Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00058/И |
Дугаар | 92 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 92
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 7-р гудамж 3 тоотод оршин суух Б овогт Н- н Ш /ЗЮ64092860/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ш миний бие 1982 оны 12 сарын 31-ний өдрөөс 1985 оны 6 сарын 24-ний дуустал улсад ажилласан. 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ахуй үйлчилгээний комбинатад цэцэрлэг яслид туслах багшаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт шатаж үрэгдсэн.
Иймд гэрчийн мэдүүлэг, ажилд орсон тушаал зэргийг үндэслэн Дундговь аймгийн Прокурорын газарт 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1983 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл зарлагаар, Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 24-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Ахуй үйлчилгээний кабинатад цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ш нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Ш Дундговь аймгийн Прокурорын газарт 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл зарлагаар, Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 24-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатад цэцэрлэг яслийн туслах ажилтнаар 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.
-Нэхэмжлэгч Н.Ш-гийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 11-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 08/42 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 6 сарын 24-ний өдрийн 119 дугаартай “...нярай хүүхдээ асрах эхчүүдэд цалингүй тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/
-Гэрч Б.Ба-н “...Би 1979 оны 8 сарын 1-ний өдрөөс 1998 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан. Н.Ш 1982 оноос 1985 он дуустал Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа Барилгачдын дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Дээрх хугацаанд л хамт ажиллаж байсан, өөр хаана ямар ажил хийж байсан талаар нь мэдэхгүй байна. Н.Ш ажиллах хугацаандаа баярын бичгээр шагнуулж байсан байх, хэзээ авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр үедээ сайн ажилладаг хүн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/
-Гэрч Б.Н-н “... Би 1989 оны 5 сараас 1991 он дуустал Сайнцагаан сумын нийтийн ахуйн цэцэрлэгт туслах багшаар ажилласан. 1991 оноос одоо хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байгаа юм. Н.Ш 1989-1991 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нийтийн ахуйн цэцэрлэгт туслахаар ажиллаж байсан. Намайг 1991 он дуустал ажлаад өөр байгууллагад шилжин ажиллахад Н.Ш ажлаа хийгээд үлдсэн. Н.Ш ажиллах хугацаандаа шагнуулж байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Их үнэнч, хөдөлмөрч хүн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
- Н.Ш-гийн нэр бүхий Дундговь аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас олгосон 2019 оны 3 сарын 1-ний өдрийн 1983 оны 7-8 сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 26-р хуудас/
-Н.Ш-д 1984 оны 12 сарын 22-ны өдөр Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас олгосон баярын бичиг зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Н-н Ш-г Дундговь аймгийн Прокурорын газарт 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл зарлагаар, Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 24-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатад 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл цэцэрлэг яслийн ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х