний тал бус этгээд болох хариуцагч СФ ББСБ ХХК-д төлж байсан, мөн түүний эзэмшиж байсан 0000УБУ улсын дугаартай Тоёота эстима маркийн автомашиныг СФ ББСБ ХХК хураан авсан зэрэг үйл баримтыг үндэслэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна гэж заасны дагуу хариуцагч СФ ББСБ ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч СФ ББСБ ХХК нь нэхэмжлэгч Л.О-с хүлээн авсан 5,605,019 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Харин СФ ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулагч Д.Н нь зээлдүүлэгч талд мэдэгдэлгүйгээр бусдад Фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд, тийнхүү буруутай этгээдээс учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 104,630 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 104,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СФ ББСБ ХХК-иас 5,605,019 /таван сая зургаан зуун таван мянга арван есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 104,630 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 104,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА