| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2023/0722/З |
| Дугаар | 221/МА2025/0237 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0237
| 2025 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2025/0237 | Улаанбаатар хот |
“Х***” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Гуравдагч этгээд “К***” ХХК,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч “Х***” ТББ,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Гуравдагч этгээд “К***” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1022 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч “Х***” ТББ-ын тэргүүн Н.Б***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О***,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***,
гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***,
Хэргийн индекс: 128/2023/0723/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х***” ТББ-аас анх шүүхэд хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчлөн тодорхойлж маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1022 дугаар шийдвэрээр “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*** ” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 257 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
3.1 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан онцгой эрхийнхээ хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч, тус хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй,
3.2 Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 26.3.2, 26.3.3-д тус тус заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй байсан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй,
3.3 “К***” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг төлбөрийг төлөөгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн хариуцагчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр MV-02*** тусгай зөвшөөрлийг цуцалсан,
3.4 Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд шүүлт хийхэд MV-02*** тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хязгаарласан талбай болон стратегийн ордод хамаарах талбайд тус тус давхцалгүй,
3.5 Анхан шатны шүүх маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас үүсэх нөлөөлөлд Хангийн гол, Задгайтын гол өртөж болзошгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь энэхүү голууд нь тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, алс зайдуу болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
4.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө байгаль орчны нарийвчилсан үнэлгээ заавал хийлгэсэн байхыг шаардахгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй,
4.2 Хэрэгт авагдсан баримтаар тусгай зөвшөөрлийн талбай нь хориглосон газартай давхцалгүй болох нь тогтоогдож байхад шүүх тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо Хангийн гол, Задгайтын булаг байрладаг болох нь, тус тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулснаар үүсэх нөлөөлөлд эдгээр гол булаг өртөж болзогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн,
4.3 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар төрийн захиргааны байгууллагаас манай төслийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгаа талаар дүгнэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй
4.4 Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн талбай нь усны сав газартай давхцалгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, сав газрын захиргааны саналыг авах шаардлагагүй байхад шүүх ямар ч баримтаар уг талбайг усны сав газарт хамаарч байгааг тогтоогоогүй байж Усны тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна,
4.5 “Хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдэд хамаарах эсэх талаар хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс маргаж байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, нийтийн ямар ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүйг хэрхэн тогтоосон болохоо дурдаагүй нь үндэслэлгүй,
4.6 Нэхэмжлэгч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд тавигдах шаардлагыг хангаагүй /ЗХШХШтХ-ийн 18.3.2/ Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас үйл ажиллагааны тайланг нотлох баримтаар хэрэгт аваагүй атлаа хэрэгт авагдаагүй тайланг үнэлж шийдвэрлэсэн,
4.7 Өмнөх магадлалд заасан үндэслэл арилаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч, гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 381 дүгээр магадлалд заасан ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй”, 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Х***” ТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... хариуцагчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрий 244 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдсэн тул “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчлөн тодорхойлсон.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 381 дүгээр магадлалаар “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэт тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах ... үүрэгтэй ...” гэж заасныг зөрчсөн...” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
6. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан тодруулбал зохих үйл баримтыг тодруулалгүй хэргийг дахин шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн хэмээн үзэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Тодруулбал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 381 дүгээр магадлалаар, нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хувьд нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн шаардлагыг хангаж байгаа эсэх, байгаль орчныг хамгаалах зорилго, үндэслэлээр гуравдагч этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нэхэмжлэлийн шаардлага “хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид ямар онцгой ашиг сонирхол байгаа болох, мөн нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү өөрчлөн гаргах хууль зүйн боломжтой эсэх зэрэг асуудлыг бүрэн тодруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байх боловч анхан шатны шүүхээс тухайн магадлалд заасан үйл баримтыг тодруулах зорилгоор ямар нэгэн ажиллагаа явуулалгүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
8. Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА