| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
орчуулагч, хэлмэрч Б.А,
улсын яллагч Х.Ө-,
хохирогч Э.К-,
хохирогчийн өмгөөлөгч К.Е-,
шүүгдэгч Х.П-,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.т овогт Х-ийн П-д холбогдох 2313000010043 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, Баян-Өлгий
аймгийн Сагсай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой,
мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий
аймгийн Сагсай сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Н.т овогт Х-ийн П-, регистрийн дугаар БИ.............,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.П- нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий
аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт эхнэр болох Э.К-ыг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж зодсон,
мөн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед тус аймгийн Сагсай
сумын 5 дугаар багт байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн жирэмсэн эхнэр
Э.К-ыг нүүр лүү цохиж, хоолойг нь багалзуурдан зодсон,
маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө мөн тус
аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ
дахин хэрүүл маргаан үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн жирэмсэн
эхнэр Э.К-ыг нүүр лүү нь алгадаж зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн нараас гаргасан мэдүүлэг,
1.1 Шүүгдэгч Х.П- мэдүүлэхдээ: “Бид хоёрын хоорондоо бага зэргийн маргаан, үл ойлголцол болсон байх, тэглээ гээд бид байнга таарамжгүй гэж ойлгож болохгүй юм. Гэр бүл болж 15 жил хамт амьдарч аав, ээж болсон. Та бүхнээс уучлал хүсье. Одоо дахиад ийм буруу зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. Хохирогч болох эхнэр маань эмнэлэгт хэвтэж байхад хоол унд, бусад байдлаар тусалж байсан. Аав маань өнгөрсний дараа хоёр дахь удаагаа шүүхэд ирж байна. Минийх буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Толгой нь өвдөхөд ах нь Ховд аймаг руу эмчлүүлэхээр авч явсан байна. Заавал ах нь гэхгүйгээр нөхөр нь Ховд аймаг руу явуулж эмчлүүлэх боломж байсан” гэв.
1.2. Хохирогч Э.К- мэдүүлэхдээ “Би нөхөртэйгөө хамт амьдарч чадахгүй. Хамт амьдраад 13 жилийн хугацаанд 2 удаа шүүхэд ийм асуудлаас болж ирж байсан. Тухайн үед нь хэлэхгүй нууж өнгөрөөсөн олон тохиолдол бий, хадам аав маань салгаж авч байсан” гэв.
2. 2313000010043 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Э.К-аас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.2 Иргэн Х.П-гийн Сагсай сумын 5 дугаар багт байрлах байшинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дахь тал),
2.3. Согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),
2.4. Эрх бүхий албан тушаалтнаас хүчирхийллийн аюулын зэргийг тодорхойлсон “аюулын зэрэг дунд” гэх үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
2.5. Иргэн Э.К-ын жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 22-36 дахь тал),
2.6. Насанд хүрээгүй гэрч П.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав болох Х.П- нь ээжийг Сагсай суманд гэртээ байхад зодсон. Ээжийн нүд рүү, толгой руу нь гараараа цохисон. Тэрнээс болж ээжийн нүд хөхөрсөн байсан. Ээжийг аав орон дээр хэвтүүлж багалзуурдсан. Тэр үед бид нар аавыг салгаж авсан. Ээжийг зодсон өдөр архи уусан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
2.7. Гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү Э.К- надад 2022 оны 08 дугаар сарын үед утсаар холбогдож “Намайг нөхөр болох Х.П- зодсон” гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө хадланд өвс хадаж байсан ба Сагсай явах завгүй болж цагдаагийн 102 дугаартай утас руу залгаж мэдээлсэн. Тэгээд цагдаагийн байгууллага очиж шалгаад миний хүргэн Х.П- гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр 7 гаруй хоног баривчилгаанд яваад ирсэн... ...Тэгээд дараа нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Инкарын 95424470 гэсэн дугаартай утсаар над руу Э.К- залгаж “нөхөр болох Х.П- дахин намайг өчигдөр зодлоо” гэж хэлсэн. Э.К- надад хэлэхдээ “2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр намайг Х.П- зодсон, өчигдөр хэлэх гэсэн боловч Х.П- миний гар утсыг гал руу хийж шатаачихсан, утсыг чинь шатаахгүй бол чи дахиад ах руугаа ярина гэж хэлсэн” гэж надад утсаар хэлсэн. Би өөрөө дахин аймаг орж Э.К-ыг 4 хүүхдийн хамт аваад ирсэн. Э.К- одоо өнөө маргаашгүй төрөх гээд жирэмсэн сууж байгаа... ...Э.К- манай гэрт ирэхэд баруун талын нүд нь хөхөрсөн, нүүр хэсэг нь хавдсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
2.8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай “...1. Иргэн Э.К-ын биед тархины доргилттой, баруун нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн Э.К-ын дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нь 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. ...3. Иргэн Э.К-ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх дахь тал),
2.9. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-23-0039 дугаартай “...2022 оны 12 дугаар сарын байдлаар Самсунг С6 загварын гар утас 100,000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 76-80 дахь тал),
2.10. Холбогдогч Х.П-д Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ЗШ/365 дугаартай шийтгэвэр, холбогдогч Х.П-д холбогдох зөрчлийн 2213000436 дугаартай хэргийн материалын хуулбар (хавтаст хэргийн 115-168 дахь тал),
2.11. Хохирогч Э.К-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19:00 цагийн үед би гэрийн хаалгыг түгжиж гэртээ сууж байсан чинь гэрийн хаалгыг тогшсон... Тэгээд би гэрийн хаалгыг онгойлгосон чинь миний нөхөр согтуу шууд үгийн зөрөөгүй миний баруун талын нүд рүү 1 удаа, толгой рүү 4 удаа гараараа цохиж, “чи муу янхан авгай хэнтэй янхандсан бэ?” гэж намайг багалзуурдаж хэнтэй “явалдсанаа хэлээч” гэж зодсон. Тэгээд би “юу болсон бэ” гэж нөхрөөсөө асуусан чинь намайг дахин зодож байхад хүүхдүүд ирээд нөхрийг салгаж авч унтуулсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
2.12. Хохирогч Э.К-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх өмнө нь Сагсай сумын 6 дугаар багт хөдөө мал маллаж амьдардаг байсан. Сумын төвд 2022 оны 10 дугаар сарын 20-ны үеэр нүүж ирсэн. Нөхөр маань хөдөө Даян багт 6 хоног яваад гэртээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирсэн. Нөхөр маань орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед би хаалгаа түгжиж авсан байсан. Хаалга тогшихоор нь очоод хаалга онгойлгоход нөхөр болох Х.П- байсан. Х.П- намайг шууд үгийн зөрүүгүй миний баруун талын нүд рүү гарын нударгаараа нэг удаа цохиж авсан. Дараа нь миний толгойн тус газар 4 удаа нударгаараа цохисон. Тэр үед миний нөхөр надад “би хөдөө явахад чи гэртээ юу хийсэн бэ? хаана байсан юм бэ? гэрт хэн хэн ирсэн юм бэ? хэнтэй янхандсанаа, хэнтэй явалдсанаа хэлээч” гэж намайг багалзуурдаж зодсон юм. Тэгээд би нөхрөөс “юу болсон юм бэ?” гэж асуухад нөхөр маань намайг дахин зодож байхад хүүхдүүд маань ирж салгаж аваад нөхрийг маань унтуулсан.
Тэгээд маргааш нөхөр маань надад бас л “чи хэнтэй унтсан юм бэ” гэж хүнийг байнга дарамталдаг байсан тул би Алтай суманд байдаг ах болох Сайран гэдэг хүн рүү утсаар бүх болсон явдлыг хэлсэн... ...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болсон асуудлыг Инкар охин маань ерөнхийдөө мэдэж байгаа. 2022 оны 08 дугаар сарын үед намайг нөхөр болох Х.П- зодож Зөрчлийн тухай хуулиар 7 хоног билүү баривчилгаанд яваад ирсэн. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нөхөр маань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Би одоо 8 сартай жирэмсэн...
...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн орой зодохдоо Х.П- “чи гэртээ хэлчихнэ” гэж миний гар утсыг зууханд гал руу хийж шатаачихсан. Х.П- намайг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нударгаараа нүд, хацар, толгой руу цохиж, багалзуурдсан. Харин маргааш өглөө нь миний зүүн талын хацар луу нэг удаа алгадаж, хэл амаар доромжилсон юм...
...2021 оны 05 дугаар сард аймгийн төвөөс 200,000 төгрөгөөр авч байсан хуучин гар утас байсан юм. “Самсунг С6” загварын цагаан өнгийн бор гэртэй, гар утас байсан. Би одоо Х.П-гээс гэр бүлээ цуцлуулах бодолтой байна. Миний 5 хүүхэд надтай хамт амьдарч байна. Хүүхдүүдийн бичиг баримт болон миний иргэний үнэмлэх, хүүхдүүдийн хувцас хунарыг Х.П- авч ирж өгвөл түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шалгаж зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 42-43, 46-47, 51-53, 57 дахь тал),
2.13. Яллагдагч Х.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Даян гэх газар луу мал маллахаар яваад 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай байшингийн гадна, хэрэглэсэн бэлгэвч хэвтэж байхаар нь би эхнэртэй маргалдаж, түүнийг хардаж улмаар түүнийг цохиж зодсон юм... 2022 оны 08 дугаар сард Э.К-тай маргалдаж, хэрэлдээд түүнээс болж 7 хоног баривчлагдаж байсан... Би мал маллахаар байнга хөдөө яваад гэртээ буцаж ирдэг байсан болохоор эхнэрээ хардаж ийм асуудал болсон... ...эхнэрийн гар утас нь “Айпон” загварын хуучин бор гэртэй гар утас байсан. Би ямар нэгэн байдлаар эхнэрийн гар утсыг эвдсэн асуудал байхгүй. Өөрт нь байгаа болно....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
1. Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал),
2. Иргэн Х.П-гийн гэрлэсний бүртгэлийн болон иргэний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 105-106 тал),
3. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Танай өрх өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 112 дахь тал),
4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 172 дахь тал) зэрэг баримтууд болно.
2.15. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч Х.П- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, иргэн Э.К-аас гаргасан зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, иргэн Х.П-гийн өмчлөлийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтнаас хүчирхийллийн аюулын зэргийг тодорхойлсон тэмдэглэл, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар, насанд хүрээгүй гэрч П.И-, гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, хохирогч Э.К-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 3-7, 17-20, 11-12, 22-36, 42-43, 46-47, 51-53, 57, 60, 62-63, 68-69, 115-168, дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч Х.П- нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлах өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр нь болох Э.К-тай хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеийн нүүр хэсэгт гараараа цохиж, хоолойг нь багалзуурдаж зодсон, маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө мөн гэртээ дахин хэрүүл маргаан үүсгэн хохирогч Э.К-ын биеийн толгой хэсэгт нь алгадаж зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөх ягаан туяатай цус хуралт,хаван бүхий гэмтэл учруулсан, хохирогч зодуулах үед 8 сартай жирэмсэн байсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдсон болно.
3.3. Мөн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн эхнэр Э.К-ыг бусадтай хардаж зодсон холбогдогч Х.П-гийн үйлдлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ЗШ/365 дугаар шийтгэврээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь 2213000436 дугаартай зөрчлийн хэргийн материалаар нотлогдож байна.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Х.П-гийн согтуурсан үед хохирогч Э.К-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, гэр бүлийн ашиг сонирхолд халдсан гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Э.К-ын биед нь учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 68-69 дэх дахь тал),
4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор заасан байна.
4.5. Хохирогч Э.К-, шүүгдэгч Х.П- нар нь 2009 онд гэрлэсэн, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа учраас шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
4.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Х.П- нь согтуугаар хохирогч Э.К-ыг жирэмсэн байх үед нь нүүр хэсэгт нь гараараа цохих, алгадах, багалзуурдах зэргээр зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.7. Иймээс шүүгдэгч Х.П-г согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Э.К-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэлээ.
4.8. Шүүгдэгч Х.П- нь дээрх байдлаар хохирогч Э.К-ыг 2022 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зодож гэмт хэрэг үйлдэхээс өмнө тэрээр 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийг бусадтай хардаж, зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил үйлдсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Э.К-ыг 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” шинжид хамаарч байна.
Тодруулбал, шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Э.К-ыг 3 удаагийн үйлдлээр зодож, түүнийг жирэмсэн байхад нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэж үзнэ.
4.9. Шүүгдэгч Х.П- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
4.10. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас хохирогчтой маргалдах явцад эрх чөлөөнд нь халдаж, зодон, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.11. Иймд шүүгдэгч Х.П-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэйг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.12. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, хардалт, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүнэлээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хохирогч Э.К- нь шүүхийн хэлэлцүүлэгт “нөхөртэйгөө маргалдах үед шатаасан гар утсыг нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэж мэдүүлсэн болно.
5.3. Хохирогчийн нэхэмжилсэн гар утас нь түүний хуваарьт хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй байх тул хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.П-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.П- нь хувийн байдлын хувьд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг, мал, хөрөнгөтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 105-106, 115, 172 дахь тал)
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоох саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.П- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон учраас гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.
2.4. Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг түүний хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн,” мөн зүйлийн 1.6-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
2.5. Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үндсэн ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
2.6. Иймд шүүгдэгч Х.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоов.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаанд буюу зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.П-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулж шийдвэрлэлээ.
2.9. Шүүгдэгчийн хардалтын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, түүнд 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтад 8 удаа хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.П-д тайлбарлав.
2.10. Шүүгдэгч Х.П- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай захирамжаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.11. 2313000010043 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.т овогт Х-ийн П-г “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэйг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Хурманбекийн Х.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаанд шүүгдэгч Х.П-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.П-д 1 (нэг) жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад 8 (найм) удаа хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.П-д сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.П-д тайлбарласугай.
8. Шүүгдэгч Х.П- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Хохирогч Э.К-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. 2313000010043 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-д хүлээлгэсэн үүрэг, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК