| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01790/И |
| Дугаар | 1992 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1992
| 2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/01992 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: /УБТЗ ХНН гэх/-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Я.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие УБТЗ 1981 онд замчнаар ажилд орж, тасралтгүй 38 жил ажиллах хугацаандаа бригадын дарга, мастер, ахлах мастер, зам хэмжигчийн дарга, УБТЗ газарт байцаагч, Чойр дахь замын 3 дугаар ангийн дарга, Замын 2 дугаар ерөнхий инженер зэрэг албыг хашиж байсан. Гэтэл УБТЗ ХНН-ийн даргын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-21 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Уг тушаалын үндэслэх хэсэгт Б эмэгтэй ажилтанд ажлын байрны бэлгийн дарамт учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд, үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгаж тогтоогоогүй байхад ёс зүйн зөрчилг аргасан гэж намайг илт гүжирдэн миний нэр төрийг гутаан доромжилсон. Ажлаас чөлөөлсөн тушаалын нэг үндэслэл болох байгууллагын ажилтнуудыг үл хүндэтгэн хурал дээр хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдсан гэх үндэслэлгүй. Учир нь Замын ангийн хэсэг цех болон тасгийн мастеруудтай 2019 оны 2 дугаар сарын эхээр хурал хийсэн. Тухайн хурал дээр миний бие хичээл заах ёстой байсан. Гэтэл Замын ангийн орлогч дарга Ж.У-ын хичээл заах цаг нь 14 цагт дуусах ёстой байтал 40 минут өнгөрсөн тул би хичээл заах цаг дууслаа гэж хэлэхэд зайл зөнөг минь гэж хэлээд, бид хоёр бие биенээ заамдаж аваад салсан. Манай ажлын газрынхан Төмөр замын цагдаа дуудсан байсан бөгөөд, тэд ирээд зөрчилгүй байна гэж хэлээд явцгаасан. Үүний дагуу ямар нэгэн зөрчил болон эрүүгийн хэрэг үүсээгүй. Гэтэл бусдын биед халдаж гэмтэл учруулаагүй байхад ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгаа нь хууль зөрчиж байна.
Ёс зүйн хорооны хурал болоогүй. Тийм учраас хийгээгүй хурлын материалыг яаж бүрдүүлснийг мэдэхгүй байна. 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шуурхайн асуудлын хувьд өглөө би өөрийн биеэр очсон. Намайг очиход тодорхойлолт бичиж өг гэсэн. Би тайлбарлаж өгсөн. Тэгэхэд хуралтай гэж хэлээгүй. Яг тэр үед би Улаанбаатар төмөр замын эмнэлгийн эмчийн өрөөнд байсан. Би хүн барьж аваад зодсон зүйл байхгүй. Хүний эрхийн үндэсний комиссын бичгийн хувьд замын дарга би бичиг өгсөн. Цаг ашиглалтын хувьд би өглөө бүхэн эрт ирдэг. Цаг ашиглалтыг хүний нөөцийн дарга өөрөө бүртгэдэг. Би ёс зүйн зөрчил гаргаагүй, бэлгийн дарамт ажилтанд үзүүлээгүй. Хүний эрхийн үндэсний комисст очиж тайлбар өгсөн. Надад өргөдлийг танилцуулсан.
Иймд УБТЗ ХНН-ийн даргын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд өмнө эрхэлж байсан Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч УБТЗ ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д-гийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Б-тэй 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3-т: Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцална., 5.3.3-т: Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажилтнуудыг үл хүндэтгэх, ажилтан албан хаагчдыг өөрийн эрхшээлд байхыг шаардах, бэлгийн дарамт үзүүлэх ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж заасан байна. Б.Б нь УБТЗ-ын Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа дээр дурдсан ёс зүйн зөрчил гаргасан болох нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн Б.Б хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил нь Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2/07 тоот албан шаардлага байгаа. Энэ шаардлагад иргэнээс ирсэн гомдлын дагуу холбогдох хүмүүсээс тайлбар авч шалгасны үндсэн дээр Д.Б бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдож байх тул арга хэмжээ тооцох тухай албан шаардлага ирсэн. Ямар байдлаар бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй гэдэг. Ажлын байрны бэлгийн дарамт нь хуучин Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан гэмт хэрэг. 2017 оны хуулиар хүчингүй болсон. Харин Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т: Энэ хуулийн 14 дүгээр зүйлээс бусад зүйл, заалтыг зөрчсөн нь Монгол улсын хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах үндэслэл болно гэж заасан. Энэ хуулийн зүйл заалтын хүрээнд гомдол гаргасан байдаг. Үүнийг нь Хүний эрхийн үндэсний комисс шалгаад тогтоосон тул арга хэмжээ ав гэсэн.
Хоёр дахь зөрчил нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Замын 2 дугаар ангийн ерөнхий инженер Б.Б тухайн байгууллага дээр удирдах ажилтны зөвлөгөөнд н.У-ыг илтгэл тавьж байхад хамрыг нь мөргөж цус гаргасан. Энэ асуудлын дагуу Замын 2 дугаар ангийн удирдлагаас гомдол ирүүлээд, 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр холбогдох хүмүүсийг байлцуулан хурал хийсэн. Энэ хуралд Б.Б-ийг оролцуулахаар мэдэгдсэн боловч ирээгүй. Хурал эхлэх цагийг хойшлуулж, түүнийг хүлээсэн. Ямар учраас танхайрсан бэ, яаж шийдэх вэ гэдэг асуудлыг хэлэлцээд, Хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчил гэж үзэхэд хэцүү байна, ёс зүйн зөрчил учир Ёс зүйн хорооны дүгнэлт гарч байж шийднэ гээд Ёс зүйн хороонд хүргүүлсэн. Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлага, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийн дагуу Ёс зүйн хороо 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, Б.Б бусдыг өдөөн хоргоосон нь тогтоогдсон, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдсон гэж авч хэлэлцээд, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн 02/01 тоот дүгнэлт гаргасныг үндэслэн Замын даргын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б21 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалыг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Б гардаж авсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т зааснаар тушаалыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гомдол гаргана гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Б.Б өөрийг нь гүтгэсэн гэж байгаа бол шалгуулж нэр төрөө сэргээлгэх эрх нь нээлттэй. Хүний эрхийн үндэсний комисс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд холбогдох шалгалтыг явуулаад хангалттай тогтоогдсон. Бэлгийн дарамт учруулсан асуудал нэг удаагийнх биш, жилийн өмнөөс үүссэн асуудал. Манай хүний нөөцийн ажилтан дээр Д.Б орж ирээд хэнд хандах вэ гэж уулзаад явж байсан гэсэн. Тэр нь албан шаардлага дээр дурдагдсан. Нэхэмжлэгч би хэдийд ч ажилдаа ирэх эрхтэй гэж байна. Хөдөлмөрийн дотоод журмаар ямар асуудал шийдэх вэ гэдгийг тогтоож өгсөн байгаа. Ажлын цаг, цаг ашиглалт зэргийг заавал мөрдөж ажиллах ёстой. Б.Б бол ердийн ажлын цагийн хуваариар ажилладаг. Албаны дарга, харуул нь хүртэл шөнө ажилдаа ирээд, өглөө нь байдаггүй гэж тодорхойлдог. Энэ нь тухайн ажилтанд дарамт учруулж байсныг тогтоож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан, Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч УБТЗ ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Б-ийг Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон, мөн нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь 1981 онд УБТЗ ХНН-т замчнаар ажилд орж, тасралтгүй 38 жил ажилласан хэмээн тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Харин хариуцагч талаас үүнтэй маргаагүй бөгөөд, хэрэгт нотлох баримтаар авагдсан 1995, 2011 оны Б.Б Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-104 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд томилох тухай УБТЗ ХНН-ийн даргын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдох боломжтой, 2016 оноос Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерээр ажилласан болох нь тогтоогдож байна. /хх 20-24, 35-39/
Б.Б нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд томилох тухай УБТЗ ХНН-ийн замын даргын Б-I-104 тоот тушаалаар Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерийн ажилд томилогдон, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, тийнхүү ажиллах хугацаандаа УБТЗ ХНН-ийн Замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-I-235 дугаар тушаалаар ...галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ажилчдын мэдлэг, мэргэжил, дадлага, ажиллах нөхцлийг дээшлүүлэх үндсэн чиг үүргээ хангалтгүй зохион байгуулсны улмаас ... галт тэрэг яаралтай тормоз хийн 4 минут зогсоосон зөрчил гаргасан сахилгын зөрчилд үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, улмаар 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-21 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, УБТЗ ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт, Улаанбаатар төмөр замын Ёс зүйн хорооны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Б.Б-ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 5, 35-39/
Нэхэмжлэгч Б.Б ажил олгогчийн дээрх шийдвэрийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд, дахин 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх 1, 18, 33/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй бөгөөд, хуульд зааснаар 1 сарын дотор буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжтой.
Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолвол 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, ...аливаа ёс зүйн зөрчил гаргаагүй бөгөөд, эмэгтэй ажилтанд бэлгийн дарамт учруулсан гэдэг нь үндэслэлгүй, ёс зүйн хорооны хуралдаан хийгдэлгүйгээр дүгнэлт гаргасан, байгууллагын хурал дээр бусдын биед халдаж гэмтэл учруулаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан... гэж тайлбарласан бол,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс нэхэмжлэгч Б.Б-ийг ...хамт олны хурал дээр танхайрсан, эмэгтэй ажилтанд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн болох нь Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагаар тогтоогдсон, Хөдөлмөрийн гэрээний 5.3.3 дахь хэсэгт заасан сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасны улмаас Ёс зүйн хорооны дүгнэлт гарсны дагуу ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн хэмээн тайлбарлаж өөр өөрийн үндэслэл, тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Ажил олгогч УБТЗ ХНН-ийн Замын даргын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-21 тоот Б.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ийг эмэгтэй ажилтанд ажлын байрны бэлгийн дарамт учруулсан, байгууллагын ажилтнуудыг үл хүндэтгэн хурал дээр хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдсан гэх 2 үндэслэлээр, Хөдөлмөрийн гэрээний 5.3.3, Ёс зүйн дүрмийн 2.1.6.1, 2.1.6.3 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлээгүй, ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдсон гэж үзэн түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, УБТЗ ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт, УБТЗ-ын Ёс зүйн хорооны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн, түүнийг Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерийн ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулдаг бөгөөд, хариуцагч байгууллага хуулийн дээрх зохицуулалтын ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Б.Б нь байгууллагын эмэгтэй ажилтанд ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн гэх үйлдэл гаргаагүй гэж маргах боловч, тухайн ажилтны гаргасан гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс шалгалт явуулж, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.17 дахь хэсэгт нийцүүлэн шаардлага гаргасан байна.
Уг шаардлагад, Б.Б-д хуульд заасны дагуу хариуцлага тооцох, ажлын байран дахь бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах талаар заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажил олгогчид даалгаж, мөн Ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байх орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тус даалгасан байх бөгөөд, Д.Б гэх эмэгтэй ажилтан Б.Б талаар байгууллагын хүний нөөцийн ажилтан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д-д амаар мэдэгдэж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, үүнийг УБТЗ ХНН-ийн Ёс зүйн хороо хянаад Б.Б-ийг ёс зүйн зөрчил гаргасан талаар дүгнэлтийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэгч Б.Б-ийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх боломжгүй. /хх 57-60/
Хариуцагч тал тайлбар татгалзлаа нотлохоор Б.Б-ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Удирдах ажилтны ёс зүйн дүрэм, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2/07 тоот Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Замын аж ахуйн албаны даргын өрөөнд хийсэн хурлын тэмдэглэл, Ж.У-ын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Б.Б бичсэн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн тайлбар, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ПД-ийн зөвлөлгөөний удирдамж, УБТЗ ХНН-ийн Ёс зүйн хорооны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02/01 тоот дүгнэлт, хурлын тэмдэглэл, УБТЗ-ын Замын хоёрдугаар ангийн хөдөлмөрийн дотоод журам зэргийг нотлох баримтаар гарган, тэдгээрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бол, нэхэмжлэгчийн зүгээс эдгээр баримтыг няцаах баримт гаргаагүй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар хангалттай нотлоогүй, ажил олгогчийн гаргасан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБТЗ ХНН-ийн Замын 2 дугаар ангийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг УБТЗ ХНН-т даалгах тухай Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА