Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багийн харьяат, Т  овогт А-н Тэ /ЗЖ75070416/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багийн харьяат, Д  овогт Ж-н Э  /ЗЖ75110704/-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Т миний бие Ж.Э тэй 10 гаруй жил амьдарсан боловч зан ааш нь өөрчлөгдөж хамт байх аргагүй болсон учир  2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, би одоогоор Чех улсад ажиллаж амьдарч байгаа, ханьтай болж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч хоёр 2011 онд Улаанбаатар хотод очиж барилгын туслахаар ажиллаж байгаад хариуцагч Ж.Э хамт ажиллаж байсан залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой болоод гэрээсээ яваад өгсөн. Нэхэмжлэгч одоо өөр гэр бүлтэй болсон, Чех улс руу яваад нэг жил болж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаан байхгүй. Энэ хоёр хүн 2012 оноос хойш тусдаа амьдарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Э миний бие А.Т-ын нэхэмжлэлийг хүлээн авсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар,  хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч  Ж.Э-ээс  гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ж.Э нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 сарын 3-ны өдрийн 005/000015 дугаартай  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар А.Т, Ж.Э нар нь 1995 оны 09 сарын 20-ны өдөр гэрлэсэн бөгөөд 1996 оны 10 сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэргийн 5-р хуудсанд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах  үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Гэрлэгчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эвлэрэх боломжтойг тайлбарлаж өгсөн боловч нэхэмжлэгч өөр эхнэртэй болсон эвлэрэх боломжгүй гэсэн байна.   

Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн үүргийг бие биенийхээ өмнө биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар А.Т, Ж.Э нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Хариуцагч Ж.Э-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар 2019 оны 2 сарын 26-ны өдөр, 2019 оны 3 сарын 5-ны өдөр, 2019 оны 3 сарын 11-ний өдөр тус тус шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэсэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн нэхэмжлэгч А.Т нь Бүгд найрамдах Чех улсын Роудницэ над Лабэм хотод оршин сууж байгаа болох нь тус улсын консулын 2019 оны 1 сарын 30-ны өдрийн албан тоот, нэхэмлэгчийн гадаад паспорт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар А-н Т , Ж-н Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.Х