Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Я.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

шүүгдэгч Е.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т овогт Е-ын С-д холбогдох 2313000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Булгаи сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Е-ын С-, регистрийн дугаар БД.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.С- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагийн орчимд ээж С.А-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

 

1.1. Шүүгдэгч Е.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна”  гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2313000000058 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Иргэн С.А-ээс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 50 минутад гаргасан “...төрсөн хүү болох Е.С- нь миний эрх чөлөөнд халдаж зодсон гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 02 дахь тал),

 

2.2. Хэргийн газарт буюу М.Е-ын байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-07 дахь тал),

2.3. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /(хавтаст хэргийн 11-13 дахь тал),

 

2.4. Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэрт нөхөр, хоёр хүүхдийн хамт байсан. Өглөө 06 цагийн үед босож гэрийн ажлаа хийж, цайгаа чанасан. Миний том хүү болох Е.С- нь 08 цагийн орчимд босож нүүр гараа угааж гал зуухны өрөөнд байгаа ширээнд сууснаар би ширээгээ засаж цайгаа хийсэн. Хүү маань миний хийсэн цайнаас ууж дууссаны дараа гадаа гарч мал янзалж ирэхээр гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирж гал зуухны өрөөнд байдаг пийшингийн урд орж ирж суусан. Би пийшинд гал түлээхээр болж хүүхэддээ пийшингийн урдаас босоорой гэж хэлэхэд босоогүй сууж байсан болохоор нуруу тус газарт нэг удаа гараараа цохиж, үснээс нь татсан. Хүүхэд маань та яагаад намайг цохиж байгаа юм бэ, би гадаа гарч ирсэн болохоор пийшинд дулаацаж сууж байгааг харахгүй байна уу гэж надад уурлаж босож ирсэн. Би хүүхэддээ чи яагаад миний хэлснийг хийхгүй байгаа юм бэ гэж хэлэхэд миний нүүрэн тус газарт нударгаараа 2 удаа цохиж, зодож хөлөөрөө миний баруун талын гуянд нэг удаа өшиглөж, нэг удаа гараараа миний нуруун тус газарт цохиж зодсон.  Би хашхирч чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэх үед унтлагын өрөөнд хэвтэж байсан нөхөр болох М.Е- болон гал зуухны өрөөний буйданд хэвтэж унтаж байсан бага хүү болох Е.С- нар босож ирсэн. ...Би энэ хэрэг дээр ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжэхгүй, гаргаж өгөх ямар ч баримт байхгүй. Хүүгээсээ ямар ч мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, надад одоо санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дахь тал),

 

2.5. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хувийн машинаар аймаг руу явахаар болсон. Тухайн газраас хөдлөх гэж байхад манай аавын гэрийн хажууд хамт оршин суудаг хамаатан ах болох М.Е- гэх хүний гэр байдаг. Тухайн гэрээс хүү нь болох Е.С- ээжийн хамт аймаг руу явна та хүлээж байгаарай гэсэн. Би хүлээж байхад Е.С-, С.А-ийн хамт миний машинд суусан. Тухайн үед С.А-ийн нүүр хэсэг нь бага зэрэг хавдсан байсан ба юу болсон талаар тухайн хоёр хүнээс асуухад юу ч хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

2.6. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 105 дугаартай “...С.А-ийн биед тархины доргилт, нүүрний хэсгээр хаван хавдар, баруун, зүүн дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн гуяны урд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

2.7. Яллагдагч Е.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өөрийн гэм бурууг өөрөөр хэлбэл ээж С.А-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 79 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн захиргаа, хяналтын хэлтсийн даргын тодорхойлолтод: “...Танай өрх Өрхийн амьжиргааны  түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас доогуурт багтсан байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал),

2.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал),

3. Иргэний үнэмлэх болон байнга оршин суугаа хаяг, эд хөрөнгө эсэх хураангуй  лавлагаа зэрэг нотлох баримтууд болно. (хавтаст хэргийн 63-65 дахь тал),

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч С.А-, гэрч А.С-, яллагдагч Е.С- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19, 22-23, 26, 31-32 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Е.С-  2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 09 цагийн орчимд тус аймгийн Булган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэртээ ахуйн маргааны улмаас хохирогч С.А-ийн нүүрэн тус газарт нударгаараа 2 удаа цохиж, хөлөөрөө баруун талын гуянд нэг удаа өшиглөж, хохирогчийн эрүүл мэндэд нь тархины доргилт, нүүрний хэсэгт хаван хавдар, баруун, зүүн дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн гуяны урд цус хуралт  гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.  

5. Эрх зүйн дүгнэлт

5.1.Шүүгдэгч Е.С- шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2 Шүүгдэгч М.Сарай нь ахуйн маргааны улмаас хохирогч С.А-ийн нүүрэн тус газарт нударгаараа 2 удаа цохиж, хөлөөрөө баруун талын гуянд нэг удаа өшиглөж, нэг удаа гараараа нуруун тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч С.А-ийн биед нь үүссэн үүдэн тархины доргилт, нүүрний хэсэгт хаван хавдар, баруун, зүүн дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн гуяны урд цус хуралт  гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Е.С- хохирогч С.А-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

5.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

5.6. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

5.7.  Иймд шүүгдэгч Е.С- нь хохирогч С.А-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

6.2. Хохирогч С.А- нь “......Би энэ хэрэг дээр ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, гаргаж өгөх ямар ч баримт байхгүй. Хүүгээсээ ямар ч мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, надад одоо санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлгээр бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Е.С-г шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч Е.С- урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 61 дэх тал)

2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Е.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргав.

2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.5. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. Хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Е-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 (таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Е.С-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Е.С-д сануулсугай.

5. Шүүгдэгч Е.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2313000000058 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК