| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч Я.Д-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-,
шүүгдэгч Д.Е-,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.б овогт Д-ийн Е-т холбогдох 2209000002325 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой гэх, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд биеийн тамирын багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.б овогт Д-ийн Е-, регистрийн дугаар БЛ............,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Е- нь Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгсөөгүй мөртлөө, тус сургуулийг 2006 онд суралцаж төгссөн гэх D200613856 дугаартай, “боловсролын бакалавр” зэрэг олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Руханият ахлах сургуулийн биеийн тамирын багшаар ажиллахдаа ашиглаж, тус сургуулийн цалингийн санд 49.485.238 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг,
1.1 Шүүгдэгч Д.Е- мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Хохирлоо төлж өгөхөөр болсон.” гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж- мэдүүлэхдээ “Хохирлыг төлж өгөх талаар Д.Е-тэй тохиролцсон.” гэв.
2. 2209000002325 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт (1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал),
2.2. Гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу РDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал),
2.3. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал),
2.4. Гэрч Ч.Э-А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг РDF файлаар татаж авах, Архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал),
2.5. Гэрч А.Т-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонго нарын хамт ажилласан юм..., ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм..., ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал),
2.6. Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй, тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /НЕМIS / программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-66 дахь тал),
2.7. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг ЕSIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь НЕМIS буюу их, дээд, сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна, тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93-95 дахь тал),
2.8. Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/85 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Е- нь тус сургуулийг суралцаж төгсөөгүй тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 68-69 дахь тал),
2.9. Гэрч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Е- гэх хүүхэд төгсөхийн хувьд төгссөн. Гэхдээ Д-ийн Е- гэж хүүхэд бол төгсөж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-74 дэх тал),
2.10. Гэрч Р.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д-ийн Е- гэж бол манай сургуулийг төгсөөгүй хүн байгаа юм. 2006 онд сургуулийг 62 оюутан төгссөн ба яамнаас олгогддог дугаар нь Р200618922-0200618983 гэсэн 62 ширхэг дипломын дугаар олгогдсон..” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-81 дэх тал),
2.11. Гэрч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Е- гэх хүнийг танина. Би 2002 онд тус сургуульд багшаар ажиллаж эхэлсэн ба тус онд хамгийн анхны ангиа хүлээн авч байсан. Тус ангид Д.Е- гэх хүүхэд суралцаж байсан. Миний санаж байгаагаар 2 дугаар курсийн дунд үеэс буюу 2003 оны 10,11 дүгээр сард хичээлдээ алдан онон сууж байгаад сүүлдээ ирэхгүй болсон. Мон-Алтиус сургуулийг төгсөөгүй гэж ойлгож болно..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал),
2.12. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Руханият ахлах сургуулийн захирлын 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал),
2.13. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал),
2.14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Руханият сургууль анх 2006 оноос эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Д.Е-ийг Руханият сургуулийн тухайн үеийн захирал Унат захирал тушаал гаргаж авсан тушаал байдаг. ...Д.Е-ээс нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал),
2.15. Руханият ахлах сургуулийн цалингийн цэсийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 150-235 дахь тал),
2.16. Мон-Алтиус дээд сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/199 дугаартай албан тоот, түүнд хавсаргасан материалууд (1 дэх хавтаст хэргийн 237-239 дахь тал),
2.17. Яллагдагч Д.Е-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 01-04 дэх тал),
2.18. Яллагдагч Д.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2006 онд би Мон-Алтиус дээд сургуулиа төгсөж Цэнгэл суманд ирээд ажилд орохдоо Руханият гэх хувийн ахлах сургуульд биеийн тамирын багшаар ажилд орсон. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ахлах 4 дүгээр сургууль болж улсын сургууль болсон. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.19. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал),
2. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон үл хөдлөх хөрөнгийн лавлаагаа (2 дахь хавтаст хэргийн 5-7 дахь тал)
3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал)
4. Автотээврийн хэрэгслийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 10-11 дахь тал)
5. Шүүгдэгч Д.Е-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 9 дэх тал) зэрэг болно.
2.20. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч Д.Е- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлж, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
1. Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/85 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал),
2. Яллагдагч Д.Е-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 108-109, 128 дахь тал),
3. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Руханият ахлах сургуулийн захирлын 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Ажилд авах тухай” тушаал болон тус сургуулийн цалингийн цэсийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 90, 150-235 дахь тал),
4. Багш Д.Е-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 01-04 дэх тал),
5. Гэрч Я.Н-, Б.Д-, Ч.Э-А-, А.Т-Э-э, Д.А-, Н.Б- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч Д.Е- нь Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг “биеийн тамирын багш, дасгалжуулагч” мэргэжлээр 2006 онд суралцаж төгссөн гэх D200613856 дугаартай боловсролын бакалаврын зэрэг олгосон хуурамч дипломыг ашиглан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Руханият ахлах сургуульд биеийн тамирын багшаар 2006 оны 9 дүгээр сараас эхлэн томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж, 49,485,238 төгрөгийн цалин, хөлс авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжүүдийг хуульчилсан.
4.2. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хавсалтаар баталсан “Ерөнхий боловсролын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-д багшийн ажлын байранд “багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх” гэсэн ерөнхий болон тусгай шаардлага тавигджээ.
4.3. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар, давуу байдал үсгүүлэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаардаг.
4.4. Шүүгдэгч Д.Е- нь Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгсөөгүй, түүний Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Руханият ахлах сургуульд биеийн тамирын багшийн ажилд орохдоо ашигласан D200613856 дугаартай, боловсролын бакалаврын зэрэг олгосон диплом нь хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг дээрх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
4.5. Тодруулбал, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхээс гадна гэмт санаа нь тасралтгүй хэрэгжиж дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг, удаан хугацаанд үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Д.Е- нь боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ажилд орохдоо ашиглаж, 2006 оны 9 дүгээр сараас эхлэн 2022 оны 10 дугаар сар хүртэл биеийн тамирын багшийн орон тоонд ажиллаж, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж, цалин хөлс авч, эдийн засгийн үр ашгийг тогтмол хүртэж, хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа тул түүнийг удааширсан шинжтэй үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.6. Шүүгдэгч Д.Е-ийн үйлдсэн гэмт хэрэг нь “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.7. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа ажилд орохын тулд хуурамч дипломыг ашиглаж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллаж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
4.8. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирлыг 10 хоногийн хугацаанд төлж өгөхөөр болж хохирогч Ерөнхий боловсролын Руханият сургуулийн захирал Х.Ж-тай харилцан тохиролцож эвлэрсэн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтээ бичгээр гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.9. Иймд шүүгдэгч Д.Е-ийг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.10. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, боловсролын байгууллагуудын хяналт, шалгалт сул зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2.Шүүгдэгч Д.Е- нь 2006 оны 9 дүгээр сараас эхлэн Цэнгэл сумын Руханият ахлах сургуульд биеийн тамирын багшаар ажиллахдаа 49.485.238 төгрөгийн цалин хөлс авсан нь тус сургуулийн 2006 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх цалингийн цэс (1 дэх хавтаст хэргийн 150-235 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 01-04 дэх тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
5.3. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Е-ээс 49.485.238 төгрөгийг гаргуулан Цэнгэл сумын ерөнхий боловсролын Руханият сургууль /Ерөнхий боловсролын Руханият сургууль ХХК/-д олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Д.Е-ийг шүүхээс “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгж буюу 800000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, ажилласан хугацаанд авсан цалин болох 49.485.238 төгрөгийг гаргуулах саналтай” гэсэн,
шүүгдэгч өмгөөлөгч А.С-аас шүүх хуралдаанд “улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.
2.4. Шүүгдэгч хуурамч дипломыг санаатайгаар ашиглан ажилд орж, одоог хүртэл ажиллаж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгааг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, зэргийг тус тус харгалзан, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
2.5. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.6. Мөн шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Д.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Шүүгдэгч нь хуурамч дипломыг ашиглаж ажилласан хугацаанд авсан цалин, хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос 49.485.238 төгрөгийг албадан гаргуулж Цэнгэл сумын ерөнхий боловсролын Руханият сургууль /Ерөнхий боловсролын Руханият сургууль ХХК/-нд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
3.3. 2209000002325 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Е-ийн Мон-Алтиус Биеийн тамирын сургуулийг суралцаж төгссөн гэх D200613856 дугаартай дипломыг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирлыг 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлж өгөхөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.б овогт Д-ийн Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Е-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-эд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Е-эд сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Е-ээс 49.485.238 (дөчин есөн сая дөрвөн зуун наян таван мянга хоёр зуун гучин найман) төгрөгийг гаргуулан Цэнгэл сумын ерөнхий боловсролын Руханият сургууль /Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Руханият сургууль ХХК/-д олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Е-ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 49.485.238 (дөчин есөн сая дөрвөн зуун наян таван мянга хоёр зуун гучин найман) төгрөгийг албадан гаргуулж Цэнгэл сумын ерөнхий боловсролын Руханият сургууль /Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Руханият сургууль ХХК/-д учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
8. Эрүүгийн 2209000002325 дугаартай хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирлыг 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлж өгөхөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч Д.Е-ийн Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгссөн гэх D200613856 дугаартай хуурамч дипломыг хэргийн хамт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК