Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтугалаг

Шүүгдэгч Л.Баярхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Л.Баярхүүд холбогдох 201616010094 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, 4 дүгээр баг, Баянхөөврийн 9-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхаасүрэнгийн Баярхүү /РД:СЭ74120317/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Л.Баярхүү нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Ханбогд сумын төв 4 дүгээр баг, Баянхөөврийн 9-2 тоотод Т.Ундрахтай архидан согтуурч хувийн таарамжгүй харьцаанаас болж иргэн Т.Ундрахын гэдсэн тус газар хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баярхүү мэдүүлэхдээ:“ 2016 оны 08 сарын 21-ны өдөр намайг Галба талбайн тэнд явж байхад Ундрах над руу урд айлын хүний утсаар залгаад хаана байна гэж асуусан. Би Галба талбайн энд байна гэж хэлэхэд наанаа хүлээж бай гэсэн. Би Галба талбай дээр хүлээж байхад Ундрах зүүн талаас хүрээд ирсэн. Тэгээд урд өдөр нь архи уусан байсан болохоор нэг шил архи уухуу гээд Төрийн банктай дэлгүүрээс хувийн үйлдвэрийн Хөх Монгол гэдэг архи аваад шууд манайд очиж архиа уусан. Тэгээд архиа уугаад байж байхад манай ажлын нэг залуу орж ирсэн. Тэгээд тэр залуутай гараад Ундрахын өгсөн мөнгөөр дахиж 1 шил 0.5 литрийн Улаанбаатар архи авч ирж уусан. Тэгээд тэр залуу ажилтай гээд 2 татчихаад явсан. Бямбаа гэдэг хүнтэй утсаар ярьж Бямбаа ирэхэд 2 дох архиа уугаад дуусч байсан. Бямбаатай бол сүртэй муудаагүй, урьдны нэг зүйлийн талаар ярьж маргахад Бямбаа согтуу байна явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Бямбааг явсаны дараа Ундрах цүнхтэй солих хувцас зэргээ соёлын төвийн барилга дээр нутгийн хүнд үлдээсэн байгаа гэсэн. Тэгээд би Цолмон гэдэг хүнийг дуудаж Ундрахыг Цолмонтой явуулж хувцасыг авахуулахаар явуулсан. Тэгээд Ундрах Цолмонтой машинтай нь хамт яваад өгсөн. Тэгээд удалгүй Ундрах буцаад 1 шит 0.75 литрийн архи авчирсан. Тэгээд тэр архиа ууж байгаад би Ундрахыг миний шинэ авсан хувцсыг өмсөж явсан зүйлээс болж маргалдсан. Тэгээд би Ундрахыг айлгах зорилгоор гэрт орж хутга авч гарч ирээд айлгах гэж байгаад хутгалсан. Би их согтуу байсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Хэрэг бүртгэлийн шатанд хохирогч Т.Ундрахын өгсөн:” Л.Баярхүү хүнтэй утсаар яриад, олимп үзээд чанасан мах идээд байж байтал Бямбаа гэдэг залуу нилээн согтуу орж ирсэн. Тэгтэл Баярхүү түүнтэй ярьж байгаад чи миний тавчикийг өмсөөд 10000 төгрөг аваад архи авчрах гэж яваад тэр чигээрээ алга болсон гээд муудалцсан. Баярхүү Бямбаатай муудалцаад уур нь гарахгүй байсан би чамайг 60000 төгрөгөөр дайллаа чиний байж байгаа гэсэн чинь чиний тэр мөнгө юу юм, би цалингаа аваад өгчихнө гээд агсарсан. Тэгээд би гадаа гараад сүүдрэвчинд байж байсан чинь хутга барьж гарч ирээд шууд хэвлий рүү хүйснээс зүүн талд дүрсэн. Тэр үед би хутгыг нь гараараа цохиод цаашаа яваад мод бариад өөрийгөө хамгаалсан, Баярхүү хутгаа бариад хөөсөн. Би урд хашаанд нь ороод тэр айлын залууд хэлсэн чинь цагдаа түргэн дуудсан. Мах идэж байхад байсан Баярхүүгийн гэрийн хар иштэй 20 см орчим урт хутга байсан. Бид хоёрын дунд өс хонзон байхгүй, Бямбаа гэх залууд уурласан уур нь гарахгүй байсан. Надад ямар ч санал гомдол байхгүй, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Бид хоёрын дунд ямар нэг нэхэмжлэх гомдол зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй хэргийн материалтай танилцахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Д.Алтангэрэлийн өгсөн:”...Миний хүү Баярхүү нь архийг бага зэрэг уудаг. Архи уусан үедээ илүү дутуу үг хэлээд, хамт байгаа хүнтэйгээ маргалдах, зөрүү буруу харьцах гээд байдаг муу зуршилтай. Архи уугаагүй бол олон таван үггүй, ажилд сайн, хүний үг дуулдаг, төлөв даруу зантай хүн байгаа юмаа. Баярхүү нь надтай хамт хоёулаа амьдардаг. Урьд нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Ер нь ажилгүй байхдаа л архи уучих гээд байдаг. Өөрөөр миний хүүд ямар нэг муу зан, зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Т.Бямбаагийн өгсөн: “...Намайг мах ид гэхээр нт хажуугаар нь суугаад мах идээд сууж байсан чинь Баярхүү мах идэж байсан хутгаараа өөдөөс зааж, чичэж яриад байхаар нь би согтуу байна ингэж ярьхаа боль гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан. Баярхүү нөгөө залуутай хамт гэртээ үлдсэн. Үүнээс хойш юу болсоныг би мэдэхгүй.../хх-ийн 26-27 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.Наранцэцэгийн өгсөн:”...Би тэр хутаглуулсан хүнийг танихгүй, тэр хутгалуулсан хүн ярихдаа би өөрөө хол аймгаас ажилд орох гэж ирсэн надаар архи авхуулж уучаад намайг зүгээр байхад хутгалчихлаа, миний гэмтлийн зэргийг хүнд бичиж өгөөрэй би мөнгө авах гэсэн юм гэж байсан. Муудалцаад хутгалуулсан энэ тэр гэж яриагүй. Зүгээр байхад хутгалчихлаа гээд дахин дахин яриад байсан. Хутгалсан хүнийхээ нэрийг хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Э.Саранчимэгийн өгсөн:”...Хүйснийхээ зүүн талд хутгалуулсан гэж байсан хутгалуулсан гэх хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан. Өөр ямар нэгэн гэмтэл тэр хүнээс харагдаагүй. Тэр хүн юунаас болоод хэнд хутгалуулсанаа хэлээгүй. Тэр намайг хутгалсан гэж заасан ба хартал манай арын хашааны хүн л дээгүүр өнгийгөөд харж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.Раднаарагчаагийн өгсөн:”...Өдөр нь намайг хашаандаа юм хийж байхад хойд хашаанд хүмүүс чанга чанга дуугаралдаад архи уугаад байх шиг сонсогдсон. Хутгалуулсан хүнийг хашаан дээгүүр харахад бас согтолт нь гайгүй л байх шиг байсан. Гэхдээ надад юм хэлэхдээ хэл нь ээдрээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн засаг даргын 2016 оны 09 сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд хохирогч Т.Ундрахын хохирол гомдолгүй тухай хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

Л.Баярхүү нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчим Ханбогд сумын төв 4 дүгээр баг, Баян хөөврийн 9-2 тоотод Т.Ундрахтай архидан согтуурч хувийн таарамжгүй харьцаанаас болж иргэн Т.Ундрахын гэдсэн тус газар хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Т.Ундрах нь “...шүүгдэгч Л.Баярхүү нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо барагдуулсан, миний биетэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэх хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 61 дүгээр хуудас/ бөгөөд хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Л.Баярхүүг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Баярхүүг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн байдал болон түүний хувийн байдал, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр Л.Баярхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Лхаасүрэнгийн Баярхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Л.Баярхүүд холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201616010094 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Л.Баярхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Л.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Баярхүүг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО