Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0881

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0881

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Б  ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн ******* сумын нутагт орших *** нэртэй 541,2 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** тоот албан бичгээр хүсэлт тавихад түүний хариуд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг ирүүлээгүй байна иймд хүсэлтийг тань хүлээн авах боломжгүй гэх хариу ирүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Манай компани нь Дорнод аймгийн ******* сумын нутагт орших ***" нэртэй 541,2 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эзэмших эрхтэй болсон байдаг.

Уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилээр 2 дахь удаагаа сунгуулах эрхээ эдлэх, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсарган хүсэлтээ гаргах эрхийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эдэлж чадаагүй байдаг.

Хуульд заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар эрх бүхий байгууллага болох Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандсан боловч тус албан тушаалтнууд нь хуульд заасан хугацаанд баталж өгөлгүйгээр маш их хугацааг авсан бөгөөд манай компанийн зүгээс уг үйл ажиллагаа юунаас болоод хугацаанд нь өгсөн тайланг баталж өгөөгүй тухай удаа дараа хандаж тодруулахад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичгээр тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир батлагдаагүй болно гэх хариуг ирүүлсэн байдаг.

Үүнийг бид ямар нэг байдлаар хурдлуулах боломжгүй бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтдээ зайлшгүй хавсаргах ёстой баримт учир төрийн захиргааны байгууллагаас гарах шийдвэрийг хүлээхээс өөр арга байгаагүй бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэн дээрх албан бичгийг хүлээн авсны дараа дахин очиж батлуулсан.

Энэ тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газарт хандан өргөдлөө гарган бүртгэж аван сунгах тухай асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэхэд боломжгүй гэх хариуг өгч байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэв Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хуульд заасныхаа дагуу манай компанийн Байгаль орчны 2018 оны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн бол тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан.

Орон нутгийн удирдах байгууллагаас зохих шийдвэрийг гаргаагүй байхад бид зөвхөн хуулийн хугацааг биелүүлэх үүднээс хавсаргах ёстой баримтыг хавсаргалгүйгээр өгөх нь өргөдлийг хүлээж авахгүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хугацааг сунгахгүй байх үр дагаварт хүргэх бөгөөд болж буй үйл явдлын талаар бодит нөхцөл байдлыг тайлбарласан мэдээллийг хариуцагчид хүргүүлсэн байдаг.

Тодруулбал манай компани өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай биш бөгөөд компаниас үл хамаарах шалтгаанаар хуулийн хугацаа хэтэрсэн байхад хариуцагч байгууллагаас үүнийг анхаарч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Товчхондоо бодитоор хууль зөрчсөн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой болохоос бус ямар нэг буруу үйлдэл хийгээгүй байхад хуулиар хамгаалагдсан эрхээ зөрчүүлж, хариуцлага тооцуулах нь үндэслэлгүй бөгөөд энэхүү тохиолдолд манай компанийн эрх , хууль ёсны ашиг сонирхол үндэслэлгүйгээр зөрчигдөж , үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг хязгаарласан нь дээрх үндэслэлүүдээр нотлогдох тул дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хайгуулын ажлаа цааш үргэлжлүүлэх боломжоор хангаж *** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн ******* сумын нутагт орших ***" нэртэй 541,2 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн ******* сумын нутаг *** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг А******* ХХК-д олгож мөн даргын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр Б ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Гэтэл Б  ХХК 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон байна.

Тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө нь төрийн захиргааны байгууллагад ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар хүсэлт ирүүлж байгаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь Б ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн ******* сумын нутагт орших *** нэртэй 541,2 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Б  ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн ******* сумын нутагт орших *** нэртэй 541,2 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн ******* сумын нутаг *** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг А  ХХК-д олгосон байна.

Улмаар Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг Б  ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр Б  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 957 дугаар шийдвэрээр Б  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ. гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б  ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан; гэж заасан байна.

Б ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэж хариуцагч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа ...хуульд заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар эрх бүхий байгууллага болох Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандсан боловч тус албан тушаалтнууд нь хуульд заасан хугацаанд баталж өгөлгүйгээр маш их хугацааг авсан бөгөөд манай компанийн зүгээс уг үйл ажиллагаа юунаас болоод хугацаанд нь өгсөн тайланг баталж өгөөгүй тухай удаа дараа хандаж тодруулахад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичгээр" тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир батлагдаагүй болно гэх хариуг ирүүлсэн гэж тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байна.

Нэхэмжлэгч нь тухайн үед буюу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

Учир нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд 2018 оны 6, 7 дугаар саруудад Б  ХХК Засаг даргад хандан хүсэлт гаргаж байсан бүртгэл байхгүй байна.

Мөн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот албан бичигт ...2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийг үзэхэд Б******* ХХК-иас ирсэн бичиг байхгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны хяналтын байцаагч ар гэрийн гачигдлын улмаас 1 хоногийн чөлөө авсан байна. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус компанийн захирал Ш.С нь өөрийн биеэр ирж 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байна гэсэн байна.

Дээрх ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр болон 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж байсан нь нотлогдохгүй байна.

Мөн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ээлжийн амралтын хуваарь батлах тухай Б/02 дугаар тушаалын хавсралтаас үзэхэд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр байх тул ...тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй болно гэж Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №*** тоот албан бичигт болон нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Дээрх ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот албан бичигт ...Байгаль орчны хяналтын байцаагч ар гэрийн гачигдлын улмаас 1 хоногийн чөлөө авсан... гэснээс үзэхэд тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй болно гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 06, 07 дугаар дугаар саруудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад хандаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь тогтоогдохгүй байна.

Мөн Б  ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх А.З-гийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар хүсэлтэд[1] гүйцэтгэх захирал төрөлтийн улмаас хэвтэн эмчлүүлснээс шалтгаалан сунгуулах өргөдлийг хоцроосон шалтгааныг дурдсан байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ маргаж байгаа үндэслэлээс зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо уялдаа холбоо бүхий шаардлагууд байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дүгнэвэл:

Б  ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн ******* сумын нутагт орших *** нэртэй 541,2 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй талаар буюу нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь тогтоогдохгүй байгаа үндэслэлийн талаар дээр тодорхой тайлбарласан тул хариуцагч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг бүртгэлийн системд дуусгавар болгож бүртгэсэн нь үндэслэлтэй байна.

Хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь тогтоогдохгүй байгаа үндэслэлийн талаар мөн дээр тодорхой тайлбарласан төдийгүй нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо уялдаа холбоо бүхий шаардлагууд байх тул тус шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус  баримтлан Б ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Б ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн ******* сумын нутагт орших *** нэртэй 541,2 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий  Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

 


 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас